Институт
5-р хичээлийн багшийн материал: Бидний мөнх бус амьдралын туршлага ба бие махбодын бэлэг


“5-р хичээлийн багшийн материал: Бидний мөнх бус амьдралын туршлага ба бие махбодын бэлэг,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“5-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

5-р хичээлийн багшийн материал

Бидний мөнх бус амьдралын туршлага ба бие махбодын бэлэг

Мөнх бус амьдралын өмнөх дэлхийд бид “төгс төгөлдөр болон хөгжин дэвжихийн тулд бие махбод хүлээн авч, энэ дэлхийд амьдрах тухай [Тэнгэрлэг Эцэгийн] хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”ChurchofJesusChrist.org). Энэ хичээлээр Бурхантай адил болохын тулд өсөн дэвжихэд бидний мөнх бус амьдрал болон бие махбод хэрхэн тусалдаг талаар тайлбарлах боломжийг суралцагчдад олгоно. Суралцагчид түүнчлэн эгэл хүнээ ялан дийлж, Есүс Христтэй илүү адил болох замаар гэр бүлийн харилцаагаа сайжруулахын тулд юу хийж болохыг тунгаан бодно.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Шалгаснаар сайн мэдээний үнэнийг хэрэгжүүлэх суралцагчдын хүчин чармайлтыг урамшуул. Сайн мэдээнээс суралцах бүхий л зорилго нь Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хөрвөж, Тэдэнтэй илүү адил болох явдал юм. Эдгээр зорилгод хүрэх нь сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхийг шаарддаг. Багш нар эдгээр хичээл дээр өгсөн урилгуудыг зохих ёсоор шалгаснаар сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх хичээл зүтгэлд нь суралцагчдад тусалж чадна. Суралцагчдаас хэт хувийн чанартай туршлагаа хуваалцахыг хүсэж болохгүй. Хэрэв тэд хариулахгүй байвал багш нар суралцагчдыг өмнөх хичээлээс мэдэрсэн зүйлээ тунгаан бодож, бичиж мөн үйлдэхэд урьж болно. Суралцагчдыг шалгахад хичээлийн хэдхэн минутыг зарцуулах хэрэгтэй.

Тайлбар: Одоог хүртэл үзсэн хичээл бүр дээр суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ олон арга замаар хэрэгжүүлэхэд урьсан. Жишээ нь: 4-р хичээл дээр тэд гэр бүлээ өөрсдийн амьдралд хэрхэн илүүтэй чухалчлах талаар авч үзсэн. Та тэднээс бичиж тэмдэглэсэн сэтгэгдлээ эргэн харж мөн мэдэрсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд гаргасан хүчин чармайлтынхаа талаар эргэцүүлэн бодохыг хүсэж болох юм. Дараа нь энэхүү сургаалын дагуу амьдрахыг хичээх үедээ олж авсан туршлагаа хуваалцахын тулд хариулах боломжтой нэг эсвэл хоёр суралцагчийг урь. Сүнслэгээр өдөөгдсөн үедээ та шалгах хэсгийг дараагийн хичээлүүд дээр дадал болгох боломжтой.

Заах зөвлөмж

Бидний бие махбод болон мөнх бус амьдралын туршлага мөнх амьдралыг олж авахад бидэнд зайлшгүй хэрэгтэй.

Дараах жишээг үзүүл (суралцагчидтайгаа илүү хамаатуулах үүднээс үүнийг тохируулан өөрчлөх талаар бодож үз).

Тантай хамт ажилладаг Дмитри нөхөрсөг, хамт байхад их хөгжилтэй хүн. Тэр “цагийг сайхан” өнгөрүүлэх дуртай. Тэр сэтгэл догдлом байдал, таашаал дунд амьдардаг. Тэр ихэнхдээ амралтын өдрүүдээр архи, мансууруулах бодис хэрэглэдэг үдэшлэгт оролцдог байв. Тэр гэрлээгүй боловч бэлгийн харьцаанд ордог. Тэр ихэвчлэн “Сайхан л байгаа бол хийж л орхи,” “Чи ганц л амьдарна шүү дээ” гэх мэтийн зүйлсийг хэлдэг байлаа. Тэр таныг Сүмийн ёс зүйн жишгүүдийг баримталдаг учраас хатуу, уйтгартай амьдардаг гэж боддог. Тэр “Чи яагаад илүү хөгжилтэй, таатай амьдардаггүй юм бэ?” гэж танаас саяхан асуув.

Суралцагчдыг Дмитригийн асуултад хэрхэн хариулахаа хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ хуваалцахад урь. Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэгт заасан бидний бие махбодын талаарх үнэн, мөнх бус амьдралын зорилго тэдний хариултад хэрхэн тус болохыг бодоход урамшуул. Хангалттай хугацаа өгсний дараа, цөөн суралцагчийг хариултаа хуваалцахад урь. (Дараа нь самбар дээр Бидний бие махбод болон мөнх бус байдлын нөхцөл байдал биднийг Бурхантай илүү адил болоход бэлтгэдэг гэсэн үнэнийг бич.

  • Бие махбодтой байх, мөнх бус байдлын нөхцөл байдлыг туулах зэрэг нь хэрхэн биднийг Бурхантай адил болоход бэлтгэдэг вэ? (Шаардлагатай бол бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Д.Тодд Кристоффэрсон, Дэвид А.Бэднар нарын мэдэгдлийг уншихад суралцагчдыг урьж болно.) Суралцагчдыг үзэл бодлоо хуваалцах үед ойлголтыг нь гүнзгийрүүлэхэд туслах шалгах асуулт тавь.

Есүс Христээр дамжуулан бид эгэл хүнээ ялан дийлдэг.

Эгэл хүн гэсэн хэллэгийг самбар дээр бич. Алма 41:11, 1 Коринт 2:14-ийг чанга уншихад хоёр суралцагчийг урь. Дагаж уншаад, эгэл хүнийг тодорхойлсон хэллэгүүдийг хайж олохыг ангийнхнаас хүс. Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич. Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Бэднарын мэдэгдлийг уншаад, самбар дээр байгаа жагсаалтад нэмэх нэмэлт шинж чанар олоход урь.

  • Самбар дээр жагсаан бичсэн эгэл хүний шинж чанаруудаас нэгийг сонго. Энэ шинж чанар болзоонд эсвэл гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Есүс Христээр өөрчлөгдсөн эрэгтэй, эмэгтэй хүн гэсэн үг хэллэгийг самбар дээр бич. Мозая 3:19-ийг уншаад, бид хэрхэн эгэл хүнээ ялан дийлж болохыг олж мэд.

  • Ариун Сүнс, Аврагч хоёр бидэнд эгэл хүнээ ялан дийлэхэд хэрхэн туслах вэ? (Суралцагчид дараахтай ижил төстэй хариултыг хуваалцаж болно. Ариун Сүнсний таталтад автагдах үед, эгэл хүнээ орхиж, Цагаатгалаар нь дамжуулан гэгээнтэн болоход Есүс Христ бидэнд тусална.) Энэхүү зарчмыг ойлгоход нь туслахын тулд та мөн бэлтгэх материалын 3-р хэсэгт байгаа ахлагч Бэднар, бишоп Жэралд Коссэй хоёрын мэдэгдлийг ашиглаж болно.

Ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд дараах асуултуудаас нэг эсвэл хэд хэдийг тавьж болно.

  • Эгэл хүний дур хүсэл, татагдах хандлагаа өөрчилж эсвэл ялан дийлж чадахгүй байгаа хүнд энэ зарчим хэрхэн туслах вэ?

  • Аврагч бие махбодын бэрхшээлийн талаар ямар ямар зүйлийг ойлгодог вэ?

  • Аврагчтай адил болохын тулд эгэл хүнээ “орхиж” эсвэл ялан дийлэхэд танд тусалсан Түүний талаар та юу сурч мэдсэн бэ? Ариун Сүнс эдгээр хүчин чармайлтад тань хэрхэн тусалсан бэ?

Энэхүү хичээл дээр үнэнийг хэрэгжүүлэхэд нь суралцагчдадаа туслахын тулд дараахтай адил асуултыг үзүүлж, тэднийг бодол, мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд урь. (Зарим суралцагч бэлтгэх материалын 3-р хэсэг дэх Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ үйл ажиллагааны хэсэгт хариултаа нэмэхийг хүсэж магадгүй.)

  • Мозая 3:19-д тайлбарласан Христийнхтэй адил ямар ямар зан чанарыг би илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй вэ?

  • Надад эгэл хүнээ орхиж, Христийн зан чанаруудыг хөгжүүлэхэд туслах Аврагчид болон Ариун Сүнсний нөлөөнд илүү бүрэн дүүрэн найдаж болохын тулд би юу хийж болох вэ?

  • Энэ өөрчлөлт гэр бүлийн маань харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?

Сул талаа ялан дийлж, Аврагчтай илүү адил болоход хичээл зүтгэл гаргахад суралцагчдыг урамшуул. Христийн зан чанаруудыг хөгжүүлж, гэр бүлийн харилцаагаа сайжруулах хүч чадлаар Их Эзэн тэднийг адисална гэдгийг гэрчилж болно.

Дараагийн хичээлээр

Бурханы төлөвлөгөөн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтийн сургаалын ач холбогдлын талаар юу мэддэг талаараа бодоход суралцагчдыг урь. 6-р хичээлийг судлахдаа энэхүү сургаалын болон Есүс Христийн шавь байна гэдэг нь юу гэсэн үг болох талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдыг урамшуул.