“23-р хичээлийн багшийн материал: Мөнхийн гэрлэлтийн эсвэл үр хүүхэдтэй болох адислалууд оройтсон үед,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“23-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
23-р хичээлийн багшийн материал
Мөнхийн гэрлэлтийн эсвэл үр хүүхэдтэй болох адислалууд оройтсон үед
Оройтсон эсвэл удаан хүлээсэн ч гэсэн Сүмийн олон гишүүн мөнхийн гэрлэлт болон үр хүүхдээс ирэх адислалуудаас хүртэх зөв шударга хүсэл эрмэлзэлтэй байдаг. Энэ хичээл дээр суралцагчид ийм төрлийн сорилттой тулгарвал Есүс Христэд итгэх итгэлээр хэрхэн үйлдэж болох талаар ярилцах болно. Суралцагчид мөн гэр бүлийн нөхцөл байдлаас үл хамааран тойрог, салбартаа бусдыг хамруулахын тулд юу хийж болохоо тодорхойлно.
Заах зөвлөмж
Бидний хүссэн адислал оройтох үед бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийг сонгож чадна.
Бэлтгэх материалын 1-р хэсэгт буй ахлагч Нийл Л.Андэрсэны мэдэгдлийг үзүүлээд, хамтдаа унш. Та гэр бүлийн тунхагт заасан загвартай тэр бүр төгс тохирохгүй байгаа түүний дурдсан нөхцөл байдлуудыг онцолж эсвэл самбар дээр жагсаан бичиж болно.
-
Сүмийн гишүүдийн дийлэнх нь гэр бүлийн амьдралын эдгээр загварыг амьдралдаа одоогоор мэдрэхгүй байхад яагаад Сүмийн удирдагчид үүнийг үргэлжлүүлэн заасаар байгаа гэж та бодож байна вэ? (Бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа Шэрон Юбанк эгчийн мэдэгдлийг үзэх талаар бодож үз.)
Бэлтгэх материалын 2-р хэсгээс Абрахам, Сара хоёрын зургийг үзүүлээд, тэдний амьдрал дахь оройтсон болон биелээгүй адислалуудыг нэгтгэн дүгнэхийг суралцагчдаас хүс.
Суралцагчдыг хувь хувьдаа Еврей 11:8, 11–13-ыг уншаад, Абрахам, Сара хоёрын итгэлийг онцолсон хэллэгүүдийг олоход урь. Олсон хэллэгүүдээ хуваалцахыг цөөн суралцагчаас хүс.
-
Абрахам, Сара хоёрын үлгэр жишээ мөнх бус амьдралд амлагдсан адислалууд нь оройтсон эсвэл биелэгдээгүйн улмаас итгэл нь соригдож буй өнөө цагийн Сүмийн гишүүдэд хэрхэн тус болж чадах вэ? (Суралцагчдыг бодол санаагаа хуваалцсаны дараа Бид Их Эзэнд үнэнч байж, Түүний цаг хугацаанд итгэснээр мөнх бус амьдралд эсвэл мөнх амьдралд Түүний амласан адислалуудыг хүлээн авах болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)
Амлагдсан адислалуудыг хүлээн авах нь ихэнхдээ зөвт байдлын асуудал биш харин Их Эзэний цаг хугацааны асуудал гэдгийг та суралцагчдад сануулж болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл.
Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ. Үүнийг би хувьдаа баталж байна. (“An High Priest of Good Things to Come,” Ensign, 1999 оны 11-р сар, 38)
Самбар дээрх зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд дараах асуултын заримыг ярилцах талаар бодож үз. Үүнд:
-
Ахлагч Андэрсэны дурдсан нөхцөл байдал (бэлтгэх материалын 1-р хэсэг дэх түүний мэдэгдлийг энэ хэсгийн эхэнд эш татсан)-ын аль нэгэнд Сүмийн гишүүд хэрхэн Есүс Христэд болон гэр бүлийн талаарх Түүний сургаалд итгэх итгэлээ үргэлжлүүлэн хөгжүүлж чадах вэ?
-
Ямар туршлага эсвэл сургаал таны авахыг хүссэн адислалууд оройтсон хэдий ч Их Эзэн амлалтаа биелүүлнэ гэсэн итгэлийг тань бэхжүүлсэн бэ? Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ үйл ажиллагаан дээр бичсэн хариултаа эргэн харахад урь.
-
Та эсвэл таны мэддэг хэн нэгэн гэрлэх эсвэл хүүхэдтэй болохтой холбоотой адислал нь оройтсон үед Их Эзэнд итгэх итгэлээр хэзээ урагшилж байсан бэ? Та тэр туршлагаас Их Эзэний тухай юу ойлгож мэдсэн бэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хуваалцсан ганц бие эмэгтэйн дараах түүхийг ярилцлагын нэг хэсэг болгон ашиглахыг бодож үз.
Би Харвардын их сургуульд сурдаг нэгэн эмэгтэйгээс захидал хүлээн авлаа. Тэрхүү захианы агуулга намайг гайхшируулсан.
Тэр “Би дөнгөж 26 настай ба ганц бие амьдралын сорилт намайг дайран гарахыг мэдэрсэн” гэсэн байв.
Үргэлжлүүлэн олон зүйл хуваалцсаныхаа дараа тэрээр төгсгөлд нь: “Би жилийн өмнө нэгэн өдөр ажлаа тараад гэр рүүгээ алхах зуураа Бурханд хандан бүх зүрх сэтгэлээ уудалж, Түүнд эхнэр, ээж болохыг хамгийн ихээр хүсэж байгаагаа хэлсэн юм. Оюун бодол, зүрх сэтгэлд минь хүчтэй бодол, мэдрэмж орж ирэхэд би зог туслаа. Би буруу боджээ гэсэн бодол орж ирэв. Зүрх сэтгэлийн минь хамгийн агуу хүсэл Есүс Христийн шавь байх явдал ба түүний дараа эхнэр, ээж байх нь орно гэдгийг би ойлгосон. Тэр цагаас хойш миний амьдралыг үзэх үзэл өөрчлөгдсөн. Би тэднийг өөрчилсөн. Амлагдсан бүх адислал минийх байх болно, гэхдээ энэ нь миний биш Их Эзэний цагт тохиох болно гэдгийг би мэднэ” гэсэн байлаа. Ямар хүчирхэг бодол вэ! (Facebook, 2016 оны 7-р сарын 11, facebook.com/dallin.h.oaks)
Суралцагчдыг авахыг хүссэн гэр бүлийн адислалуудаа хүлээх явцдаа Есүс Христэд итгэх итгэлээ үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд юу хийж чадахаа бичихэд урь.
Та тэднийг гэр бүлийнхээ нөхцөл байдлаас үл хамааран баяр баясгалан, сэтгэл ханамж, өсөлт хөгжлийг хэрхэн олж авах талаар суралцахдаа Их Эзэний удирдамж, дэмжлэгийг эрэлхийлэхэд урамшуулж болно.
Сүмийн гишүүн бүр Христийн бие махбодын чухал хэсэг юм.
Суралцагчдыг 1 Коринт 12:12–27-г уншаад, төлөөлөгч Паулын зүйрлэл Сүм болон гишүүдийн талаар бидэнд юу зааж байгааг олж мэдэхэд урь.
-
Бид энэ зүйрлэлээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдын тодорхойлж болох үнэнүүдийн дотроос Сүмийн гишүүн бүр үнэ цэнтэй бөгөөд Сүмд чухал хувь нэмэр оруулж чадна гэсэн үнэнийг онцол.)
Сүмийн гишүүн бүрд өөрсдийн оруулах үнэ цэн бий гэдгийг харуулахын тулд та бэлтгэх материалын “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” хэсэг дэх “Songs Sung and Unsung” (2:56) видеог үзүүлж болно.
Суралцагчдад бусдыг хэрхэн хамруулах, өөрсдийгөө Сүмийн аливаа нэгжид харьяалуулахыг сонгох тухай бодоход нь туслахын тулд та дараах нөхцөл байдлыг хуваалцаж болно (эсвэл суралцагчдад илүү хамааралтай болгох үүднээс үүнийг өөрчилж болно).
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, тэдэнд дараах асуултуудыг үзүүлэх талаар бодож үз. Хос бүрээс нэг суралцагчийг Викториагийн асуултуудад Викториагийн өнцгөөс хэрхэн хариулах талаар бодоход урь. Нөгөө суралцагчийг Викториагийн тойргийн хэн нэгний өнцгөөс бусад багц асуултын талаар тунгаан бодоход урь. Хэсэг хугацааны дараа тэднийг бие биетэйгээ хариултаа ярилцахад урь.
Викториа |
Тойргийн гишүүн |
---|---|
Би эндхийнх биш юм шиг мэдэрч байна. Нэг хэсэг нь гэдгээ мэдрэхийн тулд би юу хийж болох вэ? |
Викториагийн одоогийн нөхцөл байдалд би хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ? |
Миний тойрогтоо оруулж чадах өвөрмөц үзэл бодол, хувь нэмэр юу вэ? |
Би Викториаг илүү сайн ойлгож, түүнд манай тойргийн үнэ цэнтэй нэг хэсэг гэдгээ мэдрэхэд нь туслахын тулд юуг илүү сайн хийж болох вэ? |
Түүний Сүмд би үнэ цэнтэй, байр суурьтай гэдгээ ойлгож, мэдрэхэд Аврагчийг хэрхэн өөртөө туслуулах вэ? |
Ганц бие залуус, өрх толгойлсон эцэг эх, хүүхэдгүй гэр бүлүүд гэх мэт тодорхой нөхцөл байдалд байгаа тойргийн гишүүдийг би хэрхэн илүү хамруулах вэ? |
Хангалттай цаг гаргаж өгсний дараа хэдэн суралцагчийг үйл ажиллагаанаас юу сурснаа ангийнхантайгаа хуваалцахад урь.
Гэр бүлийн нөхцөл байдлаас үл хамааран, Сүмийн ах эгч, дүүсээ дэмжихийн тулд төрсөн сэтгэгдлийнхээ дагуу хэрхэн үйлдэхээ бичиж, төлөвлөх цагийг тэдэнд гаргаж өг. Та тэднийг тойргийнхоо эсвэл салбарынхаа тодорхой гишүүдийн талаар бодоход урьж болно.
Тэнгэрлэг Эцэг гэр бүлийнх нь нөхцөл байдал сорилттой байгаа хүмүүсийг хувиршгүй хайраараа хайрлаж, дэмждэг гэсэн гэрчлэлээр хичээлээ дуусгахыг бодоорой. Мөн Их Эзэний Сүмийн гишүүн бүр үнэ цэнтэй ба Сүмд чухал хувь нэмэр оруулж чадна гэдгийг гэрчил.
Дараагийн хичээлээр
Суралцагчдыг сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн асуудалтай тулгараад байгаа өөрсдийн мэддэг хүмүүсийг бодоход урь. Тэдгээр хувь хүнийг бодохын сацуу дараагийн хичээлд бэлтгэх материалыг уншихад урамшуул. Та мөн тэднийг сэтгэцийн эрүүл мэндээ үнэлэхийн тулд ганцаараа байх цаг гаргахад урамшуулж болно.