Институт
20-р хичээлийн багшийн материал: Эцэг хүний ариун үүрэг хариуцлага


“20-р хичээлийн багшийн материал: Эцэг хүний ариун үүрэг хариуцлага,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“20-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

20-р хичээлийн багшийн материал

Эцэг хүний ариун үүрэг хариуцлага

Тэнгэрлэг Эцэг хөвгүүддээ гэр бүлээ хамгаалах ариун үүрэг хариуцлагыг өгсөн. Энэ хичээлээр суралцагчид эрэгтэйчүүдийн энэхүү үүрэг хариуцлагаа биелүүлэх арга замуудыг тайлбарлах болно. Тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гэр бүлээ хамгаалах эцэг хүний үүргийг төгс үлгэрлэдэг талаар ярилцана. Тэд ханьтайгаа энэхүү ариун үүрэг хариуцлагаа хамтран биелүүлэхдээ хэрхэн тэнгэрийн тусламжид найдаж болох талаар тунгаан бодож, тайлбарлах болно.

Тайлбар: Эрэгтэйчүүдийн гэр бүлээ тэргүүлэх, хангах үүрэг хариуцлагыг өмнөх хичээлээр ярилцсан.

Заах зөвлөмж

Бурхан бол эцэг хүн байхын төгс үлгэр жишээ.

Хичээлийн сүнслэг хэсэгт “Эцэг минь ээ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 42) эсвэл Тэнгэрлэг Эцэгтэй холбоотой өөр дуу дуулж болох юм.

Та гэр бүлтэйгээ байгаа эцэг хүний зургийг үзүүлж, дараах асуултыг тавьснаар хичээлээ эхэлж болно.

  • Танд эцэг хүн байх талаар ямар бодол, мэдрэмж, санаа зовнил байдаг вэ?

Дараа нь ангийнхнаас асуу.

  • Энэ цаг үед зөв шударга эцэг байхад тулгардаг ямар том бэрхшээлүүд байна гэж та бодож байна вэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Линда К.Бөртоны мэдэгдлийг уншихад урьж болно.)

  • Зарим хүн эцэг хүнийг хэрхэн хардаг, Бурхан эцэг хүнийг хэрхэн хардаг хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Бэлтгэх материалыг судалж байхдаа, Тэнгэрлэг Эцэг бол эцэг хүн байхын төгс жишээ гэдгийг сурсан талаараа суралцагчдад сануул (бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Д.Тодд Кристоффэрсоны мэдэгдлийг үзнэ үү).

Заах, суралцах чадвараа сайжруулах

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын үлгэр жишээг онцол. Аврагч шавь нартаа Өөртэй нь адилхан байхыг зааварлажээ (3 Нифай 27:27-г үзнэ үү). Ангид үнэний талаар ярилцаж байхдаа Тэнгэрлэг Эцэгийн төгс үлгэр жишээг онцлон хэлэх арга замыг эрж хай.

Бид мөн Есүс Христийн үлгэр жишээг судалснаар зөв шударга эцэг хүний зарчмуудыг сурч чадна гэдгийг тайлбарла. Иохан 10:11–15-ыг эргэн хараад, суралцагчид Аврагчийн бидний Сайн хоньчин болох үүргээс зөв шударга эцэг хүний тухай юу сурч болохыг ярилц.

  • Эрэгтэй хүн эцэг хүний ариун үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхийн тулд “амиа өгч” (15-р шүлэг) эсвэл юуг орхих ёстой вэ? (Ахлагч Кристоффэрсэны дараах мэдэгдлийг хуваалцаж болох юм. “Бүгдээрээ өнөөдрийн нийгэмд хэт дөвийлгөн тодотгож байгаа хувиа бодох, хараат бус байх үзлийг орхин, бусдын аз жаргал, сайн сайхны талаар бодоцгооё” [“Эцэг хүн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81.)

Тэнгэрлэг Эцэгийн үлгэр жишээнээс эцэг хүн байх талаар илүү олон зарчмыг тодорхойлохын тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд удирдагч томил. Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ үйл ажиллагаан дээр авсан үүрэг даалгаврынхаа талаар ярилцахад урь.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчийг бүлэг дотроо ярилцсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Нэг суралцагчийг бичээч болж, зарчмаа самбарт бичихэд урьж болох юм.

Эцэг хүн гэр бүлээ хамгаалах ариун үүрэг хариуцлагатай.

Суралцагчдыг дараах үйл ажиллагааг ижил жижиг бүлгүүдээр хийж гүйцэтгэхэд урь. Бүлгүүдийн удирдагчдын хагаст нь “Бүлгийн тараах материал A”-г, бусад хагаст нь “Бүлгийн тараах материал Б”-г өгөөд, суралцагчдыг тараах материал дахь зааврыг дагахад урь.

Бүлгийн тараах материал A—Хайраар дүүрэн, өөрийгөө бүрэн дүүрэн зориулдаг эцэг хүний хамгаалах нөлөө

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—20-р хичээл

Бүлгийн нэг гишүүнийг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын мэдэгдлийг чанга уншихад урь. Дараа нь бүлгээс асуу.

  • Эцэг хүний хувьд гэр бүлээ хамгаалах ариун үүрэг хариуцлагаа биелүүлэх ямар арга замууд байдаг вэ?

Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг хуваалц. “Эцэг хүн бол чухал, онцгой, нөхөн орлуулах боломжгүй хүн” (“Эцэг хүн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78). Дараа нь бүлгээс асуу.

  • Ямар арга замаар эцэг хүн “чухал, онцгой, нөхөн орлуулах боломжгүй хүн” байдаг вэ? (Тэднийг энэхүү асуултын талаар ярилцаж байх үед та бүлэгтээ бэлтгэх материалын 2-р хэсэг дэх сургаалыг санал болгож болно.)

  • Зөв шударга эцгийнхээ эсвэл таны амьдралд эцэг шиг байдаг ямар хүний нөлөө, оролцоогоор та адислагдаж мөн хамгаалагдаж байна вэ?

Бүлгийн тараах материал A—Хайраар дүүрэн, өөрийгөө бүрэн дүүрэн зориулдаг эцэг хүний хамгаалах нөлөө

Багшийн тараах материал Б

Бүлгийн тараах материал Б—Гэр бүлүүдийг бурханлаг илчлэлт болон санваарын хүчээр хамгаалах

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—20-р хичээл

Матай 2:13–15-ыг хамтдаа уншаад, Иосеф хэрхэн Мариа, Есүс хоёрыг хамгаалсан талаар олж мэд.

  • Бид эцгүүд гэр бүлээ удирдаж, хамгаалахад хаанаас тусламж хүлээн авах тухай энэхүү түүхээс юу сурч болох вэ? Өнөө үед илчлэлт эцгүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Бүлгийн нэг гишүүнийг бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ерөнхийлөгч Боид К.Пакэр, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нарын мэдэгдлийг чанга уншихад урь. Дараа нь бүлгээс асуу.

  • Энэ мэдэгдлийн юу нь та нарын анхаарлыг татаж байна вэ? Яагаад?

  • Ямар замаар та зөв шударга эцгийнхээ эсвэл таны амьдралд эцэг шиг байдаг ямар хүний бурханлаг илчлэлт эсвэл санваарын хүчээр адислагдаж байна вэ?

Бүлгийн тараах материал Б— Гэр бүлүүдийг бурханлаг илчлэлт болон санваарын хүчээр хамгаалах

Багшийн тараах материал Б

Хангалттай цаг гаргаж өгсний дараа “Бүлгийн тараах материал А”-г болон “Бүлгийн тараах материал Б”-г судалсан нэг суралцагчийг ангийнхантайгаа ярилцсан зүйлээсээ юу сурснаа хуваалцахад урь. Суралцагчдын сурсан зүйлд нэмэхийн тулд та зөв шударга эцгээрээ эсвэл таны амьдралд эцэг шиг байдаг хүний хайр, оролцоо, бурханлаг илчлэлт эсвэл санваарын хүчээр хэрхэн адислагдаж, хамгаалагдаж буйгаа хуваалцаж болох юм. (Эсвэл Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И.Стивэнсоны амьдралд тохиолдсон жишээг хуваалцаж болно. Ахлагч Гари И.Стивэнсоны аав түүнийг бага байхад Сүнснээс сэрэмжлүүлэг хүлээн авч, могойноос хамгаалжээ [see Robert D. Hales, “Elder Gary E. Stevenson: An Understanding Heart,” Ensign, June 2016, 26].)

Гэрлэлтэд эрх тэгш хамтрагчид болохын хувьд эхнэрүүд, ээжүүд гэр бүлээ хамгаалах үүрэг хариуцлагыг мөн адил хүлээдэг. Эхнэр, нөхөр хоёр энэ ариун нандин үүргээ гүйцэтгэхдээ хамтдаа ажиллаж, зөвлөлдөх хэрэгтэй.

Дараах асуултыг тунгаан бодох, хүлээн авсан мэдрэмжээ бичих цагийг суралцагчдад гаргаж өг (та асуултыг үзүүлж болно).

  • Гэр бүлээ болон бусдыг илүү их хайрлаж, хамгаалахын тулд та одоо юу хийж болох вэ?

  • Та амьдралд тань байгаа эрэгтэйчүүдээ гэр бүлээ болон бусдыг хамгаалах зөв зохистой хамгаалагч байхад нь хэрхэн дэмжиж чадах вэ?

  • Энэхүү хүчин чармайлтад тань Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ?

Хичээлийн төгсгөлд та өөрөө эсвэл нэг суралцагч эцэг хүний чухал байдлын талаар болон гэр бүл дэх ариун үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагах хэрэгцээ шаардлагын талаар гэрчил.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа одоогийн болон ирээдүйд төрөх хүүхдүүдийнхээ тухай бодоход урьж болно. Мөн та суралцагчдаас бага байхдаа хайрлуулж бас хүмүүжиж байсан эсвэл бусдад үйлчлэхийг сурч байсан үеийнхээ талаар санахыг хүсэж болно.