“25-р хичээлийн багшийн материал: Гэр бүлийн амьдрал дахь наманчлал ба өршөөл,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“25-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
25-р хичээлийн багшийн материал
Гэр бүлийн амьдрал дахь наманчлал ба өршөөл
Бид наманчлал, өршөөлийн зарчмуудыг хэрэгжүүлснээр гэр бүлийн харилцаагаа эдгээж, бэхжүүлэхэд Их Эзэний хүчийг урьж чадна. Энэ хичээл нь суралцагчдад наманчлал нь гэр бүлийн харилцааг хэрхэн сайжруулж болохыг ойлгоход тусална. Мөн суралцагчид тэднийг гомдоосон эсвэл шархлуулсан гэр бүлийн гишүүдээ уучлахдаа Их Эзэний тусламжийг хэрхэн хүлээн авах талаар авч үзэх болно.
Тайлбар: Заримдаа гэр бүлийн гишүүдийн гомдоож шийтгэх үйлдэл нь хүчирхийллийн хэлбэртэй байдаг. (Хүчирхийллийн хор нөлөөллөөс ангижрах талаар дараагийн хичээл дээр ярилцах болно.)
Заах зөвлөмж
Бидний хувийн наманчлал гэр бүлийн харилцааг сайжруулж чадна.
Дараах мэдэгдлийг самбар дээр байршуул (суралцагчдынхаа хэрэгцээнд илүү нийцүүлэхийн тулд эдгээр мэдэгдлийг өөрчлөх талаар бодож үз).
-
Гэр бүлийн бусад гишүүнийг байнга наманчилж байгаа эсэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал.
-
Хэрэв гэр бүлийн нэг гишүүн биднээс илүү буруутай бол эхлээд түүнийг уучлалт гуйж, өөрчлөгдөхийг нь хүлээх хэрэгтэй.
-
Гэр бүлийн гишүүдэд хор хөнөөл учруулж буй үйлдлүүдээ наманчлах нь үргэлж амархан байдаг.
-
Гэр бүлийн гишүүн маань биднийг залхаагаад байвал тэдэнтэй муухай харьцаж болно.
Суралцагчдыг самбар дээрх мэдэгдлийг чанга уншихад урьснаар хичээлээ эхэл. Тэднээс мэдэгдэл бүр зөв эсвэл буруу болохыг дор бүрнээ чимээгүйхэн бодохыг хүс (суралцагчдаас хариултаа хуваалцахыг хүсэх хэрэггүй). Хангалттай хугацаа өгснийхөө дараа бүх мэдэгдэл буруу гэдгийг тайлбарла.
-
Эдгээр мэдэгдэл бүрийг зөв болгохын тулд та хэрхэн засах вэ?
-
Гэр бүлийн гишүүдээ гомдоох үед наманчлах нь яагаад хэцүү байдаг вэ? Бидний наманчлах хичээл зүтгэлд Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ?
Та бэлтгэх материал дахь алдагдсан хүүгийн сургаалт зүйрлэлийн зургуудаас аль нэгийг үзүүлээд, нэг суралцагчаас сургаалт зүйрлэлийг тоймлон дүгнэхийг хүсэж болно. Лук 15:17–24-ийг уншаад, энэ сургаалт зүйрлэлээс гэр бүлийн амьдрал дахь наманчлалын талаар ямар зарчмуудыг олж мэдсэнийг суралцагчдаас асуух талаар бодож үз.
-
Энэ сургаалт зүйрлэлд гарч буй эцгээс бид Тэнгэрлэг Эцэгийн талаар юу сурч болох вэ? Энэ мэдлэг нь наманчлалыг харах бидний хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Эхнэр, нөхөр эсвэл гэр бүлийн гишүүдийн аль нэг нь наманчилсны улмаас адислагдахыг та хэзээ харсан бэ? (Суралцагчдад хэт хувийн чанартай туршлагаа хуваалцах хэрэггүй гэдгийг сануул.)
Биднийг гомдоосон эсвэл шархлуулсан гэр бүлийн гишүүдээ уучлахад Их Эзэн бидэнд тусалж чадна.
Суралцагчдыг хэзээ гэр бүлийнх нь хэн нэгэн тэднийг гомдоож, шархлуулсан байж болох тухай бодоход урь. Та тэднээс уг хүнийг хэр сайн уучилж чадсан тухайгаа тунгаан бодохыг хүсэж болно.
-
Бидэнтэй шударга бусаар харьцсан гэр бүлийн гишүүдээ уучлах нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ?
Сургаал ба Гэрээ 64:8–11-ийг хамтдаа уншаад, өршөөлийн тухай Их Эзэний сургаалаас ямар үнэнийг сурсныг нь ангийнхнаас асуу. Суралцагчдын тодорхойлсон үнэнүүдийн дотор Их Эзэн биднээс бүх хүнийг уучлахыг шаарддаг гэсэн үнэн байж магадгүй юм.
Та суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа Сүмийн удирдагчдын хэлсэн үг эсвэл мэдэгдлийг сонгоод, товчхон дүгнэхэд урьж болно. Дараа нь дараах асуултыг тавь. Үүнд:
-
Өөрийг тань гомдоосон гэр бүлийн гишүүнээ уучлахад эдгээр сургаал хэрхэн тусалж чадах вэ?
Ярилцлагын нэг хэсэг болгон, бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа ахлагч Массимо Дэ Фэогийн мэдэгдлийг үзүүлж, суралцагчидтай хамт унших талаар бодож үз. Та суралцагчдад Аврагч тэдний төлөө юу хийснийг тунгаан бодох хэдэн хором өгч болно.
-
Аврагчийн золиосыг санах нь бусдыг уучлахад бидэнд хэрхэн туслах вэ?
Суралцагчдад гэр бүлийн амьдрал дахь уучлалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд Иаков, Есав хоёрын түүхийг ашиглах эсвэл бидний гомдоосон юм уу биднийг гомдоосон гэр бүлийн гишүүнтэйгээ эвлэрэхтэй холбоотой мэдрэмж, санаа зовнил, сонголтоо эргэцүүлэн бодоход туслах өөрийн хувилбарыг бүтээх талаар бодож үз.
Боломжтой бол дараах зургийг үзүүл.
Иаков, Есав хоёрын энэ түүхийн талаар юу мэддэгээ болон тэдний харилцаанд юу нөлөөлсөн талаар тайлбарлахыг суралцагчдаас хүс. Шаардлагатай бол та тэдний ойлголтыг дараах дэлгэрэнгүй мэдээллээр баяжуул.
Ангийг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүд болгон хуваах талаар бодож үз. Тэднийг Эхлэл 33:1–11-ийг чимээгүй уншаад, Иаков, Есав хоёрыг уулзах үед юу болсныг олж мэдэхэд урь. Суралцагч бүрээс Иаков, Есав хоёрын аль нэгийн дүрийг сонгоод, эдгээр шүлэгт цэдэглэгдсэн үйл явдлуудыг тухайн хүний өнцгөөс төсөөлөхийг хүс.
Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас Есав, Иаков хоёрыг эвлэрсэн тухай тэдний өнцгөөс төсөөлөн бодохдоо, сурсан зүйлээ ашиглан дараах асуултуудын талаар хамтрагч эсвэл бүлэгтэйгээ ярилцахыг хүс.
-
Ах, дүүтэйгээ уулзаж, ярилцах нь танд ямар бодол, мэдрэмж төрүүлэх байсан бэ?
-
Та ах, дүүтэйгээ эвлэрэхийн тулд юу хийж байсан бэ? Та үүнээс ямар зарчим сурч болох вэ?
Суралцагчдыг энэ үйл ажиллагааг гүйцэтгэсний дараа ангиараа дараах асуултуудыг ярилцах талаар бодож үз.
-
Иаков, Есав хоёрын жишээнээс та нар ямар зарчмуудыг олсон бэ? Та энэ түүхээс Их Эзэний мутрыг ямар байдлаар харж байна вэ?
-
Зөрчилдөөнийг шийдвэрлэх эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнийг уучлах санаачилга гаргахад Бурхан танд хэрхэн тусалж байсан бэ? (Хэт хувийн шинжтэй зүйлээ хуваалцахгүй байхыг тэдэнд сануул.)
Суралцагчдыг энэ үед наманчлал эсвэл өршөөлийн зарчмуудыг гэр бүлийн харилцаандаа хэрэгжүүлэхийг Тэнгэрлэг Эцэг хэрхэн хүсэж байгаа талаар дотроо бодоход урь. Тэднийг хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж. Та суралцагчдад гэр бүл дэх наманчлал, өршөөлийн үнэ цэнийг гэрчлэх цаг гаргаж өгч болно.
Дараагийн хичээлээр
Харамсалтай нь зарим хүн бусдыг хүчирхийлэхийг сонгодог гэдгийг тайлбарла. Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх материалыг анхааралтай судлахад урамшуул. Тэднийг Аврагчийн тусламжтайгаар хэрхэн хүчирхийллийн үр дагавраас ангижирч эсвэл бусдад эдгэрэхэд нь тусалж болох талаар бодоход урь.