Институт
11-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн ханиа сонгох


“11-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн ханиа сонгох,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“11-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Ярилцан яваа эрэгтэй, эмэгтэй хоёр

11-р хичээлийн бэлтгэх материал

Мөнхийн ханиа сонгох

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк “Ариун сүмд гэрлэх та нарын зорилготой нийцэх олон нийтийн мөн сүнслэг үйл ажиллагаанд ‘идэвхтэй оролцоорой’ [Сургаал ба Гэрээ 58:27] хэмээн зөвлөсөн (“Ухаалаг сонголт хий,” Ensign, Nov. 2014, 47 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55). Та энэхүү хичээлийн материалыг судлахдаа мөнхийн ханиа эрж хайж, сонгож, хайрлахад тань Их Эзэнд итгэх итгэл хэрхэн тусалж болох талаар бод.

Тайлбар: Болзох гэдэг ойлголт өөр өөр соёл уламжлалд өөр өөр утга илэрхийлдэг. Энэхүү хичээлийн зорилгын хүрээнд, болзох гэдэг нь цаашлаад гэрлэлт рүү хөтлөх харилцааг хөгжүүлэх зорилгоор эсрэг хүйсийн хүнтэй сайн мэдээний жишгүүдийг баримтлан, цагийг хамт өнгөрөөх гэдэг утгыг илэрхийлж байгаа.

1-р хэсэг

Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэх нь гэрлэлт рүү хөтлөх харилцааг хөгжүүлэхэд надад хэрхэн туслах вэ?

Болзох нь гайхалтай мөн бэрхшээлтэй байж болно. Энэ нь бие биеэ таньж мэдэн, шинэ туршлага хуримтлуулж, өөрсдийнхөө болон харилцааныхаа тухай чухал сургамжуудыг мэдэж авах боломжуудыг олгодог. Гэрлэлтийн ач холбогдлыг бодолцвол, болзож мөн гэрлэхээр бэлдэж байхдаа эсэргүүцэлтэй тулгарах нь гайхах зүйл биш юм. Мөнхийн гэрлэлт рүү чиглэсэн өсөлт хөгжлийг удаашруулж эсвэл зогсоож болох дараах зүйлсийн аль нэгийг та эсвэл таны таньдаг хэн нэгэн мэдэрсэн үү?

  • Татгалзахаас айх

  • Олон нийтийн дунд байхдаа түгших

  • Боломж эсвэл алсын хараа дутах

  • Бүтэлгүй харилцаанаас болж сэтгэл санааны хувьд туйлдах

  • Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал

  • Боловсрол эсвэл ажил мэргэжилдээ голлон анхаарах

  • Үүрэг амлалт өгөхөөс айх

  • Гэрлэлтэд итгэх итгэлээ алдах

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа Жюли Б.Бэк эгч олон залуу “мөнхийн гэр бүлийг үүсгэхэд ач холбогдол өгөхөө больж байна. Олон нь гэр бүлтэй болох нь итгэл дээр суурилсан ажил” гэдгийг харахгүй байна” гэдгийг ажигласан байна (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, 2011 оны 3-р сар, 14; тодотгол нэмэгдсэн).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаалт үгс 3:5–6; 2 Нифай 22:2-ыг уншаад, Их Эзэнд итгэх итгэл мөнхийн ханиа эрж хайж, сонгоход хэрхэн тусалж чадах талаар тунгаан бод.

Их Эзэн таны мөнхийн ханиа олж, сонгох туршлагад ихээхэн санаа тавьдаг. Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх үед Тэр танд туслах болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Аврагчид итгэх бидний итгэл болзоо мөн гэрлэлтэд хэрхэн нөлөөлдөг талаар онцолсон.

Ахлагч Жэффри Р.Холланд

Таны итгэл таны хайр дурлалтай холбоотой гэдэгт итгэ. Яагаад гэвэл, эдгээр нь үнэхээр холбоотой. Та болзоогоо шавь байхаас тусгаарлавал аюулд унана. Дэлхийн Гэрэл Есүс Христ нь таны хайр дурлал, аз жаргалын замыг амжилттай гэрэлтүүлдэг цорын ганц дэнлүү билээ. (“How Do I Love Thee?,” New Era, 2003 оны 10-р сар, 8)

Ярилцан суугаа эмэгтэй, эрэгтэй хоёр

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх гэдэгт зөв зүйтэй үйлдэл хийх багтдаг. Өөрсдийнх нь талаарх Их Эзэний хүслийг мэдэхийг хүссэн эрт үеийн хэсэг хожмын үеийн гэгээнтэнд Тэрээр заах явцдаа, итгэлээр үйлдэхийн тулд сонгох эрхээ ашиглахыг биднээс хүссэн.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 58:26–28-ыг судлаад, мөнхийн ханиа олохоор хичээж чармайхдаа Их Эзэний зааврыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар бод.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн Зөвлөлд байхдаа, бид хэрхэн итгэлтэй, тэвчээртэйгээр урагш ахиж болох талаар ярьсан.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Мөнхийн ханиа хэзээ олох бол гэж цөхөрсөн хүмүүсийн тухай юу хэлэх вэ? Нэгдүгээрт, бүү бууж өг. Үйл ажиллагаануудад хамрагдаж, хүмүүстэй уулзан, чадах бүхнээ хий. Болзоо төвөгтэй гэдгийг би мэднэ. Татгалзал бол бидэнд тохиолдох хамгийн сэтгэл өвдөм зүйлсийн нэг. …

… Хамтдаа байх энгийн аргуудыг ол. … Зорилго нь нэг хүнийг таньж мэдэх, хэрхэн эсрэг хүйсийн хүнтэй утга учиртай харилцаа хөгжүүлэх талаар сурах явдал юм. (“The Reflection in the Water” [Church Educational System fireside for young adults, Nov. 1, 2009], ChurchofJesusChrist.org)

Бурханы амлалтууд үргэлж бидний хүссэн арга замаар, хүссэн шиг маань хурдан ирдэггүй, харин Түүний арга замаар, Түүний цаг хугацаанд ирдэг. … [Гэхдээ] Их Эзэний амлалтууд тэр даруй ирэхгүй байж болох ч заавал [ирдэг]”. (“Тэвчээрээр үргэлжлүүл,” Ensign, May 2010, 58 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69)

Ахлагч Марлин К.Жэнсэн Далын чуулгын гишүүнээр үйлчилж байхдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн болзохдоо хөгжүүлэх ёстой харилцааны чухал хэсгийн талаар заасан.

Ахлагч Марлин К.Жэнсэн

Нөхөрлөл нь … болзож байсан үеэ хадгалж үлдэх гэрлэлтийн амин чухал бөгөөд гайхамшигт хэсэг юм. Нөхөрлөлөөр эхэлж, дурлал болон боловсорч, эцэст нь гэрлэлт рүү хөтөлдөг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний харилцаа ихэвчлэн өнө удаан хугацаанд үргэлжлэх мөнхийн харилцаа болж хувирдаг. (“Friendship: A Gospel Principle,” Ensign, 1999 оны 5-р сар, 64)

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Болзох, гэрлэх хүчин чармайлт гаргахдаа Их Эзэнд итгэх итгэлээ илүү хөгжүүлэхийн тулд та юу хийж эсвэл үргэлжлүүлэн хийж чадах вэ? Хэрвээ та гэрлэсэн бол мөнхийн ханиа олохоор хичээж зүтгэхдээ Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлсэн бэ?

2-р хэсэг

Гэрлэлтэд бэлтгэхийн тулд би ямар зан чанарыг хайж мөн хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Та ханьд тань байгаасай гэж хүсэж байгаа зан чанаруудын жагсаалтыг гаргаж байсан уу? Болзож байхдаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг нэгнийхээ зан байдал, хувь хүний шинж чанар, үнэт зүйлүүдийг мэдэхэд хангалттай цаг зарцуулах нь чухал. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс ийн зөвлөсөн.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Болзож байхдаа нэг нэгнийхээ талаар чадах бүхнээ мэдэж ав. Боломжтой үед нэг нэгнийхээ гэр бүлүүдтэй танилц. Та хоёрын зорилго нийцэж байна уу? Та хоёр зарлигууд мөн Аврагчийн талаар мөн санваар, ариун сүм, эцэг эх байх, Сүмийн дуудлага болон бусдад үйлчлэх талаар адил бодолтой байна уу? Та хоёр бие биеийнхээ амжилттай эсвэл бүтэлгүйтсэн үед мөн уур бухимдлыг тэвчиж, азгүйдэлтэй тэмцэж байхдаа сэтгэлийн дарамтыг хэрхэн даван туулж байгаагаа ажигласан уу? Таны болзож байгаа хүн бусдыг шүүмжилж байна уу эсвэл тэднийг хүчирхэгжүүлж байна уу? Түүний хандлага, хэл яриа, бие авч яваа байдал таны сэтгэлд нийцэж байна уу? (“Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь,” Ensign, Nov. 2015, 45–46 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31)

Ханьдаа байгаасай гэж хүсэж байгаа зан чанаруудаас илүү чухал зүйл бол өөртөө бий болгож буй зан чанарууд юм. Үүний талаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү зөвлөсөн.

Ахлагч Дэвид А.Бэднар

Зарим залуу хүн өөрийн ханьд байх ёстой зан чанаруудыг жагсаан бичсэн жагсаалттай байж, мөн тэдний чадавхыг “Миний бүх шаардлагыг хангаж байна уу?” гэдгээр хэмждэг бололтой. Хэрэв та тодорхой ямар нэгэн сүнслэг зан чанар бүхий мөнхийн ханьтай болохыг хүсэж байвал, тэдгээр зан чанарыг өөртөө хөгжүүлэхийг хичээх ёстой. Тэгвэл тэдгээр зан чанарыг агуулсан нэгэн танд татагдан ирэх болно. (“Understanding Heavenly Father’s Plan,” ChurchofJesusChrist.org; мөн Doctrine and Covenants 88:40-ийг үзнэ үү.)

Кэрол М.Стэфэнс эгч Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа үүнтэй төстэй зүйлийг заасан юм.

Кэрол М.Стэфэнс

Аврагчийн амьдралыг судлаад, Түүнтэй илүү адил болохыг хичээ. Хэрэв та амьдралдаа Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлж мөн Түүнтэй илүү адил болохыг эрэлхийлж чадвал хүний хань болоход илүү сайн бэлтгэгдэх болно. (Face to Face with Elder Holland, Sister Stephens, and Elder Hallstrom [worldwide young single adult broadcast, Mar. 8, 2016], facetoface.ChurchofJesusChrist.org)

Хүрхрээний дэргэд зогсож буй хос

Өөрсдөдөө Аврагчийнхтай адил зан чанаруудыг хөгжүүлж, тэдгээрийг ирээдүйн ханьдаа байгаа эсэхийг хайх нь чухал ч гэлээ бид өөрсдөдөө болон бусдад бодит бус хүлээлт үүсгэхгүй байх тал дээр болгоомжтой байвал зохино. Ахлагч Хэйлс “Бидний хэн нь ч төгс хүнтэй гэрлэдэггүй, харин төгс болох чадавхтай хүнтэй гэрлэдэг” гэж заасан (“Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь,” 31).

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Таны ханьдаа байгаасай гэж хүсдэг Христийнхтэй адил хамгийн чухал зан чанарууд юу вэ? Та эдгээр зан чанарыг өөртөө хөгжүүлэхийн тулд юу хийж байна вэ?

3-р хэсэг

Би хэнтэй гэрлэхээ хэрхэн шийдэх вэ?

Хэнтэй гэрлэхээ сонгох нь сүнсээр өдөөгдөж, анхаарал болгоомжтой гаргах шийдвэр байх хэрэгтэй. Ерөнхийлөгч Томас С.Монсон авга эгч, ах хоёрынх нь гэрт жаазтай байсан зөвлөгөөг харснаа хуваалцсан ба энэ нь “Хайраа сонго, сонголтоо хайрла” гэсэн зөвлөгөө байв (“Санваарын хүч,” Ensign, May 2011, 68 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 72).

Энэ нь бид урьдчилан тогтоосон хайрыг хайгаагүй гэдгээ ойлгоход тусалж болох юм. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “‘Заяагдмал хос’ гэдэг бол уран зөгнөлийн, буруу ташаа ойлголт юм” гэж заасан (“Oneness in Marriage,” Ensign, 2002 оны 10-р сар, 42). Биднийг гэрлэлт зэрэг амьдралын чухал шийдвэр гаргах үед “Тэнгэрлэг Эцэг биднээс сонгох эрхээ ашиглан, сайн мэдээний зарчмуудын дагуу нөхцөл байдлыг оюундаа тунгаан бодож, залбирлаар дамжуулан өөрийн шийдвэрийг Түүнд хэлж танилцуулахыг хүсдэг” хэмээн ахлагч Робэрт Д.Хэйлс тайлбарласан (“Ариун Сүнс,” Ensign, May 2016, 105 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92).

Хэнтэй гэрлэх талаар шийдвэр гаргахдаа хамгийн сайнаараа хичээж, бодож мөн энэхүү шийдвэрийн талаар баталгаажуулсан илчлэлт эрэлхийлэхийг Их Эзэн хувь хүмүүсээс хүсдэг. Сэргээлтийн үед Оливер Каудерид илчлэлт хүлээн авах эдгээр болон бусад зарчмыг заасан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 6:22–23 ба 9:7–9-ийг унш. Унших явцдаа та хэн нэгэнд тухайн хүнтэйгээ гэрлэх хэрэгтэй эсэхээ шийдэхэд нь туслах илчлэлт хүлээн авах зарчмуудыг эрж хай. (Сургаал ба Гэрээ 8:2–3; 11:12–14-ийг мөн үзнэ үү.)

Өвдөг сөгдөн залбирч буй эмэгтэй
Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Их Эзэнээс илчлэлт хүлээн авах тухай эдгээр хэсгээс юу сурч мэдсэн талаар дүгнэлтээ бич.