“19-р хичээлд бэлтгэх материал: Эх хүний ариун үүрэг хариуцлага,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“19-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
19-р хичээлд бэлтгэх материал
Эх хүний ариун үүрэг хариуцлага
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “[Гэрээгээ сахигч] эмэгтэйчүүдийн эхнэр, ээж, эмээ, эгч, авга эгч, багш, удирдагчийн хувьд, ялангуяа үлгэрлэн дагуулагч, итгэлээ хамгаалагчдын хувьд гэр бүлдээ төдийгүй Их Эзэний Сүмд үзүүлдэг нөлөөг хэмжих боломжгүй юм” хэмээн заасан (“Эгч нараасаа гуйх гуйлт,” 2015 оны Ерөнхий чуулган, 86). Та энэ материалыг судалж байхдаа, зөв шударга эмэгтэйчүүд таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн тухай бод.
1-р хэсэг
Эх хүний үүрэг бүх эмэгтэй хүнд хэрхэн хамаатай вэ?
Эх хүн гэдэг нь мөнхийн шинж чанартай ойлголт юм. Дэлхий дээр Еваг бүтээснээс хойш эх хүн байх нь эмэгтэй хүн байхтай холбоотой байсаар ирсэн. “Адам эхнэрийнхээ нэрийг Ева хэмээв, учир нь тэрээр амьд бүхний эх байв, учир нь ийн бибээр, Их Эзэн, Бурхан олон байгаа бүх эмэгтэйчүүдээс эхнийх нь хэмээн нэрлэв” (Мосе 4:26).
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчилж байсан Шэри Л.Дью эгчийн дараах мэдэгдлийг уншихдаа, эх хүний үүрэг бүх эмэгтэйд хэрхэн хамаатай болохыг бодоорой.
Бид эх хүн байхыг дан ганц ээж болохтой адилтган үзэх хандлагатай байдаг бол Их Эзэний хэлээр эх хүн гэдэг нь олон давхар утгатай байдаг. Түүний үүрэг, мөн чанарыг тодорхойлохын тулд сонгож болох бүх үгээс Эцэг Бурхан, Адам хоёр Еваг “амьд бүхний эх” [Мосе 4:26] гэж хүүхэд төрүүлэхээс нь өмнө нэрлэсэн. … Эх байх нь зөвхөн хүүхэд төрүүлэх үүрэгтэй гэсэн үг биш юм. Энэ нь бид эмэгтэй хүнийхээ хувьд хэн болохыг тодорхойлох мөн чанар юм. Энэ нь бид хувь хүний хувьд хэн болохыг, бидний тэнгэрлэг төрх байдал, төрөлх чанар, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн өвөрмөц шинж чанар зэргийг тодорхойлдог.
Тэнгэрлэг Эцэгийнхээ охидын хувьд мөн Евагийн охидын хувьд бид бүгд ээжүүд бөгөөд үргэлж тийм байсаар ирсэн. (“Are We Not All Mothers?,” Ensign, Nov. 2001, 96, 97)
2-р хэсэг
Тэнгэрлэг Эцэг өсгөн хүмүүжүүлэх ариун нандин үүргээ биелүүлэхэд нь эмэгтэйчүүдэд хэрхэн тусалдаг вэ?
“Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” ChurchofJesusChrist.org). Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн ерөнхийлөгч асан ерөнхийлөгч Сюзан В.Таннэр өсгөн хүмүүжүүлэх гэдэг нь ямар утгатай болох талаар тодорхойлсон байдаг.
Өсгөн хүмүүжүүлэх нь заах, өсгөж хөгжүүлэх, өсөлтийг дэмжин тэтгэх, хооллох, тэжээн тэтгэх явдал юм. Ийм адислагдсан үүрэгт чин сэтгэлээсээ талархахгүй хэн байх билээ? (“My Soul Delighteth in the Things of the Lord,” Liahona, May 2008, 82)
Тэнгэрлэг Эцэг охидоо “нөлөө бүхий, ариун үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь эмэгтэйчүүдэд туслах хайрлаж, өсгөн хүмүүжүүлэх төрөлхийн чадвараар адисалсан (Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 171).
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчилж байсан Нийл Ф.Марриотт эгч Тэнгэрлэг Эцэг бусдыг өсгөн хүмүүжүүлэх хүчин чармайлтад нь охидодоо хэрхэн туслах талаар ийн заасан.
Эгч нар аа, бид бүгдээрээ Бурханы төлөвлөгөөний ачаар дэлхий дээр ирэхдээ амьдрал өгөх, халамжлах зэрэг эх хүний бэлэгтэй ирдэг шүү. …
Бид өөрсдөөсөө “Бид одоо яах вэ?” гэж асуухдаа, “Аврагч үргэлжлүүлэн юу хийдэг вэ?” гэж асууцгаая. Тэр асран халамжилдаг бас бүтээдэг. Тэр сайн сайхан, өсөлт хөгжлийг урамшуулан дэмждэг. …
… Биднийг Тэнгэр дэх Эцэгээс Өөрийнхөө хаант улсыг барих барилгачин болгохыг хүсэх үед Түүний хүч чадал цутган орж ирж, бид хэрхэн асран халамжлахаа мэдэж аван, эцэстээ тэнгэрлэг эцэг эхтэйгээ адил болох болно. (“Бид одоо яах вэ?,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123, 124)
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Тэнгэрлэг Эцэг эмэгтэйчүүдэд өсгөн хүмүүжүүлэх ариун дуудлагаа биелүүлэхэд нь туслах нэмэлт бэлгийг өгсөн талаар заасан.
Бурханы охидын хувьд та бүхэнд бусдын хэрэгцээг мэдэрч, тэднийг хайрлах төрөлхийн, агуу чадавх байдаг. Эргээд энэ нь таныг Сүнсний шивнээг илүү сайн мэдрэх чадвартай болгодог. Хүмүүсийг өсгөн хүмүүжүүлэхийн тулд юу бодож, юу хэлж, юу хийхийг тань Сүнс удирдаж чадна. Ийн Их Эзэн тэдний дээр мэдлэг, үнэн, эр зоригийг юүлэх болно. (“Эмэгтэйчүүд ба гэртээ сайн мэдээнээс суралцах нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 134)
Зарим эмэгтэй өөрийгөө хүн өсгөн хүмүүжүүлэхэд хангалттай бус гэж санаа зовниж магадгүй. Бурханы бүх бэлгийн нэгэн адил өсгөн хүмүүжүүлэх нь хөгжүүлэх, зөв хэрэгжүүлэхийн тулд дадлага туршлага, тэнгэрийн тусламжийг шаарддаг. Есүс Христ бол өсгөн хүмүүжүүлэхийн төгс жишээ мөн. Түүний харуулсанчлан, өсгөн хүмүүжүүлэх нь бүх нөхцөл байдалд үргэлж адилхан харагддаггүй. Тэр бусдад өсөж хөгжихөд нь туслах үедээ нигүүлсэнгүй мөн хатуу чанд байдаг.
3-р хэсэг
Эхчүүд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд ямар өөрчлөлт оруулдаг вэ?
Зарим эмэгтэй хүүхэдтэй болох талаар эргэлздэг. Нийгэмд эх хүн байхын ач холбогдлыг дордуулсан эсвэл бүр шоолж буй дуу хоолой тэдний эргэлзээг улам бүр нэмэгдүүлж болно. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх эхчүүдийн ач холбогдлыг ойлгох нь эдгээрээс эсвэл хамааралтай хандлага, зан үйлүүдээс татгалзахад тань хэрхэн тусалж болох талаар бод.
Харин хайрт эгч нар, та нар Бурханы хүүхдүүдийг төрүүлж, асран халамжлахаар дэлхийн сууринаас өмнө сонгогдсон бөгөөд ийнхүү гүйцэтгэснээр та нар Бурханыг алдаршуулдаг хэмээн ерөнхийлөгч Нэлсон тайлбарлажээ (“What Will You Choose?,” Ensign, Jan. 2015, 31).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон хүүхэдтэй болох нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг хэрхэн урагшлуулдаг талаар заасан.
Амьдралыг бүтээх нь эмэгтэй хүний хамгийн ариун нандин үүрэг юм. Бие махбод бол тэнгэрлэг гарал үүсэлтэй [Мосе 2:27-г үзнэ үү] бөгөөд Бурханы селестиел хаант улсын хамгийн дээд хэсэгт хүрэхийн тулд бие махбодтой болж төрөх, сүнслэгээр дахин төрөх зэргийг биеэр үзэх ёстой [Мосе 6:57–60-ыг үзнэ үү] гэдгийг бид мэддэг. Тиймээс эмэгтэйчүүд “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” [Мосе 1:39] Бурханы ажил, алдар суугийн салшгүй хэсгийг гүйцэтгэдэг (зарим тохиолдолд өөрсдийн амьдралыг эрсдэлд оруулан байж үүнийг гүйцэтгэдэг) юм [Мосе 1:39]. (“Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 34)
Эмэгтэйчүүдийн эх хүн байх үүргээ биелүүлэхийн тулд хүмүүсийн амьдралыг адисалдаг арга замуудын тухай ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заажээ.
Ээжүүд ямар ч үед ямар ч хүнээс, бусад ямар ч харилцаанаас илүү нөлөөг хүүхдүүддээ үзүүлж чаддаг. Ээж хүний үлгэр жишээ, заадаг зүйлсийн хүчээр түүний хөвгүүд эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх талаар сурч, ёс суртахууны өндөр жишиг, сахилга батыг өөрсдийн амьдралд төлөвшүүлж чаддаг. Түүний охид өөрсдийн ариун журамтай байдлыг хадгалах, хэчнээн хэцүү байсан ч үргэлж зөв зүйлийн төлөө ахин дахин зогсож байхад суралцдаг. Эх хүний хайр, өндөр хүлээлт нь түүний хүүхдүүдийг шалтаг тоочилгүй хариуцлагатай байх, боловсролын болон хувийн өсөлт хөгжилдөө нухацтай хандах мөн эргэн тойрондоо байгаа бүх хүний сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулахад удирдан чиглүүлж байдаг юм. (“Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч,” 34)
Марриотт эгч ээжүүдийн хүчирхэг нөлөөний тухай мөн заасан.
“Эх болох” гэдэг нь “амьдрал өгөх” гэсэн утгатай гэдэгт би итгэдэг. Амьдрал өгч чадах олон арга замын талаар бод доо. Энэ нь найдваргүй болсон хүнд өөдрөг сайхан амьдрал бэлэглэхийг эсвэл эргэлзэгч нэгэнд сүнслэг амьдрал өгөхийг хэлж болно. Бид ад үзэгдсэн, гадуурхагдсан, үл таних хүмүүст сэтгэлзүйн хувьд эдгэрэх боломжийг Ариун Сүнсний тусламжтайгаар олгож чадна. Бид эдгээр эмзэг хэдий ч хүчирхэг арга замаар Бурханы хаант улсыг байгуулдаг. (“Бид одоо яах вэ?,” 123)
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Жюли Б.Бэк эгчийн дараах гэрчлэлийг уншиж байхдаа, эх хүн байх бурханлаг үүргээ хүндэтгэдэг эмэгтэй хүний нөлөөний тухай тунгаан бод.
Эх хүний зүрх сэтгэлийн гүйцэлдүүлж чадах зүйлд хязгаар үгүй билээ. Зөвт эмэгтэйчүүд түүхийг өөрчилж байсан ба өөрчилсөөр ч байх болно. Мөн тэдний нөлөө үүрд мөнхөд түгэн тархаж, өссөөр байх болно. Эх хүн байх бурханлаг үүргийг эмэгтэйчүүдэд итгэж найдан хүлээлгэсэн Их Эзэнд би хэчнээн их талархдаг гээч. (“A ‘Mother Heart,’” Liahona, May 2004, 77)