“21-р хичээлд бэлтгэх материал: Хүүхдүүдээ зөв шударга байдалд өсгөх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“21-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
22-р хичээлд бэлтгэх материал
Хүүхдүүдийг зөв шударга байдалд өсгөх
Өнөөгийн дэлхийд хүүхдүүдээ сүнслэг байдлын хувьд хүчирхэг болгож өсгөх нь хэрээс хэтэрсэн хүнд зүйл мэт санагдаж болно. Хэдий тийм ч Аврагчийн нифайчуудад өгсөн “Бүх хүүхдүүд чинь Их Эзэнээр сургагдах болно; мөн хүүхдүүдийн чинь амар амгалан агуу байх болно” (3 Нифай 22:13) гэсэн амлалт өнөөдөр бидний хувьд ч хүчинтэй хэвээрээ. Энэхүү хичээлийг судлах үедээ “хүүхдүүдээ … зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүл[эх] … нандин үүр[гээ]” биелүүлэх талаар бод (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).
1-р хэсэг
Их Эзэн надаас эцэг эх байх тал дээр ямар байхыг хүсдэг вэ?
Энэ эрин үеийн эхэнд Есүс Христ хүүхдүүдээ зөвт байдалд өсгөх үүрэг хариуцлагынх нь талаар эцэг эхчүүдэд заасан. Тэрээр “Хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэхийг би та нарт зарлигласан билээ” (Сургаал ба Гэрээ 93:40) хэмээн тунхагласан. Аврагч бошиглогч Иосеф Смитэд болон Сүмийн бусад удирдагчид “гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа зовж байхыг мэдэгтүн” (50-р шүлэг; мөн 41–50-р шүлгийг үзнэ үү) хэмээн сануулжээ.
Хожмын үеийн бошиглогчид ч мөн адил эцэг эхчүүд гэр орондоо сайн мэдээг заахаар хичээж чармайхад санаа тавих хэрэгтэйг илэрхийлдэг. Тэд сайн мэдээнээс суралцахыг “гэр оронд төвлөрсөн Сүмээс дэмжсэн” байх хэрэгтэй гэдгийг онцолсон (Дэвид А.Бэднар, “Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123-ыг мөн 124–126-р хуудсыг үзнэ үү).
Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр ийн заасан.
Бишоп ч биш, Ням гаргийн анги, Залуу эмэгтэйчүүд эсвэл Залуу эрэгтэйчүүдийн бүлэг ч биш, харин эцэг эхчүүд бид үр хүүхдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш, үлгэр жишээ үзүүлэгч нь байх ёстой. Хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нарын хувьд бид тэдэнд Цагаатгалын хүч хийгээд үнэн бодит байдал, тэдний хэн болох хийгээд бурханлаг хувь тавилангийнх нь тухай зааж чадна. Эцсийн эцэст гэр орон бол Есүс Христийн сайн мэдээг заах төгс тохиромжтой орчин юм. (“Эцэг эхчүүд: Хүүхдүүдийнхээ хамгийн чухал багш нар,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37)
Эдгээр шүлгийг эш татсаныхаа дараа, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байсан Шэрил А.Эсплин ийн хэлсэн.
Хүүхдүүддээ ойлгуулахын тулд заах нь зүгээр мэдээллээр булахаас илүү чухал зүйл юм. Энэ нь сургаалыг зүрх сэтгэлдээ шингээж, өөрсдийнхөө нэг хэсэг болгож, сургаалыг зан байдалдаа амьдралынхаа туршид тусгаж хэрэгжүүлэхэд хүүхдүүдэд тусалдаг. (“Хүүхдүүддээ ойлгохыг заах нь,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10)
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа ерөнхийлөгч Жой Д.Жөүнс ийн заасан.
Бид хүүхдүүдээ жам ёсоороо хөрвөгдөг гээд орхиж болохгүй. Тохиолдлоор хөрвөгдөхийг хүлээж суух нь Есүс Христийн сайн мэдээний зарчим биш юм. Зүгээр л байж байгаад Аврагчтай адилхан болох боломжгүй. Хайрлаж, зааж сурган, гэрчлэхийг туйлын зорилгоо болгох нь балчир наснаасаа эхлэн Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд хүүхдүүдэд тусална. Ариун Сүнс хүүхдүүдийн маань Есүс Христийн тухай гэрчлэл, хөрвөлтөд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бид “тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд, тэд үргэлж түүнийг сана[асай]” [Сургаал ба Гэрээ 20:79] хэмээн хүсдэг. (“Амин чухал яриа,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган)
2-р хэсэг
Хүүхдүүдээ Аврагч руу удирдан чиглүүлэхийн тулд надад ямар дадал хэвшлүүд туслах вэ?
Нифай болон түүний хүмүүс хүүхдүүддээ Аврагчийн талаар мэдэж авахад нь туслахыг хичээнгүйлэн эрэлхийлж байв.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Аврагчийн тухай мөн Аврагчаас сурахад хүүхдүүддээ туслахад чиглүүлэг болох зөвлөгөөг өгсөн.
Аврагчийн зураг бидний гэр оронд байгаа бил үү? Бид Есүсийн сургаалт үлгэрийн талаар хүүхдүүдтэйгээ байнга ярьдаг уу? “Есүсийн тухай түүх[үүд] хүүхдүүдийн маань зүрхэн дэх итгэлийн цогийг ноцоох сэвэлзэх салхи нь байж чадна” [Нийл Л.Андэрсэн, “Есүсийн тухай түүхийг надад ярьж өгөөч,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118]. Хүүхдүүд тань танаас асуух зүйлээ асуухад, Аврагчийн заасан зүйлийг заах талаар ухамсарлан бодоорой. Жишээлбэл, хэрвээ хүүхэд чинь “Аав аа, бид яагаад залбирдаг юм бэ?” гэж асуувал та “Наадах чинь тун чухал асуулт байна. Есүсийн залбирсныг санаж байна уу? Тэр яагаад залбирсан мөн хэрхэн залбирсан тухай ярилцъя” гэж хариулж болно. (“Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган)
“Чи [зарлигуудыг] хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай” (Дэд хууль 6:7) хэмээн израил эцэг эхчүүдэд өгсөн бошиглогч Мосегийн зөвлөгөө бидэнд одоо ч үйлчилдэг.
Ерөнхийлөгч Жөүнс зааж байхдаа Мосегийн зөвлөгөөний сүнсийг дурдсан.
Тиймээс судрууд, Итгэлийн тунхаг, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол, Хүүхдийн хэсгийн болон Сүмийн дуулал, бидний хувийн гэрчлэл гэх мэт тэднийг Аврагч руу хөтөлдөг сайн мэдээний үндсэн сургаал, зарчмуудыг бага байхаас нь эхлэн хайраар ойлгуулах нь хүүхдүүдээ нүглийг эсэргүүцэх чадвартай болгоход туслах гурав дахь гол хүчин зүйл юм.
Залбирах, судраас судлах, гэр бүлийн үдэш хийх, Хүндэтгэлийн өдрөөр тогтмол шүтэн бишрэх зэргийг дадал хэвшил болгох нь бүрэн цогц, дотроо зөрчилгүй, ёс суртахууны өндөр жишигтэй, өөрөөр хэлбэл, сүнслэг байдлаараа үнэнч шударга байхад хүргэдэг. …
Ах, эгч нар аа, та нар өдөр тутмын шашны зан үйл үйлдэж байгаагаа болон өгсөн амлалт, байгуулсан гэрээгээ сахиж байгаагаа бяцхан үрсдээ харуулж болохуйц ойр бай. “Хүүхдүүд бол агуу даган дуурайгчид юм, тиймээс тэдэнд даган дуурайх агуу зүйлсийг өг” [зохиогч нь тодорхойгүй эшлэл]. (“Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 75–76)
3-р хэсэг
Гэр бүлийн гишүүн маань сайн мэдээний замаас холдвол би юу хийх хэрэгтэй вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү заасан.
Сион дахь эрэлхэг эцэг эхийн зовж шаналж болох хамгийн том зовлонгийн нэг бол сайн мэдээний замаас хазайсан хүүхэд нь юм. Хүүхдэд нь ийм зүйл тохиолдсон эцэг эхэд “Яагаад?”, “Би юуг буруу хийсэн бэ?”, “Энэ хүүхдэд хэрхэн тусалж болох вэ?” гэсэн асуултууд тасралтгүй бодогдсоор байдаг. (“Faithful Parents and Wayward Children: Sustaining Hope While Overcoming Misunderstanding,” Ensign, Mar. 2014, 28)
Хүүхдүүд нь сургаалын замаас холдохоос үүсдэг санаа зовнилыг Лихай, Сариа хоёр ойлгож байсан.
Лихай хүүхдүүддээ хэрхэн аядуу зөөлнөөр сургаж, зааж байсныг анзаар. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс гэр бүлийн гишүүн маань сургаалын замаас холдох үед бид хэрхэн хариу үзүүлэх аргыг заасан.
Зарим хүн яагаад өөр замыг сонгох болсон бүх шалтгааныг ойлгох хэцүү. Ийм нөхцөл байдалд бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол тэднийг зөвхөн хайрлаж, энэрэх, тэдний сайн сайхны төлөө залбирах мөн юу хийх, юу хэлэх талаар Их Эзэний тусламжийг эрэлхийлэх явдал юм. Тэднийг амжилт гаргахад чин сэтгэлээсээ баярла мөн тэдний найз байж, сайн талыг нь олж хардаг бай. Бид хэзээ ч тэднийг орхиж болохгүй ба тэдэнтэй харилцах харилцаагаа хэвээр хадгалах хэрэгтэй. Хэзээ ч тэднийг үл тоож эсвэл буруугаар дүгнэж болохгүй. Тэднийг зүгээр л хайрла! Хүүхдүүд ухаарсан үедээ ихэнхдээ гэртээ харихыг хүсдэг гэдгийг үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл заадаг. Хэрэв ийм зүйл хайртай нэгэнд тань тохиолдсон бол зүрхээ нинжин сэтгэлээр дүүргээд, үрэлгэн хүүгийн эцэгтэй адил тэдэн рүү гүйн очиж, хүзүүдэн тэврээд, тэднийг үнс [ Лук 15:20-ийг үзнэ үү].
Эцэст нь, зөв шударга амьдралаар үргэлжлүүлэн амьдарч, тэдний хувьд өөрийнхөө итгэл үнэмшлийн сайн үлгэр жишээ нь бай. Тэгээд бидний Аврагч Есүс Христэд илүү ойрт. Тэр бидний уй гашуу, зовлон зовиурыг мэддэг бас ойлгодог. Тэр таны хайртай хүмүүсийнхээ төлөө гаргасан зүтгэл, өөрийгөө зориулсан шударга байдлыг энэ амьдралд биш юм аа гэхэд, дараагийн амьдралд тань адислах болно. (“Би хэрхэн ойлгож чадах билээ?,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5)