Институт
24-р хичээлд бэлтгэх материал: Сэтгэцийн эрүүл мэндэд итгэл найдвар, энэрэнгүй сэтгэлээр анхаарал хандуулах


“24-р хичээлд бэлтгэх материал: Сэтгэцийн эрүүл мэндэд итгэл найдвар, энэрэнгүй сэтгэлээр анхаарал хандуулах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“24-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Тэврэлдэж байгаа хоёр эмэгтэй

24-р хичээлд бэлтгэх материал

Сэтгэцийн эрүүл мэндэд итгэл найдвар, энэрэнгүй сэтгэлээр анхаарал хандуулах

Бидний сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэнд бодол санаа, мэдрэмж, зан байдал, тэсвэр тэвчээр болон бусад зүйлд маань нөлөөлдөг. Бид эрүүл байхыг хичээсэн ч сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг мэдэрч болно. Та энэ хичээлийг судлангаа, сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахын тулд юу хийж болох талаараа бодож үз. Мөн ийм төрлийн асуудлуудтай тулгарсан эсвэл амиа хорлох бодолтой байж болзошгүй гэр бүлийн гишүүд болон бусад хүнтэй харилцахдаа хэрхэн Аврагчтай илүү адилхан байх талаар бодож үз.

1-р хэсэг

Би оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг сайн сайхан байдалдаа илүү анхаарал хандуулахын тулд юу хийж чадах вэ?

Бид бүгдэд уйтгар гуниг, стресс, сэтгэл түгшүүрийг мэдрэх өдөр, сарууд байдаг. Бид юу мэдэрч, яагаад ийм мэдрэмж төрж байгаагаа ойлгож, эдгээр сэтгэл хөдлөлийг эрүүл аргаар удирдахын тулд чадах бүхнээ хийх нь чухал юм.

Аврагч Израилын нутаг дэвсгэрээр аялахдаа Өөрийн тохинууллын хүнд хэцүүг мэдэрсэн нь гарцаагүй. Тэрээр төлөөлөгчдөө сургаж, тэдний сул талыг тэсвэрлэдэг байсан. Түүний гайхамшгуудыг гэрчлэхийн тулд эсвэл эдгэрэхийн тулд олон хүн Түүнийг хүчилж байв. Дайснууд нь олны өмнө Түүнийг гутаах боломжийг байнга эрэлхийлдэг байжээ. Түүнийг дооглон, тохуурхаж, үгүйсгэж байсан, бас Түүнээс урвасан. Аврагч үнэхээр “өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ” (Исаиа 53:3).

Есүс ганцаараа байж, Бурхантай харилцах боломжтой газруудад байнга очдог байсан (Матай 14:22–23; Марк 1:35; 6:31, 46; Лук 5:16-г үзнэ үү). Түүний үлгэр жишээг дагаснаар бид оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг эрүүл мэндээ бэхжүүлж чадна. (Тайлбар: Сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудлуудтай тулгарсан, амиа хорлох тухай бодож байгаа зарим тохиолдолд ганцаараа байхаас илүүтэй бусадтай хамт байх нь дээр байдаг.)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард залуучуудаас ийн асуужээ.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Танд хувийн тайван цаг байдаг уу? …

… Манай ертөнц илүү гэрэлтэй, илүү чимээтэй, илүү завгүй болох тусам бид амьдралдаа Сүнсийг мэдрэхэд илүү их сорилттой тулгардаг. Хэрэв таны амьдралд нам гүм цаг хугацаа байдаггүй бол өнөө орой та ийм цагийг эрэлхийлж эхлэх үү? (“Be Still, and Know That I Am God” [Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2014 оны 5-р сарын 4], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Бодлогоширч буй залуу хүн
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Чимээгүй газар олоод оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг байдлын талаар дараах асуултуудыг тунгаан бод.

  1. Би Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлэхийн тулд өдөр бүр цаг гаргадаг уу? Би гэр бүл, найз нөхөдтэйгөө эрүүл харилцаа тогтоох арга замыг идэвхтэй хайж байна уу? Би тогтмол дасгал хийж, эрүүл хооллож, хангалттай унтдаг уу? Би утга учиртай ажиллаж, амрах, сэргээх үйл ажиллагаануудад цаг гаргадаг уу?

  2. Би сэтгэл санааныхаа эрүүл мэндэд хэр анхаардаг вэ? Би хэзээ, яагаад ийм мэдрэмж төрж байгаагаа тодорхойлж чадах уу? Надад сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулах эрүүл арга бий юу? Стресстэй, сэтгэл түгшүүртэй үед сэтгэл санаагаа амрааж, тайвшрах эрүүл арга надад бий юу?

  3. Хурдаа сааруулж, оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг байдлынхаа талаар эргэцүүлэн бодох үед миний амьдрал хэрхэн адислагдах вэ?

Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучид, найрал хөгжимчид болон Сиссэллийн хамтран дуулсан “Slow Down” (6:07) дууг сонсох талаар бодож үз.

6:7

2-р хэсэг

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан хүмүүсийг илүү сайн ойлгохын тулд би юу хийж чадах вэ?

Аврагч дэлхий дээрх үйлчлэлийнхээ үеэр хүмүүсийг бүх төрлийн өвчин эмгэгээс эдгээсэн (Матай 4:23-ыг үзнэ үү). Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Эдгэрсэн тэдэн дотор сэтгэл санаа, оюун ухаан, сүнслэг байдлаараа өвдсөн хүмүүс багтсан байсан нь гарцаагүй” гэж дүгнэжээ (“He Heals the Heavy Laden,” Liahona, 2006 оны 11-р сар, 6).

Эдгээгч мутар, Адам Абрам

Өмнө дурдсанчлан, бид бүгдэд тэвдүү, гунигтай, түгшүүртэй мөчүүд эсвэл ийм өдрүүд байдаг. Хэрэв бид эдгээр болон үүнтэй төстэй мэдрэмжүүдтэй удаан хугацааны турш тэмцэж байгаа эсвэл эдгээр мэдрэмж бидний өдөр тутмын амьдралд саад болж эхэлбэл тусламж эрэлхийлэх нь чухал юм (“How can I tell if I’m just having a hard time right now or if I’m struggling with a mental health challenge?,” ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Нүгэлт зан үйл нь оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг байдлын зовлон зүдүүрийг үүсгэдэг ч бид ийм бүх сорилтыг нүгэл эсвэл сул итгэлтэй холбон тайлбарлахгүй байх нь маш чухал юм. Их Эзэний хамгийн итгэлтэй хүүхдүүдийн зарим нь ноцтой сэтгэлийн түгшүүр, эмнэлзүйн сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудтай тулгардаг. Бид сэтгэцийн өвчний талаар бүгдийг мэддэггүй ч үүнийг нарийн төвөгтэй гэдгийг мэднэ. Сэтгэцийн эмгэг нь тархин дахь бодисын тэнцвэргүй байдал, удамшлын болон хүрээлэн буй орчны хүчин зүйлс, аюулт үйл явдал, тархины гэмтэл, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой байж болно. Өнөө үед “дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед сэтгэцийн болон сэтгэл санааны өвчинд нэрвэгдэнэ” (Бонни Л.Оскарсон, “5 Resources to Help Youth Facing Emotional and Mental Ilness,” 2017 оны 11-р сарын 21, ChurchofJesusChrist .org).

Та сэтгэцийн эмгэгтэй тулгарвал мацаг барьж, тайвшрахын тулд залбирч, санваарын адислалуудыг эрэлхийлж, ариун сүмд очвол эдгээр нь ихэвчлэн хүч чадал өгч, эдгээдэг. Зарим үед өвчин үргэлжилж болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол таны хичээл зүтгэл дэмий хоосон биш гэдгийг мэдэж аваарай (2 Коринт 12:7–10-ыг үзнэ үү). Их Эзэн таныг харж байгаа ба энэ туршлагыг таны сайн сайхны төлөө ариусгаж чадна (Сургаал ба Гэрээ 122:7-г үзнэ үү).

Дараах зарчмууд сэтгэцээ эрүүл байлгах эсвэл сайжруулах хичээл зүтгэлд тань хэрхэн тусалж болохыг бодож үзээрэй.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт үргэлжлүүлэн төвлөр. Ялангуяа тэдний нөлөөг мэдрэхэд хэцүү байгаа бол Тэдэнд итгэх итгэлтэйгээр үйлдэхийг сонго. Тэдний нөлөөг мэдэрч байсан үеэ эргэцүүлэн бод. Аврагч “бүх зүйлийн доор бууж ирсэн” (Сургаал ба Гэрээ 88:6) учраас үргэлж тусалж чадна гэдгийг сана. Тэрээр сэтгэцийн эмгэгт өртсөн хүмүүсийн цөхрөл, бухимдлыг төгс ойлгодог. Бошиглогч Алма Есүс Христ “бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг” (Алма 7:12) мэддэг гэдгийг гэрчилсэн.

  • Өөрт тохиолдсон зүйлээ хайртай хүмүүстэйгээ хуваалц. Сэтгэцийн эмгэгийг нууцлах нь ганцаардсан мэдрэмжийг нэмэгдүүлж, шаардлагатай тусламжийг, бүр амь насыг аврах тусламжийг авахад саад болдог. Өөрийн туулж буй зүйлийг бусадтай хуваалцах нь тэдний танд туслах боломжийг нэмэгдүүлнэ.

  • Чадварлаг эмнэлгийн мэргэжилтнүүдээс тусламж хүс. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү зөвлөсөн.

Ахлагч Жэффри Р.Холланд

Байдал тань муудсан хэвээр байвал мэргэшсэн, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй, нэр хүнд бүхий хүмүүсээс зөвлөгөө ав. Тэдэнтэй өөрийн өвчний түүх болон асуудлуудын талаар илэн далангүй ярилцаарай. (“Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47)

Хэрэв таны гэр бүлийн гишүүн эсвэл таньдаг хүн тань сэтгэцийн эмгэгтэй бол эдгээр зарчмыг ойлгох нь тэднийг дэмжихэд хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Хэн нэгэн танд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа яривал хайраар сонсож, шүүмжлэхээс зайлсхий. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Рэйна И.Абурто эгч ийн заасан.

Рэйна И.Абурто эгч

Хайраар сонсох нь бидний өгч чадах хамгийн агуу бэлэг бөгөөд хайртай хүмүүс, найз нөхдийг маань боомилж буй хүнд үүлсийг өргөлцөх эсвэл сарниулахад тус болж болох юм [Ром 2:19; 13:12-ыг үзнэ үү]. Ингэснээр бидний хайраар дамжуулан тэд Ариун Сүнсийг дахин мэдэрч, Есүс Христээс цацрах гэрлийг харж чадах болно. (“Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64)

Хэн нэгний гараас атгаж буй хүн
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг илүү сайн ойлгохыг эрэлхийлэх нь тэдгээрийг туулж буй хүмүүст нинжин сэтгэлээр хандах тэвчээрийг тань хэрхэн нэмэгдүүлэх талаар бод.  

11:36

3-р хэсэг

Амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд мөн хайртай хүн нь амиа хорлосон хүмүүст туслахын тулд би юу хийж чадах вэ?

Сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудал нь амиа хорлох эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг юм. Амиа хорлох оролдлого хийж буй ихэнх хүн үхэхийг хүсдэггүй, зөвхөн тулгарсан бие махбод, оюун ухаан, сэтгэл санаа эсвэл сүнслэг зовлон шаналлаасаа ангижрахыг хүсдэг (“Preventing Suicide and Responding after a Loss,” ChurchofJesusChrist.org).

Өвдгөө тэврэн сууж буй залуу хүн

Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн амиа хорлох бодолтой байгаа бол яаралтай тусламж хүс. Үүнд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очих юм уу тусламжийн утас руу залгах нь багтаж болно. (Дэлхий даяарх тусламжийн утас бүхий холбоосыг “Тусламж хэрэгтэй байна уу? Яг одоо ярь,” ChurchofJesusChrist.org-оос олоорой.)

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мозая 18:8–9-ийг уншаад, энэ хэсэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байгаа эсвэл амиа хорлох бодолтой байгаа хүмүүст хэрхэн тустай талаар бодож үз. (Энэ хэсгийг уншсаны дараа ChurchofJesusChrist.org сайтаас “Хямралд орсон хүнд хэрхэн туслах вэ” гэсэн нийтлэлийг унших нь тустай байж магадгүй.)

Хэн нэгэн амиа хорлоход бид тайвшрахын аргагүй уй гашууг мэдэрдэг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд амиа хорлох шалтгаанаар хэн нэгнийг алдсаны дараа эдгэрэхэд удаан хугацаа шаардагддаг гэдгийг онцолсон. Мөн тэрээр дараах зөвлөгөөг өгчээ.

Ахлагч Дэйл Г.Рэнланд

Маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргааш ч зүгээр л даваад гарахыг хичээ. … Их Эзэн бидэнд тусална. Тэр өдөр бүр бидэнтэй хамт байдаг. (“Grieving after a Suicide” [видео], ChurchofJesusChrist.org)

2:7

Есүс Христ төгс ойлгож, өрөвдөж, хайрладаг. Бид бүх шүүлтийг Түүний мутарт үлдээж чадна, мөн ингэх ч хэрэгтэй. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Мэдээж хэрэг, бид амиа хорлолт бүрийн бүх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдэхгүй. Зөвхөн Их Эзэн бүх зүйлийг мэдэх бөгөөд Тэр л ганцаар дэлхий дээрх бидний үйлдлийг шүүх болно.

[Их Эзэн] биднийг шүүхдээ генийн онцлог, сэтгэл санааны байдал, оюуны чадамж, заалгасан сургамж, эцэг өвгөдийн уламжлал, эрүүл мэнд гэх мэт бүх зүйлийг харгалзаж үзнэ гэж бодож байна. (“Suicide: Some Things We Know, and Some We Do Not,” Ensign, 1987 оны 10-р сар, 8)

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Амиа хорлохоос урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадахаа бодож үзээрэй.  

1:43