“4-р хичээлд бэлтгэх материал: Гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“4-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
4-р хичээлд бэлтгэх материал
Гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг
Орчин үеийн бошиглогч, төлөөлөгчид “гэр бүл нь Өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь заяанд зориулсан Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг” (Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org) тунхагласан байдаг. Гэр бүл нь Бүтээлт; Адам, Ева хоёрын Уналт; Есүс Христийн Цагаатгал зэрэг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний бусад гол тулгууртай хэрхэн холбогдож байгааг та өмнө нь бодож байсан уу? Та суралцаж байхдаа, дараах сургаал нь таны сонголтод болон гэр бүлийнхээ төлөөх итгэл найдварын хувьд ямар ач холбогдолтой болохыг эргэцүүлэн бод.
1-р хэсэг
Дэлхийн Бүтээлт ба Адам, Ева хоёрын уналт нь Тэнгэрлэг Эцэгийн гэр бүлд зориулсан мөнхийн зорилгыг урагшлуулахад хэрхэн тусалсан бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс ийн заажээ.
Гэр бүлийн талаарх сургаал тэнгэрлэг эцэг эхээс эхэлдэг. Тэдэнтэй адил болох нь бидний туйлын зорилго билээ. (“The Eternal Family,” Ensign, Nov. 1996, 64)
Мосег уулан дээр Бурхантай ярих үед Бурхан түүнд Өөрийн ажил мөн алдар сууг “хүмүүний үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах” (Мосе 1:39) явдал хэмээн тайлбарласан. Мөнх амьдрал гэдэг нь мөнхийн гэр бүлийн хэсэг болж Бурхантай хамт Түүний адилаар үүрд мөнх амьдарна гэсэн үг. Энэ нь Түүний бидэнд өгч чадах хамгийн агуу бэлэг юм (Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү).
Дэлхийн Бүтээлт ба Адам, Ева хоёрын уналт нь энэхүү мөнхийн зорилгуудыг гүйцэлдүүлэх Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг байсан. Сүмийн эхэн үеийн түүхэд Их Эзэн дэлхийд зориулсан Бурханы төлөвлөгөөн дэх гэрлэлт, хүүхдүүдийн гүйцэтгэх үүргийн чухлыг тунхаглажээ. Мөн Мормоны Номд, Лихай өөрийн хөвгүүдэд Адам, Ева хоёрын уналтад оршин буй мэргэн ухааныг тайлбарласан.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд нар ийн заасан.
Хэдий агуу ч гэлээ, дэлхий нь Бурханы агуу төлөвлөгөө гэх бүр агуу зүйлийн нэгэн хэсэг юм. Энгийнээр дүгнэн хэлэхэд, дэлхийг гэр бүлүүд байж болохын тулд бүтээсэн. (“The Creation,” Ensign, May 2000, 85)
Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн. Үүнгүйгээр Адам, Ева хоёрт ямар ч мөнх бус хүүхэд төрөхгүй байх байсан ба хүмүүний гэр бүлд эсрэг тал, өсөлт хөгжил, ёс суртахууны сонгох эрх, амилуулалтын баяр баясал, гэтэлгэл, мөнх амьдрал гэж байхгүй байх байсан. (“The Atonement of Jesus Christ,” Ensign, Mar. 2008, 35)
2-р хэсэг
Есүс Христийн Цагаатгал мөнхийн гэр бүлүүд үүсэхийг хэрхэн боломжтой болгодог вэ?
Адам, Ева хоёрын уналт бидний дэлхий дэх нүгэл, үхлийн нөхцөл байдал гэж юу болохыг танилцуулсан. Эдгээр нь биднийг Бурханаас төдийгүй гэр бүлүүдтэйгээ хамт байх мөнх амьдралын боломжоос салгадаг.
Мормоны Номд Лихай ах нарынхаа улмаас харамсал, зовлон үзсэн Иаковын хүүхэд ахуй үеийг дүрсэлдэг (2 Нифай 2:1-ийг үзнэ үү). Лихай Иаковыг харьцангуй бага байхад насан эцэслэдэг. Гэр бүлийн бэрхшээлээс үл хамааран Иаков ирээдүйд Есүс Христээр гүйцэтгэгдэх золиосын талаарх өөрийн мэдлэгээс найдварыг олдог. Энэ золиос нь бид бүгдийг мөн гэр бүлүүдийг маань үхэл болон тамаас зайлахад тусалдаг билээ.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б.Бэк болон Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Есүс Христийн Цагаатгал гэр бүлүүдэд мөнхөд байх боломжийг олгодог талаар заасан.
[Есүс Христийн] Цагаатгал гэр бүлд мөнхөд лацдан холбогдох боломжийг олгодог. Энэ нь гэр бүлүүдэд мөнхөд өсөж хөгжин, төгс төгөлдөр болох боломжийг өгдөг. Авралын төлөвлөгөө гэж нэрлэгддэг аз жаргалын төлөвлөгөө нь гэр бүлүүдэд зориулан бүтээгдсэн төлөвлөгөө юм. (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 12)
Хайрт Тэнгэрлэг Эцэг маань бидний зүрхний хүсэл эрмэлзлийг мэднэ. Түүний зорилго бол бидэнд аз жаргалыг өгөх явдал юм (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Тиймээс Тэрээр мөнхөд үргэлжлэх гэр бүлийн холбооны баяр баясгаланг боломжтой болгохын тулд Өөрийн Хүүг бэлэг болгон өгсөн. Аврагч үхлийн хүлээсийг тайлсан учраас бид амилуулагдах болно. Тэр бидний нүглийг цагаатгасан учраас бид итгэл, наманчлалаар дамжуулан гэр бүлүүд хайранд үүрд хамт байх селестиел хаант улсад орохуйц зохистой болж чадна. (“Мөнх гэр бүлийн хайрын найдвар,” Лиахона, 2016 оны 8-р сар)
3-р хэсэг
Таны төлөвлөгөөнд гэр бүл хэр чухал байр суурь эзэлдэг вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрри мөнх байдал дахь гэр бүлийн чухал байр суурийг ийн заасан.
Бидэнд буй сэргээгдсэн сайн мэдээний шашны номлол бүхэлдээ гэр бүлүүдэд болон гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд төвлөрсөн байдаг. …
Бид уламжлалт гэр бүлүүд нь … Бурханы хаант улсын, мөн мөнх амьдралын үндсэн нэгж гэдэгт итгэдэг.
Тэнгэрийн зохион байгуулалт болон засгийн газар нь гэр бүлүүдэд түшиглэн байгуулагдана гэдэгт бид итгэдэг. (“Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ?,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 24)
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гэр бүл чухал ач холбогдолтой учраас гэр бүлтэй болох, гэр бүлээ хүчирхэгжүүлэх бидний хүчин чармайлтын эсрэг Сатан ажиллах нь тодорхой. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаарх бидний ойлголт Сатаны хууран мэхлэлтийг олж харахад бидэнд тусалдаг. Ахлагч Хэйлс ийн заасан.
Мөнхийн талаас харах төлөв нь бидний өдөр тутмын шийдвэр, үйлс үйлдлийг тодорхойлдог. Энэ нь бидний оюуныг төдийгүй бодгалийг тогтоон барьж байдаг. Үнэмшмээр боловч мөнхийн талаасаа буруу үзэл бодлууд биднийг хүрээлэх үед бид тууштай бөгөөд хөдөлшгүй байх болно. …
Гэрлэлт, гэр бүл нь мөнх амьдралыг олж авахад Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал, Амилалт зэрэгтэй адил чухал гэдгийг Сатан мэддэг учраас тэдэн рүү дайрдаг. Сатан төлөвлөгөөний гол багана болсон зүйлүүдийг устгаж чадаагүй учраас гэрлэлт, гэр бүлийн талаарх бидний ойлголтыг устгахыг эрэлхийлдэг. (“Авралын төлөвлөгөө: Бидний зүг чигийг заагч эрхэм нандин мэдлэг,” Лиахона, 2015 оны 10-р сар, 36, 37)