Үүрдийн амар амгаланг олж, мөнхийн гэр бүлтэй болох нь
Гагцхүү Есүс Христийн сайн мэдээ л мөнхийн амар амгаланг олж, мөнхийн гэр бүлийн нэгжтэй болох үндэс суурийг бидэнд тавьж өгдөг.
Бидний амьдралын энэхүү аялалд сайн, муу үе аль аль нь тохиолддог. Тэд бүгд өөрийн гэсэн саад бэрхшээлтэй. Гэхдээ бид тулгарах өөрчлөлтүүддээ хэрхэн дасан зохицож сурах нь сууриа хэрхэн тавьснаас маань шалтгаалдаг юм. Бидний Их Эзэн Аврагчийн сайн мэдээ тэрхүү найдвартай, бат бөх суурийг бий болгож өгдөг билээ. Аврагч бол Агуу Багш, харин бид Түүнийг дагагчид юм.
Судрууд Түүний талаар гэрчилдэг бөгөөд бидний дагах ёстой зөв шударга байдлын төгс жишээг харуулсан байдаг. Өмнөх чуулганаар би ээжийн минь Халамжийн Нийгэмлэгийн хичээлд бэлтгэхдээ ашиглаж байсан материалууд бүхий тэмдэглэлийн дэвтрүүд надад байдаг тухай та нартайгаа хуваалцсан билээ. Дэвтэр дээрх тэмдэглэлүүд тэр үед ч, одоо ч цаг үеэ олсон хэвээр байна. Тэдний нэг нь 1908 онд Чарльз Эдвард Жэффэрсоны бичсэн Есүс Христийн зан чанарын тухай байсан юм:
“Христэд итгэгч байна гэдэг нь та Есүсийг үнэн сэтгэлээсээ, тууштай хүндлэн биширдэг учраас Түүнтэй адил болохын тулд бүх амьдралаа зориулахыг хэлнэ.
“… Бид хэлсэн үг, хийсэн үйлдлээс нь, мөн чимээгүй өнгөрөөсөн зүйлүүдээс нь Түүний талаар сурч болох юм. Үүнээс гадна бид Есүсийн талаар суралцахдаа, нэгдүгээрт Түүний найз нөхдөдөө, хоёрдугаарт дайснууддаа, гуравдугаарт тухайн үеийн нийт хүмүүст үлдээсэн сэтгэгдлүүдээс нь сурч болно.
“Сэтгэл дундуур байдал [болон асуудал бэрхшээл] нь хорьдугаар зууны амьдралыг тодорхойлогч үгсийн нэг юм. …
“… Дэлхий ертөнц ямар нэгэн зүйлийг эрэлхийлэн дуу алдах ч, яг юу хэрэгтэй байгаагаа мэдэх нь ховор. Элбэг дэлбэг цаг ирж, … дэлхий ертөнц … хүмүүний ур чадвар, суут ухааны үр дүнд хийгдсэн шинэ нээлтээр дүүрсэн ч амар амгалан, сэтгэл ханамж үгүй болж, гайхаж цөхөрсөн [хэвээр] байна. Хэрэв бид Шинэ Гэрээг нээж үзвэл, ‘Над уруу ир, би та нарыг амраая, би бол амийн талх байна, би бол ертөнцийн гэрэл мөн, хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун, амар амгаланг Би та нарт үлдээнэ, та нар хүчийг олно, та нарын зүрх баярлана’ [гэсэн үгсийг уншиж болно]” (Христийн зан чанар[1908], 7, 11, 15–16).
Зарим тохиолдолд эрэгтэй, эмэгтэйчүүдийг хамт амьдрахаар сонгосон хүмүүс нь төлөвшүүлдэг. Мөн хүндлэн биширч, үлгэр жишээг нь дагахыг хүсдэг хүмүүс нь ч мөн адил тэднийг төлөвшихөд оролцдог юм. Есүс бол үүний агуу том үлгэр жишээ. Мөнхийн амар амгаланг зөвхөн Түүнд хандаж амьдарснаар л олж авна.
Есүсийн талаар юуг сурч мэдэх нь бидэнд хамгийн чухал вэ?
“Шинэ Гэрээг зохиогчид [Есүсийн] гаднах төрх байдал, өмссөн хувцас хунар, эсвэл Tүүний амьдарч байсан гэр орны талаар ямар ч зүйл бичээгүй байдаг. Тэрээр малын хашаанд төрж, мужаан хийж байсан, мөн гурван жил хүмүүст зааж сургаад, эцэст нь загалмайд цовдлогдсон нэгэн. Есүс нь үнэхээр Бурханы Хүү, дэлхий ертөнцийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч гэдэгт биднийг итгүүлж, бидний бүх анхаарлыг [Түүн рүү] хандуулах гэсэн шийдвэр төгс хүмүүс Шинэ Гэрээг бичсэн юм” (The Character of Jesus, 21–22).
Аврагчийн нэгэн сургаалт үлгэр бидний энэ үед үнэхээр цаг үеэ олсон гэж би боддог.
Энэ нь Матайн 13-р бүлэгт байдаг:
“Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ.
“Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов.
“Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд ‘Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдаг билээ’ гэхэд
“эзэн нь тэдэнд ‘Дайсан үүнийг хийжээ’ гэв. Боолууд нь ‘Тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юү?’ гэсэнд
“тэр ‘Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад.
“Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ ‘Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ гэж хэлнэ’” (25–30-р шүлгүүд).
Хүн төрөлхтний эртний дайсан тэрээр, зэрлэг өвсийг газар сайгүй цацахын тулд боломжтой бүх арга хэрэгслийг олж ашигласан. Тэрээр бидний гэр орны халдашгүй дархан байдалд халдах арга замуудыг ч мөн олсон. Бузар булай, зусар арга замууд өргөн тархаж, тэднийг устгах бодит арга зам байхгүй мэт санагдах үе ч бий. Тэд утсаар болон агаараар дамжин бидний сурч боловсрох, зугаацахад зориулан бүтээгдсэн төхөөрөмжүүд рүү довтлон орж ирж байна. Ургац, зэрлэг өвс хоёул зэрэгцэн ургах болжээ. Талбайг хариуцсан зарцын хувьд сайн гэсэн болгоныг бүх чадлаараа арчилж, тэдгээрийг хүчирхэг, үзэсгэлэн төгс болгон ургуулсан цагт л зэрлэг өвс нүдэнд торж, чихэнд сонсогдохгүй шахам болон, анзаарагдахаа больдог. Бид Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд Их Эзэн, Аврагчийн үнэт сайн мэдээн дэх суурин дээр амьдралаа босгох боломжтой, үнэхээрийн их адислагдсан хүмүүс билээ.
Мормоны Номын 2 Нифай дээр: “Учир нь болгоогтун, би та нарт дахин хэлье, хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно” (2 Нифай 32:5) гэж бичсэн байдаг.
Бид тэрхүү намуухан зөөлөн дуу хоолойг хэзээ ч дэлхийн дуу шуугианд дарагдуулж, автагдуулах ёсгүй.
Бидэнд энэ цаг үед гарцаагүй тохиох үйл явдлуудын талаар анхааруулсан байдаг. Харин Их Эзэний хэлснээр заавал биелэгдэх ирээдүйн үйл явдлуудад хэрхэн бэлтгэх нь л бидний сорилт юм.
Гэр бүл салалт нь энэхүү зовлонт дэлхийд уй гашуу, итгэл найдваргүй байдлыг авч ирнэ гэдгийг энэхүү түгшүүрт нийгэмд амьдарч буй ихэнх хүн ойлгож байгаа. Сүмийн гишүүд бид гэр бүлийг нийгмийн болон мөнх амьдралын гол нэгжийнх нь хувьд хадгалж, хамгаалах үүрэг хариуцлага хүлээдэг. Гэр бүлийн үнэ цэнийг доройтуулсны үр дагавар ихээхэн хор хөнөөлтэй болохыг бошиглогчид өмнө нь ч анхааруулж байсан, одоо ч анхааруулсаар байна.
Дэлхийнхэн биднийг ажиглаж байгаа энэ үед бүгдээрээ мөнх бус амьдралд зориулан бий болгосон Их Эзэний төлөвлөгөөг дэмжиж, хамгаалахуйц үлгэр жишээ амьдарцгаая. Бусдад зөв шударга үлгэр жишээ үзүүлэх нь тэдэнд заах хамгийн сайн арга зам юм. Дэлхийгээс ирэх дарамтыг тэсвэрлэн давахын тулд бидний гэр орон цэвэр ариун өргөө байх ёстой. Их Эзэний эрхэм дээд адислалууд зөв шударга гэр бүлээр дамжин ирдэг болохыг санаарай.
Бид ямар эцэг эх байгаагаа үргэлж дүгнэн үзэж байх ёстой юм. Хүүхдэд өгөх хамгийн хүчирхэг сургамжууд нь анхаарал халамж тавьдаг, зөв шударга эцэг эхчүүдээс л ирдэг. Эхлээд бүгдээрээ эх хүний үүрэг хариуцлагын талаар авч үзэцгээе. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли:
“Байшинг гэр орон болгон хувиргадаг эмэгтэй нь том армийг удирдаж буй юм уу, том корпорацийг тэргүүлж буй хүмүүсээс хавьгүй их хувь нэмрийг нийгэмд оруулдаг. Эх хүн үр хүүхдүүддээ, эмэг эх нь ач зээ нартаа эсвэл авга, нагац эгч нар нь гэр бүлийн гишүүддээ үзүүлдэг нөлөөг хэн үнэлж чадах билээ?
“Бид гэр бүлийнхээ тогтвортой амьдрал, ирээдүйн үр удмынхаа мөнхийн сайн сайхны төлөө өөрийн хүчээр үр хүүхдээ сурган хүмүүжүүлж буй эмэгтэйчүүдийн үзүүлж байгаа үр нөлөөг хэмжих эсвэл тооцоолох боломжгүй юм. Энэ цаг үед эмэгтэйчүүдийн хийсэн сонголтууд мөнхийн үр дагавартай. [Гэр орноо] хүчирхэгжүүлэхийн тулд бүхнийг зориулахаас илүү агуу боломж, илүү чухал сорилт өнөөдрийн ээжүүдэд байхгүй гэдгийг хэлье” (Standing for Something: 10 Neglected Virtues That Will Heal Our Hearts and Homes [2000], 152) гэжээ.
Харин одоо бидний амьдрал дахь эцэг хүний үүрэг хариуцлагын талаар авч үзэцгээе:
Эцэг хүн үр хүүхдүүддээ адислал өгч, ариун нандин ёслолуудыг гүйцэтгэдэг. Эдгээр нь хүүхдүүдийнх нь амьдралд сүнслэг, онцгой үйл явдлууд болж үлддэг юм.
Эцэг хүн гэр бүлийн залбирал, өдөр тутмын судрын уншлага ба долоо хоног болгоны гэр бүлийн цуглааныг удирдан зохион байгуулахад өөрийн биеэр оролцдог.
Эцэг хүн гэр бүлийн бүх гишүүнийг хамруулсан амралт, зугаалга зэрэг үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулахад оролцсоноор гэр бүлийн уламжлалыг бий болгодог билээ. Энэ сайхан цаг мөчүүдийн талаарх дурсамжаа үр хүүхдүүд нь хэзээ ч мартахгүй юм.
Эцэг хүн хүүхэд бүртэйгээ тогтмол уулзаж, тэдэнд сайн мэдээний зарчмуудыг зааж өгдөг.
Эцэг хүн охид хөвгүүддээ ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ухаарч, өөрсдийн амьдралд зөв зорилго тавихад нь чиглүүлж, зааж сургадаг.
Мөн эцэг хүн итгэл дүүрэн сайн мэдээний үйлчлэл гэж юу болохыг өөрийн үлгэр жишээгээр үзүүлдэг юм.
Ах нар аа, Израилийн эцэг гэх таны энэхүү ариун дуудлага бол мөнх бус болон мөнх амьдралын хамгийн чухал дуудлага бөгөөд та энэ дуудлагаасаа хэзээ ч буухгүй.
Олон жилийн өмнө, нийтэд танилцуулах захиас үгийнхээ гол санааг харуулсан кино бичлэгийг гадасны чуулган дээр үзүүлдэг байлаа. Би Сүмийн томилолтоор гадасны цуглаануудад бүтэн жилийн турш айлчилсны үр дүнд уг бичлэгийг бараг л чээжилчихсэн байв. Бид үүнийг зүрх сэтгэлээсээ эш татаж чадахаар байлаа. Тэрхүү захиас миний оюун санаанд энэ олон жилийн дараа ч хадгалагдан үлдсэн юм. Кинон дээрх өгүүлэгч нь ерөнхийлөгч Харольд Б.Лий байсан бөгөөд охиных нь гэрт болж өнгөрсөн үйл явдлын талаар өгүүлдэг. Нэг иймэрхүү үйл явдал гардаг юм:
Нэгэн орой гэрийн эзэгтэй жимс нөөшлөн хадгалах гэж сандран, тун тэвдүүхэн байлаа. Хүүхдүүдээ арай гэж орондоо ороход бэлэн болж, бүх ажлаа хийж дуусгаад, одоо л жимсээ нөөшилье гэж шийджээ. Жимсээ хальсалж, ясыг нь салгаж эхлэх үед хоёр бяцхан хүү нь гал тогоонд орж ирэн, оройн залбирлаа хийхэд бэлэн болсноо хэлэв.
Ажлаа зогсоохгүйн тулд ээж нь хоёр хүүдээ “Та нар өнөө орой надгүйгээр залбирчих. Ээж нь жимсээ савлаж дуусгаадахъя, тэгэх үү?” гэж хурдхан гэгч хэлжээ.
Харин хоёр хүүгийн том нь “Залбирал, жимс хоёрын аль нь чухал болж байна даа?” гэж огтхон ч эргэлзэлгүй асуусан байна (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee-г үзнэ үү [2000], 143–44).
Заримдаа бидэнд бага насны хүүхдүүдэд амьдралынх нь туршид арилшгүй ул мөр үлдээх сургамжийг өгөх боломжтой цаг мөчүүд тохиолддог. Мэдээж, залбирал нь жимснээс илүү чухал байлгүй яахав. Сайн эцэг эхчүүд чухал сургамж өгөх боломж гарч ирэхэд хэзээ ч үр хүүхдийнхээ амьдрал дахь тэрхүү агшинг алдахуйц завгүй байна гэж байдаггүй.
Би энэ олон жил амьдрахдаа үнэнч, итгэлтэй эцэг эхийнх нь заавар зөвлөмж Тэнгэрлэг Эцэгийн үр хүүхдүүдэд бусад ямар ч үеэс илүүтэй, өнөө үед л хамгийн их хэрэгтэй байгааг баттай хэлж чадна. Гэр бүлээ итгэл төгс өсгөн хүмүүжүүлэх газрыг олсноор, хойч үеийнхэндээ өөрсдөд нь байснаас ч илүү сайн сайхан боломжуудыг нээж өгөхийн тулд бараг л өөрт байгаа бүхнээ золиосолсон, эцэг эхчүүдийн агуу бөгөөд эрхэм нандин өв уламжлал бидэнд бий. Бид тэдэн шиг дотоод сэтгэлээрээ шийдэмгий, зоригтой байж, тулгарч буй саад бэрхшээлүүдээ золиослолын сүнсээр даван туулах ёстой. Мөн бид хойч үеийнхэндээ өөрийн Их Эзэн, Аврагчийн сургаалд үргэлж түшиглэж байх ёстой гэсэн ойлголтыг гүн гүнзгий суулгаж өгөх ёстой билээ.
“Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12).
Гагцхүү Есүс Христийн сайн мэдээ л мөнхийн амар амгаланг олж, мөнхийн гэр бүлийн нэгжтэй болох үндэс суурийг бидэнд тавьж өгдөг. Энэ бүх зүйлийг би бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.