Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд
Бурхан биднийг материаллаг ба сүнслэг байдлын аль алиных нь хувьд бүрэн чадавхдаа хүрэх боломжтой чөлөөт эрэгтэй, эмэгтэйчүүд байгаасай хэмээн хүсдэг.
Уильям Шекспирийн The Life of King Henry V буюу (V-р Хэнри хааны амьдрал) жүжигт Агинкорт дахь англи цэргийн бааз Францын армитай тулалдахын өмнөх шөнийг дүрслэн харуулдаг. Хэнри хаан зүсээ өөрчлөн, бүүдгэр гэрэлтэй үед цэргүүдийнхээ дунд тэдэнд танигдалгүй оржээ. Тэрээр тоогоор дэндүү цөөн цэргүүдийнхээ итгэлтэй байдлыг шалгахыг хичээн, тэдэнтэй ярилцсан бөгөөд тэд түүнийг таниагүй учраас бүгд шударга бөгөөд нээлттэй ярьж байлаа. Тэд дайны талбарт учрах гарз хохирлын хариуцлагыг хаан үүрэх үү, эсвэл цэрэг бүр хувь хувьдаа үүрэх үү гэдэг талаар ярилцжээ.
Хэнри хаан “Би өөр хаа нэгтээ үхсэнээс хааны армид үхэхдээ баярлах болно. Яагаад гэвэл, зөв шударгын төлөө тулалдсан учраас юм” гэжээ.
Гэтэл Майкл Виллиамс хэмээх цэрэг “Бидний мэддэгээс хэтэрсэн зүйл байна” гэж хэлэв.
Түүний хамтрагч нь болох нэгэн байлдагч “Тийм ээ, энэ бидний мэдэх ёстой зүйл биш байна. Бид хаанд харьяалагддаг гэдгээ мэдэж байхад л хангалттай. Буруу учир шалтгаантай байсан ч гэсэн, бид түүнд дуулгавартай байсан учраас буруутгагдахгүй байх болно” гэжээ.
Тэгэхэд нь Виллиамс “Хэрэв хаан буруу учир шалтгаанаар үүнийгээ гүйцэлдүүлэх юм бол бүх зүйлийн төлөө тэр ганцаараа хариуцлага хүлээх ёстой” гэж хэлсэн байна.
Хэнри хаан үүнд тийм ч их гайхсангүй, харин ч “Цэрэг бүрийн үүрэг хариуцлага хааных, харин цэрэг бүрийн бодгаль зөвхөн өөрсдийнх нь”1 гэж саналаа хэлжээ.
Шекспир энэ жүжигтээ уг маргааныг шийдвэрлэх гэж оролдоогүй бөгөөд энэ нь ямар нэгэн байдлаар бидний үед ч үргэлжилж буй маргаан юм. Хэн бидний амьдралд болж буй зүйлсийн төлөө хариуцлага хүлээх вэ?
Аливаа зүйл буруу тийшээ эргэх үед бусдыг ч юм уу, бүр Бурханыг ч буруутгах хандлага байдаг. Заримдаа бусад хэн нэгнээр халамжлуулах эрхтэй мэт мэдрэмж төрөх нь ч бий. Мөн хувь хүн эсвэл хүмүүс өөрсдийн сайн сайхны төлөөх хариуцлагыг бусдад юм уу, засгийн газарт даатгахыг эрмэлздэг. Сүнслэг асуудлуудын хувьд зарим хүн эрэгтэй, эмэгтэйчүүд хувийн зөв шударга байдлынхаа төлөө хичээж чармайх шаардлагагүй, учир нь Бурхан бидэнд хайртай, биднийг “байгаагаар маань л” авардаг гэж боддог.
Гэвч Бурхан “шүүлтийн өдөрт хүн болгон нүглүүдийнхээ төлөө хариуцаж болохын тулд”2 өөрсдөд нь өгсөн ёс суртахууны сонгох эрхийн дагуу үйлдэхийг Өөрийн хүүхдүүдээс хүсдэг. Бид амьдралынхаа жүжгийн шийдвэр гаргагч гол дүрд тоглох нь Түүний төлөвлөгөө хийгээд хүсэл юм. Бурхан бидний өмнөөс амьдрахгүй, Люсиферийн санал болгосонтой адил Өөрийнх нь хуруун хүүхэлдэй мэт биднийг захирахгүй. Түүний бошиглогчид ч бас биднийг хүчлэхгүй. Бригам Янг “Би энэ дэлхий дээрх эсвэл тэнгэр дэх бүх хожмын үеийн гэгээнтнийг Их Эзэн Есүс Христийн Сүнс болон илчлэлтийн сүнс тэднийг сэтгэл хануулахаас бусдаар, миний хийх зүйлд сэтгэл ханаасай гэж хүсэхгүй байна. Би тэднийг өөрсдийн төлөө мэдэж, өөрсдийн төлөө ойлгоосой гэж хүсэж байна”3 гэж хэлсэн байдаг.
Тиймээс Бурхан биднийг “байгаагаар маань л” аврахгүй. Нэгдүгээрт, “байгаагаараа” бол бид цэвэр бус, “цэвэр ариун бус зүйл түүний дэргэд орших нь үгүй, … учир нь Адамын хэлээр Ариун Хүн гэдэг нь түүний нэр болой, мөн түүний Төрсөн Ганцын нэр нь [Ариун] Хүний Хүү, бүр Есүс Христ цагийн голчид ирэх шударга Шүүгч бөлгөө”4. Хоёрдугаарт, Хэн болохоо үйлдлээрээ сонгоогүй байхад маань Бурхан биднийг хүчлэхийг оролдохгүй. Тэр бидэнд үнэхээр хайртай. Тиймээс тэр биднийг албадах нь үгүй, мөн орхих нь үгүй.
Өөрсдийн төлөө үйлдэж, үр дагаврыг нь амсах, эсвэл сударт өгүүлснээр “сайн сайхны үнэ цэнийг мэдэж болохын тулд [бид] гашууныг амсах” 5 сонголтуудыг хийх боломжийг бидэнд олгодог Бурханы зохион байгуулсан төлөвлөгөөнд бид баярлах хэрэгтэй (мөн бид баярладаг). Бид Адамын зөрчлийн улмаас шийтгэгдэхгүй байж болохын тулд анхны нүглийг ялсан Аврагчийн Цагаатгалд үүрд мөнхөд талархах болно.6 Бид уналтаас гэтэлгэгдсэн учир Бурханы өмнө гэм зэмгүй амьдралыг эхэлж, “үүрдийн чөлөөт, сайныг муугаас ялгаж мэдэх болсон; өөрсдийн төлөө үйлдэх мөн … өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй болой.”7 Бид хэн болохоо сонгож чадах төдийгүй, Бурханы тусламжтайгаар бүр Түүнтэй адил болж чадна.8
Есүс Христийн сайн мэдээ нь бидний хэн болж болох замыг нээдэг. Есүс Христийн Цагаатгал мөн ач ивээлээр дамжуулан мөнх бус байдалд селестиел хуулийг төгс бөгөөд тууштай дагахад бидэнд саад болдог бүтэлгүйтэл үгүй болж, улмаар бид Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх боломжтой болдог. Шударга ёс шаардагдах боловч бидний зөвшөөрөл, оролцоогүйгээр эдгээрийн аль нь ч тохиох боломжгүй юм. Энэ нь үргэлж үнэн байсан. Энэ ертөнц дээрх бидний бие махбодын бодит оршихуй нь Эцэгийнхээ төлөвлөгөөнд оролцохыг сонгосон бидний сонголтын үр дүн юм.9 Иймээс аврал нь бурханлаг сонирхлын үр дүн биш нь гарцаагүй, гэсэн ч мөн Бурханы хүсэл дээр тулгуурлаж ирдэггүй билээ.10
Шударга ёс нь Бурханы нэн чухал зан чанар юм. Бурхан итгэлийг төгс даадаг учраас бид Бурханд итгэж болно. Судрууд бидэнд “Бурхан тахиралдсан замуудаар явах нь үгүй, бас тэрээр баруун гар тийшээ ч, зүүн гар тийшээ ч эргэх нь үгүй, тэрээр бас хэлснээ өөрчлөх нь үгүй, тиймийн тул түүний зам шулуун бөгөөд замнал нь нэгэн мөнхийн эргэлт бөлгөө”11 мөн “Бурхан бол нүүр тал хардаггүй”12 гэдгийг заадаг. Бид итгэлтэй байдал, итгэл, найдвараа олж авахын тулд шударга ёсны бурханлаг мөн чанарт итгэдэг.
Гэвч төгс шударга байдлын үр дүнд, Бурхан ч хийж чадахгүй тийм зарим зүйл байдаг. Тэр хүчээр зарим нэгийг нь аварч, заримыг нь шийтгэж чадахгүй юм. Тэрээр “нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй.”13 Тэрээр нигүүлсэлд шударга ёсыг дээрэмдэхийг зөвшөөрч чадахгүй.14
Бурханы бий болгосон нигүүлслийн зарчим нь Түүний шударга ёсны итгэл үнэмшил бүхий баталгаа юм. Тэрээр шударга учраас нигүүлсэлд чухал үүрэг гүйцэтгэх замыг нээж өгсөн. Тиймээс “шударга ёс нь өөрийн бүх шаардлагуудыг гүйцээж, мөн түүнчлэн нигүүлсэл нь өөрийн болох бүгдийг өөртөө харьяалуулдаг.”15
Бид “нүгэл үйлдээгүй, [Эцэгийн] таалалд нийцсэн түүний зовлон хийгээд үхэл … [Түүний] Хүүгийн асгарсан цус”16 шударга ёсны шаардлагуудыг хангаж, нигүүлслийг бий болгон, биднийг гэтэлгэдэг гэдгийг мэддэг.17 Бүр “шударга ёсны дагуу, гэтэлгэлийн төлөвлөгөө нь … наманчлалын нөхцөлөөс бусдаар бол үйлчилж чадахгүй.”18 Энэ нь шударга ёсыг устгалгүйгээр өөрийн үүргийг гүйцэтгэх боломжийг нигүүлсэлд олгосон наманчлалын шаардлага бөгөөд наманчлах боломж юм.
Христ хүмүүсийг хүчээр аврахын тулд бус, харин наманчлах боломжийг санал болгохын тулд нас барсан. Бид наманчлалын үйл явцад “аврах чадал бүхий түүний гавьяанд бүрэн дүүрнээр”19 найддаг боловч наманчлахаар үйлдэх нь өөрсдийн хүслийг өөрчилж байгаа хэрэг билээ. Тиймээс, наманчлалыг Бурханы нигүүлслийн бэлгийг хүлээн авах нөхцөл болгосноор бид өөрсдийнхөө төлөө хариуцлага хүлээх боломжтой болдог. Наманчлал нь бидний ёс суртахууны сонгох эрхийг хүндэлж мөн дэмждэг: “Мөн наманчлалд хүргэх итгэлийг бодитой болгоогүй нь шударга ёсны шаардлагын бүх л хуульд харьяалагдаж байхад нигүүлсэл нь тийн шударга ёсны шаардлагыг хангаж, мөн тэднийг аюулгүйн гараар хүрээлж чадна; тиймийн тул зөвхөн наманчлалд хүргэх итгэлтэй түүнд агуу их хийгээд гэтэлгэлийн мөнхийн төлөвлөгөө түүнд үйлчилдэг.”20
Бурханы шударга ёс ба нигүүлслийг буруу ойлгох нь нэг хэрэг. Харин Бурханы оршин буйг, мөн Түүний эрхэм дээд хүчийг үгүйсгэх нь өөр нэгэн хэрэг боловч энэ хоёр хоёулаа бидний тэнгэрлэг хийгээд бүрэн чадавхаас доогуурх, бүр хамгийн доогуур үр дүнд хүргэдэг. Өөрийн хүмүүсээс юу ч хийхийг шаарддаггүй Бурхан нь оршдоггүй Бурхантай адил. Хүүхдүүдийг нь төгөлдөржүүлж, чиглүүлэх ёс суртахууны хуулийг тогтоодог амьд Бурхангүй дэлхий нь мөн туйлын үнэн гэж байхгүй буюу шударга ёсгүй дэлхий юм. Энэ бол ёс суртахууны релативизм (харилцан шүтэлцэх үзэл) ихэд ноёрхож буй дэлхий юм.
Релативизм (харилцан шүтэлцэх үзэл) гэдэг бол хүн бүр өөрийнхөө хамгийн дээд эрх мэдэлтэн нь гэсэн үг. Энэ нь мэдээж, зөвхөн энэхүү философитой санал нийлдэг, Бурханыг үгүйсгэдэг хүмүүс биш юм. Зарим Бурханд итгэдэг хүмүүс хүртэл юу нь зөв, юу нь буруу болохыг өөрсдөө шийддэг гэдэгтээ итгэсэн байдаг. Нэгэн залуу хүн үүнийг тайлбарлахдаа: “Би Хиндү шашин буруу, эсвэл Католик шашин юм уу, Эпископал сүм буруу гэж хэлж болно гэж бодохгүй байна. Энэ нь тухайн хүн юунд итгэдгээс л шалтгаалдаг гэж боддог. … Би зөв эсвэл буруу байдаг гэж бодохгүй байна”21 гэжээ. Өөр нэгэн хүнээс шашны итгэл үнэмшлийнх нь тухай асуухад тэр “Би өөрөө өөртөө л итгэдэг. Эцсийн эцэст тийм л юм чинь. Хэн юунд итгэхийг шийдэх эрх мэдэл гэж яаж байж болох вэ дээ”22 гэж хэлсэн байна.
Юу ч буюу юм бүхэн үнэн байж болно гэдэгт итгэдэг хүмүүсийн хувьд үнэний тунхаглал нь өөрчлөгдөшгүй, нийтлэг үнэн нь албадлага мэт санагддаг—“Намайг дургүй ямар нэгэн зүйлдээ үнэн гэж итгэхэд албадах ёсгүй.” Гэвч энэ ойлголт нь бодит байдлыг өөрчлөхгүй. Хэрэв хүн хаднаас үсэрвэл, таталцлын хуулийг үзэн ядах байдал нь түүнийг унахаас аварч чадахгүй юм. Энэ нь мөнхийн хууль ба шударга ёсны хувьд ч адилхан. Мөнхийн хууль ба шударга ёсыг эсэргүүцсэнээр биш, харин хэрэгжүүлснээр л эрх чөлөө ирдэг. Энэ нь Бурханы хүчний гол чухал үндэс юм. Хэрэв энэ нь гуйвшгүй бөгөөд хэзээ ч өөрчлөгдөшгүй үнэнүүдийн бодит байдлын төлөө биш л юм бол, бид үйлдлүүдийнхээ үр дүнг урьдчилан харж мөн төлөвлөж болохгүйгээс хойш, сонгох бэлэг нь утга учиргүй байх байсан. Лихай үүнийг тайлбарлахдаа: “Хэрэв та нар хууль үгүй хэмээвээс, та нар түүнчлэн нүгэл гэж үгүй гэх болно. Хэрэв та нар нүгэл үгүй хэмээн хэлэх аваас, та нар түүнчлэн зөв шударга гэж үгүй гэх болно. Мөн хэрэв зөв шударга гэж үгүй аваас аз жаргал ч үгүй байх буюу. Мөн хэрэв зөв шударга бас аз жаргал ч үгүй бол шийтгэл бас зовлон ч үгүй бөлгөө. Мөн хэрэв эдгээр зүйлүүд үгүй бөгөөс Бурхан гэж үгүй. Мөн хэрэв Бурхан гэж үгүй бөгөөс бид ч, мөн дэлхий ч үгүй байх байсан; учир нь юмсын бүтээл байхгүй, үйлдэх нь ч үйлдүүлэх нь ч бас үгүй бөлгөө; иймийн тул, бүх зүйл алга болох ёстой буюу”23гэжээ.
Материаллаг болон сүнслэг асуудлуудын аль алиных нь хувьд өөрсдийнхөө төлөө хариуцлагатай байх боломж нь Бурханы бидэнд өгсөн бэлэг бөгөөд үүнгүйгээр бид Бурханы охид, хөвгүүдийн хувьд өөрсдийнхөө бүрэн чадавхад хүрч чадахгүй юм. Хувийн үүрэг хариуцлага нь бидний үргэлж хамгаалж байх ёстой эрх, үүрэг билээ. Бүтээлтийн өмнө хүртэл үүн рүү дайрч давшилж байсан юм. Бид өөрсдөдөө харьяалуулахыг хүсдэг (заримдаа хамгийн сайн зорилготой байдаг) хувь хүн, төлөвлөгөөнөөс өөрсдийнхөө төлөө хариуцлагатай байх үүргээ хамгаалах ёстой. Мөн бид ур чадвар, авьяас билэг, Христийнхтэй адил зан чанаруудыг авчрахад шаардлагатай ажлуудаас зайлсхийх мэдрэмжийнхээ эсрэг үүнийг хамгаалах ёстой.
Хэзээ ч ажил хийж үзээгүй нэгэн хүний тухай түүх байдаг. Тэр өөрийнхөө бүх хэрэгцээг хэн нэгнээр хангуулахыг хүсдэг байжээ. Тэр татвар мөн аравны нэгээ төлдөг учраас Сүм юм уу, засгийн газар, эсвэл тэд хоёулаа түүний амьдралыг авч явах ёстой гэж үздэг байв. Түүнд идэх зүйл байхгүй байхад ч гэсэн өөрөө өөрийгөө тэжээхээс татгалзсан юм. Тэр өөрийнхээ төлөө юу ч хийхгүй байгаа учраас түүнд туслахыг хичээж байсан хүмүүс цөхрөнгөө баран, түүнтэй адилхан юу ч хийхгүй байхаар шийдээд, түүнийг оршуулгын газарт хүргэж өгөн, тэндээ нас барахыг нь зөвшөөрчээ. Гэтэл оршуулгын газар руу явах замд нэгэн эр “Бид ингэж болохгүй. Надад түүнд өгөх бага зэрэг эрдэнэ шиш байна” гэж хэлсэн байна.
Тэд нөгөөх эрд үүнийг хэлэхэд тэрээр “Хальсыг нь арилгасан уу?” гэж асуужээ.
Тэд “үгүй” гэж хариулахад,
“За за. Тэгвэл намайг оршуулгын газар хүргээд өгчих” гэж хэлсэн гэдэг.
Бурхан биднээс материаллаг ба сүнслэг байдлын аль алиных нь хувьд бүрэн чадавхдаа хүрэх боломжтой чөлөөт эрэгтэй, эмэгтэй байж; ядуурлын хязгаарлагдмал байдлаас болон нүглийн боолчлолоос чөлөөлөгдөөсэй; мөн өөрийгөө хүндлэх болоод бие даасан байдалдаа баясаж, Түүний селестиел хаант улсад Түүнтэй нэгдэхийн тулд бүх зүйлд бэлтгэлтэй байгаасай гэж хүсдэг.
Бид Түүний бодит хийгээд байнгын тусламжгүйгээр өөрсдийн хүч чармайлтаар үүнийг хийж чадна гэдэг буруу ойлголтод би итгэдэггүй. “Бид ач ивээлээр л бид аврагдан гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу.”24 Мөн бид Бурхан туслахаас нь өмнө, сайн сайхан эсвэл чадварынхаа хамгийн доод үеийг гүйцэлдүүлэх хэрэггүй. Дуулгавартай байдлын замын хаана нь байгаагаас үл хамааран бид өдөр бүр, цаг мөч тутамд тэнгэрлэг тусламжийг хүлээн авч болно. Харин ч бид Түүний тусламжийг хүсэхээс гадна, өөрсдийгөө дайчлан, наманчилж, шударга ёс ба ёс суртахууны сонгох эрхийн дагуу Бурхан бидний амьдралд үйлдэж болохын тулд Түүнийг сонгох ёстой гэдгийг би мэддэг. Би та нараас зөвхөн үүрэг хариуцлагыг хүлээн авч, үүний төлөө үйлдээсэй хэмээн хүсэж байна. Ингэснээр Бурхан бидэнд туслах болно.
Би Бурхан Эцэг амьд, Түүний Хүү Есүс Христ бол бидний Гэтэлгэгч гэдгийг, мөн Ариун Сүнс бидэнтэй хамт байгааг гэрчилж байна. Тэд бидэнд туслахыг хүсдэг нь гарцаагүй бөгөөд бидэнд туслах хэмжээлшгүй чадвартай байдаг. “Мөнхийн Эцэгийн … [бидэнтэй] хийсэн гэрээнүүд биелэгдэж болохын тулд”25 сэрж, газар шорооноос өндийн босоцгооё. Есүс Христийн нэрээр, амен.