2010–2019
Алма, Амюлек хоёроос суралц
2016 оны 10-р сар


18:33

Алма, Амюлек хоёроос суралц

Шавь байх замаасаа хазайн одсон хүмүүс зүрх сэтгэлээсээ харж, Алма, Амюлек хоёроос суралцаасай хэмээн би найдаж байна.

Залуу Алма

Судрын мартагдашгүй дүрүүдийн нэг нь залуу Алма юм. Тэр агуу бошиглогчийн хүү байсан ч хэсэг хугацаанд замаасаа гарч, “ёс бус мөн хиймлийг шүтэгч хүн бол[сон].” Ямар шалтгаанаар гэдгийг нь бид мэдэхгүй ч тэр эцгээ хүчтэй эсэргүүцэн, Сүмийг устгахаар эрэлхийлж байсан. Тэр цэцэн цэлмэг үгтэй, итгүүлэх ур чадвартай байсан тул ихэд амжилтад хүрсэн байв.

Гэвч Их Эзэний тэнгэр элч Алмад үзэгдэж, аянгын мэт дуу хоолойгоор ярих үед амьдрал нь өөрчлөгдсөн юм. Алма гурван өдөр, гурван шөнийн турш “мөнхийн зовлонд … бүр яллагдсан бодгалийн өвдөлтөөр тарчлав.” Дараа нь Есүс Христ “дэлхийн нүглүүдийг цагаатгахаар” ирэх болно гэж эцгийнх нь заасан мөнхийн үнэний талаарх бүдэг бадаг дурсамж түүний харанхуйлсан оюун ухаанд гэрэл гэгээг авчирсан байна. Алма ийм ойлголтыг олон жилийн өмнө хүлээн зөвшөөрөөгүй ч тэрхэн мөчид түүний “оюун энэ бодол дээр тогтон тунгааж,” Христийн цагаатгагч хүчинд даруухнаар, чин сэтгэлээсээ итгэжээ.

Алма энэ үйл явдлын дараа өөрчлөгдсөн. Тэрээр тэр цаг мөчөөс эхлэн учруулсан хор уршгаа засаж залруулахад амьдралаа зориулжээ. Тэр наманчлал, өршөөл, эцсээ хүртэл итгэлтэй байхын хүчирхэг үлгэр жишээ билээ.

Эцэст нь Алма эцгээ залгамжлан, Бурханы Сүмийн тэргүүнээр сонгогдсон билээ.

Нифай үндэстний иргэн бүр Алмагийн түүхийг мэддэг байсан нь гарцаагүй. Тухайн үеийн Твиттер, Инстаграм, Фэйсбүүк түүний зураг, түүхээр дүүрэх байсан биз. Тэр Зарахемла долоо хоног тутам сонины нүүрэн дээр байнга гарч, түүний тухай тэргүүн өгүүлэл, тусгай нэвтрүүлэг хийх байсан болов уу. Товчхондоо тэр тухайн цаг үеийнхээ олонд хамгийн их танигдсан алдартай хүн нь байсан ч байж магадгүй.

Харин хүмүүс нь Бурханаа мартаж, бардамнаж, зөрчилдөж эхэлж байгааг Алма хараад, нийтийн албанаасаа огцорч, нифайчуудад наманчлахыг тунхаглан, “өөрийгөө тэр чигээр нь Бурханы ариун жаягийн дээд санваарт … зориулахаар” шийдсэн юм.

Алма эхэндээ Аммонайха хотод очих хүртлээ их амжилттай байв. Уг хотын хүмүүс Алмаг улс төрийн удирдагч байхаа больсныг нь сайн мэдэж байсан бөгөөд санваарын эрх мэдлийг нь хүндлэхгүй байлаа. Тэд түүнийг доромжлон, тохуурхаж, хотоосоо хөөн гаргажээ.

Сэтгэлээр унасан Алма Аммонайха хотыг орхин гарав.

Харин тэнгэр элч түүнд эргэж оч хэмээн хэлжээ.

Өөрийг нь үзэн ядаж, Сүмийн эсрэг дайсагнасан хүмүүс рүү эргээд оч гэж хэлсэн гээд бодоод үз дээ. Энэ бол аюултай, магадгүй амь насанд нь ч халтай даалгавар байлаа. Гэвч Алма эргэлзсэнгүй, “хурдан эргэлээ.”

Алма хот руу орохоосоо өмнө олон хоног мацаг барьсан байлаа. Тэр энд нэгэн үл таних хүнээс “Бурханы даруухан үйлчлэгчид та идэх юм өгөөч” хэмээн гуйв.

Амюлек

Тэр хүний нэрийг Амюлек гэдэг байв.

Амюлек бол Аммонайха хотын хөрөнгөтэй, нэр хүндтэй иргэн байсан бөгөөд түүний өвөг дээдэс олон үеэрээ шүтлэг бишрэлтэй хүмүүс байсан ч итгэл нь суларсан байлаа. Тэрээр дараа нь “би олон удаа дуудагдсан боловч би сонсохоос татгалзсан; тиймийн тул би эдгээр зүйлүүдийн талаар мэдэж байсан боловч [итгэхийг] хүссэнгүй; … би зүрх сэтгэлийнхээ ёс бусаар Бурханыг эсэргүүцсээр байснаа” хүлээжээ.

Гэвч Бурхан Амюлекийг бэлтгэж байсан бөгөөд тэр Алматай тааралдахдаа Их Эзэний үйлчлэгчийг гэртээ урьж, Алма ч гэрт нь олон хоног байрлажээ. Энэ үед Амюлек Алмагийн захиасд зүрх сэтгэлээ нээхэд гайхамшигт өөрчлөлт түүнд тохиосон билээ.

Алма Аммонайха хотын хүмүүсийн дунд дахин очиж заахдаа хажуудаа тэдний нэгэн болох Амюлекийг хоёр дахь гэрчээ болгон авчирсан байлаа.

Үүний дараа болсон үйл явдлууд нь судрын хамгийн гашуун мөртлөө амттай түүхүүдийн нэг нь юм. Та нар энэ түүхийг Алма 8–16-р бүлгээс уншиж болно.

Өнөөдөр би та бүхнээс

Нэгд, “Би Алмагаас юу сурч болох вэ?”,

Хоёрт, “Би Амюлектай юугаараа адил бэ?” гэсэн хоёр асуултын талаар тунгаан бодоосой хэмээн хүсэж байна.

Би Алмагаас юу сурч болох вэ?

Би эхлээд Есүс Христийн Сүмийн өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх удирдагчаас “Та Алмагаас юу сурч болох вэ?” гэсэн асуултыг асууя.

Алма онцгой авьяас, ур чадвартай хүн байсан. Түүнд хэний ч тусламж хэрэггүй гэж бодох нь аргагүй. Гэсэн хэдий ч Алма Аммонайхад буцаж очоод юу хийсэн бэ?

Алма Амюлекийг олж, түүнээс тусламж хүссэн.

Тэр тусламжаа ч авч чадсан.

Бид заримдаа удирдагчдын хувьд ямар нэгэн шалтгаанаар өөрийн Амюлекийг олж, тусламж авах дургүй байдаг. Бид энэ ажлыг ганцаараа илүү сайн хийж чадна эсвэл бусдын ая тухыг алдагдуулахыг хүсэхгүй байна эсвэл бүр бусад хүн оролцохыг хүсэхгүй биз гэж бодож байж болох юм. Бид хүмүүсийг Бурханаас өгөгдсөн авьяас чадвараа ашиглаж, авралын агуу ажилд оролцоход урихдаа байнга эргэлздэг.

Аврагчийн тухай бод. Тэр Сүмээ цор ганцаараа байгуулж эхэлсэн үү?

Үгүй.

Тэрээр “Арагшаа зогсоорой. Би үүнийг зохицуулъя” гээгүй, харин “Ирээд, Намайг дага” хэмээх захиасыг үлдээсэн. Тэр дагалдагчдадаа сүнсээр нөлөөлөн, урьж, зааварчилсныхаа дараа тэдэнд “миний хийхийг харснаа хийх” хэмээн итгэл хүлээлгэсэн юм. Есүс Христ ийм арга замаар зөвхөн Өөрийн Сүмийг байгуулаад зогсохгүй, үйлчлэгчдээ хүчирхэгжүүлсэн.

Одоо үйлчилж байгаа албан тушаал тань диконы чуулгын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч эсвэл Бүсийн ерөнхийлөгч байхаас үл хамааран та амжилттай байхын тулд өөрийнхөө Амюлекийг олох ёстой.

Тэр хүн даруухан эсвэл цугларагсдын тань дундаас ялгарч харагдахааргүй нэгэн байж болно. Тэр хүн үйлчлэх хүсэлгүй эсвэл боломжгүй мэт санагддаг нэгэн байж ч магадгүй. Та нарын Амюлек хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, туршлагагүй, ядарч туйлдсан эсвэл Сүмдээ идэвхгүй нэгэн байж болно. Гэхдээ гаднаас харахад тэд “Та Их Эзэнд хэрэгтэй байна! Та надад хэрэгтэй байна!” гэсэн үгсийг танаас сонсохыг хүсэж байгааг нь мэдэхгүй байж магадгүй.

Олон хүн дотроо Бурхандаа үйлчилж, Түүний мутар дахь зэмсэг болж, Аврагчийг буцаж ирэхэд дэлхийг бэлдэхийн тулд хадуураа барьж, чадлаараа хадахыг хүсдэг. Тэд Түүний Сүмийг байгуулахыг хүсэж байгаа ч гэсэн эхэлж алхам хийхийг хүсдэггүй бөгөөд ихэвчлэн хэн нэгний асуухыг хүлээн суудаг.

Би та бүхнийг салбар, тойрог, номлол, гадсанд тань байгаа үйлдэл хий гэсэн дуудлагыг сонсох хэрэгтэй хүмүүсийнхээ тухай бодоход урьж байна. Их Эзэн тэдэнтэй ажиллаж, бэлтгэн, зүрх сэтгэлийг нь зөөллөсөн байгаа. Тэднийг зүрх сэтгэлээрээ харж ол.

Тэдэнд тусламжийн гараа сунга. Тэдэнд зааж, сүнслэгээр нөлөөлж, тэднээс асуу.

Тэдэнтэй Их Эзэний адислал таны болон танай гэрийнхний дээр байх болно хэмээн тэнгэр элч Амюлект хэлсэн үгийг хуваалц. Тэгж чадах юм бол та нуугдмал хэвээр үлдэж болох байсан Их Эзэний зоригтой үйлчлэгчийг олж нээсэндээ гайхах болно.

Би Амюлектай юугаараа адилхан бэ?

Бидний зарим нь Амюлекийг хайх хэрэгтэй байхад зарим хүний хувьд “Би Амюлектай юугаараа адилхан бэ?” гэх асуултыг асуух нь илүү тохиромжтой байж болох юм.

Он жил өнгөрөх тусам таны шавь байхаар хүлээсэн амлалт тань суларч, гэрчлэлийн тань гал сүүмэлзсэн байж ч магадгүй. Магадгүй, та өөрийгөө Христийн биеэс холдуулан, сэтгэл санаагаар унаж, уурлан бухимдсан байж ч болно. Эртний Ефесийн сүмийн зарим хүний адил та “анхны хайраа” буюу эрхэм дээд зүйл болох Есүс Христийн сайн мэдээний мөнхийн үнэнийг орхисон байж болох юм.

Магадгүй, та Амюлектэй адил Их Эзэн “[таныг] олон удаа дуудахыг” зүрх сэтгэлдээ мэдэрч байсан ч “сонсоогүй” байж болох юм.

Гэсэн хэдий ч Их Эзэн Амюлекээс олж харсан зүйлийг буюу хийх чухал ажилтай, хуваалцах гэрчлэлтэй, зоригтой үйлчлэгчийн чадвар танд байгааг олж хардаг. Таныг өөр ямар ч хүн тан шиг хийж чадахгүй тийм үйлчлэл хүлээж байна. Их Эзэн танд бусдыг адисалж, дэмжих бурханлаг боломж олгодог санваарыг итгэл хүлээлгэн өгсөн. Зүрх сэтгэлээ сонсож, Сүнсний өдөөлтийг дага.

Нэгэн гишүүний аялал

“Их Эзэнийг дуудахад би сонсох болов уу” хэмээн өөрөөсөө асуусан нэгэн ахын аяллын талаар сонсоод, миний сэтгэл хөдөлсөн юм.

Дэвид 30 жилийн өмнө Сүмд хөрвөгдөн. Тэр номлолд үйлчилж, дараа нь хуулийн сургуульд сурчээ. Сургуульд сурч, залуу гэр бүлээ тэжээх гэж ажиллаж байхдаа тэр Сүмийн талаар эргэлзээ төрүүлэм мэдээлэл сонссон байна. Тэр тэдгээр сөрөг баримт материалыг унших тусам сэтгэлээр улам бүр унах болж, эцэст нь Сүмийн бүртгэлээс нэрээ хасуулах хүсэлт гаргажээ.

Тэр цагаас хойш Дэвид маань Алмагийн тэрсэлж байсан үеийнхтэй адил Сүмийн гишүүдтэй мэтгэлцэж, итгэлийг нь сорих зорилгоор онлайн хэлэлцүүлэгт оролцдог болов.

Тэр үүнийгээ маш сайн хийдэг байлаа.

Түүнтэй мэтгэлцдэг байсан гишүүдийг нэгийг би Иаков гэж нэрлэе. Харин Иаков Дэвидэд үргэлж сайн, хүндэтгэлтэй ханддаг байсан ч Сүмийг зоригтой хамгаалдаг байв.

Он жилүүд өнгөрсөөр Дэвид, Иаков хоёр харилцан бие биенээ хүндэлж, нөхөрлөх болжээ. Харин Дэвид Иаковыг өөрийнх нь төлөө арав гаруй жилийн турш залбирч байсныг мэдэхгүй байв. Тэр бүр Их Эзэний ариун сүмийн залбиралд найзынхаа нэрийг өгч, зүрх сэтгэл нь зөөлөрнө байх гэж найдаж байлаа.

Тэр өмнө нь мэдэрч байсан сүнслэг туршлагуудаа сайнаар дурсан санаж, Сүмийн гишүүн байхдаа мэдэрдэг байсан аз жаргалтай үеэ эргэн санаж болсон байна.

Дэвид Алмагийн адил өмнө нь хүлээн авсан сайн мэдээний үнэнийг бүрмөсөн мартаагүй байсан бөгөөд Их Эзэн түүнд тусламжийн гараа сунгаж байгааг мэдэрчээ. Харин одоо Дэвид хуулийн нэгэн фирмд нэр хүндтэй ажил хийдэг болсон байв. Тэр Сүмийг шүүмжлэгч гэсэн нэр зүүж, Сүмд дахин нэгдэх хүсэлт гаргахад дэндүү бардам болсон байлаа.

Гэсэн ч тэр Хоньчны нөлөөг мэдэрсээр байв.

Түүнд “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” хэмээх судар зүрх сэтгэлд нь хүрсэн байна. Тэр “Хайрт Бурхан минь, би дахин хожмын үеийн гэгээнтэн болохыг хүсэж байгаа ч надад зарим асуултын хариулт хэрэгтэй байна” гэж залбирчээ.

Тэр Сүнсний шивнээг болон найз нөхдийнхөө сүнслэгээр өдөөгдсөн хариултыг өмнө нь сонсож байгаагүйгээрээ чих тавин сонсдог болов. Түүний эргэлзээ бага багаар итгэл болон хувирч, нэг л өдөр тэр Есүс Христийн болон Түүний сэргээгдсэн Сүмийн талаар гэрчлэлтэй болсноо ойлгожээ.

Яг тэр мөчид Сүмд эргэн ирэхийн тулд бардамналаа ялан дийлж, шаардлагатай бүхнийг хийж чадах юм байна гэдгээ ухаарчээ.

Эцэст нь Давид баптисмын усанд орж, адислалууд нь сэргээгдэх хоногоо тоолон хүлээх болсон юм.

Өнгөрсөн зун Дэвидийн адислалыг сэргээсэн гэдгийг би та бүхэнд мэдэгдэхдээ баяртай байна. Тэр Сүмийн үйл ажиллагаанд дахин бүрэн оролцох болж, тойргийнхоо Сайн мэдээний сургаалын багшаар үйлчилж байна. Тэр өөрийнхөө өөрчлөгдсөн тухай бусадтай ярилцаж, учруулсан хохирлоо засаж залруулан, Есүс Христийн сайн мэдээний болон Сүмийн талаарх гэрчлэлээ хуваалцахын тулд боломж бүрийг ашиглаж байгаа.

Дүгнэлт

Хүндэт ах нар, найзууд аа, тойрог, гадасныхаа Амюлек шиг хүмүүсийг эрж, олж, тэдэнд сүнсээр нөлөөлж, найдацгаая. Өнөө үед Сүмд Амюлек шиг хүн олон байгаа бөгөөд

магадгүй та тэднээс аль нэгийг нь таньдаг, магадгүй та тэдний нэг нь байж ч болох юм.

Их Эзэн та нарыг анхны хайр руугаа эргэн очиж, авьяас чадвараа нэмэрлэн, санваараа зөв зохистой ашиглаж, Есүс Христэд илүү ойртон, Бурханы хаант улсыг барьж байгуулахад бусад гэгээнтнүүдтэй мөр зэрэгцэн үйлчлээч хэмээн шивнэн, ятгадаг байж магадгүй.

Бидний хайрт Аврагч та нарын хаана байгааг мэддэг. Тэрээр зүрх сэтгэлийг тань мэддэг. Тэр та нарыг аврахыг хүсэж байгаа бөгөөд зүрх сэтгэлээ Түүнд нээх юм бол Тэр та нарт тусламжийн гараа сунгана. Өчүүхэн атугай ч шавь байх замаасаа хазайн одсон хүмүүс Бурханы нинжин сэтгэл, нигүүлслийн талаар тунгаан бодож, зүрх сэтгэлээсээ харж, Алма, Амюлек хоёроос суралцаж, Аврагчийн “Ирээд, Намайг дага” хэмээх амьдралыг өөрчлөгч үгийг сонсоосой хэмээн би найдаж байна.

Би та бүхнийг Түүний дуудлагыг анхааралтай сонсоосой хэмээн уриалж байна. Учир нь та үүнийг сонссон бол тэнгэрийн шагналыг хүлээн авч, Их Эзэний адислал таны болон танай гэрийнхний дээр байх болно.

Би энэ бүхнийг та нарт Есүс Христийн нэрээр гэрчилж, адислалаа үлдээе, амен.