Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт
Наманчлал зөвхөн боломжтой төдийгүй Аврагчийн маань ачаар баяр баясгалантай зүйл юм.
Хайрт ах, эгч нар аа, намайг 12 настай байхад гэр бүл маань Шведийн далайн эргийн Гетборг гэдэг хотод амьдардаг байв. Энэ нь энэ зун нас барсан бидний хайрт хамтрагч ахлагч Пэр Ж.Молмын төрсөн газар байсан юм. Бид түүнийг санаж байна. Бид түүний сайхан сэтгэл, сүр жавхлантай үйлчлэл, гайхамшигтай гэр бүлийнх нь үлгэр жишээнд талархаж байна. Мөн бид Бурханы арвин баялаг адислал тэдэнд байх болтугай хэмээн залбирч байна.
50 жилийн өмнө бид засаж янзалсан нэг том байшинд байрладаг сүмд очдог байлаа. Нэг ням гарагт салбарын нөгөө нэг дикон болох найз Стефан маань сүм дээр намайг ихэд баярласан байдалтай угтав. Биднийг сүмийн цуглааны өрөөний залгаа хэсэг рүү очиход тэр халааснаасаа галт оч цацруулагч бас хэдэн шүдэнз гаргаж ирэв. Өсвөр насны зориг гарган, би уг оч цацруулагчийг аваад, урт саарал асаагуурыг асаалаа. Би оч цацрахаас нь өмнө унтраая гэж бодож байсан ч унтраах гэж байгаад хуруугаа түлэн оч цацруулагчийг шалан дээр унагачихав. Стефан бид хоёр уг асаагуурын шатахыг сэтгэл түгшин харж зогслоо.
Оч цацруулагчаас гал авалцан, хүхрийн утаа цуглааны өрөө, өрөөний залгаа хэсгийг дүүргэв. Бид яаран оч цацруулагчийн тарсан үртсийг цуглуулаад, хэнд ч үнэр нь мэдэгдэхгүй байх гэсэн гэнэн бодолдоо найдан, үнэрийг нь гаргахын тулд өрөөний цонхнуудыг онгойлгов. Аз болоход, хэн ч гэмтээгүй бөгөөд ямар ч гарз хохирол учраагүй юм.
Гишүүд цуглаанд орж ирэх үедээ уг хурц үнэрийг анзаарсан байв. Үнэр нь илт мэдэгдэж байсан бөгөөд цуглааны ариун байдалд саад болсон юм. Хэдхэн аароны санваартан байсан болохоор би сатаарсан байдалтайгаар ариун ёслолыг түгээсэн боловч өөрөө ариун ёслолоос хүртэх нь зохисгүй гэж надад санагдаж байв. Надад ариун ёслолыг өгөхөд би талхнаас ч бас уснаас ч хүртээгүй. Надад маш хэцүү байсан юм. Би их ичсэн бөгөөд Бурханыг дургүйцүүлэх зүйл хийснээ мэдэж байлаа.
Сүмийн дараа буурал үстэй, ахимаг настай салбарын ерөнхийлөгч Фрэнк Линдберг намайг албан өрөөндөө орж ирэхийг хүсэв. Намайг суусны дараа тэр над руу найрсгаар хараад, намайг ариун ёслолоос хүртээгүйг ажигласан гэдгээ хэлэв. Тэр надаас яагаад хүртээгүйн шалтгааныг асуухад нь түүнийг мэдэж байсан гэдгийг би гадарлаж байсан юм. Хүн бүр миний хийсэн зүйлийг мэдэж байсан гэдгийг би баттай мэдэж байлаа. Намайг түүнд учрыг хэлсний дараа тэр надаас өөрт минь ямар санагдаж байгааг асуув. Нулимсаа дуслуулан, би маш их харамсаж байгаагаа мөн Бурхан надад сэтгэл дундуур байгааг мэдэж байгаагаа түгдрэн байж хэлэв.
Ерөнхийлөгч Линдберг хуучирсан хавтастай Сургаал ба Гэрээ судрыг гаргаж ирэв. Тэр доогуур нь зурсан шүлгийн хэдэн хэсгийг уншихыг надаас хүсэв. Би чанга гэгч нь дараах шүлгүүдийг уншсан юм.
“Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй.
Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно.”
Би уншиж дуусгаад, толгой өндийлгөхдөө ерөнхийлөгч Линдбергийн нигүүлсэнгүй инээмсэглэлийг харснаа хэзээ ч мартахгүй. Сэтгэл нь хөдөлсөн тэрээр надад ариун ёслолоос дахин хүртэж эхлэх нь миний хувьд зөв зүйл гэж мэдэрч байгаагаа хэлсэн юм. Би түүний өрөөнөөс гарахдаа үгээр дүрслэхийн аргагүй баяр хөөрийг мэдэрч билээ.
Тийм баяр хөөр нь наманчлалын бодит үр дүн юм. Наманчлах гэдэг үг нь “дараа нь ухамсарлах” гэсэн утгатай бөгөөд “өөрчлөлтийг” харуулдаг. Швед хэлэнд, omvänd, (омванд) гэдэг үг нь “эргэж буцах” гэсэн утгатай. Христийн шашинтан зохиолч С.С.Льюс өөрчлөгдөх хэрэгцээ болоод арга барилын талаар бичсэн байдаг. Тэрээр наманчлал гэдэг нь “зөв зам дээр буцаж гарахыг хэлдэг. Буруу үйлдлийг зөв болгож болно. Гэхдээ зөвхөн юунд буруу байна вэ гэдгээ олтлоо буцаж явж мөн тэр олсон мөчөөсөө эхлэн шинээр эхлэх үед л зөв болдог. Харин хэзээ ч цааш үргэлжлүүлэн буруу замаар явснаар зөв болдоггүй” гэж хэлжээ. Зан авираа өөрчилж, “зөв зам” дээр буцаж ирэх нь наманчлалын нэг хэсэг бөгөөд зөвхөн нэгээхэн л хэсэг нь юм. Жинхэнэ наманчлал бол бас зүрх сэтгэлээ болон хүслээ Бурхан руу хандуулж мөн нүглээ хаях явдал юм. Езекиелд тайлбарласнаар наманчлах гэдэг нь “… Нүглээс буцаж, шударга ёс, зөвт үйлсийг үйлд[эн], … хууль бусыг үл үйлдэн [мөн] амийн баталсан журмыг дагаж [явах]” юм.
Гэсэн хэдий ч энэ нь бас бүрэн тайлбар биш билээ. Энэ нь Аврагчийн маань цагаатгах золиослолын хүчийг, наманчлалыг боломжтой болгогч тэрхүү хүчийг зохих ёсоор харуулдаггүй. Жинхэнэ наманчлал нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Тэр биднийг өөрчилж чадна гэдэг итгэл, Тэр биднийг уучилж чадна гэдэг итгэл, Тэр бидэнд илүү алдаа гаргахаас зайлсхийхэд тусалж чадна гэдэг итгэл байх ёстой. Ийм итгэл нь Түүний Цагаатгалыг амьдралд маань хүчин төгөлдөр болгож өгдөг. Бид Аврагчийн тусламжтайгаар “дараа нь ухамсарлаж” мөн “буцаж эргэх” үедээ Түүний амлалтууд, уучлал өршөөлийн баяр хөөр дунд найдварыг мэдэрч чаддаг. Гэтэлгэгч байгаагүй бол найдвартай байдал, баяр хөөр ууршин алга болж, наманчлал зөвхөн муу зан авираа засах байдал л болох байсан. Харин Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлснээрээ бид нүглийг уучлах Түүний чадвар, бэлэн байдалд хөрвүүлэгддэг.
2015 оны 4-р сард өөрийнхөө сүүлийн Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Боид К.Пакэр наманчлалын найдлага төрүүлэгч амлалтуудыг бататган хэлсэн юм. Тэрээр Аврагчийн Цагаатгалын эдгээх хүчийг дүрслэхдээ хагас зууны турш төлөөлөгчийн үйлчлэлээрээ мэдэж авсан мэргэн ухаанаа нэгтгэсэн гэж би боддог. Ерөнхийлөгч Пакэр: “Цагаатгал нь ямар ч мөр, ямар ч хэв үлдээдэггүй. Түүний засдаг зүйл нь засагдсан … Энэ нь эдгээдэг бөгөөд түүний эдгээсэн зүйл нь эдгээгдсэн хэвээр үлддэг” хэмээн хэлжээ.
Тэр цааш үргэлжлүүлэн
“Бид бүгдийг нэг бүрчлэн засварлаж чадах Цагаатгал ямар ч сорви үлдээдэггүй. Энэ нь хэрэв бид үнэнхүү наманчилбал бидний юу хийсэн, бидний хаана байсан, ямар нэгэн зүйл хэрхэн тохиолдсоноос үл хамааран, [Аврагч] биднийг цагаатгах болно хэмээн амласан. Тэрээр биднийг гэтэлгэхэд тэр асуудал шийдвэрлэгддэг. …
… Энэхүү Цагаатгал нь хэчнээн хэцүү, хэчнээн удаан, хэчнээн олон удаа ахин дахин бохирлогдсон байсан ч толбо бүрийг угааж чадна” хэмээн хэлсэн.
Аврагчийн та бидний төлөөх Цагаатгалын цар хүрээ нь гүн гүнзгий бөгөөд хэр хэмжээгээрээ хязгааргүй юм. Гэхдээ энэ нь бидэнд хэзээ ч хүчээр өгөгдөхгүй. Бошиглогч Лихайн тайлбарласнаар бид “сайныг муугаас ялгаж мэдэхээр” “хангалттай заагдсаны” дараа бид “бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.” Өөрөөр хэлбэл, наманчлал нь сонголт юм.
Бид өөр сонголтуудыг хийж болдог ба заримдаа ийм өөр сонголт хийдэг. Ийм сонголтууд нь мөн чанартаа буруу гэж санагдахгүй байж болох ч тэдгээр нь биднийг чин сэтгэлээсээ харамсахад саад болдог бөгөөд тэгснээр жинхэнэ наманчлах үйлдлийг зогсоодог. Жишээлбэл, бид бусдыг буруутгахыг сонгож болох юм. Гетборгийн 12 настай хүүхдийн хувьд би Стефаныг буруутгаж болох байсан. Тэр л том оч цацруулагч бас шүдэнз сүм дээр авчирсан шүү дээ. Гэхдээ зөв шалтагтай байж болох ч бусдыг буруутгах нь бидэнд өөрсдийнхөө зан авирыг зөвтгөх хаалгыг нээж өгдөг. Тэгснээр бид өөрсдийн үйлдсэн үйлдлийн хариуцлагыг бусдад дамжуулдаг. Уг хариуцлага бусдад дамжих үед бид үйлдэх хэрэгцээ, чадвараа алддаг. Бид өөрсдийгөө бие даан үйлдлээ хариуцагч хүмүүс биш, харин азгүй хохирогчид болгодог.
Наманчлахад саад болдог өөр нэг сонголт бол өөрсдийн алдаагаа бага, жижиг гэж тооцох явдал юм. Гетборг дэх оч цацруулагчийн тохиолдолд хэн ч гэмтээгүй, ямар ч гарз хохирол гараагүй мөн цуглаан болоод л өнгөрсөн. Наманчлах ямар ч шалтгаан байхгүй гэж хэлэхэд амархан байх байсан. Гэхдээ алдаагаа бага зүйл гэж үзэх нь тэр даруй үр дагавар харагдахгүй байсан ч бидний өөрчлөгдөх хүслийг үгүй болгодог. Ийм бодол нь бидэнд мөнхийн үр дагаварт хүргэх алдаа, нүглээ харахад маань саад болдог.
Бас нэгэн арга зам бол бидний хийдэг зүйлээс үл шалтгаалан Бурхан биднийг хайрладаг учраас бидний гэм нүгэл хамаагүй гэж бодох нь сэтгэлд таатай байдаг явдал юм. Зальтай Нихорын Зарахемлагийн хүмүүст “Мөн эцсийн өдөр бүх хүн төрөлхтөн аврагдах болно, мөн тэд айх бас чичрэх ч хэрэггүй, … мөн, төгсгөлд нь, бүх хүмүүн мөнх амьдралтай байна” хэмээн заасан үгэнд итгэх нь хорхой хүргэм байдаг. Гэхдээ ийм сэтгэл татсан санаа нь хуурмаг юм. Бурхан бидэнд хайртай. Гэхдээ бидний юу хийж байгаа нь Түүнд мөн бидэнд хамаатай. Бид хэрхэн биеэ авч явах ёстой талаар Тэр бидэнд тодорхой удирдамжуудыг өгсөн. Бид эдгээр удирдамжийг зарлигууд гэж нэрлэдэг. Түүний дэмжлэг зөвшөөрөл болоод бидний мөнхийн амьдрал өөрсдийн маань зан авир, жинхэнэ наманчлалыг даруу байдлаар эрэлхийлэхэд бэлэн байгаа эсэхээс маань хамаардаг.
Түүнээс гадна, бид Бурханыг зарлигуудаас нь салангид авч үзэх үедээ жинхэнэ наманчлалыг хийдэггүй. Эцсийн эцэст, ариун ёслол ариун нандин биш байсан бол Гетборг дахь ариун ёслолын цуглаанд оч цацруулагчийн үнэр саад болсон эсэх нь хамаагүй байх байсан. Бид Бурханы зарлигууд дахь эрх мэдлийг үл тоон эсвэл бага жижиг хэмээн тооцон, нүгэлт зан авираа тоохгүй байхаас болгоомжлох хэрэгтэй. Жинхэнэ наманчлал нь Аврагчийн тэнгэрлэг байдлыг болон Түүний хожмын өдрүүд дэх ажлын үнэнийг мэддэг байхыг шаарддаг.
Ямар нэгэн шалтаг гаргахын оронд наманчлалыг сонгоцгооё. Наманчлалаар дамжуулан бид сургаалт зүйрлэл дэх үрэлгэн хүүгийн адил өөрсдийгөө ухаарч мөн өөрсдийн үйлдлийн мөнхийн үр дагаврын талаар тунгаан бодож чадна. Бидний хийсэн нүгэл мөнхийн аз жаргалд маань хэрхэн нөлөөлдгийг бид ойлгох үедээ чин сэтгэлээсээ харамсдаг төдийгүй мөн илүү сайн болохоор хичээн зүтгэдэг. Бид уруу таталттай тулгарах үедээ Виллиам Шэкспирийн хэлснээр бид өөрсдөөсөө
Бид тоглоом авахын төлөө мөнхийн талаас нь харах үзэл бодлоо алдсан бол наманчлахыг сонгож болно. Есүс Христийн Цагаатгалаар бидэнд өөр боломж олддог. Зүйрлэн хэлбэл, гоомой хандан, худалдаж авсан тоглоомоо сольж болох бөгөөд мөнх оршихуйн найдварыг дахин хүлээн авах боломжой. Түүний тайлбарласнаар, “Учир нь болгоогтун, Их Эзэн чиний Гэтэлгэгч махан бодид үхлийг амссан билээ; иймийн тул, бүх хүмүүн наманчилж, мөн түүнд ирж болохын тулд бүх хүмүүний зовлонг тэрээр биеэрээ амссан бөлгөө.”
Есүс Христ бидний нүглийн төлөөх үнэ цэнийг төлсөн учраас уучилж өршөөдөг.
Гэтэлгэгч маань Өөрийн юутай ч харьцуулшгүй нигүүлсэл, хайраараа өршөөхийг сонгодог билээ.
Аврагч маань уучилж өршөөхийг хүсдэг. Энэ нь Түүний тэнгэрлэг зан чанаруудын нэг юм.
Сайн Хоньчин Тэрээр биднийг наманчлахыг сонгох үед баяр баясгалантай байдаг.
Бид өөрсдийн хийсэн үйлдлийн төлөө бурханлаг харамслыг мэдрэн, наманчлахаар сонгох үедээ өөрсдийн амьдралд Аврагчийг тэр даруй урьдаг. Амюлекийн зааснаар, “Ирж мөн зүрх сэтгэлээ цаашид бүү хатууруулаасай …; учир нь болгоогтун, та нарын авралын өдөр мөн үе нь эдүгээ болой; мөн тиймийн тул, хэрэв та нар наманчилж зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно.” Бид бурханлаг харууслыг мэдэрч мөн тэр мөчдөө бас Аврагчийн тусламжийг авч байгаадаа баяр хөөр мэдэрдэг.
Бидний наманчлах боломжтой гэдэг нь сайн мэдээний баярт мэдээ юм! Гэм зайлуулагдаж болно. Бид баяр хөөрөөр дүүрч, нүглүүдийнхээ ангижралыг мөн ухамсрын амар амгаланг хүлээн авч чадна. Бид зүрх сэтгэлдээ гутрах мэдрэмжээсээ болон нүглийн боолчлолоос салж чаддаг. Бид Бурханы гайхамшигт гэрлээр дүүргэгдэж мөн “цаашид дахин өвдөхгүй” байж чадна. Наманчлал нь Аврагчийн ачаар боломжтой болж улмаар баяр хөөр авчирдаг. Тэрхүү оч цацруулагчийн тухайд тохиолдсон явдлын дараа салбарын ерөнхийлөгчийн өрөөнд намайг эзэмдсэн мэдрэмжийг би одоо ч гэсэн санадаг. Би өршөөгдсөн гэдгээ мэдсэн юм. Миний гэмших мэдрэмж алга болж, миний урвагар ааш авир сайжирч мөн зүрх сэтгэл минь хөнгөрч билээ.
Ах эгч нар аа, бид энэ чуулганыг өндөрлөх үед би та нарыг Есүс Христийн Цагаатгалыг жинхэнэ гэдгийг мэдсэнээр ирдэг, Аврагчийн уучлах чадвар, бэлэн байдал, уучлах хүслээс ирдэг мөн наманчлахыг сонгосноор ирдэг баяр хөөрийг амьдралдаа илүү их мэдрэхэд урьж байна. “Авралын худгаас баяртайгаар ус тат” хэмээх Аврагчийн зааврыг дагацгаая. Бид наманчилж, нүглээ хаяж, Аврагчаа дагахаар зүрх сэтгэл, хүслээ өөрчлөхөөр сонгох болтугай. Түүний амьд гэдэг нь үнэн хэмээн би гэрчилж байна. Би Түүний юутай ч зүйрлэшгүй өрөвч сэтгэл, нигүүлсэл, хайрыг дахин дахин хүлээн авсан бөгөөд тэдгээрийн гэрч билээ. Түүний Цагаатгалын гэтэлгэгч адислалууд та нарынх байх болтугай мөн миний амьдралд байсан шиг та нарын амьдралд насан туршид ахин дахин хамт байх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.