2008
Өсөж хөгжих дуудлага
2008 оны зургадугаар сарын


Өсөж хөгжих дуудлага

Зураг
Elder Ulisses Soares

Би Бразилд, 4 хүүтэй гэр бүлд төрсөн. Намайг төрөхөд эцэг эх маань Сүмийн гишүүн бус байсан ба жаахан хөвгүүн байхад тэд Сүмд элсэж, би 8 настайдаа баптисм хүртэж сүмийн гишүүнээр батлуулсан юм.

12 нас хүрэх үед, бишоп минь надтай ярилцлага хийж Аароны Санваарын талаар тайлбарлаж өгөв. Санваар атгах үүрэг хариуцлагын талаар тэр тайлбарлав. Би Диконы Чуулгын ерөнхийлөгчөөр онцгойлон адислагдсан ч тэрхүү чуулганы ганцхан идэвхтэй гишүүн нь өөрөө байлаа. Тэр үед гайхалтай бишоп минь надад Сүмийн үйлчлэлийн талаар чухал хичээл зааж өгсөн юм.

Энгийн урилга

Ням гарагийн нэг өдөр бид санваарын цуглаанд суухаар ариун ёслолын танхимд сууж байтал бишоп над руу ирээд, “Бусад хөвгүүд хаана байна? сэтгэлд чуулганы диконууд хаана байна?” гэж асуув.

“Би ганцаараа. Миний мэдэхийн би ганцаараа” гэхэд,

“Чи чуулганыхаа гишүүдийг мэдэхийн тулд юу хийж байгаа вэ?” гэж тэр асуулаа.

“Би юу хийхээ мэдэхгүй байна” гэж хариуллаа.

Тэгэхэд тэр эелдгээр надад юу хийхийг минь хэлж өгнө гэдгээ хэлэв.

Цуглаан дуусмагц тэр намайг дагуулж бид хамтдаа хөршүүдийнхээр явж, чуулганы жагсаалтан дээрх бүх залуу эрэгтэйчүүдтэй уулзаж, тэднийг буцаж ирэхийг урив. Хэд хэд очсоны эцэст тэдний зарим нь буцаж ирлээ. Зарим нь номлолд үйлчилж, гайхалтай гэр бүлтэй болж, бишоп болон гадасны ерөнхийлөгчид болсон юм. Эдгээр бүх зүйлс бишоп бид хоёрын энгийн айлчлалаас эхлэлтэй. Тэр бидний бяцхан тойрог дахь онцгой хэрэгцээнд анхаарал тавьсан ба надад үлдсэн энэ хичээлийг би сурсандаа үнэхээр талархалтай байдаг.

“Буцаж ирээч” гэсэн урилгад хүмүүс бэлэн байдгийг би амьдралаасаа мэдсэн юм. Чи явж тэднийг урих ёстой. Над шиг санваарын туршлагагүй хөвгүүн хүртэл Хаант улсыг хөгжүүлэхэд ихийг хийж чаддаг.

Диконы Чуулгын ерөнхийлөгч байсан туршлага минь надад тусалсан. Бишоп минь ухаантай алсын хараатай хүн байсан. Надад сургагч хэрэгтэй гэдгийг мэдсэн учраас тэрхүү үүргийг надад даалгасан юм. Тэгээд тэр Миний сургагч болохоор шийдэж, надтай хамт явж, дэмжиж туслан надад цаг заваа зориулж байсан юм. Сүмдээ үйлчлэх нь өөрийн гэрчлэлээр ямар нэгэн зүйлийг хийх нь ямар сайхан болохыг ойлгоход тэр надад тусалсан. Гайхалтай байсан. Би түүнд мөнхөд талархах болно.

Гэрчлэлтэй хичээл

16 нас арай хүрээгүй байхад, бишоп маань түр хугацаанд залуучуудын ням гарагийн багшаар намайг томилов. Тэрхүү дуудлагыг надад өгч байхад би айж сандарч байсан билээ. Би өөрийгөө заахуйц хангалттай зүйлийг мэднэ гэдэгтээ итгэлгүй байлаа. “Би яаж энэ ангид багшлах юм бэ” Нэг сохор нөгөө сохортоо замчилна гэдэг л энэ байх гэж бодлоо.

Нэг хичээл дээр би Есүс Христийн талаарх гэрчлэлийн тухай ярих ёстой байснаа санаж байна. Бид нар сайн мэдээний тухай гэрчлэлийг хэрхэн олж авах талаар Мормоны Номоос сурч байв. Зүрх сэтгэлдээ би энэ сүм үнэн, Есүс бол Христ гэдгийг мэдэрсэн. Гэвч би хэзээ ч тэдгээрийн талаар залбирч байгаагүй. Хариулт авахаар өөрөө хэзээ ч залбираагүй атлаа яаж бусдад тэд нар залбирч, хариугаа авна гэж заах вэ? дээ гэж би бодлоо.

Төрсөн цагаасаа хойш би Есүс Христэд итгэх итгэлийн талаар заалгасан. Сүмийн гишүүн болоод Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг, Сүмийн талаарх сайхан мэдрэмжийг үргэлж зүрхэндээ мэдэрч байсан. Би хэзээ ч энэ Сүм Есүс Христийн үнэн Сүм үү үгүй юу гэдэгт санаа зовж байгаагүй. Тэдгээр сайхан мэдрэмжүүд агуу хүчирхэг байсан учраас би хэзээ ч үүний талаар залбирч байгаагүй. Гэвч тэр долоо хоногийн хичээлийн бэлтгэл болгон сайн мэдээ үнэн гэсэн баталгаа хүлээн авахын тулд би залбирахаар шийдсэн юм.

Өрөөндөө сөхөрч суун, Есүс Христийн сүм үнэн гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэхээр өөрийн бүх чадлаараа залбирахаар шийдлээ. Хариулт нь юу байх ёстой гэдгийг мэдээгүй ч, тэнгэр элч, илчлэлт гэх мэт зүйлсийг хүлээсэнгүй.

Өвдөг сөгдөн Их Эзэнээс сайн мэдээ үнэн эсэхийг асуухад, зүрх сэтгэлд минь үгээр хэлшгүй сайхан мэдрэмж ирэн, нам гүмхэн дуу хоолой сайн мэдээ үнэн гэдгийг баталж, үргэлжлүүлэн яах хэрэгтэйг шивнэн хэлсэн юм. Хэзээ ч үгүйсгэж чадахааргүй тийм хүчтэй мэдрэмж байсан. Тэрхүү дуу хоолой нам гүмхэн байсан ч зүрх сэтгэлд минь агуу хүчтэй мэдрэмж үлдээсэн юм.

Тэр өдрийг ямар ч муу зүйл бодолгүй үнэхээр аз жаргалтай өнгөрөөв. Сургууль дээр хүүхдүүд муухай зүйлс ярилцаж байсан ч би тэднийг сонсоогүй. Зүрх сэтгэлдээ тэрхүү гайхамшигт мэдрэмжийг тунгааж, яг л тэнгэрт байгаа мэт надад санагдаж байсан юм.

Ням гараг болоход би залуучуудын ангийн урд зогсоод гэрчлэлээ хуваалцаж, хэрэв тэд итгэлтэй байвал Тэнгэрлэг Эцэг тэдний залбирлуудад хариулна гэдгийг хэлэв. Иосеф Смит Бурханаас мэргэн ухааныг гуйхад хүргэсэн судар болох Иаков 1:5-г би хуваалцлаа. Дараагийн шүлэг болох Иаков 1:6-д “Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгайлах тэнгисийн долгио мэт ажээ”. Энэ сударт итгэлээр асуух ёстой талаар заадаг. Мөн түүнчлэн хүмүүн нь залбирахдаа үл итгэх зүрх сэтгэлтэй бол хариуг хүлээн авч чадахгүйг, жинхэнэ итгэлээр, хариултаа эрэлхийлж асуувал Их Эзэн хариулна гэдгийг ангийнхандаа хэлсэн юм.

Тэр үеэс хойш, сорилт бэрхшээл тулгарсан тэрхүү мөчид хүртэл гэрчлэл маань сайн шийдвэр гаргах хэрэгтэй байдгийг гэрчилсэн юм. Ялангуяа над шиг сургуульдаа ганцаараа сүмийн гишүүн байгаа хүмүүст сайн мэдээний жишгүүдийг дагахад сорилт бэрхшээл тулгардаг. Найзууд минь надаар буруу зүйлс хийлгэхийг хичээж байсан ч гэрчлэл маань зүрх сэтгэлдээ би Есүс Христийн үнэн сайн мэдээг дагаж байгаа гэдгийг надад сануулж байдаг. Тэрхүү явдлаас хойш би хэзээ ч гэрчлэлээ үгүйсгээгүй юм.

Тэр ням гараг миний амьдралд том өөрчлөлтийг хийсэн ба гайхалтай бишоп болон гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар би номлолд өөрийгөө бэлтгэх боломжтой болсон юм. Номлолоосоо буусны дараа, сургуульд явж гэр бүлтэй болсон. 16-хан настай байхдаа залбирсан. Залбирал минь энэ бүхний эхлэл байсан юм.

Бүхий л амьдралын турш дахь өсөлт хөгжил

Миний хэлсэнчлэн, сайн мэдээг үнэн гэдгийг би мэдэж байсан ч асууж, бусадтай өөрийн туршлагыг хуваалцах ёстой байсан юм. Энэ нь миний номлолд ч тус нэмэр болсон. Хүмүүсийг залбиралд урих үедээ би өөрийн туршлагыг хуваалцаж, өмнө өөрөө хийсэн гэдгээ тэдэнд мэдрүүлж байсан. Тэд итгэлтэйгээр залбирвал хариуг авч чадна гэдгийг би тэдэнд гэрчилсэн юм.

Сүмийн үүрэг, дуудлагаар дамжуулан надад сурах, үйлчлэх, өсч хөгжих боломж олдсон бөгөөд эдгээр нь надад гайхалтай адислалуудыг өгсөн. Тэдгээр адислалууд мөн та нарт ирж, та нар тэдний үр ашгийг авахын төлөө би залбирдаг. Боломжууд нь та нарын амьдралыг бүрэн өөрчилж чадах болно.

Хэвлэх