2008
Эдгээлтийн сүнсний бүрдүүлбэр хэсэг
2008 оны зургадугаар сарын


Эдгээлтийн сүнсний бүрдүүлбэр хэсэг

Elder Alexander B. Morrison

Есүсийн амьдралын тухай судрын шастирууд болон сургаалууд нь бүх төрлийн зовлон шаналлыг эдгээх Түүний юутай ч зүйрлэшгүй хүчний тухай ишлэлүүдээр дүүрэн байдаг. Есүс өвчтөнүүдийг эдгээсэн 20 гаруй тохиолдлыг: Капернаумд язгууртны хүүг эдгээснээс эхлээд (Иохан 4:46–53-ыг үз) тэргүүн тахилчийн боол Малхын тас цавчсан чихийг сэргээн эдгээснийг хүртэл (Лук 22:50-51; Иохан 18:10-ыг үз) Сайн мэдээнүүдэд цэдэглэсэн байдаг.

Христийн эдгээр хүч хүмүүсийн “алив төрлийн өвчин эмгэгийг” (Матай 4:23; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн; мөн Мозая 3:5; 3 Нифай 17:5–10-ыг үз) эдгээдэг байсан юм. Есүс хязгааргүй өрөвч сэтгэлээрээ, зөвхөн бие бялдрын өвчтэй хүмүүс төдийгүй, сэтгэцийн эмгэгтэй бусад хүмүүсийг ч эдгээдэг байжээ.

Эдгээр эдгээлтүүд бол Есүс Христийн Цагаатгалын салшгүй хэсэг мөн. Энэ нь нэн хүчтэй, өргөн цар хүрээ, хэмжээ далайцаараа бүхнийг хамарсан шинжтэй юм. Энэ нь зөвхөн нүглийн төлөөсийг төлдөг төдийгүй, мөнх бус бүх зовлон зүдгүүрийг эдгээж чадна. Биеийн өвдөлт, бүх төрлийн зовлон шаналлын өөдөөс сөрж очсон Тэрбээр, Адамын гэр бүлийн (2 Нифай 9:21–ийг үз) бүх хүмүүсийн нүглүүдийн төсөөлөн бодох аргагүй ачаа дарамтыг үүрсэн. Тэрбээр тэдний гай зовлонгийн шалтгааныг эс хайхран эдгээлтийн хүчээ бүхэнд хүртээн, Өөрийн хүмүүст хэрхэн туслахаа итгэл төгс мэддэг байв (Алма 7:11–12-ыг үз).“Түүний шархаар бид эдгэрсэн” (Исаиа 53:5).

Санваарын үүрэг

Аврагч бурханлиг хүчээрээ бүхнийг эдгээж чадна. Гэвч мөнх бус хүмүүс ариун Мелкизедек санваарын эрх мэдлийг ашиглан Түүний хүслийг хэрэгжүүлдэг юм. Зарим үед, Бурханы хүсэл өөр байдаг учраас тэд үйлчлэл хийж байгаа хүмүүсээ эдгээх боломжгүй байдаг. Жишээ нь: Төлөөлөгч Паул өөрийг нь тарчлаан зовоодог “махан бие дэх өргөснөөс” (2 Коринт 12:7–8) салгаж өгөхийг Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйжээ. Гэвч Их Эзэн, “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдалд миний хүч бүрэн төгс болно” (2 Коринт 12:9) гэж тайлбарлан үүнийг хийхээс татгалзжээ. Гай түйтгэр, зовлон зүдгүүр аль аль нь амьдралд зайлшгүй байдаг зүйлс гэдгийг Паул илүү сайн ойлгосон ажээ.

Санваартнуудын эдгээх хүчинд тавьсан хязгаарлалт бол мэргэн ухааных болохыг Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985) ойлгосон юм. “Санваарын хүч хязгааргүй, гэвч Бурхан хүн нэг бүрд тодорхой хязгаарлалтуудыг ухаалгаар тавьсан юм… . Санваараар дамжуулан хэдийгээр би бүх өвчтөнүүдийг эдгээж чадахгүй ч гэсэн би баяртай байдаг. Нас барах ёстой хүмүүсийг би эдгээх гэж хичээж байж болох юм… . тэгснээрээ Бурханы зорилгуудыг боогдуулах гэж оролдож байгаа юм биш байгаа гэж би айдаг” гэж тэр тэмдэглэжээ.1

Олон жилийн өмнө би салбарын туршлагагүй залуу ерөнхийлөгч байх үед манай салбарын гишүүдийн нэг нь “хүнд өвчтэй эхнэрээ адислахад оролцоно уу” гэж надаас хүсэв. Тэр хүн эхнэрээ бүрмөсөн эдгэхээр адисалж өгөхийг надаас хүсч байсан нь тодорхой байлаа. Чухамдаа би ч бас тэгж л хүсч байсан. Нөхөр эхнэр хоёул тухайн үедээ хүндхэн байсан манай салбарын бат итгэлтэй гишүүд байв.

Нөхөр нь эхнэрийнхээ толгой дээр ариулан адисалсан тосыг зохих журмын дагуу түрхэж, би тосыг лацдав (Иаков 5:14-ийг үз). Гайхалтай нь гэвэл, би хэлэхээр бодож байгаагүй үгсийг хэлснээ мэдсэн юм. Тэр эмэгтэй “үхэлд оноогдсон байв” (С ба Г 42:48). Тэрбээр эдгэрээгүй боловч биднээс амар амгалан, нам тайван хагацан одож, Аврагчийн хайр ивээлд өлгийдүүлсэн юм.

Сайхь эмэгтэй маргааш нь өөд болж, оршуулгын ажлыг нь би тэргүүлэв. Тэр үед би уйтгартай байсан боловч илүү ухаалаг нэгэн болсон байлаа. Надад том сургамж болж, бид өвчтөнийг адислахдаа, “миний хүсэл бус, харин таны хүсэл биелэгдэх” (Лук 22:42)-ийн төлөө чадах бүхнээ хийх ёстой юм байна гэдгийг ухаарав.

Тийм учраас, эдгээлтийн бурханлиг бэлэг нь үүнийг хүлээн авагч тус бүрийн хэрэгцээнд тохирсон олон янзын хэлбэрээр илэрдэг. Учир нь Тэрээр тэднийг хамгийн ихээр хайрладаг учраас тэднийг хамгийн сайн мэддэг. Христийн эдгээгч бэлэг нь биеийн нэг буюу нэг хэсэг эрхтэн хэвийн биш үйл ажиллагаатай болсон тохиолдолд хэвийн ажиллахад нь байнгын дэмжлэг үзүүлж, шаналсан зүрх сэтгэлээс зовлонгийн хүнд ачаа дарамтыг нь хөнгөлж болно. Гэвч ачаа дарамт нь тэсвэрлэж даашгүй мэт санагддаг хүмүүс амар амгалан, амралт, зовлонгийн хөнгөвчлөлийг туйлын ихээр хүсдэг ч, энэ нь анагаах ухааны эдгээлтээс илүү их хүч чадал, ойлголт, тэвчээр хатуужил, өрөвч сэтгэлээс ирж болно. Энэ нь ачаа дарамтаа үүрэн гарах боломжийг зовон шаналагсдад олгодог. Алма болон түүний ах нар шиг, “нуруун дээрх ачаанууд хөнгөлөгдөж” тэд “баяртайгаар, бас тэвчээртэйгээр Их Эзэний таалалд” (Мозая 24:15) захирагдаж болно.

Анагаах ухааны үүрэг

Шалтгаан нь ямар ч байлаа гэсэн өвчнөөр шаналан зовогсод ачаа дарамтаа хөнгөвчлөхийн тулд, магадгүй нэг мөсөн зүгээр болохын тулд зөвхөн санваарын адислал хүлээн авах хэрэгтэй гэдэгт бид итгэх ёсгүй. Би бол санваарын адислалуудыг агуу өмгөөлөн хамгаалагч, дэмжигч. Есүс Христ, зөвхөн Тэр ганцаараа, эцсийн бөгөөд бүрмөсөн эдгээлтэд хэрэгтэй, үнэ цэнэтэй “Гилеадын гаврыг” (Иеремиа 8:22) эзэмшдэгийг би хувийнхаа олон туршлагаас мэднэ. Гэвч зовлон шаналлыг эдгээхэд үнэлж баршгүй тусламж болж чадах гайхамшигтай мэдлэгийг Бурхан бидэнд өгснийг би бас мэднэ. Бурханаас өгсөн ийм мэдээлэл бүрийн давуу талыг бид ашиглах ёстойд би итгэдэг.

Санваарын адислал хүлээн авсан өвчтэй зарим хүмүүс ачаа дарамтаасаа хөнгөрөхийн тулд чин сэтгэлээсээ залбирдаг атлаа зовлон зүдгүүрийнхээ төлөө мэргэжлийн тусламж эрэх юм бол, тэд итгэл дутагдахын зовлонг эдэлж байгаа хэрэг. Тэр ч байтугай итгэл нь үүнийг орлох болно гэж тэд буруугаар бодон ууж байгаа эмээ ч зогсоож магадгүй. Ийм бодол санаа үндсээрээ буруу юм. Мэргэжлийн зөвлөгөө хүлээн авч баримтлахын хамт итгэлийг хэрэглэхэд харшлах юм байхгүй. Үнэн хэрэгтээ, итгэлийг ашиглах нь анагаах ухааны мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагахыг шаарддаг.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө нь тэдний мэргэжлийн бэлтгэл, туршлага ямар ч байлаа гэсэн, энэ нь үндсэндээ эмийн эмчилгээ эсвэл сэтгэлзүйн эдгээлт байна уу ялгаагүй, сэтгэл санааны байдал бол тэдний эдгээх нөөц боломжуудын чухал бүрдэл хэсэг байдгийг ойлгох нь улам ихэсч байна. Саяхан, ердөө аравхан жилийн өмнө сэтгэл санааны байдлыг эмчилгээний курс болгон заадаг анагаах ухааны сургуулиуд Нэгдсэн Улсад хэдхэн байсан бол одоо анагаахын сургуулиудын тэн хагасаас илүү нь заадаг болжээ. Ялангуяа, сүсэг бишрэлтэй өвчтөнүүдийн хувьд үр дүнгээ өгдөг нь харагдаж байгаа сэтгэлзүйн эмчилгээний аргууд нь огт сүсэг бишрэлгүй хүмүүст хамгийн бага үр нөлөөтэй болох нь нотлогджээ. Бие болон сэтгэцийн өвчнүүдийн аль алиныг нь эмчлэхэд эдүгээ улам олон эмч, сэтгэлзүйч эмч нар сэтгэл санааны байдал дээр тулгуурласан аргууд түүнчлэн урьдчилан сэргийлэх, эсвэл өөрчлөх үйл ажиллагаанууыг ашиглаж байна.

Итгэлийн үүрэг

Хүлээн авагч талын итгэл бол эдгээлтийн агуу гайхамшигт урьдчилсан нөхцөл мөн. (2 Нифай 26:13; Мозая 8:18; С ба Г 35:9-ийг үз). Итгэл бол “бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагддаггүй зүйлсийн баталгаа мөн” (Еврей 11:1), тэр нь хувь хүний зөв шударга байдлын шагнал болон өгөгддөг Сүнсний бэлэг мөн (1 Коринт 12:9; С ба Г 46:19–20-ийг үз). Итгэлгүйгээр эдгээлтийн гайхамшиг тохиохгүй. “Учир нь хэрэв хүмүүний үрсийн дунд итгэл үгүй бол Бурхан тэдний дунд ямар ч гайхамшгийг үйлдэж эс чадах буюу. Иймийн тул тэдний итгэлийн дараа хүртэл тэрээр өөрийгөө үзүүлээгүй юм” (Ифер 12:12).

Сүнсний бүрдлийн чухал хэсэг болгон өөртөө багтаадаг бүрэн эдгэрэлт нь Бурханы хүүхдүүд бидний төрөлхийн мөн чанарыг, түүнчлэн Түүнтэй харилцах бидний харилцааг бас шаарддаг. Ялзардаг бие махбод, мөнхийн сүнс хоёр нэгдэн нийлж, амьд бодгаль—мөнх бус хүмүүс болдгийг судрууд заадаг, мөн өнөө үеийн бошиглогчид баталдаг билээ. Бие сүнс хоёр үхлээр салдаг бөгөөд үхэл нь бүх мөнх бус хүмүүст ирдэг. Бурханы томилсон цагт, “мөн бүх хүмүүн муудашгүй, мөн үхэшгүй [болно], мөн [бидэнд байдаг] махан бодид байгаагийн адил төгс мэдлэгтэй болно” (2 Нифай 9:13; мөн Алма 11:42–45-ыг үз) гэдгийг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөө бидэнд заадаг билээ.

Бид үнэхээр Бурханы хүүхдүүд бөгөөд Түүнтэй адилхан болохыг хичээх бурханлиг боломж бидэнд олгогдсоныг, биднийг хайрладаг Түүний хайр амьдралд маань амар амгаланг авчирдгийг ухааран ойлгох нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү бидний Аврагчид итгэх итгэлийг нэгтгэдэг. Аль нэг өвчний анагаах ухааны, сэтгэлзүйн эсвэл нийгмийн хэмжүүрүүд нь бие махбодын, эсвэл сэтгэцийн гарал үүсэлтэй байлаа ч гэсэн тэрхүү амар амгалан, “махан биед өгөгдсөн өргөс” хэвээр үлддэг билээ.

Зовлон зүдгүүрийн үүрэг

Бидний сүнсний хүч чадал бидний бодгалиуд ямар хэмжээгээр соригдож байгаатай шууд холбоотой байдагт би итгэдэг. Гэвч бид гай зовлонгоос тэвчээрийг ч, алдар сууг ч эрэлхийлэх ёсгүй. Зовлон зүдгүүрт өөрт нь ямар нэг чухал үнэ цэнэ гэж үгүй. Зовлон зүдгүүр бодгалийг бэхжүүлж, цэвэршүүлэхийн хамт бас үүнийг шархлуулж, улам зовлонтой болгож болно. Зовлон зүдгүүрийн дүнд зарим хүмүүс улам бэхэждэг бол, бусад нь уруудаж доройтон эвдэрдэг. “Хэрэв зовлон зүдгүүр өөрөө зааж сургадаг юм бол, бүх дэлхий ухаалаг мэргэн байхсан, учир нь хүн бүр л зовж байдаг шүү дээ”2 хэмээн Нэгдсэн Улсын зохиолч Анн Морроу Линдберг тэмдэглэжээ. Хэрэв бид “[Христийн] зовлонгуудын нөхөрлөлөөс” (Филиппой 3:10) хүртэх юм бол бид Түүнийг мэдэж, даган дуурайхын төлөө бүх зүрх сэтгэлээрээ хичээн чармайсны үнэ төлөөсийг төлөх ёстой. Энэхүү үнэ цэнэ хэрэг дээрээ зовлон зүдгүүрийг өөртөө багтаадаг боловч, өрөвч сэтгэл, бусдын зовлонгоос хуваалцах, тэвчээр хатуужил, түүнчлэн өөрсдийнхөө хүслийг Бурханы хүсэлд захируулахад бэлэн байх сэтгэлийг бид зовлон зүдгүүр дээр нэмэх ёстой.

Хүн бүхнийг хайрладаг Христийн хайрын гайхамшигт илэрхийлэл нь бүх төрлийн өвчнүүдээр зовон шаналж байгаа хүмүүст найдвар, урам зоригийг өгдөг билээ. Паулын гэрчилсэнчлэн: “Түүний хайр үргэлж яндашгүй, хэзээ ч дуусашгүй юм”

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? …

“Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Есүс Христийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна” (Ром 8:35, 38–39).

Хязгааргүй хайр, өрөвч сэтгэлээрээ Есүс бидний хүнд сорилтууд болон уй гашууг мэддэг, учир нь Тэрээр “аль ч нутагт байсан хүмүүс болгоныг анхааран үздэг. Тийм ээ! Тэрээр өөрийн хүмүүсийг тоолж, мөн нигүүлслийнх нь зүрх сэтгэл бүх дэлхийг бүрхдэг билээ” (Алма 26:37).

Тэмдэглэл

  1. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 16.

  2. “Lindbergh Nightmare,” Time, 1973 оны 2-р сарын 5, 35.