Бразильд өмсдөг ням гарагийн хувцас
“Амралтын өдрүүдийг ариунаар сахихын тулд түүнийг мөрдөгтүн” (Дэд хууль 5:12).
НЭЙТЭН Н.ВЭЙТ
Бразилийн Майнас Гэрайз-д хэзээ ч өвөл болдоггүй. Ердөө л хуурай болон чийглэг улиралтай. Халуун бөгөөд чийглэг газар юм. Конселхейро Лафайеэте Салбарын Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд маш халуун байсан ч гэсэн Ням гарагт зохистой хувцасласнаар адислал ирдэг гэдгийг суралцаж мэдсэн.
Патрисиа да Коста эгч Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа л Хүүхдийн Хэсгийнхний хувцаслалтын талаар санаа зовж эхэлсэн байна. “Маш халуун байдаг учраас хүүхдүүд Ням гарагийн хувцсаа өмсөхөд хэцүү байдаг” гэж тэрээр хэлэв. “ Хэн ч үүний талаар ямар чухал болохыг ойшоодоггүй байсан”. Хэдийгээр сүмд зохистой хувцаслах нь тийм ч хэрэгтэй биш мэт харагдаж буй ч гэсэн да Коста эгч Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд ийнхүү зохистой хувцасласнаар Тэнгэрлэг Эцэгт хүндэтгэлээ харуулахад нь туслах болно гэдгийг мэдэж байсан. Хүүхдүүд ирээдүйд сайн зуршлыг бий болгох болно.
Хүүхдийн Хэсэг зорилгууд тавив. Гэр бүлийнхэн нь ням гарагт өмсөх хувцасгүй хүүхдүүддээ хувцас авч өгөх. Ням гарагийн зохистой хувцаслалтыг харуулах жагсаалыг хүүхдийн ангидаа хийх.
Энэ нь амар биш байсан ч тэд зорилгодоо хүрсэн юм. “Хүүхдийн Хэсгийн танилцуулгын ариун ёслол дээр бүх хүүхдүүд зохистой хувцаслацгаасан байсан” гэж да Коста эгч хэлээд “Энэ нь гайхалтай байсан” гэв.
Салбарын олон гишүүд энэхүү өөрчлөлтийг анзаарсан юм. Хүүхдүүд илүү бишрэл хүндэтгэлтэй байсан бөгөөд одоо тэд эцэг эхийн сануулгагүйгээр Ням гарагт зохистой хувцасладаг болсон. Мөн тэдэнд хүлээж байгаагүй тийм нэгэн адислал ирсэн юм. Идэвх султай байсан эцэг эхчүүд сүмдээ дахин ирж үр хүүхдүүдийнхээ үлгэр жишээнүүдэд талархлаа илэрхийлсэн юм.