Мормоны Номын үр жимс
Мормоны Номыг уншихад ямар нэг зүйл надад заавал тохиолддог. Ачаа дарамт маань хөнгөрдөг. Сэтгэлийн түгшүүр, санаа зовоосон зүйлүүд, эргэлзээ маань итгэл найдвараар солигддог. Энэ үед амьдрал илүү гэрэл гэгээтэй юм шиг санагддаг.
Германд намайг залуу номлогчоор очоод удаагүй байхад Мормоны Номын талаарх гэрчлэлийг минь өсөхөд нөлөөлсөн төстэй хоёр үйл явдал тохиолдсон юм.
Нэг өглөө хаалга тогшин явж байгаад хамтрагч бид хоёр нэрд гарсан сүмийн тохинуулагчийн хаалгыг тогшлоо. Тэр биднийг дотогшоо орохыг уриад, “ширээнд сууна уу” гэв. Тэгээд тэр даруй Мормоны Номыг ихэд дургүйцэн, эрс ширүүнээр дайран шүүмжилж эхлэх нь тэр. Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг би ойлгож байлаа. Тэр зөрчилтэй сүнсээр ярьж байсан нь гарцаагүй байлаа. Гэвч герман хэлээр ярих миний чадвар дутмагаас би юу ч хэлж чадахгүй байв. Харин гайхамшигтай сайн номлогч болох миний хамтрагч уг номын талаар энгийн хүчирхэг гэрчлэл хэлж, бид хүлцэл өчөөд гарч явлаа. Зүрх минь түг түг цохилж байв. Үнэндээ би жаахан сандарсан. Дотор нэг л эвгүй болчхов.
Нэг юм уу хоёр долоо хоногийн дараа бид гудамжинд нэг хүнтэй уулзахад цаг товлохыг тэр зөвшөөрлөө. Бид цаг тохирч, тэр бидэнд хаягаа өгсөн нь бидний томилогдсон Минден хотоос хэдэн км зайтай ч манай бүс дэх үзэсгэлэнт жижигхэн хот Бескебург байлаа.
Өвөл байлаа. Ням гарагийн өглөө товлосон цагтаа очихын тулд дугуйгаа унаж, өмнөөс үлээх хүйтэн салхи сөрөн, хүрэх газраа очлоо. Даарч ядарсан бид хоёр нөгөөх хүний байрны хаалганы хонхыг дарахад, тэр хаалгаа онгойлголоо. Бид түүний сууц руу шатаар өгсөн дотогш оров. Хоёрхон долоо хоногийн өмнө нөгөөх тохинуулагчийн гэрт мэдэрсэн шиг тийм зөрчилтэй сүнсийг тэр даруйд бид өрөөнд оронгуутаа мэдэрлээ.
Гэрийн эзэн биднийг суу гэсэнгүй. Харин тэр түр зуур өрөөг орхин гарав. Тэр буцаж ирэхдээ хэд хэдэн өөр Библийг авчран ширээн дээр хаяад, маш чанга эсэргүүцэж өдсөн дуугаар, “Ингэхэд та нар чинь шашны сэдвээр ярилцахыг хүсэж байгаа гэл үү. Тийм үү?” гээд цонх руу зааж “Сайн байна. Харин эхлээд Мормоны Номоо тэр гол руу хаячих!” гэж архирах мэт зандрав.
Тохинуулагчийн гэрт болсон явдлаас хойш хоёр долоо хоног өнгөрөөд байв. Иймээс би одоо германаар ганц хоёр өгүүлбэр хэлж чадахтай болсон байлаа. Ингээд би оролдож үзлээ. Ахлах хамтрагч маань мөн л Мормоны Номын тухай хүчирхэг атлаа аядуу намуухан гэрчлэл хэлж, цаг заваа гаргасных нь төлөө нөгөөх хүнд найрсгаар талархав. Тэгээд бид хүлцэл өчиж, Миндер рүү дугуйгаараа жийж гарлаа. Энэ удаад салхи бидний араас салхилж байлаа.
Мормоны Номын үнэний тухай гэрчлэл надад байсан. Эсвээс би тэр үед ингэж боддог байсан. Гэвч хоорондоо ийм ойрхон болсон энэ хоёр үйл явдлын дараа миний гэрчлэл өмнө нь гүнзгий, хүчирхэг биш байсан нь тодорхой болж билээ. Би өөртөө болон Мормоны Ном үнэний тухай гэрчлэлээ хүчтэй, итгүүлэн сэнхрүүлэх арга замаар хэлэх чадвартаа итгэлтэй биш байжээ.
Хэрэв би номлолдоо амжилт гаргахыг хүсэж байгаа бол, Мормоны Номын тухай гэрчлэл маань үнэн хүчтэй эсэхийг өөрөөсөө асуух хэрэгтэй байсан. Ингээд би энэ тал дээр ажиллахаар шийдсэн. Би уншиж, залбирч, бодож, бясалгаж байлаа. Эцэст нь Их Эзэн миний хүч чармайлтыг адисалсан юм. Гэрчлэлтэй болж, хэзээ ч сарнин алга болоогүй юм. Харин ч он жилүүд өнгөрөх тусам улам хүчтэй болсон билээ.
Сайхь хоёр үйл явдлын тaлаар би олонтаа боддог. Би хамтрагчийнхаа ухаалаг, тууштай байсанд талархаж явдаг. Дүрслэн өгүүлэх юм бол миний мөрөн дээрээс базан авч, намайг сэгсчсэх мэт болсон, санаандгүй тааралдсан тохинуулагч, нөгөөх улайрсан шүтэн бишрэгч хоёрт ч гэсэн би талархалтай байдаг. Өнөөдөр 40 гаруй жил өнгөрсөн ч, би тэдний нэрийг, бас уулзахад юу ярьсныг нь тод санадаг. Тэдний тухай бодох үед 3 Нифайн дараах агуу хэсэг санаанд минь орж ирдэг юм:
“Мөн та нарт миний зарлиг болсны дагуу тийн баптисм хүртээх болно. Та нарын дунд өмнө нь байсан шиг ямар ч сөргөлдөөн байх ёсгүй. Бас өмнө нь байсан шиг сургаалын минь заалтуудын талаар та нарын дунд сөргөлдөөнүүд байх ёсгүй.
“Учир нь үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ. Зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой. Мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг.
“Болгоогтун. Хүмүүний зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уураар өдөөн хатгах нь миний сургаал бус. Харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” (3 Нифай 11:28–30).
“Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, өөрийгөө захирах чанар юм” (Галат 5:22–23) хэмээн галатчуудад бичсэн Паулын агуу үгсийн тухай бас боддог.
Эдгээр нь Мормоны Номыг уншихад надад бий болсон туршлагын үр жимс юм. Энэ номын хуудсуудыг уншснаар, үүний агуулдаг Христийн ер бусын сургаалуудыг бясалган бодсоноор, эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээснээр энэ бүхэн оюун ухааны, бодгалийн минь хэсэг болж, зүрх сэтгэлд минь “хүчирхэг өөрчлөлтийг” (Мозая 5:2; Алма 5:14) бий болгосон юм. Эл өөрчлөлт нь намайг илүү сайныг үйлдэхэд маш найрсаг, шүүмжлэмтгий бус илүү их өгөөмөр байдалд сургасан юм. Мөн Их Эзэний надад өгсөн агуу адислалуудыг бусадтай хуваалцах хүчийг надад өгсөн юм.
Энэ бол Бурханы Сүнсний үр жимс юм. Энэ бол Мормоны Номын үр жимс юм.