2008
Ариусах цагаа төлөвлөх нь
2008 оны зургадугаар сарын


Ариусах цагаа төлөвлөх нь

Хонг Конгийн гудамжуудад түм түжигнэж, бум бужигнан, амьдрал хурдаар урагшилна. Өдөр ч, шөнө ч үй олон хүн дэг журамтай ч гэсэн нэг газраас нөгөө рүү яаран явна. Хүмүүс метро руу үерийн урсгал шиг үй олноороо орж, нөгөө тал дээр нь бас л түм бумаараа ажил алба, зах зээл, сургууль соёлдоо яарна.

Шаргуу ажил, ажлынхаа үр дүнг эрхэмлэн үнэлдэг соёл заншилд, бүхнийг өдөр хийхэд хангалттай цаг байдаггүй бололтой.

Зав чөлөөгүй ням гарагийн төгсгөлөөр Нг Кати Ка Лай ганц бие насанд хүрсэн хэдэн найздаа “Надад цаг маш их хэрэгтэй байна” гэж шүүрс алдан хэлж билээ.

Дэлхий шахаж шавдуулдаг бас дарамталдгийг найзууд нь хувийн туршлагаасаа мэдэх ажээ. Хүн өөрт нь үлдсэн цагтаа багтаан дэлхийн арга замаар алгуурхан сажлахад дэлхий хүнийг хэдэн тийш нь нэг зэрэг чангааж чадна. Бидэн дээр тавигддаг дэлхийн шаардлагууд сүнсний зүйлүүдэд зориулах багахан цагийг бидэнд үлдээдэг. Иймээс хэрэв бид анхааралтай байхгүй бол, бид Бурханы нигүүлслийг дуудахаасаа өмнө дэлхийгээс хамгаалалтгүй байгаагаа ухаарах болно.

Дэлхий зогсолтгүй урагшилсаар байна

Зогсолтгүй урагшилсаар байгаа дэлхийн нэг хэсэг болох нь хичнээн амар хялбар болохыг Кати найз нарынхаа хамт мэдсэн ажээ.

Үйлдвэрийн хянагч, 28 настай Чөү Шу Вай долоо хоногт 70 цаг ажилладаг гэнэ. Барилгын инженер 29 настай эмэгтэй Юенг Ланг Синг долоо хоногт 50-иас илүү цаг ажилладаг аж. 28 настай Кати худалдаа, үйлчилгээний газарт долоо хоногт мөн л 50 орчим цаг ажилладаг гэнэ. 27 настай эрдэм шинжилгээний туслах ажилтан Чан Мисти Лай Минг, 28 настай механикч инженер Цанг Дик Хинг Леюнг нар 45 цаг орчим ажилладаг аж.

Итгэлтэй эдгээр залуу насанд хүрэгчид Сүмийн дуудлагуудаар нэмэлт үүрэгт ажлыг бас хүлээн авсан бөгөөд хүн бүр долоо хоногт 5–15 хүртэлх цагийг зарцуулдаг байна. Энэ бүлэгт гадасны Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, гадасны Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, тойргийн Ням гарагийн сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, бүс нутгийн институтын зөвлөлийн ерөнхийлөгч, гадасны ганц бие залуу насанд хүрэгчдийн төлөөлөгч орж байна.

Хувийн сүнсний шинэчлэлтэд цаг гаргахад зориулсан төлөвлөгөө хүнд байх ёстой гэж найз нар ярьж байлаа. Бүтээлч сэргэг байхын тулд бага унтаж, эрт босч, орой унтах, ажилд явах, ажлаас ирэх бас завсарлагааг ч ашигладаг аж.

“Судар унших гэх мэт зүйлүүдэд цаг гаргахыг хүсэх юм бол, эдгээрт цаг олох нь хялбар байдаг. Хэрэв бидэнд төлөвлөгөө байхгүй бол олдсон аливаа чөлөөт цагаа бид дэмий өнгөрүүлэх хандлага илүү их байдаг байх” гэж Дик хэлэв.

Анхаарал сарниулах зүйлүүдээс сэрэмжил

Дэлхий бидний анхаарлыг ажил хөдөлмөр болон үүрэг хариуцлагад хандуулах бус өөр бусад зүйлсээр анхаарлыг маань сарниулахыг хичээж байна.

“Анхаарал сарниулах зүйлүүд дэлхийд өч төчнөөн байна. Жишээ нь: MP3 гэдэг авсаархан дижитал сонсож бичих тоглуулагчийг Мисти дурьдав. Энэ нь хаашаа ч явлаа гэсэн дуртай дуу хөгжмөө бичиж авч явах боломжийг танд олгох боловч, анхаарал төвлөрүүлэхэд саад учруулж болно.

“Би MP3-аа бараг жилийн өмнө хаясан. Анхаарал төвлөрүүлэхэд энэ нь хэтэрхий саад учруулдаг. MP3-ыг тоглуулж байгаа үед би анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй” гэж Мисти ярилаа.

Телевизийн тухай Дик ярив. “Хэрэв телевиз үзэх цаг надад байгаа бол, судар судлах цаг надад байна гэсэн үг. Зөв зүйлийг зөв цаг үед хийхэд оновчтой цагийг олох хэрэгтэй.”

Эдгээр залуу насанд хүрэгчдийн хувьд зохисгүй үзвэр үзэх тохиромжгүй хөгжим сонсохгүй байх нь чухал ажээ. Тэдний сүнслэг зүйлүүдэд зориулдаг цаг, үзвэрт зориулдаг цагаас арай их байгаа нь асуудал болж байгаа ажээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скотт: “Дэлхий дээр янз бүрийн зүйлүүд хэт их байгаа үед буруу юмс давамгайлах нь олонтаа байдаг… . Сайн хүмүүсийн эсрэг ашиглах хүчтэй арга хэрэгсэл Сатанд байдаг. Энэ нь анхаарал сарниулах явдал мөн. Тэрээр сайн хүмүүсийн амьдралыг нь ‘сайн зүйлүүдээр’ дүүргэхийг хичээх болно. Харин ингэснээр муу зүйлүүдэд зай байхгүй болно”1 гэж хэлжээ.

Өөрсдийгөө ариусга

Дик, Кати, Ланг, Мисти, Шу нар өөрсдийгөө дэлхийгээс чөлөөлөхийг хичээхдээ, “Та нар өөрсдийгөө ариусгаж, ариун бай” (Левит 20:7) гэж Их Эзэн хэлсний дагуу үүрэг хариуцлагад суралцаж байна. Ариусгалыг хэрхэн эрэлхийлэхийг найз нар ярилцжээ.

1. Итгэлээр

“Тэд надаар ариусгагдаж болохын тулд тэд надад итгэх итгэлээ хэрэглэх болно хэмээн Их Эзэн өгүүлдэг билээ” (Ифер 4:7).

Итгэл нь үйлдэл рүү хөтөлдөг. Ийнхүү Есүс Христэд итгэх итгэл нь Христийнхтэй адил үйлдлүүд рүү хөтлөх болно гэдэгт эдгээр залуу насанд хүрэгчид итгэдэг ажээ.

Дик өдрийн турш Есүсийн тухай аль болох олон удаа бодохыг хичээдэг аж. “Тэр бол ариун байдлын хувьд бидний үлгэр дуурайл юм. Есүс юу хийсэн билээ? Тэр юу гэж хэлсэн билээ?” гэж тэр асуув.

Тэр энэ замаар амьдрахыг хичээдэг.

Итгэлийнхээ улмаас найз нар судруудыг судалж, институтэд явж, номлогчидтой ажиллаж, ариун сүмд үйлчилдэг ажээ. Тэд бусдад үйлчилж, боломж олдсон үед гэрчлэлээ хуваалцдаг байна. Тэд бас Их Эзэнд дуулгавартай байхын тулд хүсэл сонирхлоо золиослох хүсэлтэй байдгаа харуулжээ.

“Миний оюун ухаан, миний ажил үйлс Есүс Христ дээр төвлөрөх ёстой. Тэвчээртэй болохын төлөө юу ч хийгээгүй байж тэвчээрийн тухай би ярьж чадахгүй. Хэрэв би Түүнд итгэдэг бөгөөд Түүнд итгэх итгэлтэй байх юм бол би Түүнтэй илүү адилхан болж чадна” гэж Кати хэллээ.

2. Судалснаар

“Үнэн дотор тэднийг ариусгаач: Таны үг бол үнэн мөн ” (Иохан 17:17).

“Судрууд дахь зарчмуудыг амьдралдаа хэрэглэсэн үед эдгээр нь амьдралд бидэнд тулгардаг асуудлуудыг даван туулж, шийдвэрлэхэд туслах хариултууд болдог” гэж Дик судар судалдаг туршлагынхаа тухай өгүүлэв.

Бүх найз нар нь үүнтэй санал нэг байдаг аж. Тэд өдөр бүр судар судлах цаг гаргахыг хичээдэг гэж ярилаа. Тэгэхдээ судар судлах энэ цаг нь ажлын өмнө хагас цаг, унтахын өмнө эсвэл ажилдаа явж байгаа буюу ажлаас ирж байгаа үед байдаг аж.

“Залбирч, тунгаан бодох замаар судар судлах нь бидэнд сүнслэг нөлөөг нээж өгдөг. Тэр ч байтугай, бидний зан төлвийг өөрчилж чадна.2

Судрууд сайн мэдээний тухай миний ойлголтыг гүнзгийрүүлдэг. Үүний дүнд би Сүнсийг мэдэрч чадна. Энэ нь намайг Бурханд улам ойртуулдаг” гэж Ланг хэллээ.

3. Золиослолоор

“Зүрх сэтгэлээ Бурханд зориулсны улмаас ариусал ирдэг” (Хиламан 3:35).

“Бурханыг дагахын тулд хүсэл сонирхлоо золиослох хүсэлтэй байхыг Аврагч биднээс хүсдэг” гэж Кати хэлэв.

“Бид дэлхийн зүйлүүдийг орхих хүсэлтэй байх ёстой” хэмээн Мисти санал нэгдэв.

Жишээ нь: Лукийн Сайн мэдээнд нэг залуу эр мөнх амьдралтай болохын тулд тэр юу хийх хэрэгтэй вэ? гэж Есүсээс асуусан тухай Ланг ярилаа. Тэр залуу эр бүр багаасаа зарлигуудыг сахидаг байж, гэвч байгаа бүх юмаа зарж, Аврагчийг дагахад (Лук 18:18–23-ыг үз) Есүс түүнийг урихад тэрээр эд баялгаа орхихыг хүсээгүй юм.

“Христийг дагахын тулд тэрээр санаа тавьдаг зүйлүүдээ золиослох хэрэгтэй байсан юм. Эд баялаг биш боловч, Түүнийг дагахаас биднийг хол хөндий байлгадаг зүйлүүд бидэнд байдаг” хэмээн Ланг тайлбарлав.

Тэдний ярилцсан нэг жишээ бол Бурханыг мэдэхийн тулд бүх нүглүүдээ орхих хүсэлтэй байсан Хаан Лемонайн эцэг юм (Алма 22:18-ыг үз).

“Түүнийг дагах итгэл бидэнд байгаа эсэхийг Бурхан мэдэхийг хүсдэг. Тэр зүрх сэтгэлээсээ хандаасай хэмээн хүсдэг. ”Бид юуг илүү хайрладгийг мэдэхийг Тэр хүсдэг. Ийнхүү бид Түүний шавь нар болдог юм“ гэж Мисти хэлэв.

“Ариун болохын тулд бид хүсэл сонирхлоо золиослох ёстой” гэж Шу ярилаа.

4. Дуулгавартай байдлаар

“Хуулиар зохицуулагддаг тэр нь тэрчлэн хуулиар хамгаалагдан мөн төгөлдөржиж мөн түүгээр ариусгагддаг болой” (С ба Г 88:34).

Бид Их Эзэний хүслийг биелүүлж гэрээнүүдийнхээ дагуу амьдран, Түүний зарлигуудыг дагаснаар, хүсэл сонирхлоо золиосолж буйгаа харуулдаг.

“Бурхан бидэнд хуулиудыг өгсөн юм. Эдгээр хуулиудад дуулгавартай байх нь биднийг ариусгадаг” гэж Дик хэллээ.

“Хэрэв бид дуулгавартай байх илүү их хүсэлтэй байх юм бол, бид илүү их адислалууд хүлээж авах болно. Түүний хуулийг дагаснаар аз жаргалтай байж чадна” хэмээн Кати өгүүлэв.

5. Цагаатгалаар

“Энэхүү хүслээр бид Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеэ өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм” (Еврей 10:10).

“Миний хувьд ариун байх гэдэг нь Бурханы оршихуйд зохистой байх, цэвэр ариун байх гэсэн үг юм. Энэ бол зөвхөн Цагаатгалаар дамжсан тохиолдолд боломжтой зүйл” гэж Ланг ярилаа.

“Аврагч бидний бүх зовлон бэрхшээлийг аль хэдийн биеэр амссан шүү дээ. Бидэнд байдаг мэдрэмжүүдийг Тэрээр аль хэдийн мэдэрсэн юм. Тэрээр ариуны нэгэн адил биднийг ариун болгох агуу хүч Цагаатгалд байдаг” гэж Мисти ярив (Моронай 10:32–33-ыг үз).

Цагаатгал бидний амьдралд нөлөөлөхийн нэг хэсэг нь “Аврагч бидний төлөө юу хийснийг санах явдал мөн” гэж Кати хэллээ.

Тэр наманчилж, зарлигуудыг өдөр тутам сахиж, өөрийг нь ариун болгох боломжийг Их Эзэнд олгосон үед Цагаатгалын үр дүнг Аврагч мэдэрдэг. Энэ бол бид өөрсдийгөө хэрхэн ариусгаж болохын, мөн Их Эзэн биднийг хэрхэн ариусгаж болохын жишээ юм гэж Дик ярив (Левит 20:7–8-ыг үз).

Дэлхийд бай, харин дэлхийнх бус бай

Эдгээр залуу хүмүүс ариун байхын тулд дэлхийн зүйлүүдээс өөрсдийгөө чөлөөлж, цаг заваа хуваарилж байгаа аж. Учир нь “өөрсдийгөө зохион байгуул Мөн өөрсдийгөө бэлтгэ. мөн өөрсдийгөө ариусга. Тийм ээ. Зүрх сэтгэлээ цэвэршүүл. Мөн миний өмнө гараа мөн хөлөө цэвэршүүл …” хэмээн Их Эзэнд бидэнд зарлигласан билээ.

Их Эзэн яагаад ариун байхыг бидэнд зарлигласан нь үүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг ойлгохын нэгэн адил чухал юм.

“… Би та нарыг цэвэр ариун болгож болохын тулд; та нарын Эцэг, мөн та нарын Бурхан мөн миний Бурханд бибээр гэрчилж болохын тулд, та нар ёс бус энэ үеийнхний цуснаас цэвэр ариун бай” (С ба Г 88:74–75).

Шөнийн Хонг Конгийн эцэс төгсгөлгүй хөл үймээнийг Дик хараад, “Амьдрал галзуу юм шиг болжээ. Амьдралдаа бид Аврагчид зориулан цаг гаргасан үед, өөрсдөдөө тулгардаг сорилтуудыг даван туулахад бид Түүний тусламжийг авч чадна. Миний хувьд Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очих боломжтой байх шиг тийм чухал зүйл дэлхийд байхгүй” гэж хэлэв.

Тэмдэглэл

  1. “First Things First,” Лиахона, 2001 оны 7-р сар, 7.

  2. Боид К.Пакер, “Do Not Fear,” Лиахона, 2004 оны 5-р сар, 77-г үз.

Хэвлэх