2008
Сүмийн юунд нь би хамгийн дуртай вэ?
2008 оны зургадугаар сарын


Сүмийн юунд нь би хамгийн дуртай вэ?

Саяхан манай нөхөр бид хоёр хэсэг найз нартайгаа үдийн хоол идлээ. Бидний яриа шашны сэдэв рүү ороход, Сүмийн идэвх султай гишүүн, нэг найз маань Сүм яагаад үнэн биш болохыг надад ярьж эхлэв.

Тэр тайлбарлах үедээ зөрүүд шазруун бас ууртай болсон гээч. Тэр бүх үеийн туршид би сонссоор суулаа. Эхлээд би уйлмаар санагдсан ч, дараа нь уурлаж, түүнд сэнхэртэл нь яриад өгөхсөн гэж бодлоо. Гэвч Ариун Сүнс “дуугүй бай” гэж надад хэлэв.

Найз маань хоол дуусч, хоолны үнийг төлөх хүртэл ярьсаар байв. Тэгээд тэр миний няцаалтыг хүлээх мэт дуугүй болов. Би чимээгүй залбирал хийхээр хэсэгхэн зуур суув. “Ням гарагт сүмд явахын юунд би хамгийн их дуртайг чи мэдэх үү? Ариун ёслол. Нам гүмхэн орчинд толгойгоо бөхийлгөж, Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирах боломжийг Ариун ёслол надад олгодог. Өнгөрсөн долоо хоногийн туршид хийсэн зүйлүүдээ би түүнд ярьж, сайжрах арга замуудыг эрж хайдаг гэж” гэж би зөөлхөн намуухан дуугаар, тайвуухан хэлэв.

Тэгээд би, “Өнгөрсөн долоо хоногт өөрийнхөө адислахыг хичээсэн бүх хүмүүсийн талаар бодож, ирэх долоо хоногт улам олон хүмүүсийг адислахад надад туслахыг Тэнгэрлэг Эцэгээсээ гуйдаг. Долоо хоног бүр ариун ёслолын үеэр ийнхүү залбирч, чадах бүхнээ хийх боломжтой байдагтаа би баярлан талархдаг” гэж нэмж хэллээ.

Найз маань над руу харснаа юу ч хэлсэнгүй. Бид зоогийн газраас гарч, машин руугаа явлаа. Тэр үед би, манай гэрт номын тавиур дээр байдаг амьдралаа хэрхэн өөрчлөх тухай зөвлөгөө агуулсан номуудыг санаж байна уу гэж түүнээс асуув. Тэр санаж байв. Би Сүмд нэгдсэнээсээ хойш, амьдралаа өөрчлөх зөвлөгөө өгдөг өөр нэг ч номыг уншаагүйгээ түүнд хэлэв. Тэр цагаас хойш хариултуудаа авдаг ганцхан номтой болсон нь Мормоны Ном гэж би хэллээ.

Хэдэн өдрийн дараа тэр утасдаж, уучлал гуйв.

“Христэд ирэгтүн … мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрла” (Моронай 10:32) хэмээн Моронай бидэнд зөвлөсөн байдаг. Би энэ зөвлөгөөг дагахыг хичээсэн үед Бурханы хүүхдүүдийг, тэр ч байтугай миний дайсан байхыг оролддог хүмүүсийг хайрлах хайр минь өсөн нэмэгддэг билээ.