2008
Зөвхөн өнөөдөр биш
2008 оны зургадугаар сарын


Зөвхөн өнөөдөр биш

“Ариун сүм өөд явахаар нэгдэн цугларч болохын тулд буюу” (Mозая 1:18).

Бямба гараг бусад өдрүүд шиг л эхэлнэ. Колиний гэрийн ойр байдаг уулын цаанаас нар мандаж туяа нь унтлагын өрөөнийх нь цонхоор тусав. Магадгүй бусад өдөр тэр хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч орондоо хэвтэхийг хүсэх байсан байх. Гэвч Колин эвшээж, суниагаад орноосоо босов. Учир нь өнөөдөр нэгэн онцгой үйл явдал болох бөгөөд тэрээр үүнд өөрийгөө бэлдэх ёстой.

Бямба гарагт ихэвчлэн найзуудтайгаа тоглож, цэцэрлэгт ажиллахад нь туслах эсвэл эмээ өвөөгийндөө очиж гар хөлийн үзүүрт зарагддаг байв. Тэр үргэлж биед эвтэйхэн хувцас өмсдөг бөгөөд халтартуулж болох хувцас өмсдөг байв. Харин Ням гарагт тэр хамгийн сайн хувцсаа өмсдөг бөгөөд ээж нь түүний хувцасхувцсыг цэвэрлэж индүүддэг байв. Тэр цагаан цамцаа товчлоод болгоомжтойгоор цамцаа өмднийхөө дотуур хийв. Тэр оймс гутлаа өмсөж зангиагаа хүзүүгээрээ сул унжуулаад— “Аав надад зангиа зангидахад туслаг” хэмээв. “Явах цаг боллоо” хэмээн ээжийг дуудахад тэр бэлэн болсон байв.

Бүгд машинд орж суун бүсээ бүслэхэд Аав машинаа барин гудамжаар уруудан замын хашлагыг тойрон давхив. Ариун Сүмийн гадаа ирэхэд Колин инээмсэглэв. Ариун сүмийн гөлгөр гадаргуу нь нарны гэрэлд гялалзан цонхны өнгө өнгийн босоо шилүүд нь шовх орой болон тэнгэр элч Моронай руу чиглэсэн байхыг Колин олж харав.

Колин урьд нь ариун сүмийг олон удаа харж байсан билээ. Эцэг эхтэйгээ холболт хийлгэхэд тэр дөнгөж зургаан сартай байсан бөгөөд дараа нь дүү Каденийг нь өргөж авахад тэрээр Ариун сүм дотор орж үзсэн байна. Колин энэ хоёрын алиныг нь ч санадаггүй бөгөөд харин тэр сүүлд нь тэнд чухам ямар чухал зүйл болсныг сурч мэдсэн юм. Энэхүү онцгой Бямба гарагийн айлчлалын дараа өргөж авсан охин дүү Шаэла нь бусад дүү нарынх нь нэгэн адил мөнхөд гэр бүлийнх нь нэгэн хэсэг болж байгааг Колин ухаарсан юм.

Бусад өдрүүдэд Колин үргэлж ярьж бас инээх дуртай байдаг. Гэвч гэр бүлийнхэнтэйгээ хамт ариун сүмийн том хаалгаар оронгуутаа л тэр аль болох чимээ гаргахгүй намуухан ярихыг хичээж байлаа. Тэр энэ бол ариун дагшин газар гэдгийг мэдэж байв.

Ариун сүмийн нөхөрсөг ажилчид Колин, Каден, Шаэла нарыг аав ээжийн хүлээж байдаг холболтын өрөөнд очих хүртлээ хувцсаа сольж хэсэг саатдаг хүүхдүүдийн өрөө рүү аваачив. Холболтын өрөөнд Колин эмээ өвөө, нагац, авга, гэр бүлийн найзууд болон гадасны зарим гишүүдийг олж харав. Хэдийгээр зарим хүмүүс нулимсаа арчиж байсан ч гэсэн энэ нь маш аз жаргалтай өдөр байсан юм.

Ариун сүмийн холбогч хөвгүүдтэй мэндлэн чангаар тэдний гарыг атгаад инээмсэглэв. Тэрээр цагаан хувцас нь тэдэнд маш их зохиж байгаа тухай хэлэв. Мөн үргэлж зөв сонголтуудыг хийж номлолын ажилд өөрсдийгөө бэлтгээд дахин ариун сүмд ирэхийг зоригжуулав. Тэгээд тэдэнд одоо хийх гэж буй зүйл нь ямар чухал болохыг дахин сануулав. Үүний дараа тэрээр холболтын ёслолыг эхлэв.

Холболт дууссаны дараа Колин гэр бүлийнхэнтэйгээ хамт өрөөний эсрэг талд байдаг толинд харцгаав. Колин өөрийгөө, мөн аав,ээж, дүү болон нялх охин дүүгээ харав. Толинд тусах тэдний тусгал нь яг л мөнхийн гэр бүл шиг үргэлжлэн ямар ч төгсгөл байхгүй байв. Гэр бүл нь зөвхөн өнөөдөр биш мөнхөд байхын тулд ариун сүмд холболт хийлгэсэн гэдгийг Колин сайтар мэдэж байв.