2008
Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг амсахуй ЗҮРХ СЭТГЭЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ
2008 оны зургадугаар сарын


Мормоны Номын сургамжууд

Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг амсахуй ЗҮРХ СЭТГЭЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ

Зураг
Elder Keith K. Hilbig

Хэдэн жилийн өмнө Зүүн Европт нэгэн залуу ахлагч өөрийн бүс нутгийн номлогч нарын чуулган дээр амьдралыг нь төлөвшүүлсэн нэгэн туршлагыг хуваалцахыг би сонсож байлаа. Тэрээр хамтрагчтайгаа хамт холын нэгэн хотод Иван гэдэг (нэрийг өөрчлөв), дунд насны нэгэн эрэгтэйг олж, түүнд сургаал зааж байжээ. Тэдний сонирхогчийн амьдрал хүнд хэцүү болохыг элэгдэж гандсан хувцас, ширэлдсэн сахал, бас бусдад итгэдэггүй зан нь харуулдаг байв. Амьдрал түүний хувьд хахир хатуу, энэрэл өршөөлгүй байжээ.

Өмнө нь ямар ч шашин шүтлэггүй байсан Иванд даван туулах ёстой зүйл өдий төдий байлаа. Сэргээгдсэн сайн мэдээтэй үл нийцэх дадал зуршлуудаас салах хэрэгтэй байв. Шинэ зарчмуудыг хүлээн авч, улмаар эдгээрийг нэгтгэх хэрэгтэй байлаа. Иван сурч мэдэхийг хүсч, баптисм, гишүүний баталгаанд өөрийгөө хичээнгүйлэн бэлтгэсэн аж. Түүний элэгдэж ноорсон хувцас, ширэлдсэн сахал хэвээр байсан боловч, тэрээр анхны алхмуудыг хийж байв. Иваны баптисмын дараахан, нөгөөх номлогч шилжжээ. Ивантай дахин уулзах байх гэсэн найдвар түүнд байсан гэнэ.

Зургаан сарын дараа номлолын ерөнхийлөгч нөгөөх залуу ахлагчийг хуучин салбарт нь томилсон аж. Ахлагч үүнд гайхсан боловч, шинэ хамтрагчтайгаа хуучин салбартаа эргэж очихын хүслэн болж, энд ирсэн анхныхаа ням гарагт ариун ёслолын цуглаанд эртхэн очжээ. Гишүүд энэ номлогчтой дахин уулзсандаа баяртай байв. Тэд инээмсэглэн, түүний өөдөөс очиж, халуун дотноор мэндэлцгээж байлаа.

Ахлагч цөөхөн хүнтэй цугларагсдын дундах бараг хүн бүрийг таньж байв. Гэвч тэрээр хамтрагчтайгаа зургаан сарын өмнө түүнд зааж, баптисм хүртээсэн нөгөөх хүнийг хүмүүсийн дундаас эрээд эрээд олсонгүй. Урам хугаралт, уйтгар гунигийн мэдрэмж ахлагчийг эзэмдэв. Иван урьдах хортой муу зуршлууддаа эргэж очсон гэж үү? Тэрээр баптисмын гэрээгээ хүндэтгэхээ больсон гэж үү? Наманчлалаар нь түүнд амлагдсан адислалуудыг тэрээр алдсан гэж үү?

Номлогчийг тэврэхээр урагш яаран тэмүүлж, ойртон ирсэн нэг танихгүй хүн ахлагчийн айдас, санаашралыг үгүй болгов. Сахлаа цэвэрхэн хуссан тэр хүн итгэлтэйгээр инээмсэглэн түүний нүүрнээс нинжин сэтгэл, сайхан санаа цацрах лугаа адил гэрэлтэн байв. Цагаан цамц, нямбай зангидсан зангиа зүүсэн тэр хүн Хүндэтгэлийн өдрийн өглөө цөөн хүнтэй цугларагсдын ариун ёслолыг бэлтгэхээр явж байгаа нь энэ ажээ. Нөгөө хүнийг зөвхөн ярьж эхлэхэд нь ахлагч түүнийг танилаа. Энэ хүн чинь тэдний зааж, баптисм хүртээсэн хуучин Иван биш, шинэ Иван байна шүү дээ! Итгэл, наманчлал, уучлалын гайхамшиг найзад нь биелэлээ олсныг ахлагч харж байлаа. Цагаатгал бодитой болохыг тэрээр дахин ухаарлаа.

Ахлагчийг уг салбараас явснаас хойших саруудад Иван тэдний хэмжиж болох бүх хэмжүүрээр өсч, өөрчлөгдсөнийг энэ номлогч бүс нутгийн номлогч нарын хуралд оролцож байсан үе чацуутнууддаа ярьж билээ. Иван сайн мэдээг баяртайгаар хүлээн авсан юм. Баптисм хүртэх болон хөрвүүлгийн үйл явцыг цаашид үргэлжлүүлэн урагш ахихад аль алинд нь хангалттай “зүрх сэтгэлийн өөрчлөлтийг” (Алма 5:26) тэрээр биеэрээ туулжээ. Тэрээр илүү дээд санваар болон ариун сүмийн ёслолд бэлтгэж байв. Иван чухамдаа “дахин төрсөн” (Алма 7:14) байлаа.

Номлогч үгийнхээ төгсгөлд, “Өнгөрсөн зургаан сард би хэр зэрэг их ‘зүрх сэтгэлийн өөрчлөлтийг’ биеэрээ мэдэрсэн билээ?” гэж өөрөөсөө чангаар асуув. Тэрээр өөртөө шүүмжлэлтэй хандахаа үргэлжлүүлэн, “Би ‘дахин төрсөн’ гэж үү?” хэмээн чангаар асуулаа. Энэ хоёр асуултыг хүн бүр өөртөө хандан байнга тавьж байх ёстой юм шүү.

Өнгөрсөн жилүүдэд би залуу номлогчийн үгсийг, бас Иваны өсөлт өөрчлөлтийг эргэцүүлэн бодож үзсэн юм. Бидний зүрх сэтгэл дэх “хүчит өөрчлөлт” (Алма 5:12) болон “сүнсний хувьд … Бурханаас” (Алма 5:14) төрөх нь сэргээгдсэн сайн мэдээг баяр талархалтайгаар хүлээн авах үйл явцад ямар үүрэг гүйцэтгэдгийг би тунгаан бодож үзлээ. Эдгээр нь мөнх бус байдал дахь нэг удаагийн туршлага биш, харин Их Эзэний сургаалын чухал хэсэг гэдэг нь тодорхой юм гэсэн дүгнэлтэд би хүрсэн билээ. Сорилт нь хөрвүүлгийн болон хувь хүний сайжралтын үйл явцыг гүнзгийрүүлэх зорилготой байдаг. Эдгээр нь биднийг мөнх амьдралд илүү бүрэн дүүрэн бэлтгэдэг.

Сүнслэг байдлаар дахин төрөхийн сорилтууд

Дахин төрөх болон зүрх сэтгэлийн хүчтэй өөрчлөлтийн сорилт нь анхааралтайгаар авч үзвэл зохих ёстой сорилт юм. Хувь хүний өмнөх буюу одоогийн зан төлөвөөс огт хамааралгүйгээр, зөвхөн Христийг дэлхийн Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрснөөр л хүмүүс дахин төрж болно гэдэгт Христэд итгэгчдийн зарим нь итгэдэг. Христийн үүргийг хүлээн зөвшөөрөх нь Христэд итгэх итгэлийг итгэлтэй нэгдсэнээр Эцэг Хүү хоёрын оршихуйд биднийг бүрмөсөн аваачихад хангалттай гэж нотолдог. Ийм байр суурь сайн зорилго агуулсан байж болно, гэвч буруу юм.

Дахин төрөх тухай үзэл баримтлалын олон ишлэл Шинэ Гэрээнд байдаг хэдий ч, үүнд хэрхэн хүрэхийг орчуулгад нь үргэлж яг тодорхой тайлбарлаагүй байдаг. Жишээ нь, Аврагч (Иохан 3:5–7-г үз), Иохан Баптист (Матай 3:11-ийг үз), Паул (Ром 6:2–6; 2 Коринт 5:17; Галат 4:29; Ефес 4:24-ийг үз) уг зарчмыг тунхагласан байдаг, гэвч тэд үүний утгыг тодруулаагүй юм.

Үүний эсрэгээр, Мормоны Ном бол зүрх сэтгэлийн өөрчлөлт хийгээд дахин төрөх үйл явцыг илүү сайн ойлгох гайхамшигтай эх сурвалж юм. Мормоны Номын бошиглогчид уг үйл явцыг сургаалын талаас нь илүү бүрэн дүүрэн тунхагласан байдаг. “Би та нараас асууя, сүмийн ахан дүүс минь, та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү? Та нар түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авсан уу? Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?” (Алма 5:14) гэсэн гурван асуултыг Сүмийн гишүүдэд Бага Алма тавьсан юм.

Усанд умбуулах баптисм нь Сүмийн гишүүн болох боломжийг бидэнд олгодог хэдий ч энэ ёслол дангаараа сүнслэг байдлаар дахин төрөхийг бий болгодоггүй, сүнслэг байдлаар дахин төрөх нь Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд буцаж очих боломжийг бидэнд олгодгийг бид жишиг бүтээлүүдээс мэддэг билээ. Үүнчлэн баптисмын дараа гишүүнээр батлагдсанаараа, бид Ариун Сүнстэй байнга нөхөрлөх эрхтэй болдог. Гэвч бид зөвхөн чин үнэнээр залбирсан үед, чухамдаа Ариун Сүнсийг хүлээн авсан үед—бид ариусаж чадна. Ингэснээр бид сүнслэг байдлын хувьд дахин төрж чадна. Үүнээс үзэхэд үнэхээр хүнд хийгээд чухал асуудлуудыг хөндсөн Алмагийн асуултууд бол бидний хувьд насан туршид дахин давтагдах үнэн юм.

“Бид махан биеэр амьдарч байгаа үед Сүнсээр төрөх гэдэг зүйл байдаг.—Бурхан бидэнд өгсөн махбодио мөн сүнсний ертөнцийг, түүнчлэн энэ организм дээр үйлддэг зарчмууд хийгээд хүчнүүдийг бид илүү төгс ойлгосон үед, үнэний Сүнс болон Бурханд хүн өөрийгөө илүү бүрэн дүүрэн зориулан сүнсэнд өлгийлөгдсөнөөр шинэ төрөлт нь тохиох болно”1 хэмээн Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77) “шинэ төрөлтийн” тухай номложээ.

Хаан Бенжамин өөрийн хүмүүст хандсан өдөөгч үгэндээ, сайн мэдээний зарчмуудаар хэрхэн амьдрах ёстой талаар тэдэнд зөвлөгөө өгчээ (Мозая 2–4-ийг үз). Дараа нь тэрээр өөрийнх нь үгэнд итгэсэн эсэхийг тэднээс асуусан байдаг. “Тэд нэгэн дуугаар өгүүлсэн нь: Тийм ээ, бидэнд ярьсан тэр бүх үгсэд тань бид итгэнэ. Түүнчлэн бидэнд, өөрөөр хэлбэл, бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир тэдгээрийн гарцаагүйг, мөн үнэнийг бид мэднэ” (Мозая 5:2) гэсэн тэдний сэтгэл хөдөлгөм хариулт хүчирхэг үлгэр жишээ болж чадна.

“Бид үлдсэн бүх өдрүүддээ бидэнд түүний зарлигдах бүх зүйлд, түүний зарлигуудад дуулгавартай байж, Бурхантайгаа түүний тааллыг гүйцэлдүүлэх гэрээ хийхэд бэлэн байна” (Мозая 5:5; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн тэд бас хэлжээ.

Дахин төрөх тухай онцгой чухал тодорхойлолт гарган ямар үр дүнтэйгээр юу тохиолдсоныг Хаан Бенжамин дараа нь тэдэнд тайлбарласан ажээ:

“Та нар миний хүссэн үгсийг ярилаа. Та нарын хийсэн тэрхүү гэрээ бол зөв шударга гэрээ болой.

“Эдүгээ та нарын хийсэн гэрээний учир та нар Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, охид гэж нэрлэгдэх болно. Болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг оюун санаагаар тань төрүүллээ. Учир нь та нарын зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэллээ. Тиймийн тул, та нар түүнээс төрсөн, түүний хөвгүүд, охид болсон билээ” (Мозая 5:6–7).

Хаан Бенжамины эдгээр дагалдагчид цаашид хилэнцийг үйлдэх хүсэлгүй болтлоо зүрх сэтгэлийн ийм үлэмж өөрчлөлтийг биеэр мэдэрсэн ажээ. Өөрөөр хэлбэл, тэд сүнслэг байдлын хувьд төрсөн, эсвээс дахин төрсөн нь тодорхой байна.

Дахин төрөх гэдэг нь бид өнгөрсөн үеийн нүглүүдээ ой ухаанаасаа байхгүй болгоно гэсэн хэрэг биш, харин энэ нь ухамсрын амар амгаланг бий болгож, зөрчлийн улмаас бий болсон эмзэглэлийг хөнгөвчлөх явдал мөн (Мозая 27:29; Алма 36:19-ийг үз).

Дахин төрөхийн адислалууд

“Үнэхээр дахин төрсөн Сүмийн гишүүд адислагдаж, амар амгалан байдаг. Тэд зөвхөн Сүмд нэгдсэнээр төдийгүй, харин итгэл (1 Иохан 5:1), зөв шударга ёс (1 Иохан 2:29), хайр (1 Иохан 4:7), дэлхийг даван туулснаар байр сууриа хадгалдгийг (1 Иохан 5:4.)”2 Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Брус Р.МкКонки (1915–85) бидэнд сануулсан байдаг.

Бурханы дайсан байснаа хөрвөж, шинэ бүтээл болж хувираад, улмаар бурханы хаант улсыг байгуулах шийдвэр төгс болсон туршлагыг Бага Алма өөрийн биеэр үзсэн билээ:

“Учир нь хэмээн тэрээр хэлж, би нүглүүдээ наманчилсан, мөн Их Эзэнээр гэтэлгэгдсэн. Болгоогтун, би Сүнсээр төрлөө гэв.

“Их Эзэн надад хэлэв: Бүх хүн төрөлхтөн, эрчүүд эмэгтэйчүүд, бүх үндэстэн ястан, олон хэлт хүмүүс дахин төрөх ёстойд бүү гайх. Тийм ээ! Бурханаар адислагдан төрж, эгэл хийгээд төрөлх байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн Бурханаар гэтэлгэгдэн, түүний хөвгүүд, охид болдог.

“Тийнхүү тэд шинэ бүтээлүүд болдог. Үүнийг хийхгүйгээр тэд Бурханы хаант улсыг өвлөж чадах аргагүй бөлгөө” (Мозая 27:24–26; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Хэрэв бүх хүмүүс дахин төрж, зүрх сэтгэл нь өөрчлөгдөх ёстой юм бол, бид Сүмд төрөх эсвэл хожим нь залуу үедээ буюу насанд хүрсэн хойноо хөрвөгдөх нь ялгаагүй юм биш үү. Зүрх сэтгэлийн өөрчлөлт хийгээд Сүнсээр дахин төрөхийг, хөрвүүлгийн үйл явц үргэлжлэх үед бид нэгэн тодорхой цэг дээр биеэр үзэх ёстой. Дахин төрөлт хийгээд зүрх сэтгэлийн өөрчлөлт нь бүх талыг хамарсан, бүх улс үндэстнүүдэд, үүнээс үүдэн хувь хүн бүрд хүртээмжтэй байх зорилготой юм.

Паул (Үйлс 9:1–20-ийг үз), Бага Алма (Мозая 27:8–37-г үз) гэхчлэн гайхамшигтай байдлаар дахин төрсөн хүмүүсийн тухай шастируудыг судруудад өгүүлсэн байдаг. Гэвч, Библийн болон Мормоны Номын үеийн ихэнх хүмүүсийн хувьд, мөн түүнчлэн өнөөдөр, зүрх сэтгэлийн энэхүү өөрчлөлт нь нэг удаагийн үйл явдал биш, харин хүн тус бүрд өөр өөр, алгуур удаан үргэлжлэх үйл явц юм.

Ахлагч МкКонки Бригам Янгийн Их Сургуулийн Нэгдүгээр гадасны чуулган дээр үг хэлэхдээ, дараах тайтгаруулсан үгсийг хэлжээ: “Ихэнх хүмүүсийн хувьд хөрвүүлэг нь [сүнсний хувьд дахин төрж, нүглүүдээс ангижрах нь үүнийг дагалдах] удаан үргэлжлэх үйл явц юм. Энэ нь алхам алхмаар, бага багаар, төвшин төвшнөөр, доогуур байдлаас илүү дээгүүр байдалд, нэг сайхан чанараас нөгөө сайхан чанарт шилжин тухайн хүн зөв шударга зан төлөвийг бүрэн олох хүртэл үргэлжлэх үйл явц юм. Чухамдаа энэ нь хувь хүн нэг нүглийг өнөөдөр, өөр нэг нүглийг маргааш даван туулна гэсэн үг. Тэрээр амьдралаа одоо нэг талаар, дараа нь өөр нэг талаар төгөлдөржүүлнэ гэсэн үг. Ингээд хөрвүүлгийн үйл явц нь чухамдаа, Мормоны Номонд өгүүлсэнчлэн, бид эгэл хүмүүсийн оронд Бурханы гэгээнтнүүд болох хүртэл үргэлжилдэг.”3

Бидний сүнслэг байдлын дахин төрөлт гэнэтийн байна уу, эсвэл нийтийн адил аажим алгуур байна уу гэдэг нь хамаагүй, уг үйл явц ялгаатай байж болох ч гэсэн, үр дүн нь адилхан байх болно. Хөрвүүлгийн чанарт ялгаа байдаггүй. Хувь хүн бүрийн хувьд, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг биеэр үзэх нь баяр баясгалан, хайрын мэдрэмжүүдээр илэрдэг, энэ хоёр нь хоёул өмнөх дуулгаваргүй байдлын муу үр дагавруудыг үгүй болгодог (Алма 36:20–21-ийг үз). Бидний Тэнгэрлэг Эцэг хичнээн эелдэг найрсаг билээ! Түүний Хүүгийн Цагаатгал хичнээн өргөн цар хүрээтэй билээ!

Зүүн Европ дахь тэр номлогч, түүний тэр нэгэн сонирхогчийн адил та бид бүгдээрээ эдгээр үнэн сургаалуудыг чанд баримталснаар зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт хийгээд сүнслэг байдлаар дахин төрөхийн ашиг тусыг хүртэгчид болж болно. Амар амгалан, хайр, жинхэнэ баяр баясгалан, үргэлж сайныг үйлдэх зан төлөвийн амлагдсан адислалуудыг бид үүгээр олж авдаг билээ.

Тэмдэглэл

  1. Deseret News, 1860 оны 5-р сарын 2, 68.

  2. Mormon Doctrine, 2 дахь хэвлэл. (1966), 101; Иосеф Смитийн Орчуулга, 1 Иохан 3:9-ийг үз.

  3. Be Ye Converted, Brigham Young University Speeches of the Year (1968 оны 2-р сарын 11), 12.