Цалин буутал долоо хоног
Нөхөр бид хоёр нэлээд юм болж байж, хоёр хүүхэдтэйгээ коллежийн хоолны зааланд орж нэг сул ширээ олж сууцгаалаа. Гэртээ хийсэн хачиртай талхнуудыг гаргаж тавиад, санхүүгийнхээ байдлыг бид хэлэлцлээ.
Бид мөнгөгүй болчихсон байлаа, гэтэл дараагийн цалин буух хүртэл бүтэн долоо хоног байдаг. Бидний хэн нь ч эцэг эхээсээ тусламж гуйхыг хүссэнгүй. Бидэнд зээлийн карт байсан боловч, хэрэв бид үүнийг ашиглаж эхлэх юм бол, яаж болих юм бэ? Бид аравны нэгээ итгэлтэйгээр төлдөг байлаа, иймээс Тэнгэрлэг Эцэг биднийг адислах болов уу гэж горьдож байв.
Бид байгаа боломжуудынхаа талаар ярилцаж байтал, хэдэн ширээний цаанаас нэг хүн бидэн рүү харан инээмсэглэж байхыг би ажиглалаа. Хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй болохоор хүмүүс биднийг ширтэн харж л байдаг, би ч үүнд дассан байлаа. Тэр биднийг ажиглан харж байсныг би тоосон ч үгүй, гэтэл нөгөөх хүн биднийг чиглэн хүрч ирэх нь тэр. Тэр хүн жижигхэн эвхсэн цаас ширээн дээр тавиад, нөхрийн маань мөрөн дээр алгадаж над руу харж инээмсэглэн, “Та нар ч нэлээд завгүй байдаг бололтой юм аа даа, янз нь” гэв.
Тэгээд тэр хүн холдон явж, удахгүй олны дунд орон харагдахгүй болов. Бид хоёр эвхээстэй цаасыг задлаад, “Амжилт хүсье! Та нар алзахгүй” гэсэн үгсийг уншив. Эвхсэн цаасан дотор бас ирэх долоо хоногт хангалттай хүрээд цаана нь ч бас үлдэхээр мөнгө байлаа.
Энэ бол бидний залбирлуудын хариу, аравны нэгээ төлдөг байсны хариу гэдгийг би нүд дүүрэн нулимстайгаар Сүнсний амар амгалангийн баттай итгэл үнэмшлээр мэдэрч билээ. Тэнгэрлэг Эцэг манай бяцхан гэр бүлийг дотночлон анхаарсныг, бас Тэр биднийг орхихгүй юм байна гэдгийг би тэрхэн агшинд мэдсэн.
Би эл зурвасыг хадгалж, өнгөрсөн хэдэн жилийн туршид олон удаа уншсан. Тэр өгөөмөр танихгүй хүн өөрийнх нь тэрхүү үйлдэл ямар нөлөө үзүүлснийг бүрэн ухаарч ойлгоогүй ч, харин манай гэр бүлийн хувьд дуулгавартай байдал, итгэл, талархал руу эргэсэн агуу их эргэлтийн цэг болсон юм.
Танихгүй өгөөмөр тэр хүний сүнсний өдөөлт, сайныг үйлдэх хүсэл, нөгөөх зурвас нь миний гэр бүлийг үүрд адисалсан юм.