2008
Аюулгүй байдлын талаарх зөвлөгөө
2008 оны зургадугаар сарын


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Аюулгүй байдлын талаарх зөвлөгөө

President Henry B. Eyring

Аврагч Өөрийнх нь хамгааллыг хүлээн авдаг хүмүүсийг ямагт хамгаалсаар ирсэн юм. “Эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг, би та нарыг хичнээн ч олон удаа цуглуулах сан хэмээв. Гэвч та нар хүссэнгүй” хэмээн Тэрээр нэгээс олон удаа хэлсэн юм (3 Нифай 10:5; мөн жишээ болгож, Матай 23:37; С ба Г 29:2-ыг үз).

Биднийг аюулгүй байдалд дуудсан олон арга замыг дүрслэн өгүүлсний дараа Их Эзэн манай өнөө үед ийм харамслыг илэрхийлсэн билээ: “Хичнээн удаа би өөрийн үйлчлэгчдийн амаар, мөн тэнгэр элчийн тохинууллаар мөн өөрийнхөө дуу хоолойгоор, бас аянгын дуу хоолойгоор, мөн гялбааны дуу хоолойгоор, бас шуурганы дуу хоолойгоор, мөн газар хөдлөлтийн дуу хоолойгоор бас агуу их мөндрөн шуурга, бас төрөл бүрийн өлсгөлөн хийгээд өвчин тахлын дуу хоолойгоор, мөн бүрээний агуу дуугаар, бас шүүлтийн дуу хоолойгоор, мөн өдрийн турш үргэлжлэх нигүүлслийн дуу хоолойгоор бас агуу алдар суу хүндэтгэл бас мөнх амьдралын баялгуудын дуу хоолойгоор та нарыг дуудсан билээ, мөн нарыг үүрдийн авралд аврахыг хүсэв, гэвч та нар хүссэнгүй!” (С ба Г 43:25).

Аюулгүй байдал руу биднийг хөтөлдөг Аврагчийн хүсэлд хязгаар гэж үгүй бөгөөд Тэрээр замыг бидэнд байнга заадаг билээ. Хүлээн авах хүсэлтэй хүмүүст хүрэх олон илүү арга байдгийг Тэрбээр хэлдэг. Өөрсдийнхөө дунд Бурханы бошиглогчдыг байлгах зөв зохистой хүмүүст бошиглогчдын амаар илгээсэн захиасуудыг илгээх нь эдгээр аргад багтдаг. Эрх мэдэл бүхий эдгээр үйлчлэгчид хүмүүсийг сэрэмжлүүлэн, аюулгүй байдал руу хөтлөх замыг тэдэнд хэлж өгөх үүрэгтэй юм.

Бошиглогчийн сэрэмжлүүлэг

1838 оны намар хойд Миссурид байдал улам ширүүсэхэд, Хожмын үеийн бүх Гэгээнтнүүд Фар Вестэд цуглаж хамгаалагдахыг Бошиглогч Иосеф Смит уриалан дууджээ. Тэдний ихэнх нь алслагдсан фермүүд, тархай байрлалтай суурингуудад байсан юм. Хауны тээрэм хэмээх нэртэй жижигхэн сууринг үндэслэгч Жакоб Хаунд тэрээр тусгайлан зөвлөгөө өгч байжээ. Тэр үеийн тухай нэгэн цэдэгт: “Уг тээрмийг эзэмшдэг байсан Хаунаар Иосеф ах хэл хүргүүлж, тэнд амьдарч байсан ах дүүсийг Фар Вест рүү явахыг сануулсан боловч Хаун захиасыг хүргээгүй аж”1 хэмээн өгүүлжээ. Хожим нь Бошиглогч Иосеф: “Дуулгавартай хүмүүсийг аврахын тулд Бурхан энэ өдрийг хүртэл мэргэн ухааныг надад өгсөөр байна. Миний зөвлөгөөг дагасан нэг ч амь үрэгдээгүй байлаа”2 гэж өөрийн түүхэнд тэмдэглэжээ. Хэрэв түүний зөвлөгөөг хүлээн авч, дагасан бол Хауны тээрэм дээр гэм зэмгүй нэг ч хүн амь үрэгдэхгүй байсан юм хэмээн тэрхүү гунигт үнэнийг Бошиглогч цэдэглэсэн ажээ.

Өнөө үед биднийг нүгэл, уй гашуугаас хол байх газрыг хэрхэн олох тухай зөвлөгөөгөөр сэрэмжлүүлдэг. Эдгээр сэрэмжлүүлгүүдийг олон дахин давтагддаг байдлаар нь таньж болно. Жишээ нь: Ерөнхий чуулган дээр бошиглогчид өмнөх бошиглогчийн үгсийг хэлээд, хоёр буюу гурав дахь гэрчийг иш татахыг та нар нэг бус удаа сонссон байгаа. Гэр бүлд эх хүний ач холбогдлын тухай Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллын (1895–1985) өгсөн зөвлөгөө, Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсоны (1899–1994) үгийг иш таталт, Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) тэр хоёрын хоёулангийнх нь үгийг ишлэл болгосныг бид олон удаа сонсож байсан.3

“Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно” (2 Коринт 13:1) хэмээн Төлөөлөгч Паул бичжээ. Сэрэмжлүүлэг нь Их Эзэнээс ирснийг бид мэдэж болох арга замуудын нэг бол гэрчүүд, эрх мэдэл олгогдсон гэрчүүдийн үгсийг ашиглах явдал мөн. Бошиглогчдын үгс олонтаа давтагддаг нь бидний анхаарлыг татаж, ийнхүү адислагдсан цаг үед аж төрж байгаагийнхаа төлөө зүрх сэтгэлийг маань талархлаар дүүргэх зорилготой ажээ.

Итгэлтэй хүмүүсийн хувьд Бошиглогчдын зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдалд хөтлөгдөх нь тодорхой юм. Итгэл багатай хүмүүс Бошиглогчийг үг хэлэхэд, зөвхөн зөвлөгөө өгч байгаа ухаалаг мэргэн хүнийг сонсож байна гэж бодож болно. Түүний зөвлөгөө тайтгаруулсан, тэдний хүсэж буй зүйлтэй санал нийцэж байвал тэд үүнийг хүлээн авдаг. Хэрэв тийм биш байвал, тэд зөвлөгөөг буруу гэж үзэх буюу эсвэл өөрсдийнх нь нөхцөл байдал уг зөвлөгөөнд таарахгүй гэж үздэг байна. Итгэлгүй хүмүүс зөвхөн өөрсдийнхөө аминч хүсэл эрмэлзэлдээ нөлөөлөх ямар нэг зүйлийг эрэлхийлэхийн төлөө хүмүүс зөвлөгөөг сонсдог гэж бодож болно. Корихор гэгч хүний нэгэн адил тэд шоолж, үл ойшоох болно. “Мөн тийн та нар, эцэг өвгөдийнхөө мунхаг уламжлалаар, мөн өөрсдийн хүслийн дагуу, энэ хүмүүсийг зайцуулан удирддаг. Мөн та нар өөрсдийгөө тэдний гарын хөдөлмөрөөр хөрөнгөжүүлэхийн тулд, мөн тэднийг зоригтойгоор дээш харж зүрхлэхгүй байлгахын тулд та нар тэднийг бүр дарангуйлалд байгаа мэтээр дорд байлгадаг” (Алма 30:27) гэсэн үгс Мормоны Номонд цэдэглэгдсэн байдаг.

Бурханы үйлчлэгчдийн зөвлөгөөг дагах нь Бурханаас соёрхсон бие даасан байдлын эрхийг хөсөрдүүлж байгаа хэрэг хэмээн хүмүүс цагийн эхлэлээс маргадаг байсан гэж Корихор хэлдэг байв. Гэвч ийм нотолгоо бодит байдлыг мушгин гуйвуулдаг учир хуурамч юм. Бид Бурханаас илгээгдсэн зөвлөгөөг эсэргүүцсэн үед бие даасан байдлаа алддаг. Иймээс бид өөр нөлөөг сонгодог. Ингэснээр төгс хайраар дүүрэн, бүхнийг чадагч хүчтэй, бүхнийг мэддэг Тэнгэр дэх Эцэгийнхээ хамгаалалтыг бид няцаадаг. Түүний бүхий л зорилго бол Өөрийн Хайртай Хүүгийнх шиг мөнх амьдрал, Өөртөө байгаа бүхнийг бидэнд өгөх, бас Түүний хайрын мутар дахь гэр бүлүүдэд биднийг гэртээ дахин аваачих явдал мөн. Түүний зөвлөгөөг эсэргүүцсэнээрээ бид өөр хүчний нөлөөг сонгодог. Энэ хүчний зорилго нь биднийг өөдгүй муу болгох явдал бөгөөд гол үндэслэл нь үзэн ядалт юм. Бидэнд Бурханы бэлэг болох сонгох эрх байдаг. Юуг ч сонгосон тохиолдолд бид өөрсдийгөө түүнд тушаадаг.

Аюулгүй газарт байх нь

Өөр нэг эндүүрэл бол бошиглогчдын зөвлөгөөг хүлээн авах, үгүй эсэх нь сонголт ба сайн зөвлөгөөг хүлээн авч ашиг тусыг нь үзэх үү, эсвэл үүнээс хол хөндий байх уу гэдгийг шийдэхээс чухал зүйл юм. Харин бошиглогчийн зөвлөгөөг хүлээн авахгүй байхаар сонгох нь, бидний зогсож байгаа газрыг өөрчилдөг. Тэр газар улам аюултай болдог. Бошиглогчийн зөвлөгөөг хүлээн авахгүй байх нь ирээдүйн сүнсний нөлөөллийг хүлээн авч хэрэгжүүлэх бидний хүчийг багасгадаг. Хөвөгч авдар хийхэд Ноад туслах хамгийн сайн цаг нь анх удаа үүнийг түүнээс хүссэн цаг байлаа. Үүнээс хойшхи түүний хүссэн цаг бүр нь хариулахгүй байсан тохиолдолд Сүнсийг мэдрэх мэдрэмжийг бууруулж болох байсан. Мөн бороо орох хүртэл, түүний хүсэлт улам ч тэнэг юм шиг санагдаж байжээ. Дараа нь нэгэнт хожимдсон байлаа.

Сүнслэгээр нөлөөлөгдсөн зөвлөгөөг дагахыг хойшлуулахаар сонгох, эсвэл энэ нь надад хамаагүй гэж үзэх бүрд би амьдралдаа өөрийгөө ямар нэгэн онцгүй зам дээр гарсан байснаа мэдсэн билээ. Би бошиглогчдын зөвлөгөөг сонсох бүрдээ залбирлаар энэ нь батлагдсаныг мэдэрдэг. Тэгээд дараа нь үүнийг дагаснаар, аюулгүй зам дээр гарсан байдаг. Цаашид ахих тусам энэ зам надад зориулагдан бэлтгэгдсэнийг, мөн бартаатай газрууд өөгүй тэгш болсныг би мэддэг. Бурхан хайраар санаа тавьж, зарим үед бүр эрт үед бэлтгэн, аюулгүй замаар удирддаг билээ.

Мормоны Номын эхэн дэх шастир бол Бурханы бошиглогч Лихайн тухай юм. Тэр гэр бүлийнхээ тэргүүн байсан. Хайртай хүмүүсээ аюулгүй газарт аваачихыг Бурхан түүнд сэрэмжлүүлсэн юм. Лихайд тохиолдсон зүйл бол Бурхан Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан зөвлөгөө өгөхөд тохиолддог нэгэн зүйлийн загвар юм. Лихайн гэр бүлээс итгэлтэй, зөвхөн өөрсдөө илчлэлтийг баталгаагаар хүлээн авсан хүмүүс л осол, аюулгүй замын аль алиныг нь үзсэн билээ. Итгэлгүй хүмүүсийн хувьд, цөл рүү явах нь зөвхөн тэнэглэл төдийгүй бас аюултай санагдаж байжээ. Лихай бүх бошиглогчдын нэгэн адил хадан гэртээ харихын өмнөхөн хаана аюулгүй байж болохыг гэр бүлдээ үзүүлэхийг хичээсэн юм.

Санваарын түлхүүрүүдийг Аврагч итгэл хүлээлгэх хүндээ л олгодог. Бидэнд аюулгүй замыг харуулах зөвлөгөө өгөх хүч эдгээр түлхүүрүүдээс ирдэг. Түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүс зөвлөгөөг нь дагахгүй тохиолдолд ч гэсэн сэрэмжлүүлэх үүрэг хүлээдэг.

Түлхүүрүүдийг бошиглогчоос эхлэн, хэсэг бүлэг гишүүдийн төлөө хариуцлага хүлээдэг хүмүүс, гэр бүлүүд болон хувь хүмүүс хүртэл нэгэн шугамаар доош нь дамжуулан олгодог. Энэ бол Их Эзэн аюулгүй газарт гадас хатгадаг арга замуудын нэг юм. Жишээлбэл: Би эхнэртэйгээ хүүхдүүдэд маань тулгарч байгаа сүнсний аюулын талаар сануулга өгөхөөр бишопийнхоо зохион байгуулсан эцэг эхийн хуралд хамт суусан юм. Би ухаалаг найзынхаа дуу хоолойноос өөр нэг дуу хоолойг сонссон. Түлхүүрүүдийг эзэмшдэг, биднийг сэрэмжлүүлэх, эцэг эх бидэнд үйлдэх үүрэг хариуцлагыг дамжуулах эрх бүхий Есүс Христийн үйлчлэгчийг бид сонсож, анхаарал тавих замаар энэхүү санваарын төлөөлөгчийн түлхүүрүүдийг эрхэмлэн дээдэлж чадваас ямар ч аюул осол, бэрхшээл хүндрэлд ажрахгүй амьдралын замнал дээр өөрсдийгөө гаргадаг.

Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай. Тэр Төрсөн Ганц Хүүгээ бидний Аврагч байлгахаар илгээсэн юм. Тэр бидэнд мөнх бус байдалд аюул тулгарна гэдгийг, хамгийн ноцтой аюул, аймшигт дайсны уруу таталтууд ирэх болно гэдгийг мэддэг байсан. Тиймээс энэ нь сонсох чихтэй, дуулгавартай дагах итгэлтэй хүмүүсийг аюулгүй газруудад байлгаж болохын тулд юм. Аврагч санваарын түлхүүрүүдийг өгсний, учир шалтгаануудын нэг нь энэ юм.

Дуулгавартай байх нь

Дуулгавартай чих зөөлөнтэй байх нь даруу занг шаарддаг. Томас Б.Маршид өгсөн Их Эзэний сэрэмжлүүлгийг та нар санаж байгаа. Тэрээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч байсан юм. Их Эзэн eрөнхийлөгч Марш болон Арванхоёр дахь түүний Ах нар соригдохыг мэдэж байжээ. Зөвлөгөө авдаг байх талаар Их Эзэн зөвлөж, хэлэхдээ, “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно” (С ба Г 112:10) гэжээ.

Амьд бошиглогчийг дагадаг ямар ч хүнд хэрэгтэй нэгэн сэрэмжлүүлгийг Их Эзэн нэмж өгсөн юм: “Өөрсдийгөө бүү өргөмжил; миний үйлчлэгч Иосефын эсрэг бүү бос; учир нь үнэнээр би чамд хэлж байна, би түүнтэй хамт байна, мөн миний гар түүн дээр байх болно; мөн түүнд мөн тэрчлэн та нарт өгсөн миний түлхүүрүүд намайг ирэх хүртэл түүнээс авагдах нь үгүй” (С ба Г 112:15).

Бурхан зөвхөн бидний аюулгүй байдлын талаар төдийгүй, бас бидний хайрлах ёстой Өөрийнхөө бусад хүүхдүүдийн аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгдөг. Бид өөр хүмүүсийг аюулгүй байдал руу удирдахад Бурханы мутарт зэмсэг болдгийг мэдэх нь гайхамшигтай тайтгарал байдаг. Уг адислал нь дагахад хэцүү байгаа ч гэсэн тухайн зөвлөгөөг дагах итгэлийг шаарддаг.

Сүмийн түүхээс дурдаж болох нэг жишээ бол Реддик Ньютон Оолредын жишээ юм. Тэр бол Вилли, Мартин нарын гар тэрэгтэй багийг авчрахаар Ерөнхийлөгч Бригам Янгийн (1801–77) илгээсэн аврах багийн гишүүн байсан юм. Ваомингийн Өмнөд Давааны ойролцоох Свийтвотер гол дээр хэдэн хүн, хэдэн мухлаг тэрэгтэй үлдэж, аврагчид гар тэрэгтэй анхдагчуудын хамт эргэж ирэхэд тэдэнд туслахын тулд бэлэн байхыг Реддик Оолредоос Ахмад Жоорж Грант хүсчээ.

Цасанд боогдож хөлдөн, өлсөж үхэж үрэгддэгийн даваан дээр байсан Виллийн багийг аврагчид олсон аж. Аврагчдын зарим нь Мартины багийг эрэхээр явахад, бусад нь Хадат Хяр өөд мацан, уулыг давах зэрэг зүрхэнд шар ус хуруулам ажилд нь Виллийн багт тусалжээ. Тэднийг буудалласны дараа удалгүй Реддик Оолред өөрийнхөө хүмүүсийн хамт нэн тэргүүний хэрэгцээт зүйлсийг хүргэж ирэв.

Тэгээд Оолред Мартины багтай буцаж ирэх Ахмад Грантыг хүлээжээ. Хоёр долоо хоног өнгөрсөн хэдий ч, тэднээс ямар ч сураг гарсангүй. Шуурга улам ширүүсэж, цаг агаар хүндэрсэн үед, энд хүлээх нь тэнэг хэрэг гэж хүмүүсээс хоёр нь шийдсэн аж. Мартины баг нэг бол хаа нэгтээ өвөлжиж байгаа. Эсвэл амь үрэгдсэн гэж тэд бодож байв. Тэд Солт Лейкийн Хөндий рүү буцахаар шийдэж, бусдыгаа бас буц гэж ятгахыг хичээж байлаа. Оолред эндээс явахаас татгалзав. Ерөнхийлөгч Янг тэднийг нааш нь илгээсэн. Ахмад Грант бол Реддик Оолредын санваартны удирдагч бөгөөд “Энд хүлээ” гэж түүнд хэлсэн байлаа.

Буцах хүмүүс хэдэн мухлаг тэрэг авч, хэрэгцээт зүйлсээ дүүртэл ачаад Солт Лейкийн Хөндий рүү буцжээ. Бүр ч эмгэнэлтэй нь, Солт Лейкийн Хөндийгөөс туслахаар ирж явсан 77 мухлаг тэргийг тэд замаас нь буцаасан аж. Эдгээр мухлаг тэрэгүүдийн зарим нь Ютагийн Их Уулс хүртэл хол газар буцаж явсны дараа Ерөнхийлөгч Янгийн илгээсэн элч нартай тааралдаж, дахиад буцаж явсан ажээ.

Эцэст нь Реддик Оолред Виллийн багт тусалснаас хойш хорь гаруй хоногийн дараа Ахмад Грант Мартины багтай хамт хүрч иржээ. Эдгээр анхдагчуудын хувь заяа бүр ч хүнд болж, хорь гаруй хүн амь үрэгдсэн байв. Ахмад Грантын аврах баг цөөн хүнтэй, хүнс дуусах дөхсөн байлаа. Гэтэл Солт Лейкийн хөндий хүрэхэд 320 гаруй км зайтай байв. Реддик Оолред бүр хамгийн хүнд нөхцөлд ч ажил үүрэгтээ үнэнч хэвээр үлдэж, аврах тусламж үзүүлж, хэрэгцээт зүйлүүдээр хангаж чаджээ.4

Бусдад хүрч ажиллах нь

Та бүгд “Сүмийн шинэ гишүүдэд хүрч ажилла” гэсэн Бурханы бошиглогчдын сүнсээр нөлөөлөгдсөн зөвлөгөөг сонсож, унших болно. Реддик Ньютон Оолредынх шиг итгэлтэй хүмүүсийн хувьд шаардлагагүй юм шиг байвч нөхөрлөлийн гараа сунгах болно. Тэд шаргуу тэвчээртэй байх болно. Зарим шинэ гишүүд сүнслэг байдлыг ойлгохгүй болсон тохиолдолд итгэлтэй гишүүд найрсаг үг, нөхөрлөлөө санал болгох хэрэгтэй. Оолред ах, өөдөөс нь амь тэмцэн тэмүүлж явсан гар тэрэгтэй анхдагчуудыг хараад түүнд төрсөнтэй адил бодол тэр үед тэдэнд төрөх болно. Биелүүлэхэд хэцүү байсан ч зөвлөгөөг дагасан учраас тэднийг аварсан гэдгээ Оолред ах мэдэж байсан ажээ.

Цэдэг энэ тухай нотлоогүй ч гэсэн Оолред ах хүлээж байхдаа залбирч байсан гэдэгт би итгэлтэй байна. Түүний залбирлууд хариулагдсан гэдэгт би итгэлтэй байна. Тэвчээртэй хүлээх зөвлөгөө Бурханаас ирснийг тэр мэдэж байжээ. Үүнийг мэдэхийн төлөө бид залбирах ёстой. Итгэлийн ийм залбирлууд хариулагдах болно гэдгийг би та нарт амлаж байна.

Бүр анхааралтайгаар залбирч, эргэцүүлэн бодсоны дараа ч гэсэн ойлгомжгүй, бидэнд холбогдолгүй юм шиг санагдах зөвлөгөөг бид заримдаа хүлээж авах болно. Зөвлөгөөг бүү үл тоомсорло. Харин үүнд анхаарлаа төвлөрүүл. Хэрэв өөрийн чинь итгэдэг хэн нэгэн чамд элс өгөөд “үүнд алт байгаа” гэж амлавал та үүнийг түр зуур гартаа атган шигшиж үзэж магадгүй юм. Бошиглогчийн зөвлөгөөг дагах бүрд “алт” гарч ирдэг ба би үүнд нь талархдаг.

Санваарын түлхүүрүүд газар дэлхий дээр байгаа үед аж төрж байгаагаараа бид адислагдсан юм. Их Эзэн биднийг аюулгүйгээр цуглуулах болно гэсэн амлалтыг гүйцэлдүүлэх дуу хоолойг хэрхэн сонсохыг, бас хаашаа харж амьдрахыг мэдсэнээрээ бид адислагдсан юм. Бид даруухан зүрх сэтгэлтэй байхын төлөө, сонсдог байхын төлөө, залбирдаг байхын төлөө залбирч байна. Мөн итгэлтэй байсан тохиолдолд Их Эзэний чөлөөлөлт баттай ирэх болно гэдгийг бид хүлээх болно.

Тэмдэглэл

  1. Philo Dibble, in “Early Scenes in Church History,” Four Faith Promoting Classics (1968), 90.

  2. History of the Church, 5:137.

  3. Жишээ болгож, The Teachings of Спенсер В.Кимбалл (1982), 327; “To the Fathers in Israel,” Ensign, 1987 оны, 49; “Women of the Church,” Ensign, 1996 оны 11-р сар, 69-ийг үз.

  4. Ребека Бартоломей, Леонард Ж.Аррингтон, Rescue of the 1856 Handcart Companies (1992), 29, 33–34-ийг үз.