Хүч боломжоо бүрэн дайчил
Намайг 15-тай байхад номлогчид манай хөршийнд хоол иддэг байлаа. Эгч тэднийг өдөр бүр ирж, явахыг нь хардаг байв. Тэгээд эгч ямар нэгэн юм зарж байгаа юм уу гэж тэднээс асуув. Номлогчид үгүй гэж хариулсан нь тэд өөрсдийгөө манай гэр бүлд танилцуулах арга нь байлаа. Аав, ээж, эгч, дүү нар маань хичээл заалгаж баптисм хүртэцгээв. Харин би Сүмд элссэнгүй. Тэр үед би өөр сүмийг сонирхож байсан ч чин сэтгэлээсээ үнэнийг эрж байсан юм.
Мексикт 5-р сарын 10 бол Ээжийн Өдөр. Ээж тэр өдөр өөртөө хайртай юу гэж асуув. “Тийм ээ, би танд хайртай шүү” гэж би хариуллаа.
Ээж надад гэрчлэлээ хэлж, баптисм хүртээч гэв. Тэр өдөр би баптисм хүртэхээр шийдэв. Дараагийн ням гарагт би гишүүнээр батлагдаж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авав. Тэр үед амьдрал минь бүрмөсөн өөрчлөгдсөн юм. Би Сүмийн тухай гартаа тааралдсан бүгдийг, ялангуяа Иосеф Смитийн илчлэлтүүдийг уншиж эхэллээ. Би итгэлтэй болж, судар судалж суралцахын хэрээр Сүмийн сургаалуудыг хүлээн зөвшөөрсөн юм. Намайг сайн мэдээнд өсч хөгжихийн хэрээр итгэл минь өсч байлаа.
Хүч чармайлт гаргаж хөдөлмөрлөх нь
Би амьдралынхаа хоёр түүхийг та нарт ярихаас өмнө, номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа номлогчдод ярьдаг байсан нэг зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Миний Сайн мэдээг номло удирдамжид, Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994) эш татан хэлэхдээ: “Номлолын ажлын агуу нууцуудын нэг нь ажил хэмээн би олонтаа хэлдэг байсан” гэжээ. Хэрэв номлогч ажиллавал Сүнстэй байх болно; хэрэв тэрээр Сүнстэй байвал Сүнсээр заах болно; хэрэв тэрээр Сүнсээр заах аваас хүмүүсийн зүрх сэтгэлд тэрээр хүрч, аз жаргалтай байх болно. Гэрээ санаж, гэр бүлийнхээ төлөө санаа зовох асуудалгүй байх болно, учир нь бүх цаг зав, авьяас чадвар болон сонирхол нь тохинуулах ажилд төвлөрөх болно. Ажил, ажил ажил-ялангуяа номлолын ажлыг солих ямар ч хангалттай зүйл үгүй.1
Миний Сайн мэдээг номло удирдамжаас өмнө бидний ашигладаг байсан испани хэл дээр хэвлэгдсэн Номлогчийн Удирдамжинд “ажил” гэдэг үгийг хүч чармайлт гэдэг үгээр орчуулсан байсан юм. Та нар хүч чармайлт гаргахын хамт бүх цаг зав, авьяас чадвар, сонирхлоо төвлөрүүлэх хэрэгтэй. Амжилт олоход ийм анхаарал төвлөрүүлэлт нэн чухал. Хэрэв та нар уурлаж уцаарлахын оронд баяр хөөртэй байвал ажил хөдөлмөр чинь сайн зүйлс уруу хөтлөх болно.
Би энэ томьёоллыг амьдралаасаа сурч мэдсэн юм. Би баптисм хүртсэнийхээ дараахан шатахууны нэг том компанид ажилладаг боллоо. Ажил хөдөлмөрийн тухай эдгээр үнэнүүд амьдралд минь ирж, намайг тус компанид ажил албандаа өсч хөгжихөд хөтөлсөн юм.
Дадлага амжилт уруу хөтөлдөг
Тэр компанид их эрх мэдэл, нэр хүндтэй нэг менежер байлаа. Тэрээр хэлтэс бүрээс эд хөрөнгийн тооллого хийхэд туслах хоёр хүн гаргаж өгөхийг хүсэв. Тэр ганцхан шаардлага тавьсан нь юу гэвэл түүнд туслах хүмүүс нягтлан бодох бүртгэлийн талаар бага сага ч гэсэн мэдлэгтэй байхыг хүссэн аж.
Би худалданы сургуульд сурч байсан болохоор нягтлан бодох бүртгэлийн хичээлийн гэрчилгээтэй байв. Манай хэлтсийн дарга, “Түүн дээр очоод эд хөрөнгийн тооллогод туслахаар ирлээ. Би нягтлан бодогч гэж хэл” гэв. Тэр намайг залуу хүн болохоор нөгөө менежер юу гэхийг нь мэдэх гэсэн ажээ.
Намайг очтол нөгөөх менежер юу хүсээ вэ гэж асуулаа. “Би танд эд хөрөнгийн тооллогонд туслахаар ирлээ” гэж би хариулав. Би даргынхаа хэлснээр өөрийгөө нягтлан бодогч гэлээ. Менежер чанга инээв.
Тэгээд тэр, “За, ноён Нягтлан бодогч оо, наашаа ирээд миний сандал дээр суу. Энэ тооны машиныг аваад жагсаалтан дахь бүх тоог аль болох хурдан нэмээд байгаарай” гэв.
Би тоонуудыг ганц хуруугаараа маш удаан нэмж эхэллээ. Тэр намайг сандлаас түлхэж босгоод, “Чи чинь юу ч мэдэхгүй амьтан байна шүү дээ. Чамайг шийтгээд өгье өө, гайгүй. Чи хоёр долоо хоног миний өмнө сандал дээр суугаад миний яаж ажиллахыг хараарай” гэв.
Би өөр сандал дээр суув. Тэр “За намайг хар” гэлээ. Тэр гар руугаа ч харалгүй тоонуудыг маш түргэн нэмж гарлаа. Би бүр мэл гайхаж орхив. Тэр намайг өөрийнхөө яаж ажиллахыг хоёр долоо хоног хар гэж тоглож хэллээ гэж бодсон чинь үгүй байжээ.
Эхний өдөр би тэнд зургаа, долоон цаг суув. Тэр үдэш би ажил тарсны дараа бүх хүмүүсийг явтал ажил дээрээ байв. Тэгээд би менежерийн өрөө руу очиж, тооны машины цаасыг сольж, түүний нэмж байсан нөгөөх тоонуудыг нэмэн дадлага хийж эхэллээ. Би хэдэн цаг ажилласны дараа улам хурдан нэмдэг болж байлаа. Би менежер шиг эсвэл түүнээс хурдан нэмж байна гэж бодсоныхоо дараа нэг юм уу хоёр цаг унтав.
Маргааш өглөө нь би дөнгөж гар нүүрээ угаачихаад ажлын байрны урд талын хаалгаар эрт гарч яваад, менежерийг ирсний дараа би буцаад дотогш оров. Би түүний өрөөний хаалгыг тогшлоо. “За тэнд суугаад миний ажиллахыг хараарай” гэж менежер хэлэв.
Одоо түүнийг тооны машин дээр ажиллаж байгааг нь харвал надаас удаан юм шиг санагдав. Би тасралтгүй долоон цаг дадлага хийсэн байлаа. Би түүнийг эедэгээр миний сандал дээр суухыг хүсэв. Би тоонуудыг маш хурдан нэмж эхэллээ. Тэр бүр гайхаж орхив.
“Чи яагаад ийм амархан сурчихав?” гэж тэр асуулаа. Хэрхэн дадлага хийснийг минь менежер хэл хэмээн албадав. “Чи үүнийг сайн сурсан болохоор одооноос эхлэн надтай хамт ажиллана. Би мэддэг бүхнээ чамд зааж өгье” гэж тэр хэллээ.
Би хэлтсээ солин ажиллах болов. Хэдэн жилийн дараа менежерийг ажлаасаа гарахад түүний тодорхойлолтын дагуу би түүний оронд нь ажиллах болов. Би хүч чармайлт гаргаж, хамаг анхаарлаа төвлөрүүлснээр сурсан зүйлдээ баяртай байлаа. Тэр эхлээд намайг шийтгэж ийм зүйлийг би сурсан учраас уурлаагүй.
Амжилтын нууц
Та нар ямар нэг сайн зүйлийг хийж чадна. Та нар хүч чармайлтаа дайчилж, хийж байгаа юмандаа хамаг анхаарлаа төвлөрүүлж, үүндээ баяртай байх хэрэгтэй.
Миний ажиллаж байсан компани хаагдав. Би ажил хийх дуртай учраас Мехико хотод шилжин ирж, олон улсын редакцийн нэг компанид түр ажилд орох өргөдөл бөглөв. Редакцийн компанийхан миний хувьд мэргэшсэн зүйл болох эд хөрөнгийн бүртгэл тооллого хийхийг надаас хүссэн юм. Би хөрөнгийн бүртгэл тооллогыг хоёр долоо хоногт хийв. Тэд надад сайн цалинтай байнгын ажил санал болгосныг би хүлээн авлаа.
Тэр үед би англиар ярьж чаддаггүй байв. Техасын хүн, испаниар ярьдаггүй манай захирал миний даргад хандан, “Энэ хүү сайн ажиллаж байна. Хэрэв тэр англи хэл мэддэг бол бид илүү цалин төлж болно. Бид түүнийг Нью-Йоркод сургалтанд явуулмаар байна. Тэр эцэстээ энд менежер байж болох хүн шүү” гэв.
Манай дарга энэ тухай надад ярихад, “Миний хийх ёстой бүх зүйл англи хэл сурах мөн үү?” гэж би асуулаа.
Тэр үед би гэрлэв. Эхнэр маань Мексик дэх Сүмийн сургаалаар хүмүүжсэн учраас англиар ярьдаг байв. Би эхлээд англиар хэдэн үг хэлэх гэж хичээсэнд, битгий их хичээ гэж хэн нэгэн нь хэлэв. Гадаад хэл сурах авьяас надад байхгүй ажээ.
Тэр үед би албан тушаалаа ахиулах, Нью Йорк руу сургалтанд явах зэрэг бодол санаа, боломжоор жигүүрлэсэн байлаа. Би хэлний сургуульд явдаг болж, аль болох түргэн хугацаанд англиар ярьж сурахыг хүсч байгаагаа тэр сургуулийнханд ярилаа.
“Та англи хэлийг ямар түвшинд мэддэг вэ?” гэж тэд асуув.
“Ганц ч үг мэдэхгүй” гэж би хэллээ. Бүр ‘Good morning’ ч байхгүй.’”
“Манайд хоёр долоо хоногийн эрчимтэй дамжаа байгаа. Өдөрт 16 цаг хичээллэдэг” гэж хэллээ. Энд багштай найман цаг, гэртээ магнитофоны бичлэгээр найман цаг хичээллэнэ. Төлбөр нь 1000 ам.доллар.
“Би тэгж хичээллэж чадна. Амралтаа авах хүсэлт гаргая. Би хоёр долоо хоног өдөрт 16 цаг хичээллэж чадна шүү” гэж хэллээ.
Би дарга дээрээ ороод, “Би англи хэлийг хоёр долоо хоногт багтаан суръя, харин та ердөө 1000 ам. доллар л төлөх хэрэгтэй байна” гэв. Тэр чанга инээгээд, “Энэ чинь боломжгүй шүү дээ. Би хоёр жил болж байж сурсан юм” гэж хэлэв.
Би даргадаа, “Надад хоёр долоо хоногийн амралт, сургалтын төлбөрийн хамт гаргаж өгөхийг захирлаас хүсч өгөөч. Хэрэв хоёр долоо хоногийн дараа би түүнтэй англиар ярьж чадахгүй бол та сургалтын төлбөрийг миний цалингаас суутгаж болно” гэж хэлэв.
Тэр зөвшөөрлөө.
Би хэлний сургуульд явав. Тэд найман цагийн дотор 45 минут тутамд багш нарыг сольж байлаа. Тэд үгсийн сан, өгүүлбэр, харилцан яриагаар ч ёстой нүдэж өгсөн дөө.
Би сургууль дээр найман цаг хичээллэсний дараа тэдэнтэй ярилцах гэж англиар ярьдаг жуулчдыг хайж гудамжаар явдаг байв. Тэгээд дараа нь магнитофоны бичлэг сонсоно.
Хэлний сургуульд явсан миний гол зорилго бол англи хэл сурах биш байв. Би менежер болж, Нью-Йорк хот явахыг үнэхээр хүсч байлаа. Би өндөр зорилго, хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн байсан учир англи хэл сурах хэцүү байсангүй. Хичээлийн хором болгон надад таалагддаг байлаа.
Би 224 цаг судалсны дараа англиар харилцаад байж чаддаг болов. Би захиралтайгаа англиар харилцаж шалгуулахаа мэдэж байлаа. Хэрэв би англиар ярьж чадахгүй бол 1000 ам. доллар эргүүлж төлөх ёстой байв. Иймээс би төлөвлөгөө гаргасан юм. Би сурсан юмныхаа тухай түүнд ярья гэж бодож байв. Би захирлын өрөөнд ороод түүнийг ганц ч үг хэлүүлэлгүй 20 минутын турш ярилаа. “За болно оо. Түүнийг Нью-Йорк явуул” гэж тэр хэллээ. Ингээд би Нью-Йорк явлаа!
Суралцах туршлага
Хэрэв та ямар нэг юманд амжилт гаргахыг хүсвэл тэр зүйлд хамаг анхаарлаа төвлөрүүлж, хүч чармайлтаа дайчлан, хийж байгаа юмнаасаа баяр баяслыг олох хэрэгтэй гэдгийг би та нарт хэлж чадна. Ийм арга барил танд бүхнийг өгч чадна. Та ихийг сурч аливаа зохистой зорилгодоо хүрч чадна. Хийж байгаа ажил чинь хүнд хэцүү байлаа ч түүнээс баяр баяслыг ол. Ийм байдлаар номлолдоо буюу амьдралынхаа аль нэг тал дээр ажилла. ”Ажил, ажил, ажил” гэж Ерөнхийлөгч Бенсон хэлжээ.