Үл үзэгдэх зочин
“Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү ханд.” (Матай 7:12).
Жюлийг эзгүй өрөө рүү шагайх үед зүрх нь түг түг цохилж байв. Хүүхдийн Хэсгийн ангийн хагаст нь эвхдэг сандлуудыг тойруулан тавьсан болон шохой болсон самбар нь яг л өөрийнх нь гэр шиг харагдаж байв. Гэтэл хаалгаар орох үед Жюлигийн гэдэс эвгүй оргих шиг болов. Юмс ердийнхөөрөө байх шиг санагдавч, Жюлид бол тийм биш байлаа. Өнөөдөр тэр чинь зочин шүү дээ.
Жюли хамгийн арын сандалд шигдэн суулаа. Тэр танихгүй тойрогт зочин байсныг эс тооцвол, үеэлүүд болон өвөө эмээ нар дээрээ зун гэр бүлээрээ айлчлан очсон нь түүнд таалагдсан ажээ. Хүүхдийн Хэсгийн дуунуудыг дуулж, Аврагчийн тухай мэдсэн нь сайхан байлаа. Харин таньдаг хүн ганц ч байхгүй, ганцаархнаа суух нь л эвгүй байв.
Жюли бас өөрийг нь хэн ч харахгүй байгаад, бусад хүүхдүүд хамтдаа ярилцан, инээлдэхийг сонсох дургүй байжээ. Түүний хувьд ангид ирсэн ирээгүй хамаагүй хэн ч анзаарахгүй байх шиг санагдав. Чухамдаа Жюли үл үзэгдэгч шиг, бүр гайхалтай үл үзэгдэгч зочин шиг санагджээ!
Жюли сүлжсэн урт цайвар шар үсээ мушгин, өөрийнхөө Хүүхдийн Хэсгийн багш, Жөүнсон эгч дээрээ, бас дотнын найз Ханна дээрээ буцаж очихын түүс болж байлаа. Тэр нүдний шилээ засч, даашинзаа дахин толийлгон янзлахдаа, “Энэ удаад өөр байсан юм болов уу даа” гэж аман дотроо хэлсэн аж. “Хэрэв би үнэхээр хичээх юм бол, ийм байдлыг өөрчилж чадах л байх даа.”
Жюли хаалга нээгдэнгүүт босов. Гурван охин сэтгэл догдолсон байдалтай ярилцсаар өрөөнд орж ирлээ. Араас нь хоёр хөвгүүн орж ирэв. Жюли түргэн амьсгаа аваад, албаар инээмсэглэх гэж хичээв.
“Hi!” хэмээн тэр чангаар мэндлэв. Гэнэт хүн бүхний харц түүн дээр тогтлоо. Жюлигийн нүүр халуу оргих шиг болов.
Охидын нэг нь “Өө, сайн уу” гэж аман дотроо бувтнав.
“Чи шинээр ирсэн үү?” гэж өөр нэг охин асуулаа.
Жюли хоолойгоо засав. “Үгүй ээ. Би зүгээр л эмээгийндээ ирсэн юм.”
“Өө тийм үү.”
Бүгд сандалд суулаа. Өөрийнх нь хажуудах нэг сандлаас бусад бүх сандалд хүн суусныг Жюли хараад инээмсэглэл нь алга болов. Хэн ч Жюлид ганц ч үг хэлсэнгүй. Тэр гараа ширтэн сууж байв. “Би чинь гайхалтай үл үзэгдэгч зочин юм аа даа” гэж тэр бодов. Түүний хацрыг даган нулимс урслаа.
Долоо хоногийн дараа Жюли сүм дээр үүдний өрөөн дундуур яарч явахдаа баяртай байлаа. Гэртээ ирэх яасан ч сайхан юм дээ! Түүнийг ангид орж ирэхэд Ханна аль хэдийн ирчихсэн байлаа.
“Сайн уу, Жюли! Чамайг эргэж ирсэнд би их баяртай байна шүү!” гэж Ханна хэлэв.
Жюли Ханнагийн хажууд суулаа. Тэгээд тэр хоёр ярьж, инээлдэж гарлаа. Жюли эмээгийндээ зочилж очсон долоо хоногийнхоо тухай Ханнад ярьж эхэлмэгц улаан шаргал үстэй, гоолиг өндөр охин үүдний өрөөнд орж ирэв. Өнөөх охин хамгийн арын сандал руу очиж, ганцаараа суухыг нь Жюли харжээ.
“Энэ охин чинь зочин байх нь” гэж Жюли бодлоо. “Хөөх, харин энэ удаа би зочин байгаагүй нь л ашгүй дээ!” Нөгөөх охин эргэн тойрноо нэг харснаа, гараа ширтэн суулаа. Хэн ч түүнд хандаж ганц ч үг хэлсэнгүйд Жюлигийн санаа зовж байлаа. “Зочин ганцаардаж, эвгүй байдалтай байхыг би хүсэх гэж үү. “Ингэх ёсгүй шүү дээ!” гэж тэр бодлоо. Өнгөрсөн ням гарагт тэр өөрөө уйтгартай, үл үзэгдэгч зочин байсан нь санаанд нь зурсхийн орж ирлээ. Жюли нүдээ анивчив. Ганцхан хором хүлээвэл—тэр энэ удаа байдлыг өөрчилж чадах байлаа.
Жюли бослоо. “Сайн уу” гэж тэр инээмсэглэн мэндэллээ. Жюли өрөөн дундуур явж очоод нөгөөх охины дэргэдэх сандал дээр суув. “Чи манайд гаднаас ирсэн үү?”
Тэр охин нүдээ том болгон харснаа нүүр нь гэрэлтээд явчихав. “Тийм ээ, би авга эгчийндээ ирсэн юм л даа. Чи бас энд гаднаас ирсэн юм уу?”
Жюли үгүй гэж толгой сэгсрэв. “Үгүй ээ, гэвч би ямар байдгийг мэднэ л дээ” гэж тэр хэллээ. “Намайг Жюли гэдэг. Чиний нэр хэн бэ?”
“Элла.”
“Тийшээ очиж Ханна бид хоёртой хамт суух уу?”
Элла эелдэгхэн инээмсэглэн, толгой дохив. Хоёр охин өрөөн дундуур буцаж явах үед Жюлигийн дотор нэг л сайхан байлаа. “Ямар ч зочныг үл үзэгдэгч байхыг бид тэвчихгүй!” гэж Жюли бодож байв. “Үүнийг би анхаарах болно!”