2009
Шударга зан чанар сорилт
2009 оны долдугаар сар


Шударга зан чанарын шалгуур

Энэ бол бидний математикийн ур чадвар эсвэл үерхэл нөхөрлөлийн сорилт биш, харин бидний шударга зан чанарын сорилт байлаа.

Патрици: Бразил дахь сургуульд цөөхөн сүмийн гишүүн байдаг бөгөөд тэдний нэг нь миний дотны найз Францини бид хоёр юм. Бидний хийдэг жижиг зүйлс том өөрчлөлтөд хүргэдгийг зөндөө хардаг байв.

Ийм нэг жижигхэн зүйл бямба гарагт математикийн хичээл дээр боллоо. Тэр өдөр Францини ирсэнгүй. Багш хэд хоногийн өмнө бидний хураалгасан тестийг тэр өдөр буцааж өглөө. Багш Францинигийн тестийг миний ширээн дээр тавиад түүнд өгөөрэй гэхэд би нэг их анхаарсангүй.

Францини бид хоёр тестээ яаж хийснээ ярилцаж байсан болохоор түүний дүн бидний бодож байснаас дээгүүр байсанд би гайхлаа. Би түүний тестийг хараад багш нэг буруу хариуг ажиглаагүйг анзаарлаа. Би юу болохыг ч бодолгүй, Францинийн дүн хэтэрхий өндөр байгааг багшид хэлчихэв.

Гэтэл анги нийтээрээ харж байсныг би мэдсэнгүй. Намайг ингэж хэлэнгүүт ангийнхан маань шуугилдан намайг шүүмжилж эхлэх нь тэр. Тэднийхээр бол би зөвхөн өөрийнхөө дүнг л түүнийхээс өндөр байлгах гэж найзыгаа хорлосон юм байх.

Би учраа олохоо байж, тэднийг ингэж хэлсэнд уур хүрэв. Францини ч бас л ингэх байсан гэдэгт би итгэлтэй байлаа. Гэвч, хүн өөрийнх нь дүн буурах болсон тохиолдолд шударга байх нь боломжгүй хэрэг гэж хэн нэгэн нь хэллээ. Хүн бүр л намайг найзаасаа урвагч гэж үзэж байлаа. Францини дүнгийнхээ талаар шударга байх байсан, дэлхийд үнэхээр шударга хүмүүс байдаг шүү дээ гэж би тэдэнд итгүүлэх гэж оролдов.

Нэлээд их маргалдсаны эцэгт, багш болон ангийнхан бид хоёрыг нүүрэлдүүлэхээр шийдэв. Францинийн дүн буруу байгааг багш хүлээн зөвшөөрөөд нэг дэх өдөр тэр ирээд юу гэхийг нь харахаар хүлээх болов.

Энэ санаа надад таалагдсангүй. Францинийг ингэж сорих нь шударга бус юм шиг надад санагдлаа. Гэвч багш ингэж шийдсэн болохоор би яаж үүнийг өөрчилж чадах билээ дээ.

Францини энэ хэрэгт шударга хандана гэдэгт би итгэлтэй байсан ч тэр долоо хоногийн сүүлчээр санаа зовоод л байв. Тэр өөрийнхөө тестэн дэх алдааг олж харахын төлөө би эрч хүчтэйгээр залбирлаа.

Нэг дэх өдөр Францини ажлаа авч харахыг манай ангийнхан бүгдээрээ амьсгаа даран харж байв.

Францини: Нэг дэх өдөр хичээл эхэлсний дараахан багш миний материалыг буцааж өглөө. Би ажлаа харсан ч үгүй хажуу тийш тавих гэсэн боловч миний дүн бодож байснаас өндөр байхыг ажиглав. Би гараа өргөөд багшийн ширээ рүү хүрч очлоо. Би багшаас ажлыг зөв дүгнэсэн үү гэж асуухад багш зөв дүгнэсэн гэж хариулав. Тэгэхэд нь би материалуруугаа зааж, “Харин би алдаа гаргасан байна шүү дээ” гэв. Тэр үед Патрици бас багшийн ширээ рүү хүрч ирэн, багш бас өөрийнх нь тестэд буруу хариуг анзааралгүй үлдээснийг түүнд хэллээ. Бямба гарагт болсон бужигнааны үеэр тэр үүнийг ажиглаагүй ажээ.

Анги тэр дорхноо бужигнаад явчихав. Зарим сурагчид Партрицийг надад хэлчихсэн байна гэхэд бусад нь ичсэндээ инээмсэглэх аядав. Энэ явдалд янз янзаар хандсанд би бүр гайхаж хоцров.

Хожим нь Патрици хагас сайн өдөр болсон явдлыг тайлбарласан юм. Намайг математиктай холбоогүй сорилтоор сорьсныг, найзад минь ч бас ийм байдлаар хандсаныг мэдээд би ихэд гайхаж билээ. Гэвч би шударга байсандаа, бас Патрицийн залбирал тестэн дээрх алдаагаа олж харахад надад тусалсанд би баяртай байлаа. Миний найз надад итгэдэгт би бас баярлаж явдаг.

Патрици, Францини хоёр: Бид хоёр энэ туршлагаас их сургамж авсан шүү. Есүс Христийн гэрчүүд байж, Түүний зарчмуудад үлгэр жишээ үзүүлэх Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн чухал үүргийн талаарх бидний гэрчлэл өсөн нэмэгдсэн юм. Өөрчлөлт гаргах боломжийг бидэнд олгосон Түүний сайн мэдээний төлөө бид Их Эзэнд талархалтай байдаг билээ.

Зураг чимэглэлийг Натали Малан