2009
Жишгүүд хүн бүрд тохирдог
2009 оны долдугаар сар


Жишгүүд хүн бүрд тохирдог

Английн нэг гадасны насанд хүрэгчид Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг анхааралтай судалснаас өөрсдөд нь ирдэг адислалуудыг олж мэдсэн байна.

Сара Эдвардс, Эмили Баулес, Элеанор МкКий нар дэлгүүрээр явах дуртай. Хожмын Үеийн Гэгээнтэн залуу эмэгтэйчүүд Английн Нортхамптон дахь хувцасны дэлгүүрээр явахдаа мөнгөнөөс гадна нэг товхимол авч явдаг ажээ. Эцэг эхчүүд нь бас хувцас худалдаж авах юм уу үзэх киногоо сонгоход тэр товхимлыг удирдамж болгон ашигладаг гэнэ.

Английн Нортхамптон гадсанд насанд хүрэгчид, өсвөр үеийнхэн аль аль нь Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон ажээ. Эл товхимол үзэх кино болон телевизийн хөтөлбөр, оролцох үйл ажиллагаануудаа ярилцан сонгоход эцэг эхчүүдэд тусалдаг байна. Энэ нь бусад хүмүүст Хүндэтгэлийн өдрийг илүү бүрэн дүүрэн сахих болон гэрийнхэнтэйгээ хамт цагийг аятай сайхан өнгөрүүлэхэд тусалдаг ажээ. Үнэн хэрэгтээ, тус гадасны насанд хүрэгчид энэ товхимлыг “Tаны бат бөх байдлын төлөө” хэмээн нэрлэдэг болсон гэнэ. Учир нь эл товхимлыг тэд бас залуучуудтай адилхан хэрэглэдэг ажээ.

Өнгөрсөн жил гадасны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдсөн ерөнхийлөгч Клайв Жолиффе ярьсан нь, “Сайн мэдээнд өсч хөгжихөд нь гэр бүлүүдэд туслах, номлолд явах болон гэрлэхэд нь хүүхдүүддээ туслахын тулд бид Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг ашиглахдаа сүнсний нөлөөг мэдэрдэг. Бид гэр бүлийн бүх гишүүдэд аз жаргал, баяр баясал авчрах жишгүүдийг ойлгодог байгаасай гэж хүсдэг.”

Гэр бүлийнх нь амьдралд энэ товхимлын гаргасан өөрчлөлтийг гадасны залуучууд ажиглан, өндрөөр үнэлдэг болжээ. “Жишгүүдийг баримтлах нь маш чухал юм. Өсвөр насны хүүхдүүд насанд хүрэгчдийн үлгэр дуурайллыг хардаг. Иймээс Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол бидний баримталж амьдрах ёстой жишгүүдийг тэдэнд сануулдаг” гэж 19 настай Элеанор МкКий ярив. “Энэ нь биднээс юу хүсэн хүлээдгийг бас бусад хүмүүст зориулсан өөр өөр жишгүүд байдаггүйг сануулдаг нь сайн хэрэг юм”.

Ханингтон тойргийн, 17 настай Даниел Китселл нэмж хэлэхдээ: “Би Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд дуртай. Учир нь энэ товхимол зөвхөн залуучуудад зориулагдсан төдийгүй, харин эцэг эхчүүд ч захиасыг сонсдог. Товхимол жишгүүдийг баримтлахад нь тусалдаг.”

Энэ зөвлөгөөг дагасны үр дүнг мэдэрсэн нэг хүмүүс бол Банбури тойргийн бишоп Ричард Аугерын гэр бүл; түүний эхнэр Гилл, саяхан Английн Лондонгийн Ариун сүмд гэрлэсэн охин Ханна, Шарлотт нар юм. Темза Валлигийн Цагдаагийн газрын байцаагч, бишоп Аугер бол дэлхийн доогуур жишгүүдээс зайлсхийдэг ба тэдгээр доогуур жишгүүд нь залуучуудад болон тэдний зан төлөвт нөлөө үзүүлж байгааг маш сайн мэддэг хүн юм. “Гилл бид хоёр судруудад түшиглэн, судрын дагуу амьдрахын тулд эцэг эхчүүд юу мэдвэл зохихыг ойлгохын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг ашигладаг” гэж тэр хэллээ.

“Бид охидоо өсвөр үеийнх нь турш энэ товхимлыг удирдамж болгосоор ирсэн. Охид хувцас худалдаж авахаар явахад нь бид санаа зовнидог байлаа. Иймээс тэднийг дэлгүүр рүү явахад нь Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг өгч явуулдаг байлаа”.

“Товхимол юу тохиромжтой, юу тохиромжгүйг тодорхой өгүүлдэг учраас бид үүнийг түрийвчиндээ авч явдаг байсан” гэж 21 настай Ханна ярив. Эгч нар зарим хувцсыг бүр даруухан болгохын тулд бага зэрэг засвар оруулах юм уу зарим жижиг гоёл чимэглэлийн зүйлийг нэмж сурчээ. “Аав ээж хоёр бидний өмнөөс шийдвэр гаргаж байсныг Ханна бид хоёр огт санадаггүй. Аав ээж хоёр бошиглогчийг болон Аврагчийг дагадгийг бид мэднэ. Иймээс бид эцэг эхээ дагаснаар Аврагчийн сургаалуудаар бас үргэлж амьдарч чадна” гэж 19 настай Чарлотт ярив.

Эл товхимол даруу байдлын болон мэдээллийн хэрэгслийг ухаалгаар сонгох жишгүүдээр хангадгаас гадна Хүндэтгэлийн өдрийг сахих талаар бошиглогчийн зөвлөгөөнд анхаарал хандуулахад хүмүүст тусалдаг нь ашиг тусаа өгч байна. Кеттеринг тойргийн Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхийлөгч Сью Прийс Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг “төгөлдөржилтийн төлөө хичээн чармайхад бидний ашиглах хэрэгсэл” гэж үздэг ажээ. Бид 18 хүрээд ч товхимол дахь удридамжуудыг хэрэглэхээ зогсоож болохгүй. Надад биеэ хэрхэн авч явахыг эдгээр удирдамжууд сануулдаг. Миний амьдралд Тэнгэр дэх Эцэгт намайг илүү ойртуулсан өөрчлөлтүүд гарсан юм. Жишээ нь: Хүндэтгэлийн өдөр надад амралт, хүч чадлаа дахин сэргээх цаг байдаг. Би энэ өдрийг сахих талаар бага сага өөрчлөлт гаргасан нь үр дүнгээ өгсөн юм.

Мөн Кеттеринг тойргийн А.Ж.Хау эгч, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд онцгой анхаарал хандуулсан нь илүү сайн эх байхад нь тусалсан тухай ярихдаа: “Би өсвөр насны гурван хүүхэдтэй болохоор жишгүүдээр бүрэн дүүрэн амьдрахыг хүсдэг байлаа. Би жишгүүдийг өндөрт өргөж, сайн үлгэр дуурайл үзүүлэх арга замуудыг олохоор шийдсэн юм. Би ‘Хүндэтгэлийн өдрийг сахих нь’ хэсэг дээр тогтож, өөрийнхөө үлгэр дуурайлыг дээшлүүлэх шинэ зорилго өмнө тавьж ажиллахаар шийдсэн юм. Би өөрийнхөө хамгийн их хайрладаг гэрийнхэндээ илүү сайн үлгэр дуурайл үзүүлж чадна гэдэгт найддаг. Бид эдүгээ товхимлыг гэр бүлийн үдэштээ ашиглаж байна. Бид гэр бүлийнхээ үйл ажиллагаануудад болон Хүндэтгэлийн өдрийг бүрэн дүүрэн сахихыг урьдаас төлөвлөхдөө бүтээлч хандахын тулд эдгээр жишгүүдийг удирдамж болгон ашиглаж байна.

Гадасны залуучууд ийм үлгэр дуурайллыг ажиглахгүй өнгөрөхгүй. Кеттеринг тойргийн 16 настай прийст Жош Ренольдс хөл бөмбөгт хорхойтой нэгэн бөгөөд өсвөр насандаа анхныхаа амжилтын гарааг эхэлсэн аж. Гэвч тэр найз нартайгаа орон нутгийн багт тоглох гэтэл тэмцээн ням гарагт болох ёстой байсан нь асуудал үүсгэжээ. “Сүмийн гишүүн бид Хүндэтгэлийн өдрийг юуны учир, хэрхэн ариунаар нь хадгалах хэрэгтэйг аав, ээж хоёр тайлбарласан юм. Би үүнийг нь хүлээн зөвшөөрсөн болохоор, хэсэг хугаацааны дараа сэтгэл гонсгор байхаа болив. Аав ээж хоёр минь надад сайн үлгэр дуурайл үзүүлж, Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахихыг надад заадаг байсны төлөө би туйлын талархалтай байдаг.”

Кеттеринг тойргийн гишүүн, таван хүүхдийн эх Хитер Слаттери, “Заримдаа эцэг эхчүүд, насанд хүрэгчид бид жишгүүд бол залуучуудын эрхэмлэх ёстой зүйлс гэж бодоод, бид өөрсдөө ч гэсэн залуу хүмүүсийн нэгэн адил уруу таталтанд өртөмтгий гэдгээ мартдаг. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол бол бид төмөр бариулаас залуучуудтайгаа хамт барьж, тэдэнтэй хамт ажиллан, Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийн хувьд бие биеэ дэмжин, бэхжүүлэх хэрэгтэйг байнгын сануулагч мөн” гэв.

Нортхамптон гадасны гишүүд хувь хүмүүсийн хувьд ч гэр бүлүүдийн хувьд ч Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь удирдамжуудыг дагаснаар итгэл нь улам бат бөх болдгийг мэдэрдэг нь эргэлзээгүй юм. Ерөнхийлөгч Жолифф бодол санаагаа дүгнэн хэлэхдээ: “Эл товхимол сүнслэг нөлөөтэй, энгийн өгүүлэмжтэй юм. Иймээс Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээсээ юу хүсэн хүлээдгийг бид бүхэн тодорхой харж чаддаг. Хүүхдүүд минь миний үлгэр жишээг дагахад урамтай байхын тулд би жишгүүдээр амьдрахыг хичээдэг билээ. Бид өөрсдөдөө зориулан Эцэгийн бэлтгэсэн бүх зүйлд тэнцэхийн тулд хэрхэн амьдрах ёстой талаар тодорхой зөвлөгөөгөөр адислагдсан гэдэг бат бөх гэрчлэл надад байдаг” гэжээ.

Жош Ренольдс ням гарагт спортын тоглолтод оролцох эсэх талаар зөв шийдвэр гаргахад эцэг эхийнх нь сайн үлгэр жишээ, зааж сургадаг зүйл тусалсан ажээ.

Сара Эдвардс, Элеанор МкКий, Эмил Баулес нар хувцас худалдаж авах гэж дэлгүүрээр явахдаа Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг удирдамж болгон авч явдаг ажээ.

Аугерийн гэр бүлийнхэн Шарлотт, Гилл, Ричард, Ханна нар, жишгүүдийг эцэг эхчүүд, хүүхдүүдэд аль алинд нь чухал болохыг эртнээс ойлгож мэдсэн байна.

Гэрэл зургуудыг Симон Жөүнс