2009
Чихрийн нишингэ ба бодгалийн үнэ цэнэ
2009 оны долдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Чихрийн нишингэ ба бодгалийн үнэ цэнэ

President Thomas S. Monson

Олон жилийн тэртээ Тэргүүлэх Бишопын Зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байсан асан бишоп Марвин O.Аштон (1883–1946) нэгэн жишээг өгүүлснийг би та нартай хуваалцъя. Та нар надтай хамт задгай тэвштэй ачааны том машин дээрээ чихрийн нишингэ ачаад, түүхий элсэн чихэр гаргаж авдаг үйлдвэр уруу явж байгаа нэгэн фермчинг төсөөлдөө. Машин намаг шавартай замаар явах үед хэсэг чихрийн нишингэ машин дээрээс унаж, замын хажуугаар хаягджээ. Фермчин нэлээд их нишингэ хаягдсаныг мэдээд: “хаягдсан нишингэнд их чихэр байгаадаа авъя” гэж туслагчдаа хэлэв.

Миний хэрэглэсэн энэ жишээнд чихрийн нишингэ нь бидний төлөө хариуцлага хүлээдэг Сүмийн удирдагч гишүүдийг төлөөлж байгаа юм. Харин ачааны машин дээрээс унасан чихрийн нишингэ нь ямар нэг шалтгаанаар Сүмийн үйл ажиллагаанаас холдож хөндийрсөн хүмүүс, залуус, хүүхдүүдийг төлөөлж байна. Чихрийн нишингийн талаар фермчний жишээг өөр үгээр өгүүлвэл бидний Эцэг болон Эзэнд үнэ цэнэтэй тэдгээр хүмүүсийн тухай би, “Сүмээс хөндийрсөн хүмүүсийн үнэ цэнэ маш их юм. Тэднийг эргүүлэн авчирцгаая!” гэж хэлье.

Өнөөдөр, яг одоо тэдний зарим нь дэлхийн үзэл бодлыг дагахаар сонгосон учир Сүмээс холдож байна. Зарим нь амьдралдаа тохиолдсон хүндрэл бэрхшээлийн улмаас Сүмээс хөндийрч байна. Бас зарим нь нүгэлт сонголтынхоо улмаас Сүмээс холдож, алдагдаж байна.

Ийм байх ёсгүй. Үнэний сургаал бидэнд байгаа шүү дээ. Бидэнд шаардлагатай Сүмийн хөтөлбөрүүд байна. Бидэнд хүмүүс хэрэгтэй байна. Бидэнд хүч байна. Бидний үүрэг зорилго цуглаануудад оролцохоос илүү чухал юм. Бидний үйлчлэл бол хүмүүсийг аврах явдал мөн.

Бидний үйлчлэл: Хүмүүсийг аврах явдал мөн.

Их Эзэн эрэгтэй, эмэгтэй хүн, залуучууд, хүүхэд нэг бүрийн үнэ цэнийг онцгойлон авч үзэж, мэдэгдсэн нь:

“Бодгалиудын үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу юм. …

“Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!

“Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” (С ба Г 18:10, 15–16).

Та нар бол энэ ажил дахь Эцэгийнхээ адислалуудыг хүртэх эрхтэй хүмүүс гэдгээ санагтун. Тэрээр та нарыг онцгой дуудлагаа ганцаар, удирдамжгүйгээр, аз мэдэг гэсэн байдлаар биелүүлэг гэж дуудаагүй шүү дээ. Харин Тэрбээр та нарын чадварыг мэддэг, та нарын бүхнээ зориулах нэгэн үзүүрт сэтгэлийг ойлгодог. Та нар өөрсдийгөө энэ ажил тэнцэхгүй гэж боддогийг чинь Тэрээр илт харагдахуйц хүч чадал болгон хувиргадаг юм. Тэрбээр амласан нь: “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно. Мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88).

Хүүхдийн хэсгийн удирдагчид аа, та нар өөрсдийнхөө үйлчилдэг хүүхдүүдийг мэддэг үү? Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид аа, та нар залуу эмэгтэйчүүдээ мэддэг үү? Аароны санваартны удирдагчид аа, та нар залуу эрэгтэйчүүдээ мэддэг үү? Нийгмийн Халамжийн бүлгийн болон Мелкизедек санваартны удирдагчид аа, та нар тэргүүлэхээр дуудагдсан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ мэддэг үү? Та нар тэдний асуудал бэрхшэээл зовлон, зүтгэл тэмцэл, хүсэл тэмүүлэл, санаа бодол, итгэл найдварыг ойлгодог уу? Тэдэнд учирсан бэрхшээл зовлон, тэдний үүрдэг ачаа дарамт, тэдний амссан уй гашуу хэр зэрэг даамжирч ужигарсныг та нар мэдэх үү?

Үйлчилдэг хүмүүстээ хүрч ажиллан, тэднийг хайрлахыг би та нарт уриалж байна. Та нар үйлчилдэг хүмүүсээ үнэхээр хайрлах юм бол тэд бусдын гар харж, тэдний амьдралд нь нөлөөлдөг хүн байх тийм аймаар нөхцөлийг хэзээ ч хүсэхгүй, хэрэгтэй тусламжийг гар тосон авагчид байхыг тэд хэзээ ч бодохгүй. Хотын эсвээс орд харшуудын хаалгыг нээх нь та нарын онцгой боломж биш. Харин та нар хүмүүст хүрч ажиллан, амьдралд нь нөлөөлөх юм бол өөрсдөд чинь бас үйлчилдэг хүн бүрд чинь аз жаргал, өнө удаан үргэлжлэгч баяр баясал ирэх болно.

Зүрх сэтгэлд шингэсэн сургамж

Хэрэв та нар хүч чармайлтдаа зориг шантарвал Их Эзэний цаг хугацаа зарим үед та нарынхтай давхацдаггүйг санагтун. Олон жилийн тэртээ намайг бишоп байхад залуу эмэгтэйчүүдийн удирдагч Жесси Кокс ирээд, “Бишоп оо, би ч ёстой бүтэлгүй амьтан юм аа!” гэдэг юм байна. Юу болсон юм бэ? гэхэд: Би Мючелийнхээ охидыг нэгийг нь ч ариун сүмд гэрлүүлж чадсангүй. Сайн багш бол тэднийг ариун сүмд гэрлүүлэх байсан шүү дээ. “Би чадах хэрээрээ хичээсэн ч, миний хүч чармайлт ямар ч үр дүнд хүрсэнгүй” гэв.

Би бишопынх нь хувьд тэр чадах бүхнээ хийснийг мэднэ гэж Жессийг тайвшруулах гэж оролдов. Би олон жилийн турш тэдгээр охидын араас сураг ажиг тавьсаар эцэстээ бүгдээрээ ариун сүмд лацдан холбуулсныг мэдэж билээ. Хэрэв сургамж зүрх сэтгэлд шингэсэн бол мартагддаггүй юм.

Би Жесси Кокс шиг итгэлтэй үйлчлэгчдийг ажигласнаар удирдагч бүр бидний аугаа Сайн Хоньчны удирдлага чиглүүлэл дор үйчлэх юм бол, энэ нь Түүний дуу хоолойг таньж, хайрладаг хүмүүсийг удирдан, урам зориг хайрлаж, тэдэнд анхаарал халамж тавих онцгой боломж уруу хөтөлдгийг мэдсэн билээ (Иохан 10:2–4 -ийг үз).

Төөрсөн хонийг олох нь

Намайг бишоп байхад тохиолдсон өөр нэг туршлагыг хуваалцъя. Ричард ням гарагийн цуглаанд цөөхөн ирдэг л дээ. Энэ удаад бас л ирээгүйг би ажиглалаа. Би чуулгыг зөвлөхдөө хариуцуулж үлдээгээд Ричардынд очихоор гарлаа. Ээж нь Ричардыг авто машинд үйлчилгээ хийдэг гарашт ажиллаж байгаа гэв. Би гарашд ороод Ричардыг хайгаад хайгаад ч олсонгүй. Гэнэт би барилгын хажуу талын хуучны маягийн, засварчид дотор нь орж, машины доод талаас нь засвар хийдэг тос болсон нүх рүү өнгийж хар гэсэн сүнслэг нөлөөллийг хүлээж авав. Харанхуй дотроос хоёр нүд гялалзахыг харлаа. “Бишоп оо, та намайг олчихлоо шүү. Би гараад очъё” гэж Ричард хэлэв. Би Ричардтай уулзаад бид түүнийг хэчнээн их санаж байгаагаа бас тэр бидэнд хэчнээн их хэрэгтэй байгааг хэллээ. Би түүнээс цуглаанууддаа очиж байх амлалтыг авч чадлаа.

Түүний идэвх эрс дээшлэв. Ричард эцэстээ гэр бүлийнхээ хамт хол газар шилжсэн ч, би хоёр жилийн дараа түүнийг номлолд явахаас нь өмнө тойрог дээр очиж яриа өгөх урилга хүлээн авлаа. Ричард тэр өдөр хэлсэн үгэндээ, түүнийг машин засварын нүхэнд нуугдсаныг бишоп нь олж, дахин идэвхтэй болоход нь тусалсан тэр өдөр амьдралд нь эргэлт гарсан юм гэв.

Эрхэм хүндэт ах эгч нар аа, та бид бүх хүний амьдралд нөлөөлөхөөр дуудагдсан. Бүх хүнд хүрч ажиллах нь та бидний үүрэг бүр эрхэм хүндтэй үүрэг юм шүү. Бидний үүрэг бол тэднийг Бурханы селестиел хаант улс руу удирдах явдал мөн. Удирдах дуудлага нь тайтгарлын ямар нэг зүйлийг биш, харин бидэнд үүрэг хариуцлагыг авчирдгийг ямагт санаж яваасай гэж хүсэж байна. Бидний тусламж, бидний хайр хэрэгтэй байгаа хүмүүсийг аврахын төлөө тэдэнд хүрч ажиллах болтугай.

Бид аль нэг эмэгтэйг буюу эрэгтэйг, хөвгүүн буюу охиныг дахин идэвхтэй болгож амжилт олсноор, аль нэг гэргийн, эгчийн, эсвэл ээжийн оргилуун залбиралд хариу өгч, нөхрийнхөө, ахынхаа эсвэл аавынхаа хамгийн агуу хүслийг гүйцэлдүүлэхэд нь туслах болно. Бид хайраар дүүрэн Эцэгийн удирдамж, чиглүүллийг хүндэтгэн, дуулгавартай Хүүг дагах болно (Иохан 12:26; C ба Г 59:5-ыг үз). Мөн бидний хүрч ажилласан хүмүүс бидний нэрсийг үүрд хүндэтгэнэ.

Бид Түүний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг аврахын төлөө хүч чармайлтаа дайчлан ажиллахад Тэнгэрлэг Эцэг маань биднийг ямагт удирдаж байхын төлөө би чин сэтгэлээсээ залбирч байна.

Зураг чимэглэлийг Жефф Уорд; гэрэл зургийг Давид Ньюман