2009
Би сайн мэдээгээр дүүрэн амьдардаг байсан уу?
2009 оны долдугаар сар


Би сайн мэдээгээр дүүрэн амьдардаг байсан уу?

Би судар судлахаа хүлээх хэрэгтэй болов. Гурван хүү минь ердийнхөөсөө хамаагүй эрт сэрчихжээ. 18 сартай, хамгийн бага Каден уйлж байлаа. Би өрөө рүү нь хүрч очоод бяцхан хүү минь өвдсөнийг мэдлээ.

Тийнхүү сорилтууд ар араас хөвөрсөн нэгэн даваа гараг эхлэх нь тэр. Тэгээд би Кадены хувцсыг түргэн сольж, түүнийг хооллох гэтэл тэр том алимны нухаштай шилийг шалан руу шидэж, алимны нухаш шалаар нэг асгарч, гал тогооны өрөөгөөр нэг хагарсан шил болов. Би балиартсан гал тогооны өрөөг цэвэрлэж байхдаа өөрийнхөө хийж амжаагүй бүх юмсын тухай: гэр бүлийн түүх, үйлчлэл, гэрийн нөөц, номлолын ажлын тухай бодлоо.

“Би хамаг ажлыг ганцаараа хийх болж гэдгийг мэдэж байсан болохоор, ер нь ийм их ажлыг хийж барах болов уу?” гэж бодлоо. Би орой нар дээр байхад ядарч туйлдсан ч, гэр бүлийн үдэш, хөвгүүдээ усан оруулах болон унтах цагийн хуваарь гээд халширмаар олон юмны талаар хоолны цагаар бодсонгүй.

Эцэст нь би хүүхдүүдээ унтуулчихаад, өмнө нь хийх цаг олдоогүй юмаа хийхээр суулаа. Би 2006 оны тавдугаар сарын Ensign авч нээж үзтэл Ерөнхийлөгч Хенри Б.Айрингийн “Хүүхэд лугаа адил” гэсэн өгүүлэл гарч ирлээ. “Бидний зүрх сэтгэлийн [мөн чанарын өөрчлөлтөөс ирдэг] адислалуудыг хадгалж байхын тулд шийдвэр төгс байдал, хүч чармайлт, итгэл шаардагдах болно” гэсэн өмнө нь миний тэмдэглэсэн хэсэг дээр миний харц тогтлоо. Хаан Бенжамин адаглаж л шаардлагатай эдгээр юмсын заримыг нь заасан билээ. Бид нүглийнхээ ангижралыг өдөр бүр хадгалахын тулд өлссөнийг хооллож, нүцгэнийг хувцаслан, өвчтэйг эргэж, хүмүүст сүнслэг болон материаллаг байдлын хувьд туслах ёстой гэж тэрээр хэлжээ (Лиахона ба Ensign, 2006 оны 5-р сар, 17).

Тэр даруй надад “би сайн мэдээгээр бүрэн амьдардаггүй байжээ” гэсэн бодол дахин төрлөө. “Би гэдэг хүн гэрийнхэндээ хүртэл ховорхон анхаарал тавьдаг байхад яаж өлссөнийг хооллож, нүцгэнийг хувцаслан, өвчтэйг эргэж, хүмүүст сүнслэг болон материаллаг байдлын хувьд тусалж чадах юм бэ?” гэж бодлоо.

Энэ бол Бурхан намайг сайшаадаггүй нь лавтай гэж бодох үед надад төрсөн таагүй бодол. Би үүнийг мартахгүйн тулд тэмдэглэж авах ёстой гэдгийг яг тодорхой, бодитойгоор мэдэж байв. Би өдөр тутмынхаа үүргийг санаандаа төсөөлж үзвэл, хүүхдээ хооллож, хувцсыг нь угааж нүцгэн хүүгээ хувцаслан (би Кадены хувцсыг олон удаа сольж өгсөн), өвдсөн бяцхан хүүдээ энхрий ялдамхан анхаарал тавьж, номлолын ажлын талаар гэр бүлийн үдшийн хичээл бэлтгэхэд нь таван настай хүүдээ тусалж, дараа нь үлгэр жишээний хүчний талаар ярилцсан нь, өөрөөр хэлбэл, сүнслэг болон материаллаг байдлын хувьд хүмүүст тусалсан байлаа.

Их Эзэн өргөлийг минь хүлээн авснаа хэлснийг би мэдэж байсан болохоор надад ийм сэтгэгдэл, амар амгалангийн бадрангуй мэдрэмж төрж билээ. Би гэр бүлдээ ийнхүү анхаарал халамж тавьснаар Хаан Бенжамин болон Ерөнхийлөгч Айрингийн зөвлөгөөг хэрэгжүүлсэн юм.