Иосеф Смитийнбаримт бичгүүд: Гар бичмэл илчлэлтийн номууд
Гар бичмэл илчлэлтийн номууд нь Иосеф Смитийн хүлээн авсан олон илчлэлтийг агуулдаг бөгөөд илчлэлтийн тухай чухал ойлголтоор хангасан юм.
1970-аад онд Хожмын Үеийн Гэгээнтэн эрдэмтэд, Бошиглогч Иосеф Смитийн амьдрал болон бүтээлүүдтэй холбоотой баримт бичгүүдийг цуглуулж мөн олон нийтэд хүргэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Иосеф Смитийн Баримт бичгүүд төсөл бол олон арван жилийн хүч чармайлтын үр дүн юм. Төсөлд оролцогч эрдэмтэд Иосеф Смитийн бичсэн эсвэл бусдаар бичүүлэх удирдамж чиглэл өгсөн бичиг баримтууд, бүх тэмдэглэл, захидал, лекц, илчлэлтүүд, бичсэн түүхүүд, тэрчлэн эрхзүйн баримт бичгүүдийг цуглуулах зорилго тавьсан ажээ.
Тэднийг цуглуулж дуусахад The Joseph Smith Papers 2000 гаруй баримт бичиг агуулсан 30 орчим боть байх болно. Ботиуд нь онцгой ач холбогдол бүхий дараах салбарууд дээр тулгуурласан зургаан цуврал: Баримт бичгүүд, түүх, тэмдэглэл, удирдлага захиргааны баримт бичиг, эрхзүн болон ажил хэрэг, илчлэлт болон орчуулгуудад хуваагдах ажээ. Эх баримт бичгүүдийн хуулбараар хангасан учир Иосеф Смитийн Баримт бичгүүдийг эрдэмтэд болон сонирхсон хүмүүс хялбархан унших боломжтойн дээр амархан гэмтэж болох түүхийн баримт бичгүүдийг хамгаалах болно. Баримт бичиг бүрийн хуулбар нь текстүүдэд маш анхааралтай, нягт нямбай хандах зорилготой судалгааны ажлын стандартуудыг хангасан гурван үе шаттай юм.
Эдгээр түүхийн эх сурвалжуудыг, ялангуяа анхных нь хувилбараар судлах нь Иосеф Смитийн тухай судалж байгаа хүмүүсийг Бошиглогчийн амьдрал, Сүмийг сэргээсэн үйл хэргийнх нь тухай баялаг мэдлэгээр хангах болно. Иосеф Смитийн Баримт бичгүүд нь бас түүхийн нарийвчилсан судалгааг илүү хялбар болгоно. Сүм, их сургуулиуд, түүхийн нийгэмлэгүүд тэрчлэн хувь хүмүүст хадгалагдаж байсан баримт бичгүүдийг нийтэлж, газар бүрт хүртээмжтэй болгон, эцэст нь Интернэтэд байршуулах юм байна. Энэхүү бүх талыг хамарсан төсөл нь өргөн цар хүрээтэй анхны эх сурвалжуудыг, түүний дотор эрдэмтэд үүнээс өөрөөр нийтлэх боломжгүй эх сурвалжуудыг толилуулж байгаа учраас Иосеф Смитийн Баримт бичгүүд Иосеф Смитийн тухай болон Сүмийн эхэн үеийн түүхийн талаарх цаашдын судлагааны стандартууд болон үнэн бодит мэдлэгийг авах болно.
Илчлэлт ба орчуулгын цувралууд
Цуврал дахь “Revelations and Translations” (Илчлэлт болон орчуулгууд) нэртэй цувралд Иосеф Смитийн илчлэлт болон орчуулгуудын анхны гар бичмэлийг түүнийг амьд байхад нийтлэгдсэн эдгээр баримт бичгүүдийн албан ёсны хэвлэмэл эхийн хамт дахин хэвлэх ажээ. Эдгээр нийтлэлд Мормоны Номын анхны хэвлэл (1830); A Book of Commandments хэмээн нэрлэгдэж байсан Иосеф Смитийн илчлэлтүүдийн цуглуулгын анхны хэвлэл (1833); тэрчлэн Сургаал ба Гэрээний анхны хэвлэл (1835) орж байгаа ажээ.
1830 онд Сүмийг зохион байгуулсны дараа Бошиглогчийн энэ тэргүүнд анхаарах зүйлсийн нэг нь хүлээн авсан илчлэлтүүдээ тэмдэглэж, хадгалан хамгаалах явдал байв. 1832 он хүртэл илүү бүх талыг хамарсан тэмдэглэл хөтөлж эхлээгүй ч, 1830 оны зун Иосеф Смит, Жон Витмер нар тэр үеэс өмнө Бошиглогчийн хүлээн авсан илчлэлүүдийг цуглуулж эхэлсэн аж. Жон Витмер “Book of Commandments and Revelations” гэж нэрлэсэн түүвэрт 1831 оны гуравдугаар сар гэхэд илчлэлтүүдийн анхны гар бичмэлийн түүврийг оруулахаар хувилж эхэлсэн байна. Иосеф Смитийн Баримт бичгүүдийн редакторууд гар бичмэлийн энэ номыг “Revelation Book 1” гэж үзсэн бөгөөд энэ нь 1831 оны гуравдугаар сар орчмоос 1835 оны дунд үе хүртэлх хугацааны баримт бичгийн хуулбарыг агуулж байв.
1831 оны арваннэгдүгээр сард Огайод болсон Сүмийн ерөнхий чуулганы үед Жон Витмер, Оливер Каудери нар “Зарлигуудын болон илчлэлтүүдийн номыг” Миссурид аваачиж хэвлүүлэх үүрэг авч В.В.Фелпстэй хамт Зарлигуудын Номыг хэвлэх ажлыг эхэлсэн байна (C ба Г 67-г үз). 1832 оны эхээр Иосеф болон түүний бичээч нар Миссури дэх илчлэлтийн гар бичмэлийн номын хамт илчлэлтүүдийг хувилсан өөр нэг номыг бэлтгэжээ. Иосеф Смитийн Баримт бичгүүдийн редакторууд “Kirtland Revelation Book” хэмээн нэрлэгддэг байсан хоёр дахь номыг “Revelation Book 2” хэмээн өөрчлөн нэрлэсэн аж. Энэ номыг 1832 оны 2-р сарын сүүлч 3-р сарын эхнээс 1834 оны эцэс хүртэл бэлтгэжээ. “Revelations and Translations Series” дахь эхний боть нь гар бичмэл, илчлэлтийн ном хоёроос бүрддэг.
Иосеф Смитийн Баримт бичгүүд Төслийн эрдэмтэд нягт нямбай судалгаа хийсний дүнд “Зарлигууд болон илчлэлтүүдийн ном” 1933 оны хэвлэлийн гол эх сурвалж байсныг нь тогтоосон ажээ. “Зарлигуудын болон илчлэлтүүдийн ном” түүнчлэн “Kirtland Revelation Book” номоос бүрддэг A Book of Commandments нь 1835 онд Сургаал ба Гэрээний анхны хэвлэлийн үндэс суурь болсон байна. Сургаал ба Гэрээг хэвлэгдсэнээс хойш гар бичмэлийн эдгээр номнуудыг ашиглахаа больсон ч, Сүмийн бусад цэдгүүдийн хамт найдвартайгаар хадгалж ирсэн юм. Хожмын илчлэлтүүд нь Иосеф Смитийн тэмдэглэлүүд болон цэдгийн номуудад түүнчлэн бишопууд, Төлөөлөгчид болон бусад дагалдагчдын баримт бичгүүдэд тэмдэглэгджээ.
Сургаал ба Гэрээ 1835 онд хэвлэгдсэний дараа гар бичмэлийн энэ хоёр номыг огт хэрэглэхээ больсон аж. Учир нь хэвлэгдсэн номууд хүртээмжтэй байлаа. Гэвч ойрын жилүүдэд эрдэмтэд Иосеф Смитийн анхны гар бичмэлүүдийг судлахыг туйлын их сонирхох болжээ. Сүм 2002 онд Илчлэлтийн Ном 2-ын анхны гар бичмэлүүдийн имижийг Selected Collections from the Archives DVD-гийн цуглуулга болгон хэвлэх хүртэл энэ номыг олж үзэх нь амар биш байлаа.1 Түүнчлэн эрдэмтэд Тэргүүн Зөвлөлийн эзэмшилд байсан үнэ цэнэтэй “Revelation Book 1”-д (Илчлэлтийн Ном 1) саяхнаас нэвтэрч эхэлсэн юм.
Илчлэлтийн Ном 1 нь олон илчлэлтийн анхны хувиудыг, түүнчлэн зарим тохиолдолд зөвхөн бүрэн бүтэн үлдсэн гар бичмэлийн хувиудыг агуулдаг. Энэ ном нь Сүмийн тогтмол хэвлэл The Evening and the Morning Star-гийн анхны дугаарт хэвлэгдсэн илчлэлтүүдийн эх сурвалж болсон ажээ. Уг ном Community of Christ Номын сан-Миссурийн Индепенденс дэх Архивын эзэмшилд байсан үед түүнээс салгаж авсан дөрвөн хуудсыг Иосеф Смитийн Баримт Бичгүүдэд сэргээж оруулах зөвшөөрөл авсан ажээ.
Илчлэлтийн Ном 1 бол 1833 онд хэвлэгдсэн Зарлигуудын Ном2 дахь 65 илчлэлтээс 64-ийг нь тэрчлэн 1835 онд Сургаал ба Гэрээнд хэвлэгдсэн 103 хэсгээс 95-ыг нь агуулсан анхны илчлэлтүүдийн бараг бүрэн түүвэр юм. Зарлигуудын Ном болон 1835 оны Сургаал ба Гэрээнд гар бичмэлийн номноос 10 илчлэлт л ороогүй байна.
Гар бичмэл илчлэлтийн номуудыг Иосеф Смитийн үед хэвлэхээр бэлтгэсэн нь
Иосеф Смитийн нэг зорилт бол гар бичмэлүүдийг хэвлэхээс нь өмнө хянах “тэрээр алдаа мадгийг Ариун Сүнсээр илрүүлэн засч болох” явдал байжээ.3 Иосеф Смит, илчлэлтүүдийг тэмдэглэж гар бичмэлийн номууд болгон хувилаад, дараа нь хэвлэхэд бэлтгэхийн тулд олон гар дамжуулдаг нь санамсаргүй алдаа мадаг гарахад хүргэдгийг туршлагаас мэдсэн ажээ. Зарим үед хэл найруулгыг тодруулахын тулд өөрчлөлт оруулах шаардлагатай болдог байв. Заримдаа хожмын илчлэлтүүдийг өмнө нь хүлээн авсан илчлэлтүүдээр орлуулах буюу шинэчлэхэд өмнөх хувилбарт өөрчлөлт оруулахын тулд баримт бичгүүдийг хянан тохиолдуулах шаардлагатай болдог байлаа. Түүнчлэн үе үе өөр олон өөрчлөлтийг оруулдаг байжээ. Өөрчлөлтүүдийн ихэнх нь бичвэрийг шүлгүүд болгон хуваах, утгыг тодруулах зэрэг байснаас биш их хэмжээний залруулга байгаагүй юм.
Иосеф гар бичмэлийн илчлэлтүүдийг, Их Эзэний дуу хоолойг өөрийнхөө нэрлэснээр, хүмүүний “хазгай муруй, эмх замбараа муутай, төгс биш хэлээр харилцаж”, ойлгон тэмдэглэж авахад гаргасан өөрийн дээд зэргийн хүч чармайлт хэмээн үздэг байсан бололтой.4 Хэвлэгдсэн илчлэлтүүдийн илчлэгдсэн өмнөх үг ч гэсэн эл зарчмыг илэрхийлсэн ажээ: “Бибээр Бурхан бөгөөд үүнийг ярилаа; эдгээр зарлигууд нь надаас бөгөөд миний үйлчлэгчдэд тэдний сул доройд нь, тэдний хэлний маягаар өгөгдсөн юм” (C ба Г 1:24).
Бичвэрийг залруулж, илчлэлтүүдийг хэвлэхэд бэлтгэхийн тулд Иосеф болон түүнтэй хамтран ажиллагсдыг Сүмийн чуулганы шийдвэрээр томилдог байв. Гар бичмэлийн хоёр номонд хийсэн саяхны судалгаа шинжилгээгээр олон өөрчлөлтийг хэзээ, хэрхэн хийснийг тогтоосон байна. Жишээ нь: сонгож авсан зарлигуудыг Миссурид хэвлэхээс өмнө зарим өөрчлөлтийг хийсэн байхад бусдыг нь Сургаал ба Гэрээний 1835 оны хэвлэлээс өмнө Огайод хийсэн ажээ.
Нийтлэг нэг жишээ бол Сидней Ригдонгийн хийсэн өөрчлөлтүүд юм. Тэрээр илчлэлтүүд дэх Библийн хэллэг “thee,” “thy,” “thine” (Та, Таны, чи, чиний) орчин үеийн үг хэллэг “you,” “your,” “yours” (Та, чи, Таны, чиний) болгож өөрчилсөн өөрчлөлт олон байсан аж. Хожим нь олон өөрчлөлтөд засвар оруулсан байна. Тэр бас хэлзүйн дүрмийг засч, зарим үг хэллэгийн үгс болон утгыг тодруулан өөрчилсөн ажээ.
Сургаал ба Гэрээний 1835 оны хэвлэлийн илчлэлтүүдийг шинэчлэхэд хэд хэдэн тохиолдолд илүү их өөрчлөлт засвар хийсэн байна. Жишээ нь: өнөөгийн бидний мэддэг Сүмийн удирдлагын бүтцийн ихээхэн хэсгийг байгуулагдахаас өмнө Иосеф Смит 1830 онд 20-р хэсэг хүлээн авсан юм. Иосеф илчлэлтээр 1835 он гэхэд олон албан тушаал, чуулгыг зохион байгуулсан байлаа. Энэхүү шинээр илчлэгдсэн Сүмийн удирдлагын бүтцийн талаарх илчлэлтийг оруулахын тулд бичвэрийн нэлээд хэдэн өөрчлөлт болон нэмэлтийг 20-р хэсэгт оруулсан ажээ. Жишээ нь: одоогийн 65–67 шүлэг нь эрэгтэйчүүдийг санваарын албан тушаалд томилох тухай 1833 оны хэвлэлээс хойш илчлэгдсэн учраас 1835 оны хэвлэлд нэмж оруулсан байна.
Зарлигуудын Номыг 1833 онд хэвлэгдэхээс өмнө Иосеф Смит хамтран ажиллагсдынхаа хийсэн редакцийн олон засварыг хянаж, зарим бага сага өөрчлөлтийг өөрийн гараар бичиж оруулсан байна. Тэрээр 1835 онд Сургаал ба Гэрээ хэвлэгдэхээс өмнөхөн нэлээд нэмэлт засвар хийж, тухайлбал илчлэлтүүдэд дурдсан хувь хүмүүсийн овог нэрийг нэмж оруулсан аж.
1834–35 оны хооронд Огайогийн Көртландад Илчлэлтийн Ном 2-ыг Сургаал ба Гэрээний 1835 оны хэвлэлтэнд зориулан ашиглаж байжээ. Тэрхүү 1835 онд хэвлэгдсэн гар бичмэлийн номонд найман илчлэлтээс бусад бүх илчлэлт орсон байна. Харин уг номонд хуулбарлан оруулсан илчлэлтүүдээс гурав нь л 1833 онд Зарлигуудын Номонд хэвлэгдсэн ажээ. 1844 оны Сургаал ба Гэрээнд анх гар бичмэлийн номон дахь илчлэлтүүдээс хоёр нь хэвлэгдсэн байна.
Сургаал ба Гэрээний 1981 оны хэвлэлд оруулсан дараагийн редакцийн засваруудаар зарим үгийг өөрчилсөн боловч ихэнх томоохон засварыг Бошиглогч Иосеф Смитийн удирдлагаар 1835 оны хэвлэлд оруулсан байна.
Шинэ мэдээлэл
Иосеф Смитийн Баримт бичгүүдийн редактор эдгээр гар бичмэлийн номуудыг хянан тохиолдуулахдаа урьд нь мэдэгдээгүй шинэ мэдээлэлтэй байжээ. Жишээ нь: Иосеф Смитийн амьдралын он дарааллыг сонирхсон эрдэмтэд эхэн үеийн олон илчлэлтийн он сар өдрийг зөвхөн сараар заасан баримтад түшиглэж иржээ. Илчлэлтийн Ном 1-д тэдгээр илчлэлтээс олных нь хугацааг тодорхой заасан байдаг. Түүнээс гадна, Жон Витмерийн илчлэлтүүдэд зориулсан товч түүхэн оршил нь эрдэмтдийг түүхийн эх сурвалжаар хангасан юм.
Нягт нямбай судалгаа шинжилгээ хийсний үр дүнд редакторууд гар бичмэлийн хуудсууд дээр гараар хийсэн олон засварыг тогтоож чадсан байна. Илчлэлтүүд болон Орчуулгын цувралыг хэвлэх үед баримт бичгүүдийг өмнөх хуудсан дээр гараар хийсэн засварын хамт байгаа байдлаар нь оруулах болно. Тийнхүү, уншигчид анхны гар бичмэл, гараар хийсэн редакцийн засварууд, тэр ч байтугай баримт бичгүүдийн бүтцийг ч харах боломжтой болно. Харин тэд гар бичмэлийг тайлан унших мэргэжилтэн байх шаардлагагүй юм. Уншигчид анхны баримт бичгүүдийн хуудас бүр дээр хэн гараар засвар хийснийг ялган таньж болохын тулд гараар хийсэн засваруудыг өнгөөр ялган тодруулсан байна.
Илчлэлт болон Орчуулгын Цуврал дээр ажилласнаас үүдэлтэй өөр нэг сонирхолтой зүйл бол Канад дахь Мормоны Номын зохиогчийн эрхээс өмнө нь нийтлэгдээгүй нэг илчлэлт олж авсныг тогтоосон явдал мөн. Давид Витмер, Сүмийг орхиж явсныхаа дараа, эл илчлэлт, зохиогчийн эрхийг худалдахад амжилт олно гэж амласан хэдий ч, энэхүү үүргийг хүлээсэн хүмүүс буцаж ирсний дараа энэ хэрэгт амжилт олохгүй нь бололтой гэдгийг мэдээд Иосеф Смит болон бусад хүмүүс урам хугарсан ажээ. Түүхчид хэдэн арван жилийн туршид Давид Витмер, Хайрам Пейж, Виллям МкЛеллин нарын нотолгоонд тулгуурлаж байсан болохоос, уг илчлэлтийн эх бичвэр тэдэнд байхгүй байсан юм. Илчлэлтийн Ном 1-д энэ илчлэлт орох ажээ.
Бид хэдийгээр эл түүхийг бүхэлд нь, ялангуяа уг нөхцөл байдлын тухайд Иосеф Смит өөрөө ямар саналтай байсныг мэдэхгүй ч, тэрхүү бурханлаг харилцааг “хаягдсан илчлэлт” хэмээн нэрлэх нь шударга бус гэдгийг мэднэ. Зохиогчийн эрхийг худалдахад амжилт олох эсэх нь худалдахыг зорьж яваа хүмүүсийн зохистой байдал тэрчлэн худалдан авагчдын хүлээн авах сүнслэг байдлаас хамааралтай болохыг Их Эзэний удирдамж тодорхой харуулсан байдаг.5
Бошиглогчийн шинэ ойлголт
Сүмийн эхэн үеийн жилүүдэд илчлэлтийн бичвэрүүдийг хянан тохиолдуулж, шинэчилж байсан нь Иосеф Смитэд илчлэлт үргэлжлэн ирсээр байсныг харуулдаг. Иосефын хүлээн авсан үзэл санаа, сургаалуудыг тэмдэглэж, алдаа мадаггүйгээр хэвлэхийн төлөө хүмүүс хэчнээн чармайсан хэдий ч, энэ үйл явц нь аливаа бүтээлийг хэвлэхэд алдаа мадаг гарах эрсдэл их байдгаас ангид байгаагүй гэдгийг илчлэлтүүдийн гар бичмэл харуулсан ажээ. Зарим тохиолдолд, шинэ илчлэлтийг өөрчлөн шинэчлэх үед Бошиглогч өмнө нь хүлээн авсан зүйлд шинэ ойлголтыг оруулан өмнө нь бичсэн илчлэлтийг хянан засварладаг байжээ. Тийнхүү, түүний сургаалын мэдлэг тод томруун болж, өргөжин тэлж байлаа. Мөн цэдэглэсэн илчлэлтүүд ч ийм болж байв. Эдгээр илчлэлтүүд нь ариун нандин сэдвийг ойлгох түүний ойлголт өөрчлөгдсөн байдлаар тодорхойлогддог билээ. Нэгэнт цэдэглэгдсэн илчлэлтүүд цаашид өөр илчлэлтээр солигдож болно гэдэгт Бошиглогч итгэдэггүй байжээ.
Илчлэлтийн номуудын гар бичмэлийг хамгаалж хадгалан хэвлүүлсэн нь Сүмийн түүхийг судлагчдад чухал эх сурвалж болж байна. Эл төсөл манай хэвлэгдсэн илчлэлтүүдийг хэрхэн зохион байгуулж, хэвлүүлсэн талаар түүнчлэн Иосеф Смитийн оюун ухаан, бодол зорилгын талаар илүү гүнзгий ойлголт уруу хөтлөх болно. Илчлэлтийн эдгээр номуудыг судлах нь зөвхөн бидний мэдлэгийг өргөжүүлэх төдийгүй өсөн хөгжиж байгаа Сүмийн байнга өөрчлөгдөн хувирч байгаа хэрэгцээг хангах илчлэлт үргэлжлэн ирж байгаа Их Эзэний төлөвлөгөөг танин мэдэх бидний гэрчлэлийг бас өсгөн нэмэгдүүлэх болно.