2009
Ирээдүйд тохиох гайхамшигтай үйл явдлууд
2009 оны долдугаар сар


Ирээдүйд тохиох гайхамшигтай үйл явдлууд

“Унтаагүй хүн байна уу?” Эхний удаад намайг асуухад “байна аа” гэж хоёр хүн шивнэн хариуллаа. Харин одоо, хоёр цагийн дараа намайг дахин асуухад нам гүм байсан нь бүгд унтсаны тэмдэг байлаа.

Энэ бол Номлогчдыг Бэлтгэх Төв (НБТ) дэх миний анхны шөнө байв. Тэр өдөр би аав, ээжтэйгээ салах ёс гүйцэтгэж, хамтрагчтайгаа уулзан, бусад шинэ номлогчид Итали руу явж, анхны хичээлүүд орсон билээ. Би маш их догдолсон учраас амарч чадсангүй. “Би ер нь ямар гээчийн газар ирчих вэ?” гэж би өөрөөсөө дахин дахин асуусаар байлаа. Би ер нь номлогч болохоор суралцаж чадах болов уу? гэж эргэлзэж байлаа. Гадаад орон руу нисч очин, сайн мэдээний тухай харийн хүмүүстэй ярилцах зориг надад бий гэж үү дээ? Би ер нь энд байх учиргүй хүн юм болов уу. Хацрыг минь даган нулимс урсаж эхэллээ.

Тэгтэл ээж ах Ларригийнхаа тухай ярьж байсныг би саналаа. Нагац ах Ларри 1970-аад онд Уругвай, Парагвайд номлолд үйлчилсэн ажээ. Эхлээд тэр олон шөнө нойргүй хонож, өөрийгөө номлолын ажилд тэнцэхгүй байх гэж бодон санаа нь зовж байсан гэнэ. Тэр цаашид ийм байдалтай байж тэсмээргүй болсон үед орноосоо босч угаалгын өрөөнд ороод өвдөг сөгдөн залбирч Тэнгэрлэг Эцэгээс амар амгаланг гуйсан аж. Нагац ах Ларри Их Эзэний тусламжтайгаар яаж ийгээд сэтгэлийн зовлонгоо даван туулж, номлолдоо итгэлтэй үйлчилсэн гэдэг.

Би энэ тухайд нэлээд найдвар өвөрлөн, коридороор дамжин угаалгын өрөө рүү чимээгүйхэн явсан юм. Би бүдэгхэн гэрэлд хүйтэн хавтан шалан дээр өвдөг сөгдөн суугаад эхэр татан уйлав. Би сэтгэл санаагаа өргөж зориг орохын тулд “амар амгалангийн мэдрэмжийг надад хайрлана уу” хэмээн Тэнгэрлэг Эцэгээс гуйв.

Тэгээд хүлээлээ. Юу ч мэдэгдсэнгүй. Дахиад хэсэг хүлээтэл зөвхөн миний уйлах чимээ л сонсогдов. Эцэстээ, ор руугаа буцаж явахаас өөр замгүй болов.

Гэтэл унтахын өмнөх агшинд хариу ирэх нь тэр. Сүнс оюун ухааныг минь нэг их сайхан газрын гэрэл гэгээтэй, халуун бүлээхэн сэтгэгдлээр дүүргэв. Хэдийгээр айдастай тулгарсан хүнд хэцүү үе тохиолдсон ч би урагш зүтгэвэл Их Эзэн намайг хаана байлгахыг хүссэн тэр газарт байж чадахаа мэдэрлээ. Ийм бодол надад амар амгаланг авчирч би тэр дороо нам унтлаа.

Сүнс надад ирээдүйд тохиох гайхамшигтай явдлуудыг сануулсан юм. НБТ-д байхад тохиосон хүнд хэцүү үед би нүдээ анин, өөртөө төрсөн нөгөөх мэдрэмжийг эргэн санадаг байлаа. Би залбирал болон шаргуу хөдөлмөрөөр айдсаа даван туулсан билээ.

Энэ бол шинэ хамтрагчтайгаа Италийн Геноад ирэхээс бүр өмнө болсон хэрэг. Бидний орон сууцны гал тогооны өрөөний шилэн хаалга тагт руу харсан байлаа. Би тагтан дээр гарч хотыг харлаа. Би энэ хотыг аль хэдийн мэддэг, бас хайрладаг болсон байлаа. Энэ хот бол тэр нэгэн шөнө намайг НБТ-д байх үед би оюуныхаа мэлмийгээр харсан тэр газар байлаа. Их Эзэн намайг энэ агшныг хүртэл удирдсаныг, би чухам байх ёстой тэр газраа ирснийг мэдэж байлаа.