Дэлхий дээрх тэнгэрийн багахан хэсэг
Бид 1992 онд баптисм хүртсэнээс хойш манай гэр бүл юм бүхнээ хамтран хийдэг, түүний дотор ням гарагийн цуглаанууд, Сүмийн чуулган, бусад үйл ажиллагаануудад хамт явдаг болж билээ. Гэвч цаг хугацаа өнгөрч, юмс өөрчлөгдөн, эцэстээ би сүм дээр ганцаараа байдаг болж, гэрийхэн маань идэвх султай болчихлоо. Тэр цагаас хойш би сүм дээр хэн нэгэн нь мөнхийн гэр бүлийн тухай заахыг сонсоод зүрх сэтгэл минь шаналан өвдөж, үлэмж уйтгар гунигт автдаг болов.
1995 онд би Их Эзэн надаар юу хийлгэхийг хүсч байгааг мэдэхийн тулд бас хүч чадал хүлээн авахын тулд патриархын адислалаа авахаар шийдэв. Би мацаг барилт, залбирал, гэр бүлийн үдшээр дамжуулан өөрийнхөө гэр бүлийн “сайн мэдээтэй” байх нь миний адислалд агуулагдсан амлалт байв. Би гэр бүлийнхээ төлөө байнга залбирч, мацаг барьдаг байсан ч гэр бүлийн үдэш хийж байх зөвлөгөөг дагадаггүй байлаа.
Эцэстээ би номлолд үйлчлэхийн тулд Бразилын Сан Пауло дахь гэрээ орхин явав. Би номлолд үйлчилж байхдаа салж сарнисан олон гэр бүлтэй тааралддаг байсан ч, патриархын адислалаа судалж тэдгээр гэр бүлийн асуудлыг шийдэх арга зам байдгийг олж мэдсэн билээ. Энэ бол гэр бүлийн үдэш юм. Би гэр бүлийнхээ үдшийг хүмүүст заадаг байсан нь гэр бүлүүдийг бэхжүүлж, хосуудыг эвлэрүүлэн, хүүхдүүдийг нь нэгтгэдэг байсныг хардаг байсан. Товчоор хэлбэл, гэр бүлүүд дэлхий дээрх тэнгэрийн багахан хэсэг болж хувирдгийг би харсан юм.
“Энэ явдал миний номлолын үед гэр бүлүүдэд тохиолдсон юм чинь, яагаад миний өөрийн гэр бүлд болохгүй байх билээ?” гэж би бодлоо.
Би номлолынхоо дараа гэрийн бүлийн үдшийг гэрийнхэнтэйгээ хийж байхаар шийдэв. Эхлээд гэр бүлийн бүх гишүүд дурамжхан оролцов. Иймээс би хичээлээ төлөвлөсний дагуу дуусгахад хэцүү байв. Гэвч адислал болж чадахгүй ямар нэг юм хий гэж Их Эзэн надад зөвлөхгүйг мэдэж байсан болохоор би бууж өгсөнгүй. Эцэстээ миний патриархын адислал дахь амлалт биелэгдсэн юм.
Хэрэв би гэр бүлийн үдэш хийгээгүй бол гэрийхнээсээ гомдлын үгс сонсох байв. Гэр бүлийн бүх гишүүд санал, санаачлага, зөвлөгөө өгч оролцох болсон бөгөөд тэд захиасыг анхааралтай сонсдог болов. Тэр үед бид насанд хүрсэн байсан ч гэр бүлийн үдшийн тоглох цаг болоход энэ нь бүр үдэшлэг болдог болсон гээч!
Үүний үр дүнд манай гэрийнхэн нэг үе хэрэгсэхээ больсон зарлигуудыг дуулгавартай дагадаг болж Сүмд илүү идэвхтэй болж билээ.
Гэр бүл бүрд уламжлал болсон байх ёстой сүнслэг нөлөө бүхий хөтөлбөр: гэр бүлийн үдшийн ачаар манай гэр бүл дэлхий дээрх тэнгэрийн багахан хэсэг болж хувирсныг би үнэхээр хэлж чадна.