2009
Аравны нэг миний сэтгэлийн зовлонг хөнгөвчилж чадсан уу?
2009 оны долдугаар сар


Аравны нэг миний сэтгэлийн зовлонг хөнгөвчилж чадсан уу?

Том хүүхдүүд хичээлээсээ ирээгүй, багууд нь унтаж байхад би гал тогооны өрөөний ширээн дээр ахуйн хэрэглээний зардлын тооцоогоо гаргаж дэлгэлээ. Би сар тутмын энэхүү халширмаар ажлыг мэргэн ухаан, хомс тарчигхан орлогоо бүхэнд хүргэх чадварын төлөө залбирлаар эхэлдэг байв. Аравны нэгийн чекийг үргэлж хамгийн түрүүнд бичнэ.

Би залуу гэргий, залуу ээж байхдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд элсэхдээ аравны нэгийг төлж байхыг хатуу шийдсэн билээ. Аравны нэгээс ирдэг адислалд би огтхон ч эргэлзэж байгаагүй. Гэвч би сарынхаа орлогыг ус, цахилгааны зардал, барьцаат зээлийн төлбөр, даатгалд хүргэх гэж ёстой л үйлээ үзнэ.

Би эдүгээ бага насны зургаан хүүхэдтэй, өрх толгойлсон эх хүн. Би гэдэг хүн ажлын байнгын дарамт, мөнгө санхүүгийн бэрхшээлд сэтгэл зовон шаналж, эцэг эх, ах дүүгийн тусламж дэмжлэггүй өнөр бүлийнхээ аав нь ч, ээж нь ч болж гүрийсээр, шийдвэр гаргах гэж хуйхаа маажна.

Би Их Эзэнээс тусламж, нигүүлсэл гуйн ширээний ард сууж байхад Аврагчийн эрхэм сайхан, тайтгаруулагч хайрыг Ариун Сүнс надад нээн харуулдаг байлаа. Би ахуйн хэрэглээний зардлаа төлөх мөнгийг шинэ байдлаар авч үзсэн нь амьдралдаа эн тэргүүнд анхаарах ёстой зүйлсийг сануулж өгсөн юм. Аравны нэг болон өргөлүүдийг итгэлтэйгээр төлдөг хүмүүст амлагдсан адислалуудыг намайг хүлээж аваасай гэж бидний Тэнгэрлэг Эцэг хүсдэгийг би мэддэг байлаа. Би аравны нэгийг төлөх нь айдас, сэтгэл санааны зовлонгоос ангид хайр дээр суурилсан баяр баясгалантай үйл хэрэг байх ёстойг бас мэддэг байв.

Би Их Эзэний Сүнсээр дүүрсэн үедээ өөртөө урт удаан хугацаанд оршсоор байгаа итгэл үнэмшлийн бат бөх, ариун нандин гэрчлэлийг мэдэрдэг байлаа. Аврагчийн санал болгодог амийн усыг алдсанаас гэртээ уух усгүй байсан нь дээр гэж намайг чангаар хэлэхэд миний дуу гал тогооны өрөөн дэх нам гүм байдлыг эвдэв. Аврагчийн Амийн талхгүй байснаас ширээн дээрээ идэх юмгүй байсан нь дээр гэж би шийдсэн юм. Би амьдралдаа Христийн Гэрлийг алдсанаас гэртээ цахилгаангүй харанхуй, ая тухгүй байхыг тэсвэрлэх нь дээр гэж шийдсэн юм. Би Их Эзэний өргөөнд орох онцгой боломжоо алдсанаас хүүхдүүдтэйгээ хамт майханд амьдарсан нь дээр гэж шийдэв.

Санаа сэтгэлийн зовлон тэр даруйд алга болов. Их Эзэнийг хайрлах миний хайр айдсаас үүдэлтэй сул талыг минь даван туулсан юм. Тэнгэрлэг Эцэг бол биднийг чөлөөлөгч, бидэнд ач буянаа хайрлагч, бас бидний хамгаалагч мөн. Тэр үнэхээр бидний бүх хэрэгцээг хангадаг. Түүний амлалтууд бат найдвартай, өнө мөнхийн юм. Тэрээр тэнгэрийн адислалуудыг, түүний дотор сэтгэл санааны амар амгалан, дэлхийн хийгээд материаллаг зүйлсийн санаа зовнилтоос чөлөөтэй байх, тэрчлэн Түүний ариун нэрэнд итгэлтэй байх явдлыг бидэн дээр юүлэхийн тулд орлогоосоо аравны нэгийг төлж байхыг бидэнд зарлиг болгосон билээ.

Тэр өдрөөс хойш би аравны нэгээ Түүнд бас намайг бүхний түрүүнд хайрласан Түүнд зориулж айж эмээлгүйгээр, баяртайгаар төлдөг болсон.