2009
Намайг ариун сүм рүү авч яваач
2009 оны долдугаар сар


Намайг ариун сүм рүү авч яваач

Намайг Перугийн Лима Ариун сүмд үйлчилж байхад нэгэн ням гарагийн өглөө Лимагийн нэг гадаснаас 20 орчим хүүхэд хүрч ирлээ. Ариун сүмийн ерөнхийлөгч хүүхэд бүртэй элэгсгээр гар барьсны дараа ариун сүмийн эрхэм нандин ажлын тухай тэдэнд ярьж өглөө. Тэрээр гэр бүлийн харилцаа үүрд үргэлжилдэг тухай бас “Гэр бүлүүд үүрд мөнх оршдог” гэсэн өгүүлбэрийн утганд онцгой анхаарал хандуулав.

Хүүхдүүд хүндэтгэлтэй байж, анхааралтай сонсож байлаа. Ариун сүм дээр ирсэн хүүхдүүдийн нэг нь таван настай Росита гэдэг бяцхан охин байлаа. Тэр шөнө энэ охин аавыгаа ажлаасаа иртэл нь шөнө дунд болтол сэрүүн байсан ажээ.

Аав нь ирээд охин нь унтаагүй хүлээж байсанд гайхав. Росита орон дээрээс ухасхийн босч аав уруугаа гүйж иржээ. Аав нь охиноо өргөхөд тэр аавынхаа хүзүүгээр тэвэрч, үнсэв.

“Бяцхан Росита минь сайн уу даа?” гэж аав нь асуув.

“Би сайн, Аав аа.”

“Миний охин өнөөдөр ёстой мундаг байсан биз?”

“Тийм ээ, Аав аа.”

“Аав нь охиндоо зориулж хийчих юм байна уу?”

Охин нь толгой дохив.

“Энэ чинь юу юм бэ? Миний хөөрхөн охин ааваасаа юу хүсмээр байна даа?”

“Аав аа” гээд охин нь түр зогссоноо, “та намайг хэзээ ариун сүм уруу авч явах гэж байна?” гэж асуув.

Аав нь хариулахаасаа өмнө хэдэн хором бодсоноо.

“Би чамайг авч явна аа, Роса. Одоохондоо би их ажилтай байна. Үнэхээр завгүй байна. Гэвч би чамайг авч явна гэж амлая.”

“Баярлалаа, аав аа” гэж Росита хэлээд аавыгаа дахин чанга тэвэрч үнсэв.

“Одоо унт даа”.

Олон сарын дараа, Росагийн гэрийнхэн ариун сүмийн лацдан холболтын нэг өрөөнд цугласан байв. Лацдан холбох ёслолын дараа эднийхэн агуу баяр баяслаар дүүрэн байлаа. Росагийн аав агуу хайр, нигүүлсэнгүй сэтгэлээр хүүхэд бүрээ, хамгийн сүүлд бага охин Роситагаа тэвэрлээ.

“Хэдэн сарын өмнө энэ бяцхан охин манай гадасны Хүүхдийн Хэсгийн хүүхдүүдтэй ариун сүмд орсон” гэж Роситагийн аав ёслол гүйцэтгэж байсан лацдан холбогчид ярьжээ. “Тэр шөнө охин минь намайг ажлаасаа иртэл хүлээж байгаад, өөрийгөө хэзээ ариун сүм рүү авч очих гэж байна? гэж надаас асуусан юм. Охин минь ариун сүмийг зүгээр л гаднаас нь харахыг хүсээгүйг би мэдэж байсан болохоор амьдралаа үлгэр жишээчээр авч яван, муу зуршлаа орхих хэрэгтэй болсон юм. Ингэх нь их хүч чармайлт шаардсан ч, би эцэстээ амжилт олж чадсан шүү. Өнөөдөр миний гэр бүл үүрд мөнхөд нэгдсэн учраас энэ өдөр амьдралдаа миний үзсэн хамгийн сайхан өдөр боллоо.”