2012
Бурхантай байгуулсан гэрээнүүдээ ойлгох нь
долдугаар 2012


Бурхантай байгуулсан гэрээнүүдээойлгох нь

Бидэнд өгсөн хамгийн чухал амлалтуудын тойм

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүд бид ариун гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандаж, эдгээрт чин үнэнч байх нь аз жаргалд хүрэх шаардлага мөн. Тийм ээ, би баптисмын гэрээ, санваарын гэрээ түүнчлэн гэрлэлтийн гэрээг жишээ болгон хэлж байна” хэмээн Ерөнхийлөгч Томас С.Монсон тайлбарлажээ.1

Сүм дэх ёслол бол санваарын эрх мэдлээр албан ёсоор гүйцэтгэгддэг ариун зан үйл юм. Зарим ёслол бидний авралд нэн чухал юм. Бид эдгээр “авралын ёслолуудыг” хүлээн авснаар Бурхантай ариун гэрээ байгуулдаг.2

Гэрээ бол нөхцөлийг нь Бурхан тогтоосон хоёр талын амлалт юм.3 Бид Бурхантай гэрээнд орсноор гэрээний нөхцөлүүдийг биелүүлэхээр амладаг бол Тэрбээр хариуд нь тодорхой адислалуудыг бидэнд амладаг билээ.

Бид авралын ёслолуудыг хүлээн авч, эдгээртэй холбоотой гэрээнүүдийг сахих юм бол Есүс Христийн Цагаатгал бидний амьдралд үр нөлөөгөө өгч, бид Бурханы хамгийн агуу адислалыг хүлээн авч Тэрбээр бидэнд мөнх амьдралыг соёрхох болно (С ба Г 14:7-г үзнэ үү).

Гэрээнүүдээ сахих нь энэ амьдрал дахь бидний аз жаргалд амин чухлаас гадна үүний ачаар бид эцэстээ мөнх амьдралтай болох учраас Тэнгэрлэг Эцэгтээ хийсэн амлалтуудаа ойлгодог байх нь чухал юм. Доор дурдсан зүйлс бол авралын ёслолуудтай холбогдуулан бидний хийдэг гэрээнүүдийн тойм болон хаанаас та нар энэ талаар илүү ихийг мэдэж болох тухай зөвлөмж юм.

Баптисм болон гишүүний баталгаа

Woman being baptized.

Эрх мэдэлтэй хүнээр хийлгэсэн усанд умбуулах баптисм бол сайн мэдээний авралын анхдагч ёслол бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн энэ ёслолыг заавал хийлгэх ёстой. Баптисмаас салгаж үл болох, үүнтэй хамт гүйцэтгэдэг ёслол бол гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг олгож, гишүүнээр батлах ёслол юм.

Бид баптисм хүртсэнээр Есүс Христийн нэрийг өөр дээрээ авч, үргэлж Түүнийг санан, зарлигуудыг нь сахих гэрээ хийдэг. Бид бас “эцсийг хүртэл түүнд үйлчлэхээр” (С ба Г 20:37; мөн Moзая 18:8–10-ыг үз) амладаг.

Хэрэв бид нүглээ наманчилбал Тэнгэрлэг Эцэг хариуд нь биднийг уучилж, (Aлма 7:14-ийг үз), “Өөрийн Сүнсийг [бидэнтэй] үргэлж байлгах” (С ба Г 20:77) амлалт өгдөг бөгөөд Ариун Сүнсний бэлгээр дамжуулан энэхүү амлалт хэрэгждэг билээ.

Баптисм болон гишүүний баталгааны ёслол нь мөнх амьдралыг өвлөн авахыг хүсдэг хүн бүхний дамжин орох ёстой хаалга мөн (Иoхан 3:3–5-ыг үз). Баптисмын гэрээндээ хүндэтгэлтэй хандах нь мөнх амьдралын зам руу хөтлөгч авралын бусад бүх ёслолоос ирдэг гэрээнүүд рүү чиглүүлдэг бөгөөд эдгээр гэрээний чухал хэсэг юм (2 Нифай 31:17–21-ийг үзнэ үү).

Ариун ёслол

A young woman taking the sacrament.

Баптисмын болон гишүүнээр батлагдах авралын ёслолуудыг хүлээн авсан хүмүүс гэрээнүүдээ шинэчлэхийн тулд долоо хоног бүр ариун ёслолоос хүртдэг. Бид талх, уснаас хүртэхдээ өөрсдийнхөө төлөө хийсэн Аврагчийн золиослолыг санадаг. Түүнээс гадна, бид Есүс Христийн нэрийг өөр дээрээ авч, үргэлж Түүнийг санан, зарлигуудыг нь сахих талаар хийсэн гэрээнүүдээ тунгаан боддог. Үүний хариуд Бурхан Өөрийн Сүнсийг бидэнтэй үргэлж хамт байлгах амлалтаа сунгадаг (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү).

Ариун ёслол бол Аврагчийн цагаатгагч ач ивээлийг хүртэгчид байх боломжийг бидэнд олгодог ариун гэрээнүүдээ долоо хоног бүр шинэчлэх боломж мөн. Энэ нь сүнслэг байдлын хувьд ариусгагч үр нөлөөгөөрөө баптисм ба гишүүний баталгаатай адил юм.

Бид ариун ёслолоос хүртсэнээрээ зөвхөн баптисмын гэрээгээ төдийгүй “Их Эзэнтэй хийсэн бүх гэрээгээ” шинэчилдэг.4

Санваарын тангараг ба гэрээ

A group of men (black and Caucasian) standing in a circle and holding a baby girl. The baby girl is dressed in white clothing. The men are preparing to participate in blessing the baby.

Санваар хүлээн авснаар ирдэг гэрээнүүдээ сахьдаг санваартнуудад тодорхой адислалууд өгөхөө Тэнгэрлэг Эцэг андгайлдаг (баталгаа өгдөг).

Эрэгтэйчүүд Аароны болон Мелкизедек санваар авахаар зохистой амьдарч, “дуудлагаа эрхэмлэн биелүүлбэл,” “биеэ шинэчлэхэд нь [тэднийг] Сүнсээр ариутгах” болно хэмээн Бурхан амладаг. Тэд Мосе, Аарон, Абрахам нарт өгсөн амлалтуудыг өв залгамжлан авах болно. (С ба Г 84:33–34-ийг үзнэ үү.)

Эрэгтэйчүүд Мелкизедек санваартай байх нь ариун сүмд ороход зайлшгүй шаардлагатай. Ариун сүмд гэрлэснээр эрэгтэй, эмэгтэйчүүд санваарын бүрэн адислалуудыг хүлээн авдаг.

Бүх хүмүүс санваарын аврагч ёслолуудыг хүлээн авснаар “Эцэгт байгаа бүхнийг” өвлөн авна гэсэн амлалт тэдэнд биелэгдэх болно (С ба Г 84:35–38-ыг үзнэ үү).

“Энэхүү амлалт хийгээд гэрээнээс урьд хожид үзэгдээгүй олон адислал дэлхий даяарх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ирнэ” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Рассел M.Нелсон заажээ.5

Ариун сүмийн хишиг

Ариун сүмийн хишиг бол хүч хийгээд мэдлэг авчирдаг бэлэг юм.

Бид ариун сүмийн хишиг хүртэх үед мөнхийн өргөмжлөлтэйгөө холбоотой заавруудыг авч, гэрээнүүдийг хийдэг. Угаалгын, тос түрхэлтийн болон ариун гэрээнүүдийн сануулагч болох ариун сүмийн гарментаар хувцаслах зан үйл бол хувийн хишигтэй холбоотой ёслолууд юм.6 Ариун сүмийн ёслолууд ариун нандин учраас ариун сүмээс гадуур нарийвчлан ярилцдаггүй. Үүний улмаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер, “Эдгээр ёслолуудыг гүйцэтгэх үед амлагддаг адислалууд болон тэдгээр нь ямар нөхцөлд биелэгдэхийг та бүхэн анхааралтай сонсох нь чухал” хэмээн зөвлөжээ.7

Эсэргүүцлийг ялж, Сүмийг хөгжүүлэх бурханлаг хүчийг хүлээн авах түлхүүр бол “ариун сүмд бидний хийдэг гэрээ юм. Энэ гэрээгээр бид Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагаж, Түүнд бие сэтгэлээ зориулан, золиослол хийх үүрэг хүлээдэг бол Тэр биднийг агуу хувийн хишгээр адислах амлалт өгдөг” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд заажээ.’”8

Бид дараах зүйлсийг судалснаар хувийн хишиг хүлээн авах үед хийдэг гэрээнүүдэд агуулагддаг зарчмуудын тухай дэлгэрэнгүй мэдэж чадна:

  • “Дуулгавартай байдал,” Сайн мэдээний зарчмууд (2009), 221–227.

  • M.Рассел Баллард, “The Law of Sacrifice,” Лиахона, 2002 оны 3-р сар, 10.

  • On “the law of [the] gospel” (С ба Г 104:18), Сургаал ба Гэрээ 42-ыг үзнэ үү.

  • “Ариун явдлын хууль,” Сайн мэдээний зарчмууд (2009), 249-257.

  • Д.Тодд Кристофферсон, “Reflections on a Consecrated Life,” Лиахона, 2010 оны 11-р сар, 16.

Лацдалт

Family sealed at the Provo Temple

“Ариун сүмийн гэрлэлт” буюу “лацдалт” гэгддэг ариун сүмийн ёслол нь хэрэв гэр бүлийн хос итгэлтэй байх юм бол үхлийн дараа эхнэр, нөхөр хоёрын хооронд үүрд мөнх үргэлжлэх харилцааг бий болгодог. Эцэг эх, хүүхдийн харилцаа нь мөнх бус амьдралын дараа үргэлжилж, олон үеийнхнийг мөнхийн гэр бүлийн харилцаанд нэгтгэж чадна.

Хувь хүн ариун сүмд гэрлэлтийн гэрээг Бурхантай болон нөхөр буюу эхнэртэйгээ хийдэг. Гэр бүлийн хос бие биедээ болон Бурханд үнэнч итгэлтэй байхаар амладаг. Өргөмжлөл болон үүрд мөнх үргэлжлэх гэр бүлийн харилцааг Бурхан тэдэнд амладаг билээ (С ба Г 132:19–20-ийг үзнэ үү). Ариун сүмд лацдан холбуулсан гэр бүлийн хост төрсөн хүүхдүүд эсвээс хожим нь эцэг эхтэйгээ лацдан холбуулсан хүүхдүүд мөнхийн гэр бүлийн гишүүд байх эрхтэй юм.

Бид бусад ёслолуудын нэгэн адил, гэрээнүүддээ үнэнч байснаар дэлхий дээрх лацдалтын ёслолыг Амлалтын Ариун Сүнс тэнгэрт хүчинтэй болгодог.9 Эхнэр буюу нөхөр нь лацдан холболтын амлагдсан адислалуудаа алдлаа ч гэсэн гэрээнүүдээ чанд сахьдаг хүмүүс байдаг.

Ариун гэрээнүүд хийж, сахих нь

Бид эдгээр чухал гэрээнүүдийг хийснээр шинэ бөгөөд үүрдийн гэрээг, “бүр [Есүс Христийн сайн мэдээний] бүрэн байдлыг хүлээн авагчид болдог билээ” (С ба Г 66:2). Шинэ бөгөөд үүрдийн гэрээ нь бидний хийдэг сайн мэдээний бүх гэрээнүүд болон хүлээдэг үүргүүдийн нийлбэр бөгөөд10 Эцэгт байдаг бүхэн, түүний дотор мөнх амьдралын адислалууд энэхүү гэрээнээс үүдэлтэй юм.

Бид гэрээнүүдээ ойлгож, сахих нь хийх ёстой юмсын зүгээр нэг жагсаалт биш харин Аврагчтай адилхан болох шийдвэр төгс хүсэл эрмэлзэл гэдгийг санах ёстой.

“Эцсийн Шүүлт бол бидний хийсэн бүх сайн, муу үйлст үнэлэлт өгөх явдал биш гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс заажээ. Энэ бол бидний үйл хэрэг, бодол санаа буюу бид ямар хүмүүс болсны эцсийн үр дүн юм. Ямар нэг зүйлийг ул суурьтай бодохгүйгээр хийх нь сайн үр дүнд хүргэдэггүй. Зарлигууд, сайн мэдээний ёслолууд болон гэрээнүүдийг чанд сахих нь тэнгэр дэх гэртээ эргэж очихын тулд бид бүхний зайлшгүй хийх ёстой зүйл мөн. Есүс Христийн сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэг биднийг ямар хүмүүс болохыг хүсэн хүлээдэг шиг тийм хүмүүс хэрхэн болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө юм.”11

Эшлэл

  1. Toмас С.Монсон, “Happiness—the Universal Quest,” Лиахона, 1996 оны 3-р сар, 5; Ensign, 1993 оны 10-р сар, 4.

  2. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 20.1.

  3. Рассел M.Нелсон, “Covenants,” Лиахона бa Ensign, 2011 оны 11-р сар, 86-г үзнэ үү.

  4. Делберт Л.Стейпли, Conference Report, 1965 оны 10-р сар, 14; мөн Teachings of Gordon B. Hinckley (1997), 561; The Teachings of Spencer W. Kimball, эмхтгэсэн Эдвард Л.Кимбалл, (1982), 220-ийг үз.

  5. Рассел M. Нелсон, “Covenants,” Лиахона ба Ensign, Nov. 2011 оны 11-р сар, 88.

  6. Рассел M.Нелсон, “Prepare for the Blessings of the Temple,” Лиахона ба Ensign, 2010 оны 10-р сар, 46-г үзнэ үү.

  7. Боид К.Пакер, “Come to the Temple,” Лиахона, 2007 оны 10-р сар, 16; Ensign, 2007 оны 10-р сар, 20.

  8. Жeффри Р.Холланд, “Keeping Covenants: A Message for Those Who Will Serve a Mission,” Лиахона, 2012 оны 1-р сар, 50; New Era, Jan. 2012, 4.

  9. “Holy Ghost,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 82; мөн С ба Г 132:7, 18–19, 26-г үзнэ үү.

  10. Жозеф Фиелдинг Смит, Doctrines of Salvation, эмхтгэсэн Брус Р.МкКонки, боть 3. (1954–1956), 1:156.

  11. Даллин Х.Өүкс, “The Challenge to Become,” Лиахона, 2001 оны 1-р сар, 40; Ensign, 2000 оны 11-р сар, 32.

Зүүн талд: Роберт Кейсийн гэрэл зураг; баруун талд: гэрэл зургийг Дан Картер © IRI

Бөгжний гэрэл зургийг Роберт Кейси; Калифорний Сан Диегогийн Ариун сүмийн гэрэл зургийг Стив Трегигл