2018
Зөв шударга эцгийн нөлөө
2018 оны 6-р сар


Зөв шударга эцгийн нөлөө

Зохиогч нь АНУ-ын Калифорни мужид амьдардаг.

Би зөв шударга эцгүүдийг мөн Тэнгэрлэг Эцэгийг харснаар эцэг хүний талаар суралцсан.

Warren family

Зохиогчийн нөхөр, охин хоёртойгоо хамт авахуулсан гэрэл зургийг Жэсс Воррэн авав.

Би эцэггүй өссөн учраас Тэнгэрлэг Эцэгийнхтэй адил хайрыг мэдрэх боломж надад байсангүй. Үүний оронд Түүний хайрыг үзүүлдэг, жинхэнэ эцэг хүний үлгэр жишээ болсон эрчүүдийг ажигласан юм. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007): “Журамт эцэг байх нь Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг зан чанарыг зэрвэсхэн харах боломжийг бидэнд олгодог”1 хэмээн заасан. Хамаатан садан, Сүмийн удирдагч, судар дээрх зөвт эрчүүд, тэр ч бүү хэл хичээнгүй гэрийн багш нар зэрэг олон эцгийн үлгэр жишээгээр дамжуулан би Тэнгэрлэг Эцэгийн шинж чанар, Түүний үлгэр жишээг дагахын тулд дэлхий дээрх эцгүүдийн хөгжүүлж болох эрхэм дээд зан чанаруудын талаар суралцсан билээ. Эцэст нь би эцэггүй өссөн сэтгэлийн зовлон шаналлаа Тэнгэрлэг Эцэгтэйгээ хөгжүүлж болох ойр дотно харилцаанаас ирэх баяр баясгалангаар сольсон юм.

Хувиршгүй хийгээд түшиг тулгууртай

Тэнгэр дэх Эцэг маань өөрчлөгддөггүй. Тэрээр “өчигдөр, өнөөдөр бас үргэлжид адил байх буюу” (Мормон 9:9) хэмээн бид уншдаг. Би дэлхий дээрх журамт эцгүүд Тэнгэрлэг Эцэгийн гуйвшгүй байдлын үлгэр жишээг дагадаг болохыг олж харсан. Журамт эцгүүд бүх зүйлд хэлсэн үгэндээ үнэнч байдаг. Тогтвортой байдал бол аюулгүй мөн хайрлагддаг болохоо мэдрэхэд түүний хүүхдүүдэд тусалдаг гэдгийг тэр ойлгодог бөгөөд хүнд хэцүү, баяр баясгалантай аль ч үед хажууд нь байдаг.

Мөн бидний Тэнгэрлэг Эцэг Өөртэй нь хамт мөнхөд амьдрахуйц зохистой байхын тулд хэчнээн их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Тэрээр биднийг нэрээр маань мэддэг бөгөөд биднийг цэвэршүүлэхийн тулд саад бэрхшээлийг өгдөг. Дэлхий дээрх журамт эцгүүд ч мөн адил зовлон бэрхшээл өсөж хөгжих боломж олгодог гэдгийг мэддэг учраас зарим үед хүүхдүүддээ зовлон гэж юу болохыг мэдрүүлдэг.

Нөхөр маань зодооны урлагийн чадварлаг тамирчин. Аав нь түүнд зааж өгсөн бөгөөд тэр түүнд бусад суралцагчаас илүү хатуурхдаг байсан талаар үргэлж ярьдаг. Аавынх нь хүмүүжил түүнийг хүчирхэгжүүлж, харьцангуй богино хугацаанд ахиц гаргахад тусалжээ. Журамт эцгүүд бидний Тэнгэрлэг Эцэгийн адил хүүхдүүдээ хүчирхэгжүүлж, хайрлан, дэмжихийн зэрэгцээ хамгийн сайнаараа хийхэд урамшуулан дэмждэг.

“Эцэс төгсгөлгүй ажил”

Тэнгэрлэг Эцэгийн маань ажил мөнхийн хийгээд эцэс төгсгөлгүй (Алма 12:25–33-ийг үзнэ үү). Үүнтэй адил журамт эцгүүдийн ажилд ч эцэс төгсгөл гэж үгүй. Журамт эцгүүд үргэлж сайн үйлийг хийж, зөв шударга байхыг хичээдэг. Тэд Бурханы зарлигуудыг шударга, үнэнчээр дагадаг. Тэд бас хувийн ашиг сонирхлоо гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хойш тавьдаг. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т амьд бошиглогчид “Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй”2 хэмээн заасан. Үүнд биеэрээ хамгаалахаас гадна сүнслэг байдлын хувьд хамгаалах нь ордог. Журамт эцгүүд үлгэр жишээгээрээ удирддаг ба үр хүүхдүүдээ хайрлаж, тэдэнд зөвлөгөө өгдөг. Тэд мөн шаардлагатай үед сүнслэг аюулын эсрэг сэрэмжлүүлдэг.

Хүч чадал өгдөг гэр бүлийн түүхүүд

Брүс Филэр New York Times дээрх “The Stories That Bind Us” буюу “Биднийг холбодог түүхүүд” нийтлэлдээ гэр бүлүүд устаж үгүй болж байгаа талаарх судалгаануудыг товч танилцуулжээ. Тэдгээр судалгаагаар бол дасан зохицох чадвар сайтай хүүхдүүд өөрсдөөсөө агуу том зүйлийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд тусалж, хүч чадал өгдөг гэр бүлийн түүхээ сонсдог байсныг тогтоосон байна. Филэрийн хэлснээр “Хэрэв та аз жаргалтай гэр бүлтэй болохыг хүсэж байвал гэр бүлийнхээ сайн сайхан үйл явдлууд болон хүнд хэцүү үеийг давж гарах чадварынхаа талаарх түүхийг бий болгон, сайжруулж, уламжлан ярь. Таны энэхүү ганцхан үйлдэл гэр бүлийн тань ирээдүйд үе үеэрээ цэцэглэн хөгжих магадлалыг нэмэгдүүлж магадгүй.”3

Үүний жишээг Мосе 1-ээс харж болно. Мосе Бурханы төлөвлөгөө болон өөрийнхөө тэнгэрлэг мөн чанарын талаарх мэдлэгээр хүчирхэгжиж байсан. Сатан Мосе дээр ирэн сориход тэрээр гуйвалгүй, “Чи хэн бэ? Учрыг болгоогтун, түүний Төрсөн Ганцын адил Бурханы хүү байна би; мөн бибээр чамайг шүтэх ёстой тэр алдар суу чинь хаана байна?” (Moсe 1:13) хэмээн асуусан билээ. Тэр ч бүү хэл Мосе Сатанд зайл хэмээн тушаах зоригтой байсан.

Дэлхийн журамт эцгүүд хүүхдүүддээ Бурханы сүнслэг хүүхдүүдийн хувьд өөрсдөд нь байх бурханлаг мөн чанарыг сануулан хүчирхэгжүүлдэг. Тэд өөрсдийн сайн үлгэр жишээгээр мөн хүүхдүүдээ үүнд татан оролцуулахад анхаарснаар хүчтэй гэр бүлийг бий болгоход тусалдаг. Энэ нь хүүхдүүдийг нь өмнөө зорилготой мөн амжилтад хүрнэ гэдэгтээ итгэх итгэлтэй болгодог.

Журамт нөхрийг хайх

Би болзож байхдаа журамт эцэг болох мөнхийн ханиа хайж байсан. Хүүхэд байхдаа тийм үлгэр жишээ болчих хүнгүй өссөн учраас буюу дэлхийн журамт эцэгт байх ёстой зан чанарыг мэдэхгүй байсан тул надад хэцүү байв. Патриархын адислалд минь Тэнгэрлэг Эцэгийн гэрлээсэй гэж хүссэн хүний талаар ямар ч нарийн ширийн удирдамж байгаагүйд миний урам хугарч билээ. Тэнд зөвхөн намайг ариун сүмд авч орох хэн нэгнийг л хайж олох хэрэгтэй гэж хэлсэн байв. Ийм энгийн мэт зааврыг хүртэл дагахад хэцүү байлаа. Хэдийгээр би хэд хэдэн сайхан болзоонд явсан ч тийм хүн огт байдаггүй эсвэл сэтгэл зүрхэндээ тоолохын аргагүй олон шархтай болно байх хэмээн дотроо байнга санаа зовдог байсан юм.

Хэдийгээр сэтгэл түгшүүртэй байсан ч би хүүхдүүддээ зөв шударга эцэг нь байж, тэднийгээ хайрладаг, амьдралд нь үргэлж хамт байдаг нөхөртэй болохын төлөө залбирсаар байв. Би итгэлтэй ээжийнхээ адил юу ч болсон бай, Мөнхийн Эцэгээсээ тусламж дэмжлэг авах боломжтой гэдгээ мэддэг байсан.

Намайг гайхшируулж, баярлуулсан зүйл бол Тэнгэрлэг Эцэг яг тохирсон цаг хугацаанд миний залбиралд хариулсан явдал байв. Эцэг хүн ямар байх ёстой гэдгийн үлгэр жишээг хайртай нөхрөөсөө олж харах нь сэтгэлийн минь шархыг эдгээж байна. Тэр бошиглогч, төлөөлөгчдийн харуулсан үлгэр жишээгээр намайг харамгүй нандигнан хайрладагт би талархдаг. Намайг хайрладаг нөхрийн минь үлгэр жишээ хүүхдүүдийг маань ч бас адисалдаг. Сорилт бэрхшээлд итгэлтэй байж, шаргуу хөдөлмөрийн үлгэр жишээг үзүүлэн, санваарыг ашиглах зохистой байж, залуу эцгийн хувьд үзүүлдэг гуйвшгүй хайр халамжинд нь би сэтгэл зүрхэндээ талархдаг.

Бидний эргэн тойронд байх эцгүүд

watercolor painting

Зохиогч нөхөр, охин хоёрынхоо хөргийг усан будгаар зурсан нь. Амьдрал дахь эцэг хүний үлгэр жишээ байсан гэрийн багш нь түүнд уран зургаар хичээллэх сэдлийг төрүүлсэн байна.

Мосегийн адил өөрийгөө хэн гэдгийг ойлгодог хүний үзүүлэх нөлөөнд хил хязгаар гэж үгүй. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх байсан Шэри Дью эгч асарч халамжилдаг бүх эмэгтэй эх хүн болоогүй ч эх хүний үүргийг гүйцэтгэдэг хэмээн заасан. Тэрээр “Бид бүгд Израилийн эх бөгөөд өсөн өндийж буй үеийнхнийг мөнх бус амьдралын аюултай гудамжаар явахад нь хайрлаж, удирдан залахад нь туслах нь бидний дуудлага билээ”4 хэмээн гэрчилсэн. Зөв шударга үлгэр жишээ болсон эрчүүд Израилийн эцгийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тэдний зөвт үлгэр жишээ гэр бүлийнх нь хүрээнээс гадуур үйлчилдэг байна.

Бага насандаа туулсан зовлон бэрхшээлийн дараа мөнхийн ханьдаа итгэж найдахын тулд надад яг юу хэрэгтэй байсныг Тэнгэрлэг Эцэг мэдэж байсан гэдэгт би итгэдэг. Тэр миний амьдралд эцэг хүний гуйвшгүй олон үлгэр жишээг харуулсан. Тэдний дунд Их Эзэнийг хайрладаг зөв шударга өвөө мөн гэр бүлийн маань санхүүгийн бэрхшээлийг ойлгож, намайг өөрийн урланд авч сурган, өөрийнх нь мэргэжлээр замнах сэдлийг надад төрүүлсэн хичээнгүй гэрийн багш минь байсан билээ. Залуу насандаа би гэнэт адислагдаж, зөв шударга хойд аавтай болсон маань бурханлаг илааршлыг авчрахад мөн тусалсан. Тэр эцэг хүнийх нь хувьд итгэхдээ эргэлзэхэд тэвчээртэй байж, надад үргэлж сайхан ханддаг байсан.

Эдгээр эцэг хүний нөлөөнөөс би найдвар, илааршил, баяр баясгаланг олсон билээ. Би Тэнгэр дэх Эцэгийн үзүүлсэн үлгэр жишээг дагадаг мөн журамт эцгийн үлгэр жишээ болохыг хичээдэг эрчүүдэд талархдаг.

Эшлэлүүд

  1. James E. Faust, “Them That Honour Me I Will Honour,” Liahona, July 2001, 54.

  2. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, May 2017, 145.

  3. Bruce Feiler, “The Stories That Bind Us,” New York Times, Mar. 15, 2013, nytimes.com.

  4. Sheri L. Dew, “Are We Not All Mothers?” Liahona, Jan. 2002, 113.