Хуудас бүр дээр “БИД ИТГЭДЭГ” гэсэн байлаа
Ангийн хүүхэд маань мормончууд Христэд итгэгчид биш гэсэн учраас би Мормоны Номыг цоо шинэ арга барилаар уншихаар шийдэв.
“Мормончууд Христийн шашинтнууд биш.”
Ахлах сургуулийн ангийн хүүхдийн маань хэлсэн үг намайг цочролд оруулав.
“Мэдээж бид Христийн шашинтнууд мөн” гэж би хариуллаа.
“Тэгвэл яагаад та нар Мормоны Номыг уншдаг юм бэ?” гээд надад хариулах ч боломж олголгүй цааш явав.
Би энэ асуултын талаар их бодож билээ. Хариулт нь мэдээж мормончууд Христийн шашинтнууд мөн бөгөөд Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ гэсэн хариулт юм. Бид уг номыг Библитэй хамт уншдаг бөгөөд Аврагчийн талаар илүү ихийг суралцдаг.
Би өмнө нь Мормоны Номыг уншиж байсан бөгөөд үнэн гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ ангийнхаа хүүхдийн асуултын ачаар би үүнийг өөр арга замаар буюу уг номд Есүс Христийг хэдэн удаа дурдаж байгааг нь тэмдэглэж судал гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авсан юм. Үүнийг дагаснаар би гайхалтай зүйлийг олж мэдэв.
Би номыг дөнгөж нээнгүүт нүүр хуудсан дээр нь Мормоны Номыг “өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан” гэдэгт уншигчдыг итгүүлэх зорилгоор бичсэн гэдгийг уншлаа.
Мормоны Номын удиртгал дээр “Мормоны Номонд товчоологдсон тэргүүн чухал үйл явдал нь Их Эзэн Есүс Христ амилсныхаа дараахан нифайчуудын дунд өөрийн биеэр тохинуулсан явдал юм” гэсэн байхыг уншив. Уг цэдэг үнэн гэсэн Ариун Сүнсний гэрчийг хүлээн авсан хүмүүс “мөнхүү хүчээр Есүс Христ бол энэ дэлхийн Аврагч … гэдгийг мэдэж авах болно” хэмээсэн байлаа.
Мормоны Номыг орчуулсан ялтаснуудыг тэнгэр элч тэдэнд үзүүлж мөн “бид үзсэнээ мөн эдгээр зүйлүүд үнэн гэдгийг бид гэрчилж байгаа нь Эцэг Бурханы, мөн Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр гэдгийг бид мэднэ” хэмээсэн “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг нээв.
Дараа нь “Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл”-д тэнгэр элч Моронайн айлчлалын талаар дурдсан байсан бөгөөд тэрээр Мормоны Номонд “Аврагчаар эртний оршин суугчдад хүргэгдсэн” үүрдийн сайн мэдээний бүрэн байдал агуулагдсан гэдгийг хэлсэн байлаа.
Би 1 Нифай руу ороогүй байхдаа л аль хэдийн олон зүйлийг олсон байв.
Миний эрэл үргэлжилсээр. 1 Нифай дээрээс би Мессиагийн ирнэ гэдгийг Лихай мэдэж байсныг олж мэдэв (1 Нифай 1:19-ийг үзнэ үү). Би “бүх дэлхийн нүглийг үүрэх ёстой” Гэтэлгэгчийн талаарх түүнийг бошиглолуудыг уншлаа (1 Нифай 10:10; 4–10-р шүлгийг үзнэ үү). Есүс Христийн төрөлт, тохинуулал, үхэл, Амилалт болон ирээдүйд эртний Америкт хийх айлчлалынх нь талаарх Нифайн дүрслэлийг ч уншив (1 Нифай 10–12-ыг үзнэ үү).
Мормоны Ном Библи дээрх “бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст Бурханы Хурга бол Мөнхийн Эцэгийн Хүү хийгээд дэлхийн Аврагч” хэмээх үнэнийг бататгана гэсэн бошиглолыг уншсан юм (1 Нифай 13:40). Түүнчлэн “бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүс хэрэв энэ нь түүнчлэн байж тэд наманчлах аваас Израилын Ариун Нэгэнд аюулгүйгээр орших болно” (1 Нифай 22:28) хэмээх Нифайн гэрчлэлийг уншив.
Нэг өдрийн дараа би 53-р хуудсан дээр очсон байв. Би Мормоны Ном дээрх номуудын ганцхан номыг нь уншиж дууссан ч хүчтэй гэрчүүдийг аль хэдийн хүлээн авсан байлаа.
Дараагийн долоо хоногт нь би хуудас бүрээс Есүс Христийн талаарх гэрчлэл, Түүний бошиглогчид дээр ирсэн үзэгдлүүд болон эртний америкчүүдийн дунд хийсэн тохинууллынх нь талаар дэлгэрэнгүй мэдээллийг олсон юм. Би Есүс Христийн талаар Моронайн хүчтэй гэрчлэлийг (Моронай 9-ийг үзнэ үү); “Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр [Мормоны Ном] үнэн эсэхийг асуухыг” (Моронай 10:4; тодотгол нэмэгдсэн); мөн сүүлийн хуудсан дээрх “Христэд ир” (Моронай 10:30, 32) гэсэн урилгыг нь уншиж дуусгасан.
Мормоны Ном ангийн маань хүүхдийн хэлсэн үгийг няцааж байгааг би олж мэдсэн. Хэрэв Христэд итгэгч гэдэг нь Есүс Христэд итгэдэг хүнийг хэлдэг юм бол Мормоны Номын хуудас бүр дээр “Бид итгэдэг!” гэсэн байв.
Хэсэг хугацааны дараа би найзтайгаа дахин уулзсан. Би өөрийнхөө туршлагыг түүнд яриад, түүнийг Мормоны Номыг уншихад урив. Тэр эелдгээр татгалзсан ч Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн авсанд маань баярлаж байна гэсэн юм. Биднийг ийнхүү ярилцсаны дараа “Мэдээж бид Христийн шашинтнууд мөн” гэснээрээ юу хэлэх гэснийг маань тэр илүү сайн ойлгосон гэж би бодож байна.