2018
Санваарт хүндэтгэлтэй хандах нь
2018 оны 6-р сар


Санваарт хүндэтгэлтэй хандах нь

Зохиогч нь Гана дахь Сэнтрал бүсэд амьдардаг.

1978 оны илчлэлт намайг болон гэр бүлийг маань хэрхэн адисалсан тухай

Charlotte Acquah

Би ээжийгээ 1968 онд Жосеф В.Б.Жонсон ахын бүлэгт нэгдэх үед Сүмийн талаар анх удаа сонсож байж билээ.1 Тэгэхэд би 10 орчим настай байсан. Аавын маань бизнес 1966 оны төрийн эргэлтээс болж муудсан байсан ба гэр бүл маань бэрхшээлтэй үеийг туулж байв. Тиймээс ээж маань сүнслэг тусламж эрэлхийлэх нь зүйтэй гэж үзсэн байлаа.

1978 оны илчлэлтээс өмнө хар арьстнуудад санваар олгодоггүй байсан учраас Сүм албан бус байв. Харин уг илчлэлтийн дараа Сүм санваарын эрх мэдлээр зохион байгуулагдсан. Би 1979 оны 2-р сарын 24-нд баптисм хүртсэн.2

Нөхөр маань Сүмд нэгдэхийн тулд 2 жилийг судалж мөн бага зэрэг мэтгэлцэж өнгөрүүлсэн юм. Тэр эцэст нь 1980 онд баптисм хүртэж, дараа нь санваар хүртсэн. Тэр маш тайван хүн болсон байсан учраас гэрийнхэн нь түүний ингэтлээ өөрчлөгдсөнд итгэж ч чадахгүй байв. Тэр санваартаа болон Их Эзэний өмнө үргэлж зөвийг үйлдэж байгаа эсэхээ бататгахын тулд хянамгай байдаг байв. Хэрэв тэр санвааргүй байсан бол олны дунд нэр хүнд, магтаал олж авах гэж хөөцөлдөх байсан гэж хэлдэг. Харин түүнд санваар байгаа учраас хамгийн чухал зүйлс бол гэрлэлт, гэр орон, гэр бүл мөн бусдад үйлчлэх явдал юм гэдгийг тэр мэддэг болсон.

Манай орны уламжлалаар эцгийн үг хууль байх ёстой байдаг. Гэвч бид санваарыг ийм арга замаар ашигладаггүй. Бид гэр бүлийн зөвлөлөөрөө хамтдаа сууж хэлэлцдэг. Эцгүүд зааж байгаа зүйлээ зөв болохыг ойлгоход нь эхнэр, хүүхдүүддээ тусалдаг.

Сүмийн гишүүн эрэгтэйчүүд эхнэрээрээ үйлчлүүлэхийн оронд тэдэнд үйлчилдэг. Энэ нь тэднийг бие биенээ хайрлаж, сэтгэл тайван байхад тусалдаг.

Би түүнийг хамгийн анх “хорионы” үед ариун ёслол адислахыг харсан. Бид энэ үед гэртээ ариун ёслолын цуглаан хийдэг байв.3 Би тэр үед түүнийг санваар эзэмшиж байгаад нь маш их баярладаг байсан. Хэн ч бидний төлөө ариун ёслол адислахаар манайд ирэх шаардлагагүй байсан ба тэр л үүнийг хийсэн. Энэ нь онцгой зүйл байсан тул бид баяртай байв.

Хар арьстнуудад санваар эзэмшихийг зөвшөөрдөггүй талаарх ном зохиолыг би хорионы үед анх уншиж байсан ба энэ үед мормончуудын эсрэг ном зохиол нийтэд дэлгэрч байсан юм. Би Сүм үнэн гэдгийг мэддэг учраас үүнийг тийм ч их анхаараагүй. Бид өөрсдийн амьдралыг өөр хэн нэгэнд бус, харин Есүс Христ болон Түүний цагаатгах золиослол дээр төвлөрүүлэх ёстой гэж заалгадаг. Тиймээс, миний итгэл ч үүн дээр төвлөрдөг.

1996 оны 12-р сарын 17-нд бид Өмнөд Африкийн Иоханнесбург ариун сүм рүү явах боломжтой байсан. Ялангуяа би төрөөд хэдхэн өдрийн дараа нас барсан ууган хүүг минь бидэнтэй лацдан холбохыг сонсоод үнэхээр баярласан. Би түүний гэм зэмгүйг мэдэж байсан ч өнгөрчихсөн болохоор хэзээ ч харахгүй гэж боддог байв. Харин түүнийг бидэнтэй лацдан холбосон нь миний хувьд хэзээ ч мартагдашгүй сүнслэг үйл явдал байсан юм.

Иймээс хүмүүсийг биднээс хэдэн хүүхэдтэй вэ гэж асуух үед би тэдэнд найман хүүхэдтэй гэж хэлдэг. Тэднийг “Яагаад?” гэж асуухад нь би “Тийм ээ, ууган хүү маань биднийг хүлээж байгаа, тиймээс бид эргэн очиж, гэр бүлээрээ хамтдаа байхын тулд Бурханы зарлигуудад дуулгавартай дагаж амьдрах эсэх маань биднээс л шалтгаална” гэж хэлдэг.

Санваар бол Бурханы хүч юм. Би санваараар дамжуулан олон адислал хүлээн авсан. Хүүхдүүд маань ааваасаа санваарын адислал хүсэх үед би үргэлж баяртай, өөдрөг сэтгэлтэй байдаг. Тэд аавдаа итгэдэг бөгөөд Тэнгэрлэг Эцэг санваар атгаж буй ааваар нь дамжуулан ажилладаг гэдэгт итгэдгийг би мэднэ. Би гэр орондоо санваарыг хүндэтгэдэг. Одоо гурван хүү маань гэрлэж, өөрсдийн гэр оронд санваараа ашиглаж байна.

Санваар Бурханы хүч учраас үнэн гэдгийг мөн Тэнгэрлэг Эцэг амьд учраас энэ бол амьд хүч гэдгийг би мэднэ. Тэр энэхүү хүчнийхээ нэг хэсгийг газар дэлхий дээрх эрэгтэй хүүхдүүддээ өгсөн. Эмэгтэйчүүд бид санваарыг хамтран ашигладаг. Би санваарыг хүндэлдэг. Санваар манай гэр бүлд тусалсан бөгөөд тусалсаар байх болно.

Эшлэлүүд

  1. Ганад 1960-аад оны дундуур Жосеф Виллиам Билли Жонсон Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд зэрэг судрыг олж авсан ба Сүмийн албан бус цуглаануудыг зохион байгуулах ёстойг мэдэрчээ.

  2. Номлогчид 1978 оны 11-р сард анх удаа Гана руу албан ёсоор явахаар томилогдсон байна.

  3. 1989 оны 6-р сарын 14-нд Ганагийн засгийн газар номлогчдыг хөөн гаргаж, Сүмийг хориглосон ч гишүүдийг гэр орондоо үйлчлэлээ үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. 18 сарын дараа засгийн газар Сүмийг гишүүддээ засгийн газрын хуулиудад дуулгавартай байж, арьсны өнгөөр ялгаварлалгүй зохицох байдлыг хөхиүлэн дэмжихийг зааж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд 1990 оны 12-р сарын 1-нд Гана улсаас Сүмийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрсөн.