Боломжтой бүхий л арга замаар адисалсан
Ахлагч Эдвард Дүби Зимбабвед төрсөн бөгөөд эхнэр Науми болон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Энэ илчлэлт намайг болон миний гэр бүлийг мөн Африк дахь Сүмийг хэрхэн адисалсан тухай.
Хар арьстнуудыг санваар хүртэхийг хориглодог байсныг би анх номлолд байхдаа сонсож байв. Би энэ хоригийг аль хэдийн цуцлагдчихсан байхад буюу 1984 онд баптисм хүртсэн. Хоёр жилийн дараа би Өмнөд Африкийн Йоханнесбург номлолд үйлчлэхээр дуудагдав.
Зимбабвегийн Булавайод томилогдсон, миний хамтрагч ахлагч Францис Жак бид хоёр нэг идэвх султай эгчийнд айлчилж очсон юм. Түүний нөхөр өөр сүмийн шашны номлолын профессор байв. Тэр биднээс хар арьстай Африкийн үр удамд яагаад санваар олгодоггүй байсныг асууж билээ. Тэр миний урьд өмнө сонсож байгаагүй, хэцүү санагдсан олон зүйлийн талаар ярьсан. Уг өрөөнөөс гарахдаа би маш их сэтгэлээр унасан байв.
Ахлагч Жак бид хоёр юу ч ярилгүй дугуйнуудаа унан, гэр рүүгээ явав. Гэртээ очсоны дараа тэр над руу хараад, “Ахлагч Дүби, юу болсон бэ? Чиний сэтгэл зовсон харагдаж байна” гэлээ.
“Чи түүний юу хэлснийг сонсоогүй гэж үү? Нээрээ яагаад ийм зүйл болсон юм бол?” гэж би хариулав.
“Ахлагч аа, чи Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф хүүд үзэгдсэн гэдэгт итгэдэг үү?” гэхэд нь би
“Тийм ээ. Тэгээд юу гэж?” гэж хэлэв.
“Энэ чинь л бүх зүйлийн хариулт шүү дээ. Бид илчлэлтэд итгэдэггүй гэж үү?” гэж ахлагч Жак хариулж билээ.
Би түүний үгийг болон проффесорын хэлсэн зүйлсийг бодож үзэв. Би тэр орой шөнө дунд сэрж, аз жаргал, амар амгаланг мэдэрсэн.
Сайн мэдээний асуулт бүрийн хариулт 1820 онд болсон зүйлтэй холбоотой байдаг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн гэдгийг мэдэж байгаа нь тэр бол бошиглогч бөгөөд энэ бол Их Эзэний Сүм гэснийг илтгэдэг. Хэрэв Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф хүүд үзэгдсэн л юм бол бүх сайн мэдээний зарчим, асуултууд ойлгомжтой болно. Энэ бол илчлэлтийн сүм бөгөөд Их Эзэн тодорхой цаг үед тодорхой үйл явцыг Өөрийн үйлчлэгч, бошиглогчдод илчилдэг бөгөөд энэ нь надад амар амгаланг авчирсан.
Би үсэрч дэвхцэн, хамтрагчаа сэрээгээд, “Тийм ээ, тийм! Чиний зөв байж, ахлагч Жак! Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф хөвгүүнд үзэгдсэн. Энэ Сүм бол Их Эзэний Сүм!” гэж хамтрагчдаа хашгирах шахам хэлж билээ.
Энэ хоригийг цуцалсан нь Африк даяарх гишүүдэд адислал болсон юм. Санваар намайг, миний гэр бүлийг боломжтой бүх арга замаар адисалсан. Бид ариун сүмийн адислалуудыг хүртэж, гэр бүлээрээ мөнхөд хамт амьдрах боломжтой гэдгийг мэдсэн минь надад их хүч өгсөн юм.
Санваарыг ашиглах боломжтой болсон нь Африкийг адисалсан. Эндхийн хүмүүс аз жаргалтай, эерэг хүмүүс байдаг ч сайн мэдээ үүнийг улам бүр нэмэгдүүлсэн билээ. Гэр бүл Африкт маш чухал байр суурь эзэлдэг учраас ариун сүмийг агуу адислал гэж үздэг. Сүм энд маш хурдан өсөж байна.
Эндхийн гишүүд Бурханы хүслийг сонсоод, явж мөн үйлддэг. Энэ нь гишүүдийг адисалсаар байна. Африкийн зарим бүсэд хүн амын 90 хувьд ажилгүйдэл нүүрлэсэн байхад ч манай гишүүд бие даах чадварынхаа ачаар дажгүй сайн байгаа. Санваар ба санваарын удирдагчдаас ирдэг удирдамж биднийг адисалдаг.
Би санваар хүртэх боломжинд мөн амьдралдаа хүлээн авсан адислалуудынхаа төлөө, энэ нь Африк тив дэх гишүүдийг хэрхэн адисалсаар байгаад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт маш их талархаж байна.