2018
Бидний тусламж хэрэгтэй байгаа газар
2018 оны 6-р сар


Сүмд үйлчлэх нь

Бидний тусламж хэрэгтэй байгаа газар

Зохиогчид нь АНУ-ын Массачусетс мужид амьдардаг.

Бид Нью-Йоркийн Бруклин руу нүүх сүнслэг өдөөлт хүлээн авснаар төсөөлж ч байгаагүй арга замаар үйлчлэн, адислалуудыг хүлээн авсан юм.

Eyi family

Эй гэр бүлийн зураг

2013 онд бид АНУ-ын Нью-Йорк мужийн Манхэттэнд амьдарч байсан ба тойрогтоо дуртай байв. Бид анхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж байсан учраас тойргийнхоо харьяалалд байх арай том байр хайж эхэлсэн юм. Яг тохирсон байраа олсон ч зөв гэж санагдахгүй байлаа.

Тэр хавар Лорад Бруклин руу нүүх хэрэгтэй байх гэсэн мэдрэмж төрөх болжээ. Харин Вилл үүнд эргэлзэж байв. Бид Бруклиний талаар юу ч мэдэхгүй байсан ба Вилл хөрөнгө оруулалтын банкны ажилдаа ойр байхыг хүсэж байлаа. Учир нь олон цагаар ажиллахаас гадна замд ажил руугаа ирж, очиход багагүй хугацаа зарцуулах шаардлагатай болох байв. Бид энэ талаар залбирч, Ерөнхий чуулганы үеэр хариултаа олж сонсохоор шийдэв.

Биднийг нэг өрөө байрандаа зөөврийн компьютероор чуулганыг үзэж байтал Далын ахлагч Стэнли Г.Эллис гадасны ерөнхийлөгч байхад нь тохиолдсон нэг үйл явдлаа хуваалцсан юм. АНУ-ын Техас дахь гадас руу нь нүүж очиж байгаа гэр бүлүүд ихэвчлэн аль нь хамгийн сайн тойрог вэ гэж асуудаг байжээ. Харин 16 жил болоход ганцхан гэр бүл аль тойрогт тусламж хэрэгтэй байна вэ хэмээн асуусан аж.1

Уг түүх бидний зүрхэнд хүрч, залбирлын маань хариулт болов. Тиймээс бид таалагддаг, тохь тухтай, маш сайн бага насны хүүхдийн анги болон Хүүхдийн хэсэгтэй тойрогтоо үлдэхийн оронд ахлагч Эллисийн зөвлөгөөг хүлээн авч, хаашаа нүүх хэрэгтэй вэ гэж залбирсан.

Тэр үед бид Нью-Йоркийн Манхэттэн ариун сүмд ёслолын ажилтнаар үйлчилдэг байв. Тэндхийн нэг ажилтан Нью-Йорк хотыг сайн мэддэг байлаа. Тэр тусламж хэрэгтэй байж болох хоёр тойргийг санал болгов. Тэдгээр нь хоёулаа Бруклинд байлаа.

Эхний тойрог нь Виллийн ажлаас хэт хол, харин удаах нь арай ойрхон байсан ба уг тойргийн ариун ёслолд суух үед бидэнд зөв газраа олсон гэсэн мэдрэмж төрсөн юм. Тэнд Гаитигээс цагаачилж ирсэн олон гишүүн байв. Вилл Габоноос ирсэн бөгөөд франц хэлтэй байсан учраас тэр тойрог бидний хувьд гэр орон маань болно хэмээн бидэнд бодогдож билээ.

Гайхамшигт үйл явдлууд

Хэдэн долоо хоногийн дараа бид байраа олж, нүүв. Удалгүй Вилл гайхалтай арга замаар үйлчлэх дуудлага хүлээн авсан юм. Хэл амаа ойлголцоход хэсэг хугацаа шаардагдсан ч тэр удалгүй Гаитигийн креол аялгаар чөлөөтэй ярьдаг болж, гишүүдэд цуглаан дээр болон ярилцлагын үеэр хөрвүүлж туслах болов. Лора ч гэсэн адислагдан олон дуудлагад үйлчилж, бид номлолын ажилд оролцох болсон билээ.

Гаитигээс сурахаар ирсэн Нормил Ромэлус нэртэй залуухан сонирхогчтой бид найзлах болов. Тэр номлогчидтой хамт манай гэрт ирдэг байсан бөгөөд бид франц, кореол хэлээр заахад нь тусалдаг байлаа. Нормилыг баптисм хүртсэний дараа бид түүнийг Сүмийн боловсролтой болох арга зам хөтөлбөрт хамруулсан бөгөөд тэнд тэр ирээдүйн эхнэртэйгээ учирсан юм. Вилл Манхэттен ариун сүмд тэдний хуриман дээр очих болсондоо талархаж байв.

Түүнчлэн бид хорт хавдраа эмчлүүлэхээр Гаитигээс Нью-Йорк руу ирсэн нэгэн итгэлтэй эгчтэй уулзсан. Тэнд байх хугацаанд нь тойргийн зөвлөлөөс уг эгчийг эмчилгээнд нь хүргэж өгөн, буцааж гэрт нь авчрах зэргээр тусалж, хэрэгтэй бүхнээр нь хангахын тулд бүхий л арга хэмжээг авч байв. Түүн дээр яг тэр үед нь очиж, үйлчилж байснаараа бид адислагдсан. Бүх зүйл сайн болоосой гэж хүсэж байсан ч тэр өөд болсон юм.

Энэ хоёр туршлага тухайн тойргийнхон хүмүүст тусалж, дэмжиж, тэдний төлөө юу хийж байсныг харуулж байгаа жишээ юм. Бид эдгээр болон бусад гайхалтай туршлагыг олж авсандаа талархдаг.

Юу үнэхээр чухал вэ?

Их Эзэнд мөн Түүний хүүхдүүдэд үйлчлэх үед Тэрээр бидний асуудлыг шийдвэрлэдэг гэдгийг бид мэдэж авсан. Бруклинаас олж авсан туршлага маань биднийг даруу байхад тусалсан. Тэр тусмаа эдгээр нь Волл Стрит дэх гял цал байдалд анхаарлаа хандуулалгүй, харин юу хамгийн чухал вэ гэдгээ мартахгүй байхад Виллд тусалсан юм. Хөрөнгө оруулалтын банкинд бараг хүн бүр ням гарагт ажилладаг байв. Вилл заримдаа дутуу орхисон ажлаа нөхөхийн тулд гэрээсээ ажилладаг байсан ч Их Эзэн түүнийг адисалж, хэзээ ч ням гарагт ажилдаа явах шаардлага түүнд гарч байгаагүй юм.

Бид Бруклинд нүүж очихдоо, бага насны хүүхдүүдтэй хоёрхон гэр бүлийн нэг нь байна гэж бодож байлаа. Харин биднийг нүүж очсоноос хоёр долоо хоногийн дараа тойргийн хил хязгаар өөрчлөгдөж, бага насны хүүхэдтэй өөр хэдэн гэр бүл нүүж ирсэн.

Хэзээ нэгэн цагт бид Габон руу очиж амьдрахаар төлөвлөж байгаа. Брүклинээс олж авсан туршлага маань биднийг Африк дахь сүм болон хүмүүст илүү сайн туслахад бэлдсэн гэж бид боддог. Бид нүү гэсэн сүнслэг өдөөлтийг сонссондоо талархдаг. Их Эзэн биднийг төсөөлж ч байгаагүйгээр адисалсан ба цаашид ч адислах болно.

Эшлэл

  1. Стэнли Г.Эллис, “Их Эзэний зам,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43–46-г үзнэ үү.