2018
Ахлагчдын чуулгад орсон анхны өдөр
2018 оны 6-р сар


Амьдралын бэлтгэл

Ахлагчдын чуулгад орсон анхны өдөр

Зохиогч нь АНУ-ын Калифорни мужид амьдардаг.

Би тэр үед залуухан, шинэхэн ахлагч байв. Би ахлагчдын чуулгад ямар хувь нэмэр оруулж чадах вэ? Үнэн хэрэгтээ маш их байв!

young men laughing

Би тэндээс юуг хүсэн хүлээж болохыг мэднэ гэж бодож байсан тул ахлагчдын чуулгад орохдоо тийм ч их сандарсангүй. Мөн би тойргийнхоо ахлагчдын чуулгынхныг бүгдийг нь таньдаг байлаа. Тэд найзуудын маань аавууд мөн сурган хүмүүжүүлдэг хүмүүсийн хувьд миний хүндэлж явдаг хүмүүс байв. Тэд аливаа зүйлийг ойлгоход минь туслахад бэлэн гэдгийг би мэдэж байсан тул ахлагчдын чуулгад тэдэнтэй нэгдэхдээ сандарсангүй.

Би хичээлд оролцохоос л бага зэрэг эмээж байлаа. Эхэндээ амьдралын арвин туршлагатай, намайг бодвол хамаагүй ухаалаг эрчүүдэд хэлчихмээр санаа оноо надад огт байхгүй мэт санагдаж байсан.

Энэ нь өөр байсан ч адилхан байв

Ахлагчдын чуулга яах аргагүй пристийн чуулгаас өөр байлаа. Ойролцоо насны залуучуудын оронд гэнэт томчуудтай хамт хичээлд суух болов. Эхний хоёр удаа очихдоо би бараг үг дуугарсангүй. Би хэтэрхий бага залуу бөгөөд хувь нэмэр болчихоор зүйл надад байхгүй гэдэгт санаа зовж байлаа.

Гэхдээ явах тусам би дассан бөгөөд хэдэн настай байхаас үл хамааран хүн бүрд хувь нэмэр оруулах зүйл байдаг гэдгийг ухааран ойлгосон юм. Хүн бүр сайн мэдээтэй холбоотой өөр өөрийн туршлагатай, өөр өөр зарчмын талаар янз бүрийн түвшний ойлголттой байв.

Надад бусадтай хуваалцах зүйл байсан

Нэг удаа Аврагчийн Цагаатгалын талаар ярилцаж байхад би гараа өргөлөө. Есүс Христ Цагаатгалынхаа ачаар биднийг гэм нүглээс маань чөлөөлөхөөс гадна бидэнд Өөртэйгөө болон Бурхантай илүү ойртоход тусалдаг хэмээн хэлэв. Түүнчлэн би Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй харилцах өөрийн харилцааны талаар мөн Цагаатгалын тухай миний ойлголт өсөж хөгжих тусам энэхүү харилцаа улам хүчирхэгжиж байдаг тухай ярилаа. Ангийн дараа нэг ах над руу дөхөн ирээд, хэлсэн зүйлд маань талархаж байгаагаа хэлсэн юм. Тэр бас аливаа зүйлийг хэзээ ч миний хэлсэнтэй адил байдлаар бодож байгаагүй бөгөөд санал бодлоо илэрхийлсэнд үнэхээр баярлаж байгаагаа хэлсэн билээ.

Гэрийн багшаар явах үнэхээр сайхан!

Ахлагчдын чуулгад та багшаасаа гадна Сүнснээс мөн чуулгад байх бүх хүнээс суралцдаг. Тэр бүх үзэл бодол нь сурсан зүйлээ илүү сайн ойлгоход танд тусалдаг. Мөн энэ нь Их Эзэний илүү сайн үйлчлэгч болоход танд тусалдаг юм. Жишээлбэл, би ахлагч болсноосоо хойш гэрийн багшаар явах дуртай болж эхэлсэн. Миний бодлоор би хэдэн сарын дараа номлогч болохдоо яг л гэрийн багшаар очиж заадагтай адил хүмүүс дээр очиж, сайн мэдээний захиасыг хуваалцах болно гэдгээ мэдэж байсан тул уг дуудлагыг арай илүү чухалчилж авч үздэг байсан. Зүгээр тэнд суугаад, хамтрагчаараа бүх хичээлийг заалгуулахын оронд гэрийн багшаар очихдоо би бэлддэг болсон юм. Би ярианд оролцохыг хичээдэг болсон. Энэ нь номлолын ажилд намайг сайн бэлдэхийн зэрэгцээ гэрийн багшаар явах дуудлагыг илүү утга учиртай болгож өгсөн билээ. Би одоо тойргийнхоо хүмүүст болон гэрийн багшаар очиж заадаг хүмүүстээ илүү их талархах болсон.

Би хийж чадсан юм чинь та ч бас хийж чадна

Та ахлагчдын чуулгынхнаас эмээх хэрэггүй, харин судалж байгаа сэдвийнхээ талаар илүү ухаалаг үгс сонсоно гэдэгтээ итгэлтэй байж болно. Мөн та Их Эзэний илүү сайн багш, удирдагч, үйлчлэгч болно гэдэгтээ итгэж болно. Ямар гайхалтай гээч!