Сүм энд байна гэж үү?
Жон Эванс, АНУ, Калифорни муж
Би 36 насандаа Сүмд нэгдсэн бөгөөд заримдаа сүнслэг байдлын хувьд хүчтэй байгаагаа мэдэрдэг байв. Харин заримдаа энэ нь янз бүр байдаг байлаа. Ажлын ачаалал, эхнэр маань шинэ мэргэжлээр ажиллаж эхэлсэн, эрүүл мэнд муудсан зэрэг бас бус асуудлууд дунд би сүнслэг байдлаараа доройтож эхлэв. Би сүмдээ явж, диконы чуулгад заахад тусалдаг байсан ч түүнээс илүүг хийж чадахгүй байлаа. Би судраа нээж, өвдөг сөгдөн залбирах хүч тэнхээг олж чадахгүй байв.
Ажлын шугамаар Чилийн хойд хэсгээр аялах үедээ би асуудалтай хэвээр байсан юм. Бид Копиапо дахь нисэх онгоцны буудлаас Чилийн Атакама элсэн цөл дэх нарны цэнэгээр ажилладаг төхөөрөмж суурилуулах төслийн газар руу очихын тулд машинаар хоёр цаг явав. Тэр нь хот суурингаас хол, алслагдсан газар байсан нь намайг гайхшируулав. Олон бээр газар туулахад улайран харагдах цөлөөс өөр юу ч байсангүй. Байгалийн уйтгартай дүр зураг гайхал төрүүлэм байв.
Төслийн газарт бид ойролцоогоор долоо хоносны дараа хамгийн ойрын хотхон руу хоол хүнсээ базаахаар машинаар явлаа. Тэндэхийн нэгэн барилга миний нүдэнд өртөв. Би жолоочоос замын хажууд зогсохыг хүслээ. Барилгын гадна тохижилт үнэхээр сайхан байсан ба хар өнгийн төмөр хашаагаар хүрээлүүлсэн байлаа. Барилгын гадна “La Iglesia de Jesucristo de los Santos de los Últimos Días” буюу “The Church of Jesus Christ of Latter-day Saints” гэсэн танил хаяг байв.
“Сүм энд байна гэж үү?” гэж би бодсон. Дэлхийн ийм алслагдсан газарт Сүм байгаад би гайхлаа. Би цуглааны байрны зургийг аваад, эхнэртээ мессежээр явуулав. “Тэнгэрлэг Эцэг газар бүхэнд байх Өөрийн хүмүүсийг мэддэг” гэсэн түүний хариулт надад гүн гүнзгий нөлөөлсөн юм.
Энэ нь Тэнгэрлэг Эцэгээс надад зориулсан захиас байсан. Өдөр тутмын амьдралын дарамтад орсон би Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хүүхдийг хайрладаг гэдгийг мартсан байсан ба үүнийг эргэн санах хэрэгтэй байсан юм. Тэрээр элсэн цөл дунд орших тэрхүү жижигхэн, алслагдсан хотхоны гэгээнтнүүдэд хайртай бөгөөд намайг ч мөн хайрладаг.
Орой нь би өвдөг сөгдөн, тэр өдөр надад өгсөн адислуудынх нь төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархаж билээ. Тэр намайг хайрладаг гэдгийг олж мэдсэн маань надад сүнслэг байдлаа эргүүлэн сэргээхэд тусалсан бөгөөд өдөр бүр хүчирхэгжүүлдэг хэвээр.