Хоёр номлол, адислагдсан хоёр гэр бүл
Хуан Мануэл Гомэз, Аргентин, Розарио
Аризона Меса номлолд үйлчилж байхдаа би Аргентинд байгаа том эгчээсээ үргэлж э-мэйл хүлээж авдаг байлаа. Наталиа Сүмийн гишүүн биш байв. Хэдэн жилийн өмнө охин нь нас барснаас хойш гэр бүлийнхэн маань түүнтэй сайн мэдээг хуваалцах гэж хичээсэн ч тэр огт хүлээж авахгүй байсан юм.
Би номлолд байхдаа түүнтэй гэрчлэлээ хуваалцсаар байлаа. Нэг э-мэйлдээ би хамтрагчтайгаа хамт уулзсан нэг эмэгтэйн талаар дурдав. Түүний охин бас нас барсан байлаа. Бид мөнхийн гэр бүлийн талаар гэрчилсэн бөгөөд тэр бидний хуваалцсан зүйлээс итгэл найдварыг мэдэрсэн байв. Та ч гэсэн үүнийг мэдэрч болно хэмээн би Наталиад хэлсэн юм. Тэр хариу бичихдээ тийм итгэл найдварыг мэдрэхийг хүсэж байгаа ч өөрт нь хангалттай итгэл байхгүй гэж боддогоо бичсэн байв.
Би Наталиад гараараа захидал бичихээр шийдэж, итгэхэд тусламж хүсэн залбирахад түүнийг урилаа. Нэг догол мөрийг англиар номлогчид хандан бичье гэсэн сүнслэг өдөөлт надад төрөв. Наталиа зөвхөн испани хэл мэддэг байсан тул би түүнийг номлогчдыг хайж олон тэднээр орчуулуулаарай гэлээ. Номлогч нь англи хэл мэдэх байх гэж найдав.
Удалгүй би Наталиагаас э-мэйл авлаа. Тэр номлогчдыг олж, тэднээс миний захиаг орчуулж өгөхийг хүссэн аж. Тэд чимээгүй уншсанаа, инээмсэглэжээ. Намайг юу бичсэн байна гэж Наталиаг асуухад нь тэд “Бичсэн зүйлийн талаар ярилцацгаая” гэсэн байна. Би Наталиаг охин нь нас барсан явдлыг хүндээр тусгаж авсан гэдгийг тайлбарлаад, түүнд авралын төлөвлөгөөг зааж өгөхийг номлогчдоос хүссэн юм.
Номлогчид богинохон захиас хуваалцсан ба заасан зүйл нь Наталиад таалагджээ. Наталиа дараа нь намайг АНУ-ын Аризона Меса номлолд үйлчилж байгааг тэдэнд хэлэхэд ахлагчдын нэг нь болох ахлагч Ларсон тэндээс ирсэн гэдгээ хэлжээ.
Жилийн дараа намайг ахлагч Ларсоны гэр бүлийн амьдардаг газар руу шилжүүлэв. Би түүний гэрийнхэнтэй, харин тэр миний гэр бүлтэй танилцаж, хоёр гэр бүл хоёулаа адислагдсан юм. Ахлагч Ларсон гэрчлэлээ хүчирхэгжүүлэхээр хичээж байгаа эрэгтэй дүүгийнхээ төлөө залбирч байжээ. Солилцоогоор хэд хэдэн удаа дүүтэй нь хамт явж, гэрчлэлийг нь хүчирхэгжүүлэхэд туслах боломж надад олдсон юм. Ахлагч Ларсон хамтрагчтайгаа хамт Наталиад үргэлжлүүлэн зааж, тэр эцэст нь баптисм хүртсэн билээ. Их Эзэн биднийг хоёр өөр зүгт буюу намайг Аризона руу, ахлагч Ларсоныг Аргентин руу явуулсан бөгөөд ингэснээр бид гэр бүлүүдээ сайн мэдээнд хүчирхэгжүүлэхэд нь Түүнд туслах боломжтой байсан гэдгийг би мэднэ.