Фэликсийг оронд нь оруулах цаг
Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.
“Би сайн, эелдэг байж, мөн тааралдсан хүндээ туслахдаа их аз жаргалтай байдаг. Учир нь би өөрөө өөртөө тусалж байгаа гэсэн үг” (Children’s Songbook, 197).
Антон компьютерийн дэлгэцэн дээр хэдэн сая удаа уншигдаж байгаа мэт санагдах зургаадугаар түвшинг уншиж байгааг харж сууна. Тэр гүнзгий амьсгаа аваад, төөрдөг байшин дундуур өнгөлөг гадаснууд дээгүүр нисэж, галт хонгил дундуур хурдалж эхэллээ. Тэр барианы шугаманд ойртох тусам хөлөөрөө хурдан хурдан дэвсэлж байв.
“Антон?” гэх ээжийнх нь дуу сонсогдов. Түүнд тусламж хэрэгтэй бололтой.
Тэр дотроо “Одоо л биш шүү” гэж бодов. Тэр дахиад нэг гадсан дээгүүр үсрээд өөр нэгэн хонгилоор яаран орлоо. Тэр нүдээ дэлгэцнээс салгалгүй “Яасан бэ?” гэв.
“Чи Фэликсийн унтлагын хувцсыг өмсүүлээд, түүнд ном уншаад өгөөч? Би гал тогоогоо цэвэрлэж дуусгах хэрэгтэй байна” гэж тэр хэллээ.
“Яа аая … ,” Тэр тун ойрхон байлаа! Хамгийн сүүлчийн гадастай хонгилоор эргэн, дахин нэг галын дээгүүр гарч, хэмлэгч мангасын хажуугаар өнгөрөөд … ТИЙМ ЭЭ! Барианы шугамд ирэх нь тэр!
Компьютер долоодугаар түвшинг гаргахаар уншиж байлаа. Арай хэцүү юм шиг харагдаж байсан ч Антон тоглож үзэхийг тэсэн ядан хүлээж байв. Тэр энэ түвшинд хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Антон түр зогсох товчлуур дээр дараад, Фэликс дүүг нь тэврэн зогсож буй ээж рүүгээ өнгийн харлаа. “Би дахиад хэдэн минут тоглочихъё, тэгэх үү? Би дөнгөж сая л долоодугаар түвшинд ирчихээд байна шүү дээ” хэмээн гуйхад нь
“Надад чиний тусламж үнэхээр хэрэгтэй байна. Чи Фэликсийг унтуулсныхаа дараа дахиад нэг түвшин тоглож болно” гэж ээж нь хэллээ.
Фэликс инээмсэглэв. Тэр “Гуйж байна” хэмээн хоёр настай хүүхдийн өхөөрдөм хоолойгоор хэллээ.
Антон компьютерын дэлгэц рүү харан, санаа алдсаар “За за” гэв. Тэр тоглоомоо үргэлжлүүлэн тоглохын тулд хурдлах хэрэгтэй.
Тэр Фэликсийг өргөөд, шатаар өгсөн, өрөө рүү нь орлоо.
“Миний хамгийн хайртай бяцхан дүү минь хэн билээ?” гээд тэр Фэликсийн бяцхан зөөлөн гэдсийг хуруугаараа хатгав. Тэр Фэликсийн гэдсэн дээр үлээгээд, түүнийг чанга хөхрөхөд нь инээмсэглэлээ.
Антон Фэликсийн дуртай динозавртай унтлагын хувцсыг нь өмсүүлэв. Дараа нь тэр Фэликсийг оронд нь оруулаад хаалга руу дөхлөө. Ээж нь түүнд Фэликст үлгэр уншиж өг гэсэн ч тэр гол зүйлээ хийсэн байв. Тэр одоо унтах цаг болохоос өмнө дахин хоёр түвшин тоглоод амжчихаж магадгүй.
Яг тэр мөчид Антон цамцнаас нь угзрахыг мэдрэв. Тэр доош хартал Феликс орноосоо боссон байлаа.
“Баавгай?” хэмээн Фэликс гуйлаа. Тэр торон савтай ном руу очиж, нүүрэн талдаа цагаан баавгайн зурагтай ном барьсаар ирэв.
“Өө, Фэликс ээ, надад хийх ажил байна!” хэмээн Антон хэлэв. Фэликс номоо толгой дээрээ тавиад Антон руу том бор нүдээрээ харлаа.
Антон өөрийн эрхгүй инээв. “Чи үгүй гэсэн хариултыг хүлээж авахгүй, тийм үү? За, за” гэлээ.
Антоныг Фэликсийн орон дээр суухад тэр өвөр дээр нь гарлаа. Антон эхний хуудсыг нээгээд Феликсийг өөрт нь наалдан хэвтэх зуур уншив. Фэликс хуудсан дээрх бүх амьтанг нэг бүрчлэн зааж, нэрлэнэ. “Айаг тахь, … ягаан наль … далайн мой.”
Антон уншиж дуусаад, номыг нь хааж, Фэликсийг хөнжлөөр нь сайтар хучив. “Сайхан нойрсоорой, Фэликс” гэж тэр хэлээд, дүүгийнхээ духан дээр үнсээд явахаар бослоо.
Харин хаалга руу дөхөж очтол дахин түүний турьхан дуу сонсдов. “Тэврэлдэж хэвтэх үү?” гэхэд нь
Антон инээмсэглэсээр, “За. Цаашаа хэвтээрэй. Би хэсэг зуур хэвтье” гэлээ.
Антон дэрэн дээр толгойгоо тавив. Ямар ч байсан яг тэр мөчид түүнд өөр зүйл хийх хүсэл байсангүй. Фэликс том гэгч нь эвшээгээд, нүдээ анихад тэр инээмсэглэв. Яг тэр мөч түүний хувьд тэр өдрийн хамгийн аз жаргалтай цаг мөч байв. Харин тоглоом бол хүлээгээд байж л байх болно.