“Санваарын адислалуудыг түгээх,” Лиахона, 2018 оны 6-р сар
Санваарын адислалуудыг түгээх
Мормоны Ном нь “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм” хэн ч “Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) хэмээн заадаг. Бурхан бид бүгдэд хайртай учраас бид бүхэнд Өөрт нь эргэн очих арга замыг хангаж өгсөн (Мосе 5:9; Итгэлийн тунхаг 1:3-ыг үзнэ үү). Сүмийн түүхийн турш олон улс орны бүхий л үндэстэн ястны хүмүүс энэ зорилгоор баптисм хүртэж, хожмын үеийн гэгээнтнүүдийн хувиар итгэлтэй амьдарсаар ирсэн.
1800-аад оны дунд үеэс эхлэн Сүм хар арьстай африк гаралтай эрэгтэйчүүдийг санваарт томилохыг мөн хар арьстай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ариун сүмийн хувийн хишиг хүртэх, лацдан холбох ёслолуудад оролцохыг зөвшөөрдөггүй байжээ.1 Олон жилийн турш энэ хоригийг зөвтгөх олон онол гарч ирсэн байв. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, эдгээр хоригийг тайлбарлах гэж оролдсон ямар ч онол гарсан байсан ч тэдгээр нь цааш тарах ёсгүй “цуу яриа” юм гэдгийг онцолсон. Тэрээр: “Хэчнээн сайн санааны үүднээс тайлбарласан байлаа ч тэдгээрийг бүгд хангалтгүй эсвэл буруу гэж би боддог. … Бид энэ заншил яагаад бий болсныг ч мэдэхгүй шүү дээ”2 гэж хэлжээ.
Бригам Янг зэрэг Сүмийн олон бошиглогч, ерөнхийлөгч зохистой бүх эрэгтэй санваар хүлээн авах өдөр ирнэ гэж амласан. Эдгээр амлалтыг мэдэж байсан төдийгүй хар арьстай хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэлийг харсан учраас 20-р зууны дунд үеийн Сүмийн удирдагчид “Их Эзэнээс тэнгэрлэг удирдамж эрэлхийлэн удаан хугацаанд, чин сэтгэлээсээ гуйсан [юм].”3
Бурханы илчлэлт
Тэрхүү удирдамж ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллд (1895–1985) “ариун сүмийн ариун өрөөнүүдэд удаан бясалган, залбирсны эцэст” иржээ. 1978 оны 6-р сарын 1-нд Их Эзэн Өөрийн бошиглогчид болон Тэргүүн Зөвлөлийн болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдэд “сүм дэх зохистой, итгэлтэй эрэгтэй хүн бүр ариун санваарыг хүлээн авч, бурханлаг эрх мэдлийг хэрэглэх хүчтэй болох мөн тэндээс үүдэлтэй адислал бүрийг, түүний дотор ариун сүмийн адислалуудыг хайртай хүмүүсийнхээ хамт эдэлж болох тэрхүү эрт дээр үед амлагдсан өдөр ирлээ”4 гэдгийг илчилсэн.
Тэргүүн Зөвлөл уг илчлэлтийг зарлахдаа “Их Эзэн дэлхий даяарх бүх хүүхдээ адислахын төлөө Өөрийн тааллыг мэдүүлснийг бид буурь суурьтайгаар тунхаглаж байна”5 гэжээ.
Дараагийн Ерөнхий чуулганаар Тэргүүн Зөвлөл уг илчлэлтийг гишүүдэд танилцуулахад тэд үүнийг “Их Эзэний үг хийгээд таалал” хэмээн хүлээн авч, Албан тунхаг 2-ыг судрын хэсэг болгон санал нэгтэй дэмжин баталсан юм.
Илчлэлтийн үр дүн
Илчлэлтийн үр нөлөө маш их байв. Бурхан санваарын болон ариун сүмийн адислалуудыг арьс өнгөөс үл хамааран зохистой бүх гишүүнд олгохоос гадна амьдарч байсан хүн бүрийн төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх боломжтой болгосон юм.
Уг илчлэлтээр дамжуулан номлолын ажлыг өргөжүүлэх боломж нээгдсэн төдийгүй олон үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүсийн дунд гишүүдийн тоо өсөн нэмэгджээ.
Сүмийн сургаалууд
Их Эзэний ажил дэлхий даяар түгэхийн хэрээр Сүмийн гишүүд илүү эв нэгдэлтэй үеийг өнгөрөөсөн юм. Сүмийн гишүүд олон улс үндэстэн, соёл, ёс заншил бүхий газраас ирсэн хүмүүстэй харилцах нь нэмэгдэх тусам Сүмийн удирдагчид бие биенээ хайрлаж, хүчирхэгжүүлэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг арилгахын ач холбогдлыг тодотгосоор ирсэн.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Бид Бурханы үр хүүхдүүдийг энэрэн хайрлаж, арьс өнгө, хүйс, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах аливаа гадуурхлыг үгүй хийх ёстой. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислал Бурханы хүүхэд бүрд зориулагдсан гэдэгт бид чин үнэнээсээ итгэдэг”6 хэмээн заасан. Бурханы мөнхийн гэр бүлийн талаар ярьж байхдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бурханы жинхэнэ Эцэг байх ёсыг ойлгосон үед л хүмүүний жинхэнэ ах дүүс байх ёсыг бүрэн дүүрэн ойлгож болно. Энэ ойлголт л тусгаарласан ханануудын оронд хамтын ажиллагааны гүүрийг тавих хүслийг төрүүлдэг”7 гэж заасан.
Хамтдаа урагш тэмүүлэх
Бид бүх зүйлийг мэдэхгүй ч хүн бүр хэдэн зүйлийг мэдэж авч чадна. Бурхан бидэнд хайртайг мөн биднийг нэгдмэл, мөнхийн гэр бүлтэй болгохын тулд Түүнд бид бүхэнд зориулсан төлөвлөгөө байгааг бид мэдэж авч чадна. Энэ бол Их Эзэний сэргээгдсэн Сүм бөгөөд Тэр үүнийг бошиглогчдоороо дамжуулан удирддаг гэдгийг бид мэдэж авч чадна. Эдгээр үнэний талаар хувийн гэрчлэлтэй болох нь биднийг Түүнтэй адил болох зам дээр аливаа боломж, сорилт бэрхшээлийн дундуур хамтдаа урагш тэмүүлэхэд тусалж чадна (Моронай 7:48-ыг үзнэ үү).