Бидний орон зай
Амьд бошиглогчийн үгс нөлөөлсөн
Би 15 настай байхдаа супермаркетын өмнө хоёр номлогчийг харсан юм. Тэдний нэг нь намайг сүмд ирээрэй хэмээн урив. Би сонирхоогүй тул “Хэзээ нэгэн цагт магадгүй ээ” гэж хэлээд цааш явсан.
Маргааш нь нагац эгч маань ээж рүү утасдаад, гэрт нь ирж онцгой захиас сонсоорой гэв. Би ээжтэйгээ хамт гүйж очиход өмнөх өдөр нь харсан яг тэр номлогчид нагац эгчийн маань гэрт сууж байх нь тэр! Ээж тэдний захиасыг сонирхсон бөгөөд би ч бас сонсож эхлэв. Харин номлогчид надаас амьд бошиглогчдод итгэдэг үү гэж асуухад нь би эрс шийдэмгий үгүй гэж хариулсан юм. Нэг номлогч Томас С.Монсоны зургийг бариад, ерөнхийлөгч Монсон бол бошиглогч хэмээн гэрчлэв. Тэд намайг маргааш нь болох Ерөнхий чуулганд ирээд шийдвэрээ гаргаарай хэмээн урилаа. Би ч сонирхож, урилгыг нь хүлээн авав.
Дараа өдөр биднийг цуглааны байранд ирэхэд нээлтийн залбирал дуусаж байлаа. Би танхимд орж ирэхдээ ерөнхийлөгч Монсон дэлгэцэн дээр гарч ирэхийг харав. Тэр инээмсэглээд, “Хайрт ах, эгч нар аа, би та бүхнийг …” гэж хэллээ.
Ерөнхийлөгч Монсонг амаа нээнгүүт надад хүчтэй мэдрэмж төрж, тэр бол Бурханы бошиглогч гэдгийг баталсан юм. Чуулганы дараа би номлогчдод “Би баптисм хүртмээр байна” гэж хэлэв. Тэр өдрөөс хойш би өөрөө ч номлолд үйлчилж, сэргээгдсэн сайн мэдээний гайхалтай үнэнийг өөр олон хүнд заасан билээ.
Бурхан бошиглогчдыг дахин дуудаж биднийг адисалсан гэдгийг би мэднэ. Тэр биднийг хайрладаг бөгөөд орчин үед бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг.
Майкон Б., Бразил, Сан Пауло
Би ичихгүй
Дотуур байртай сургуульд сурч байхдаа би бусад сурагчтай хамт дотуур байранд амьдардаг байв. Би залбирч, судруудаас тогтмол судалснаар сайн мэдээний зарчмуудын дагуу чадлынхаа хэрээр амьдрахыг хичээж байлаа.
Нэг өдөр ангийн маань хүүхэд намайг орондоо Мормоны Ном уншиж байхыг харчихав. Тэр яагаад манай сүмийг хуурамч гэж боддогоо ууртай гэгч урсгаж гарлаа. Дараа нь тэр байрны бусад хүүхдэд миний “сонин” шашны талаар ярих болов. Ангийн маань зарим хүүхэд намайг болон миний шашин шүтлэгийг шоолж, харин зарим нь надаас дөлөх боллоо. Эцэст нь би Мормоны Номоо хувцасныхаа хайрцган доор нууж, ангийнхандаа шоолуулахгүйн тулд зөвхөн Библи унших болов.
Би Ром 1:16-д “Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг авралд хүргэх Бурханы хүч мөн” хэмээх мэдэгдлийг унших хүртлээ Библиэс л суралцаж байв. Мормоны Номыг нууснаараа би ангийнхандаа шашин шүтлэгээсээ ичиж байгаагаа харуулж байна гэдгээ ухаарсан юм. Би Мормоны Номоо гаргаж ирээд, Тэнгэрлэг Эцэгээс уучлалт гуйв. Дараа нь би ангийнхан дээрээ очоод сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцлаа. Ихэнх нь намайг шоолохоо больж, надтай дахин найзлах болсон.
Бидэнд тохиолддог сорилт бэрхшээлийг Бурхан ойлгодог гэдгийг би мэднэ. Бид шашин шүтлэгээ хамгаалж, “Христийн сайн мэдээнээс ичихгүй” гэдгээ харуулах юм бол Тэр бидэнд Өөрийн хүч, хамгаалалт, удирдамжийг өгөх болно.
Памэла О., Нигери, Абужа
Дохионы хэлээр дамжуулан үйлчлэх
МИНИЙ зургаан сартай байхдаа АНХ СУРСАН дохионы үг маань “сүү” гэсэн үг бөгөөд хэдэн долоо хоногийн дараа “панда” гэж анх хэлж сурсан гэдэг. Би сонсголтой ч миний анхны хэл америк дохионы хэл байсан юм. Ээж маань америк дохионы хэлний номлолд үйлчилж, дараа нь дохины хэлний сургуульд үргэлжлүүлэн сурсан бөгөөд надад заахыг бас хүсдэг байлаа.
Дохионы хэл амьдралын маань гайхамшигтай адислал байсан юм. Энэ нь надад үүнийг мэдэхгүй байснаас илүү ихийг олж харан, суралцах боломжийг олгосон. Энэ нь хүмүүсийг нэгтгэдэг. Би сурсан зүйлээ ганцаарчилсан сургалтаар зааж, сургууль болон сүм дээр танилцуулга хийх дуртай байв. Мөн Ерөнхий чуулган болон Сүмийн бусад видео бичлэгийг ээжтэйгээ хамт дохионы хэл дээр үзэх үнэхээр хөгжилтэй байдаг.
Дохионы хэл миний амьдралд байснаар гэрчлэлийг маань гайхалтай хөгжүүлсэн билээ. Би дохионы хэлийг сурснаар Бурханы олон хүүхэдтэй танилцах боломжтой болсон бөгөөд энэ нь бас бусдад хүрч үйлчлэх сайхан арга зам юм. Миний амьдралд энэ адислал байгаад мөн олон гайхалтай хүнтэй танилцаж, тэднээс суралцах боломжтой байгаадаа талархдаг.
Израил Х., АНУ, Орегон муж