2018
Итгэлээ тунхагласнаар ирсэн адислал
2018 оны 6-р сар


Итгэлээ тунхагласнаар ирсэн адислал

Кристин Макэлдэрри, АНУ-ын Массачусетс

friends walking around campus

Би 19 настай байхдаа баптисм хүртсэн юм. Гэр бүл, найз нөхдөөс маань олон хүн миний Сүмд нэгдэх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй ч энэ нь намайг зогсоогоогүй. Үүнээс хоёр долоо хоногийн дараа би коллежийнхоо хоёрдугаар курст оров. Би сургуулийнхаа хотхонд буцаж очоод, шинэ итгэлийнхээ талаар санаа зовж байлаа.

Би шашин шүтлэгээ хамгаалах зоригтой байж чадах болов уу гэж сэтгэл түгшиж эхлэв. Би ганцаардаж байв. Би коллеж дээрээ хэзээ ч Сүмийн гишүүнтэй тааралдаж байгаагүй бөгөөд цуглааны байрыг хаанаас олохоо, тэр бүү хэл ойр хавьд тойрог, салбар байдаг эсэхийг ч мэдэхгүй байлаа. Би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, намайг зоригжуулахыг гуйв. Шинэ итгэл үнэмшлээ хамгаалах итгэлтэй болохын төлөө би залбирсан юм.

Хэдэн өдрийн дараа би хэсэг хүнийг нүүж ороход нь тусаллаа. Тэгээд би Брайн гэдэг залуутай танилцаж, бид найзууд болов. Нэг өдөр бид сургуулийн хотхоноор алхаж байтал тэр надаас ням гарагт юу хийхээр төлөвлөж байгааг асуув. Намайг түүнд сүм рүү явах гэж байгаагаа хэлэхэд,

тэр “Чи аль сүмд явдаг вэ?” гэж асуусан.

Би дотроо их сандарч байсан ч биеэ цэхлэн, зоригтойгоор “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд” явдаг гэв.

Би өөрөөрөө бахархаж байсан ч Брайныг юу гэх бол гэж санаа зовж байлаа. Яг тэр үед би номлогчдыг харсан юм. Брайныг ямар нэг зүйл хэлэхээс өмнө түүнийг түр хүлээж байгаарай гээд би номлогчид руу гүйв. Тэд надтай уулзахдаа баяртай байсан ба маргааш нь сүмд очиход надад хэрэгтэй бүх мэдээллийг өгсөн.

Би Брайн дээр эргэн очоод, юу болсныг тайлбарлав. Би бас түүнтэй Сүмийн талаар багахан зүйл хуваалцсан ба бид яриагаа хэвийн үргэлжлүүлсээр цааш алхах үед хөл минь хөнгөрсөн юм шиг л санагдсан. Түүнчлэн би гагцхүү Сүнс л өгч чадах тэрхүү халуун дулаан, амар амгаланг мэдэрсэн. Би ганцаардаж бас Сүм рүү хаашаа явахаа мэдэхгүй байсан болохоор түгшиж байсан билээ. Гэвч эдгээр номлогч яг тэр үед тухайн мөчид ирсэн нь итгэлээ тунхагласны минь төлөө Тэнгэрлэг Эцэгээс ирүүлсэн адислал байсан гэдэгт би итгэдэг.

Хэдийгээр одоо 10 гаруй жил өнгөрсөн ч гэсэн би тэр өдрөөс хойш хэзээ ч “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн” гэж хэлэхээсээ айж байгаагүй.