2018
Би үргэлж өөрийгөө бусадтай, ялангуяа төгс амьдралтай мэт харагддаг хүмүүстэй харьцуулдаг. Би хэрхэн өөрөө өөртөө илүү итгэлтэй болох вэ?
2018 оны 6-р сар


“Би үргэлж өөрийгөө бусадтай, ялангуяа төгс амьдралтай мэт харагддаг хүмүүстэй харьцуулдаг. Би хэрхэн өөртөө илүү итгэлтэй болох вэ?”

dog and cats

© Getty Images-ийн гэрэл зураг

Авьяас бэлгээ мэдэхийн тулд залбир

Танд Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн биеэр өгсөн олон авьяас, сүнслэг бэлэг бий. Зөвхөн та бусдын амьдралыг адисалж болох арга замууд ч бас бий. Энэ бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө юм. Танд ямар авьяас бэлэг өгснийг мэдэхийн тулд залбирч, нэмэлт удирдамж хэрэгтэй бол ойр дотнын хүмүүсээсээ асуу. Та Сүнсийг сонсож, авьяас бэлэг, бурханлаг зан чанараа олж нээн, хөгжүүлэхийг хичээснээр урьд өмнөхөөсөө илүү ихээр өөртөө итгэдэг болно.

Ами П., нас 17, АНУ, Кентакки муж

Тэднийг илүү сайн мэдэж ав

Би өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж байгаагаа олж мэдэх юм бол тэр хүнийхээ талаар илүү сайн мэдэхийг хичээдэг. Өөрийнхөө “шүтээн”-тэй танилцах үед дэлхий дээрх бүх хүнд бэрхшээлтэй зүйл тулгардаг юм байна гэсэн бодит байдал надад хүнд тусдаг. Би тэр хүнтэй ярилцах тусам төгс хүн гэдгээр нь биш, харин найзын хувиар харж эхэлдэг.

Амэлиа С., нас 15, АНУ, Айдахо муж

Зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн үзэл бодол чухал

2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?” хэмээх үгэндээ Далын ахлагч Ж.Дэвн Корниш “Тэнгэрлэг Эцэг маань биднийг юу гэж үзэх нь л бидэнд хамаарах цорын ганц үзэл бодол юм. Бидний талаар Түүний юу гэж бодож байгааг чин сэтгэлээсээ асууж залбирна уу. Тэрээр биднийг хайрлах бөгөөд сэтгэлээр унагах арга мэхийг ашиглалгүй, биднийг залруулах болно” хэмээн хэлсэн. Хэзээ ч эргэн тойрны хүмүүстэйгээ адил сайн болж чадахгүй гэсэн бодол орж ирэх үед би Тэнгэрлэг Эцэгтээ ханддаг ба Түүнийг эрэлхийлэх юм бол чадавхаа бүрэн хөгжүүлэн, Түүний мэдэж байгаа тийм хүн болоход минь туслахад бэлэн байдаг, намайг хайрладаг Бурханы охин гэдгээ санахыг хичээдэг.

Аманда М., нас 19, Бразил, Парана

Өөртөө итгэлтэй болохын төлөө залбир

Өөрөөсөө илүү гэж боддог, ялангуяа санхүүгийн хувьд хөл дээрээ тогтвортой зогссон хүмүүстэй би өөрийгөө харьцуулдаг байсан. Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах бүрд Тэрээр надад өөртөө итгэх итгэлийг өгдөг байсан юм. Ямар ч асуудал байсан Бурхан өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг зэхэлгүйгээр бидэнд үүрэг даалгавар өгөхгүй тул Тэрээр надад тусална гэдгийг би мэддэг байсан (1 Нифай 3:7; 17:3-ыг үзнэ үү).

Жошуа О., нас 19, АНУ, Айдахо муж