Биднийг дахин уулзах хүртэл
Хүндэтгэлийн өдрийн ариун өргөө
“The Chapel: Our Sabbath Sanctuary” prophets.lds.org-оос.
Хэрэв бид цуглааны байраа ариун ёслолын цуглаанд зориулсан итгэл, үнэнч байдлын ариун өргөө гэдгээр нь харж эхлэх юм бол бүгд адислагдана.
Ариун ёслолын цуглаан нь гайхалтай, эрхэм сайхан цаг юм. Бид цуглааны байранд хөл тавин, ариун ёслолоос хүртэхээр бэлдэхдээ өөрсдийгөө Христийн тухай болон Түүний агуу хийгээд гайхамшигт үйл хэргийн талаар тунгаан бодох боломжийг олгодог ариун өргөөнд, эрхэм нандин, онцгой газарт байна гэж бодох ёстой. Бид энэ дэлхийн зүйлсийг хойш тавьж, оронд нь мөнхийн зүйлсийн талаар бодох ёстой. Бид мөн гар утаснуудаа хойш тавьж, Есүс Христ, Амьд Бурханы Хүүгийн талаар бодох ёстой.
Бидэнд Аврагчийг хайрлах хайр дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд долоо хоног бүр ердөө 70-хан минут байдаг. Хэрэв бид цуглааны байраа ариун ёслолын цуглаанд зориулсан итгэл, үнэнч байдлын ариун өргөө гэдгээр нь харж эхлэх юм бол бүгд адислагдана.
Бид Бурханы хаант улсыг барьж байгуулах явцдаа үг хэлж байгаа хүмүүс нь Христийн талаар ярьдаг, гэрчилдэг мөн судар болон бусад эх сурвалж дээрх төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэлийг хуваалцдаг, төлөвлөлт бэлтгэл сайтай ариун ёслолын цуглааныг хөтлөн явуулахаас өөр чухал зүйл миний толгойд орж ирэхгүй байна.
Сүмийн хувьд бид Хүндэтгэлийн өдөр дээр анхаарч ажиллаж байгаа. Ахиц гарсан ч хараахан төлөвлөсөн үр дүндээ хүрээгүй байна. Сүмийн гишүүн, номлогч бүр Хүндэтгэлийн өдрийн шүтэн бишрэх цагаар сүнслэг өдөөлтийг мэдрэн, бүгд хөрш, сонирхогч, хамаатан садандаа “Ирээд, үз. Ирж, бидэнтэй хамт шүтэн бишир” гэж хэлэх хүртэл энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Бид ийм л болгохыг хүсэж байна.
Хэрэв бид энэ бүхнийг Сүмдээ хийж чадах юм бол “ирээд, үз” хэмээх бидний урилгыг хүлээн авсан хүмүүс Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн захиасын хүчийг мэдрэх болно. Ариун ёслолын цуглаанаар бидэнтэй хамт шүтэн биширснээр тэдний сэтгэл зүрх хөндөгдөж, зүрх сэтгэл, оюун ухаанд нь сайн мэдээний гэрэл асах болно.