Амьдралын бэлтгэл
Халамжийн нийгэмлэг уйтгартай болов уу?
Би Халамжийн нийгэмлэгт нэгдэнэ гэхээс ихэд сандарч байсан ч тэд намайг сайхан хүлээж авсан тул дуртай болсон юм.
Би 18 хүрсэндээ маш их баярлаж байв. Ямар өсвөр насны хүүхэд баярлахгүй байх билээ дээ? Мэдээж би ахлах сургуульд сурдаг, нүүрэндээ батгатай бас АНУ-ын Калифорни мужид байдаг гэртээ ойр зуурын гэр орны ажлыг хийдэг хэвээр байсан ч насанд хүрсэн байлаа. Би амьдралынхаа цоо шинэ үе шатанд орж байгаадаа баярлаж байв. Нэг зүйлийн талаар тийм ч баяртай байгаагүй нь Халамжийн нийгэмлэгт “хөгшин эмэгтэйчүүдтэй” хамт байх явдал байлаа. Тэд үр хүүхэдтэй, ажил мэргэжилтэй бас удаан чанагчтай, магадгүй гэрийн шаахайгаа өмсөөд жимсний бялуу жигнэх дуртай хүмүүс байх. Харин би бол гэрийн даалгавартай, усанд сэлэлтийн тэмцээнтэй, цэнхэр хумсны будагтай мөн өрөөгөө цэвэрлэхээс аль болох зайлсхийх дуртай нэгэн байв. Би яаж тэнд байгаа хүмүүстэй ойлголцох юм бэ? Тэнд эв хавгүй, ганцаардсан, уйтгартай мэдрэмж төрүүлнэ гэдэгт би итгэлтэй байв. Тэгээд би явж орлоо.
Юуны түрүүнд, Халамжийн нийгэмлэгт огтхон ч уйтгартай байсангүй. Тэнд зөндөө инээд хөөр, баяр баясалтай байв. Тэд сонирхолтой, чин сэтгэлийн үгсээ хуваалцаж байсан ч инээлдэхээсээ эмээхгүй байв. Хоёрдугаарт, тэд надаас тийм ч их өөр байсангүй. Мэдээж тэд надаас эгчмэд, гэсэн ч яг л миний найз нөхөдтэйгөө хөгжилддөгтэй адил бие биетэйгээ хошигнон инээлдэж байв. Миний бодож байсан асуултыг хэн нэгэн нэг бус удаа асуусан. Харин тэр долоо хоногт дараагийн баяжуулалтын цуглааныг зарлахад би цочирдов. Тэд биеэ хамгаалах талаар сурах гэж байлаа. Би ч бас сурахыг хүсэж байв.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ларсэн эгч надаас босоод өөрийгөө танилцуулахыг хүсэхэд би их сандарч байсан боловч энэ нь тийм ч хэцүү байсангүй. Хүн бүр над руу инээмсэглэн харж байлаа. Миний хоёр дахь жилийн семинарын ангийн багш байсан Эдвардс эгч эрхий хуруугаа өргөн намайг сайшааж, Хүүхдийн хэсэгт байх үеэс минь намайг мэдэх Ричардс эгч намайг аль хэдийн “том болсонд” итгэхгүй байна гэж хэлсэн юм. Тэд надтай үнэхээр “том болсон” мэт харьцаж байлаа. Надад гоё хувцас өмсөн тоглож байгаа хүүхэд мэт санагдсан ч тэр өдөр би ихэнх эмэгтэйн хувьд шинэ эгч байв.
Тэр өдрөөс хойш би ямар ч тойрогт байсан Халамжийн нийгэмлэгт дуртай болсон юм. Халамжийн нийгэмлэгийн анги руу оронгуут надад эгч дүүсийн холбоо, байх ёстой газраа байна гэсэн мэдрэмж төрдөг. Би Халамжийн нийгэмлэгийнхээ эгч нарыг дэмжихийн тулд чадах бүхнээ хийж, тэднээс сурч болох бүхнийг сурах дуртай.
Харин би жимстэй бялуу хийхдээ гарамгай сайн гэдгээ мэдэж авсан.